Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00198/И |
Дугаар | 146/ШШ2016/00230 |
Огноо | 2016-08-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 146/ШШ2016/00230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, “Агуйт” гэх газар оршин суух, ЙБ66092205 дугаарын регистртэй, Насрайж овгийн Адъяахүүгийн Долгоржавын
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Долгоржав шүүхэд гаргасан хүсэлтэдээ:
“...А.Долгоржав миний бие 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас миний ажиллаж байсан жил тооцогдохгүй байна. Иймд миний 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч А.Долгоржав нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн иргэн Адъяахүү овогтой Долгоржав миний бие нь улсад ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан юм. Миний биеийн эрүүл мэнд муу, зам харгүй муу, гол ус ихтэйг харгалзан намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Долгоржав ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч А.Долгоржав нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №542 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Долгоржавт олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Дондогсэрчин, Н.Пунсал нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Насрайж овгийн Адъяахүүгийн Долгоржавыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 31, 1991 оны 11 дүгээр сарын 01-нээс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч А.Долгоржавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч А.Долгоржав нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Насрайж овгийн Адъяахүүгийн Долгоржавыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 31, 1991 оны 11 сарын 01-нээс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Долгоржавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА