Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 31

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ст холбогдох 1930000250021 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн харьяат, 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн ... түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б.С.  

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг ... тоот хашаанд иргэн Э.Гийг зодож, эрүүл мэндэд нь “ зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний салстын цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

 

- Яллагдагч Б.Сын: 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найз Ч.С, Д.И нартай сумын төвд явж байгаад М.А, Б, Л.Э нартай таарч Улаан/жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/” гэх айлд орж 2 шил 0.75 литрийн Экс нэртэй архи хувааж ууж дуусгаад Ч.С, Ч.И бид гурав цэргийн ангийн байранд байдаг О гэх ахаас машины эд анги асуух гэж явж байтал М.А ах над руу залгаад “чи хаана байна, манайд хүрээд  ир” гэж хэлсэн. Тухайн үед хоёр найздаа хэлэхэд Ч.С хүний архи уусан юм чинь муухай биз, нэг шил архи авч өгье гээд 0.75 литрийн Экс нэртэй архи авч А ахын гэрт ороход М.А, Б, Э нар 0.75 литрийн Экс нэртэй архи уугаад сууж байсан юм. Уг архийг хувааж уугаад дуусахад Адьяасүрэн ах тасраад унтсан. Бид нар авчирсан архиа задлаад уусан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Согтуу байхдаа найз Ганзоригийг цохисон байх гэж бодож байна. Би архи их уусан байсан. Э.Г, Наранцацрал нар тухайн үед болсон асуудлыг мэдэж байгаа. Э.Гийг яагаад зодох болсноо мэдэхгүй байна. Зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-33-34/,

 

- Хохирогч Э.Гийн: 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед гэртээ сууж байтал гаднаас манай найз Л.Э орж ирээд “хоёулаа урд айл руу оръё”  гэхээр нь дагаад явтал манай урд хашааны М.А ахынд орсон юм. Намайг орох үед А ах баруун орон дээрээ унтаж байсан. Гэрийнх нь баруун хойд талд Су, С, Да, Ба, И нар тойрч суугаад архи тойруулж байсан. Тойруулж байгаа архинаасаа надад хийж өгөхөөр нь “уухгүй” гэхэд “чи ямартай ч ганц нэг татаа” гэхээр нь би гурав татаад ахиж өгөхөөр нь уугаагүй. Тухайн үед Б.С, Даыг суугаагаараа унтаж байхад нь толгой руу нь алгадаад байхаар нь “ чи боль, унтаж байгаа хүнийг ” гэхэд Э бас хажуугаас нь “боль” гэж хэлж байсан. Уг үгнээс болоод Э, Су нар хоорондоо муудаж гэрээс гарсан ба би араас нь гараад гадаа зогсож байтал Су хүрч ирээд “чи надаас хүн өмөөрлөө” гээд миний зүүн нүд рүү цохисон юм. Миний хохирол болох 100.000 төгрөгийг гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-05-07/, 

 

- Гэрч Х.Нын: 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн үед манай нөхөр Э.Г гэртээ байхад найз Э нь манайд орж ирээд урд талын хашаанд байх А гэх айл руу ороод ирье гээд цуг явсан юм. Тэгээд удалгүй нэг цаг орчмын дараа буюу 15 цагийн би нөхрийнхөө араас А ахын гэрт ороход Э, Ба, Су, Б, И, С Ганзориг нар сууж байсан. Харин А, Да нар унтаж байсан. Тэгтэл Су гэнэт босож ирээд Даыг толгой руу нь цохиод, хэл амаар янз бүрээр хэлэхэд нь Да сэрээд маргалдаж байсан, гэхдээ зодолдоогүй. Харин Ганзориг “ чи унтаж байгаа хүнийг зүгээр байлгаа ” гэхэд  Су болиод Этай маргалдаад гэрээс гарцгаасан. Су, Э нар хашааны зүүн буланд муудаж, маргалдаж байсан. Харин манай нөхөр Ганзориг гэрийн үүдэнд зогсож байхад Су, Этай маргалдахаа болиод Ганзориг руу “чи надаас хүн өмөөрдөг хэн бэ” гэж хэлээд ирэхэд Ганзориг өөдөөс нь явах гэж байгаа юм шиг болохоор нь би гарыг нь барьтал Су нь Ганзоригийн зүүн нүд рүү цохисон. Би нөхрийгөө аваад гэртээ орж цусыг нь угаагаад эмнэлэг авч явж үзүүлэхэд оёдол тавьсан. Хэдэн оёдол тавьсан гэдгийг нь бол мэдэхгүй байна. Э.Гийн биеийн байдал хэвийн байгаа зүүн нүд нь хөхөрсөн байдалтай оёдол тавьсан байгаа. Унтаж байгаа хүнийг зүгээр байлга гэхэд хүн өмөөрлөө гэх шалтгаанаар зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

