Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00029

 

 2023  12 25   210/МА2024/00029

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04794 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буянтогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын аманд байрлах "Жаргалант эвэнт холл" хотхонд хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, ******* ХХК нь хамгаалалтын хөлс нэг хамгаалагчийн 1,700,000 төгрөг төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Харин ******* ХХК нь төлбөрийг сар бүрийн 01-03-ны өдрийн дотор шилжүүлэх үүргээ зөрчсөн тул шүүхэд хандахад шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2023/15543 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагчаар татагдвал зохих этгээд болох ******* ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ******* ХХК-ийг эрэн сурвалжлах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

3.1. Анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Уг гэрээнд талуудын хаягийг тодорхойлоогүй байх бөгөөд Төрийн мэдээлэл солилцооны хур системээс ******* ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахад тус хуулийн этгээд нь Сонгинохайрхан дүүрэгт оршин байдаг болох нь тогтоогдсон. Гэвч уг хаягт оршин байдаггүй гэх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэжээ.

Шүүх хур системээс ******* ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахад Сонгинохайрхан дүүрэгт оршин байгаа гэдгийг шүүгчийн туслах мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 56, 22 тоот хаягт очиход тухайн хаягт уг компани байгаагүй. Хорооны засаг даргаас тодорхойлолт авах гэхэд байгууллагын мэдээллийг өгөхгүй гэсэн. Улмаар шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны засаг даргаас ******* ХХК тус хаягт оршин байгаа эсэх талаар тодорхойлолт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй атлаа шүүхийн шийдвэрт дээрх байдлаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

3.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2023/23181 дугаар захирамжаар ******* ХХК-ийн оршин байх хаягийн мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас гаргуулахаар шийдвэрлэж, уг компани Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 56-22 тоот хаягт бүртгэлтэй талаар дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагджээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хаягт ******* ХХК оршин байгаа эсэх лавлагааг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны засаг даргаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/25269 дугаар захирамжид нэхэмжлэлийн үндэслэл буюу хариуцагчаар оролцвол зохих этгээд нь тус хаягт оршин байдаггүй гэх тайлбараа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй гэх үндэслэл заан хүсэлтийг хангахаас татгалзжээ.

а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан ба уг ажиллагаанд мэтгэлцэх зарчим буюу зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ажиллагаа хамаарахгүй байхаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зохицуулсан. Иймээс нэхэмжлэгч тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт тус зохицуулалтад нийцээгүй.

б. Мөн хүсэлтэд уг баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй нөхцөл байдлын талаар, тухайн баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай талаар тайлбарласан байхад хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн байна.

в. Үүнээс гадна шүүх өөрийн санаачилгаар ******* ХХК-ийн хаягтай холбоотой нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг баримтлан хийсэн атлаа нэхэмжлэгчийн хүсэлтийг ийнхүү хангахаас татгалзсан нь ойлгомжгүй болжээ.

 

4. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үүний улмаас шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04794 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД   Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА