| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0016/э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 15
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Мт холбогдох эрүүгийн 1830002550001 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг О гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Д.М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 04 дүгээр сард өөрийн үхэр сүрэгт нийлсэн хар зүсмийн үнээ, тугалыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч В.Ээд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талынн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эийн тугалтай үнээ 2018 оны 08 дугаар сард манай үхэрт ирж нийлсэн. Би тугалтай үнээг нь буцааж өгсөн. Одоо надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэв.
- Яллагдагч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн: Би Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “ Б ” гэх газарт оршин суудаг юм. Би хөдөө гэртээ ганцаараа байдаг ба 2018 оны 4 сарын дундуур байх манай үхэрт тугалтай үнээ ирсэн, тэрнээс хойш манай үхэрт байсан. Манай саахалт айл болох Эы эхнэр болох Эр 2018 оны зун танай үнээнээс сааж байя гэхээр нь би 6 тугалтай үнээ өгсөн. Тэр үнээн дунд хар тугалтай үнээг нийлүүлээд Эгийнд хэрэглүүлсэн юм 2018 оны 06 дугаар сарын сүүлээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд хэдэн бярууны им, зүс болон тэр тугалтай үнээг асууж сураглаж ирэхээр нь тухайн үнээнийх нь талаар хэлээгүй нь миний буруу. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манайд хар тугалтай үнээ ирсэн. 4 бяруу ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
- Хохирогч В.Эийн: 2018 оны 04 дүгээр сарын дундуур байх манай хар тугалтай үнээ, хадам ээж Ж.Цын улаан бяруу, хар хүрэн бяруу, бөөрлөг бяруу, цулгуй улаан бяруу гэх 6 тооны үхрээ эрээд олохгүй байсан юм. 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай хадам ээж Ж.Ц бид 2 эрэл хийж байгаад Сүхбаатар сумын 4 дүгээр баг “Б” гэх газраас хойш 4 километрт байх Тайван гэх айл дээр миний хар тугалтай үнээ байхаар нь Тайвангаас хэзээ ирсэн талаар асуухад “би хэд хоногийн өмнө О.М гэх хүнээс 5 тугалтай үнээ авч сааж байгаа юм, тэрэнд цуг ирсэн” гэсэн. О.М гэх хүнээс асуухад “энэ чинь эрт ирсэн, бараг 2018 оны 4 дүгээр сард манайд ирсэн” гэж хэлсэн. Манай хадам дүү Ж.Ц болон хажуу айлын Билгээ нар нь 2018 оны 06 дугаар сард О.М ахаас эрээд олохгүй байсан үхрээ асуухад “манай үхэрт байхгүй мэдэхгүй” гээд явуулсан байдаг. Тийм учраас О.М нь миний тугалтай үнээг хувьдаа зориудаар завшсан байна. Тухайн үед манай хадам дүү Ж.Ц нь цагдаагийн газарт энэ талаар өргөдөл гаргасан ба одоо би тугалтай үнээгээ буцаагаад авсан.Миний хувьд тугалтай үнээгээ олсон болохоор О.Маас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-9/
- Гэрч Ж.Цын: Манайх Сүхбаатар сумын 4 дүгээр баг “Б” гэх газарт нутагладаг ба 2018 оны 04 дүгээр сарын дундуур хар тугалтай үнээ, улаан бяруу, хар хүрэн бяруу, бөөрлөг бяруу, цулгуй улаан бяруу гэх 6 тооны үхрээ алдаад эрээд олохгүй байсан юм. Тэгсэн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай хүргэн В.Эийн хар тугалтай үнээг Тайван гэх айл сааж байхаар нь хэзээ ирсэн ямар учиртай талаар нь асуухад “О.М ах сааж бай гээд надад өгсөн юм” гээд манай үхрийг өгөөгүй. О.М гэх хүнтэй нь уулзахаар “наад тугалтай үнээ чинь манайд аль эрт ирсэн” гэж яриад байгаа юм...гэх мэдүүлэг /хх-14/
- Гэрч О.Бийн:Би Сүхбаатар сумын 4 дүгээр баг “Б” гэх газар нутагладаг юм. Манай хажуу айл болох Ж.Ц нь 2018 оны 04 дүгээр сард 6 тооны үхрээ алдаад тэрийгээ олоогүй ба би Ж.Ц эгчийн охин болох Ж.Цтэй 2018 оны 6 дугаар сард О.М гэх айлаар орж эрээд олохгүй байгаа 6 тооны үхрээ асууж сураглахад О.М нь “манайд тийм үхэр ирээгүй харагдаагүй” гэж хэлж байсан юм...гэх мэдүүлэг /хх-15/