- Гэрч Ч.Сын: 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найз И, Су бид гурав сумын төвд явж байгаад А, Б, Э нартай таараад шинэ жилийн юм гээд нэг шил 0.75 литрийн Экс нэртэй архи авсан юм. Тэгээд Агийнд очиж 4 шил “Экс” нэртэй архи уусан байх, хүмүүс гаргаж ирээд уугаад байсан. Нэг мэдэхэд Ганзориг, Да, Ганзоригийн эхнэр ирчихсэн, хүмүүс гэрийн гадаа муудаад байх шиг байсан.Тэгтэл Ганзориг “цохичихлоо” гэж хэлээд гэр рүүгээ явсан. Би гэрт байсан болохоор яг хэн хэнийгээ цохисныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

 

- Гэрч М.Агийн: 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Их өргөө” дэлгүүрээс 0.75 литрийн “Экс” нэртэй архи хоёрыг Э, Б бид гурав аваад Наранбаатар гэх айлд ууж байхад Су, С, И гуравтай таараад бид хэд бүгд уусан. Тэгээд Б, Э, бид гурав машинаа бариад “Их өргөө” дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн “Экс” нэртэй архи авч манайд очиж уухаасаа өмнө Су руу ярьж дуудсан. Эхний шил архийг талыг нь ууж байгаад би тасраад унтсан юм шиг байгаа юм. Орой 22 цагийн үед сэрэхэд манайд хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

- Гэрч Л.Эын: Су, Даыг суугаагаар унтаж байхад нь цохиж алгадаад байхаар нь боль гэсэн. Тэрнээс болоод Су бид хоёр маргалдаад гарсан. Гадаа маргалдаж байгаад больсон. Тэгээд нэг мэдэхэд Су, Ганзоригийг цохисон байсан. Ганзоригийн эхнэр нь харсан байх, өөр хүмүүсийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: Э.Гийн биед зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 23/,

 

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвийн эмч Д.Аззаяагийн эмчийн үзлэгийн тэмдэглэл  /хх-ийн 22/

 

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай тодорхойлолт /хх-37/

 

-Б.Сын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/

 

-Б.Сын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/

 

- Б.Сын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-42/

 

- Хохирогч Э.Гийн хүсэлт /хх-41/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 14 дугаартай санал /хх-46/ зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн ... тоот хашаанд иргэн Э.Гийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний салстын цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Б.Сын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Г, гэрч Х.Н, Ч.С, М.А, Л.Э нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвийн эмч Д.Аззаяагийн эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

        Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Б.С нь архи ууж согтуурсан үедээ “бусдыг өмөөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Гийн зүүн нүд рүү цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдох ба тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ямарч шалтаг шалтгаангүйгээр бусдыг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Шүүгдэгч Б.Сын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Б.С нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.Гт учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэдгээ хэрэгт мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Сын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

Б.Сын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.Сын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Суыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүхийн шатанд ялтан Б.Ст таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.С дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ялтан Б.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Э.Гийн эмчилгээний зардалд 100.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН