Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 146/ШШ2016/00233

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

           Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, Шунхлай 6 гудамж, 231 тоотод оршин суух, Н-н Д-д холбогдох 5.369.210 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр багт оршин суух, “Х”-ны нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ц Б болон Н Д нь тус банкны Хужирт тооцооны төвөөс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 111 тоот зээлийн гэрээ байгуулан 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Ц.Б нь нас барсан бөгөөд хамтран зээлдэгч Н.Д нь зээлээ төлөлгүй 73 хоног өнгөрсөн, зээлийн гэрээний 7.1.1 дахь заалтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан. Банк зээлдэгчид зээлийг буцаан дуудах мэдэгдэл 1 удаа, зээл төлөх мэдэгдэл 2 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

  1. 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 111 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
  2. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах

            Үндсэн зээлийн үлдэгдэл 5179066.56 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 183551.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6592.14 төгрөг, нийт 5369210.50 төгрөг. Нотариатын үйлчилгээний төлбөр 1320 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 100857 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ...” гэжээ.

            Нэхэмжлэгч “Х банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амгаланжаргалын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

            “...Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийн хариуцагч Н.Д-н тайлбартай танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч Н.Д нь 300.000 төгрөг төлсөн болно нэхэмжилсэн дүнгээс...” гэжээ.                                                                                                                                                                       

          Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

             “...Миний бие нь “Хаан банк”-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. 2014 оны 02 дугаар сард манай гэр бүлийн хүн болох Ц.Б-н бие өвдсөн юм. Тэгээд Х банкнаас 16 сая 500 мянган төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд уг мөнгийг Ц.Б-н эмчилгээнд зориулсан юм. Гэтэл манай эхнэр 2014 оны 12 сард өвчний улмаас нас барсан Х банкнаас нэхэмжилж байгаа мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин одоо нэхэмжилж байгаа 5.369.210 төгрөгнөөс 300.000 төгрөгийг төлсөн болно. Одоо үлдэх мөнгө 5.069.210 төгрөгийг төлнө..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Н.Д-с 5.369.210 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Д нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.  Нэхэмжлэгч “Х банк”-ны нэхэмжлэлийн шаардлага 5.369.210 төгрөг /таван сая гурван зуун жаран есөн мянга хоёр зуун арван төгрөг/-ийг хариуцагч Н.Д нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Д-с 50428, орон нутгийн төсвийн орлогоос 50428 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100857 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                       Ц.ДАГИЙМАА