- Гэрч Э.Ж.Цийн: Манайх 2018 оны 05 дугаар сард “Б” гэх газраас хар тугалтай үнээ, 4 тооны бяруу алдаад эрээд олоогүй өдий хүрсэн юм. Түүнээс хойш эрэл сурал хийгээд саяхан буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай ах В.Э, ээж Ж.Ц хоёр эрэл хийж яваад манайхаас хойш 7-8 километрт орших “Эхийн шанд” гэх газар нутаглах Тайван гэх айлынх алдсан хар тугалтай үнээг сааж байхаар нь очиж уулзахад “О.М ахынх сааж бай гээд надад өгсөн, тэр хүний үнээ, танай үнээ гэдгийг би яаж мэдэх юм” гээд өгөхгүй байгаа юм. Мөн үхэртэй нь алга болсон 4 тооны бяруугаа нэхэмжилнэ. Урьд нь би саахалт айлын хүн болох Билгээтэй 2018 оны 06 дугаар сарын сүүлээр үнээ өгсөн гээд байгаа Мөнхбаатар ахынхаар алдсан үхрүүдээ сураглаж Мөнхбаатар ахтай уулзахад мэдэхгүй, харагдаагүй гээд байсан чинь манай үхрийг Тайван гэдэг хүнд сааж бай гээд өгсөн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-10/
- Гэрч Б.Эы: Манайх Сүхбаатар сумын нутаг дэвсгэр “Б” гэх газар байдаг бөгөөд Мөнхбаатарынх манай хажууханд нутагладаг юм. 2018 оны 8 дугаар сарын дундуур О.М ах манайхыг сааж бай гээд 6 тооны тугалтай үнээ өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Цэрэннадмид эгчийн хүргэн болох нэг залуу машинтай ирээд “танай сааж байгаа тугалтай үнээ манай хадмын үхэр байна авъя” гэхээр нь би “ах нь саяхан Мөнхбаатараас 6 тугалтай үнээ авсан ба тэрэнд цуг ирсэн. Чи Мөнхбаатараас асуу, одоо бол би чамд өгч чадахгүй” гэж хэлээд явуулсан. Надаас өмнө нь хар үнээ болон бяруу алдаад олохгүй байгаа гэж асууж сураглаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-11/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээний комиссын “Эд зүйлийн үнэлгээ” /хх- 42/
-Д.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/
-Д.Мын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/
-Д.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/
-Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хариуцлагын талаарх 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 08 дугаартай санал зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Д.М 2018 оны 04 дүгээр сард өөрийн үхэр сүрэгтээ нийлсэн хар зүсмийн үнээ, тугалыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч В.Ээд 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч В.Э, гэрч Ж.Ц, О.Б, Э.Ж.Ц, Б.Э нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын үнэлгээний комиссын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Д.М нь өөрийн үхэр сүрэгт ирж нийлсэн алдуул мал болох тугалтай үнээг бусдынх гэдгийг мэдсээр байж завшиж, улмаар бусдад саалгахаар өгсөн нөхцөл байдал тогтоогдох бөгөөд тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа алдуул малыг өөрийн эзэмшилдээ авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулан, гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Шүүгдэгч Д.Мын алдуул малыг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын алдуул малыг завших гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч В.Ээд учирсан тугалтай үнээ буюу 900.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.М нөхөн төлсөн болох нь хохирогч В.Эийн “Миний хувьд тугалтай үнээгээ олсон болохоор Мөнхбаатараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдоно.
Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын үнэлгээний комиссоос хохирогч В.Эийн тугалтай үнээг 900.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгч Д.Мын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Д.Мын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Д.Мын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдья.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17 5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Мыг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Д.Мт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.М дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Д.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч В.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН