| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2006027011756 |
| Дугаар | 100 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 100
М.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Шоовдор, түүний өмгөөлөгч Б.Туул, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1692 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1494 дүгээр магадлалтай, М.М-д холбогдох 2006027011756 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туулын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2004 онд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 731 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авагдсан, М
М.М- нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Гарден Ресидент” хотхоны 428 дугаар байрны 153 тоотод 12 настай Б.Дг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээр хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээр хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил хугацаагаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.М-д оногдуулсан 6 жил хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Өсвөр насны шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээр хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.М-г 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.М-д оногдуулсан 4 жил хорих ялыг 2 дахин багасгаж, нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.М-д оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй” гэж, бусад заалтыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туулын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туул гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай хэрхэн тохирч байгаа талаар тайлбар хийгээгүй. М.М- нь хохирогчийг орон дээр дарж хэвтүүлсэн үйлдэл нь төгссөн ба зэрэгцээд юм ярьж сууж байхдаа ээжийгээ утсаар залгасан дүр эсгэж гарч явахад М.М- ямар нэгэн хориглох үйлдэл хийгээгүй. М.М-д гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байсан бол үйлдлээ төгсгөх бүрэн боломжтой байсан буюу нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглэх ёстой. М.М- үйлдэл хүчиндэхийг эсвэл бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхээр завдсан эсэхийг ялгах боломжгүй. Өөрөөр хэлбэл охины хувцсыг тайлахаар оролдоогүй байхад хэргийн зүйлчлэлийн талаар шат шатны шүүх тайлбарлаагүй. Иймд М.М- үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үйлдлээр цагаатгаж өгнө үү. Шүүгдэгч нь айлын эрх хүүхэд болохоос зан авир нь эвдэрсэн хүүхэд биш. Түүнийг ял шийтгэлтэй үлдэхгүй байх талаас нь хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд , шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Шоовдор гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... миний хүү ширүүн ааш зангүй, янз бүрийн үйлдэл хийх хүүхэд биш гэдэгт итгэдэг. Миний хүү хүнтэй унтаж үзээгүй, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүх өсвөр насны шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бага насны хохирогчид хүч хэрэглэж, гэртээ оруулан түүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан гэрч А.Хулан, Ж.Солонго нарын мэдүүлгээр хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон. Хохирогч нь шүүгдэгчийн гэрээс гарч зугтсан байдлыг шүүгдэгч М.М- гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар 2 дахин багасгаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч М.М- нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгслээр танилцсан гэх тухайн үед 12 настай байсан Б.Дөлгөөнийг гэртээ оруулаад бага насны хохирогчийн мэдүүлснээр “... жижиг унтлагын өрөө рүү тэвэрч ороод миний хацар, гар, гуянд хүрээд байхаар нь болиоч гээд орноос боссон чинь гараас татаж өвөр дээрээ суулгаад гуя илээд боль гээд боссон чинь гараас татаад 2 гар дээрээ өргөж буцаж ороод хэвтүүлээд дээр гарч хэвтээд уруул дээр 2 удаа үнссэн”, “... миний гуяыг дотор, гаднагүй илээд, шортны гадна талаар бэлэг эрхтнийг илээд “гутлаа тайлахгүй юм уу, гадуур куртикээ тайлахгүй юмуу” гэх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүчиндэхийг завдсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бага насны хохирогч болон өсвөр насны шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн, энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.М- нь бага насны хүүхэдтэй хурьцал үйлдээгүй боловч түүнийг орон дээр хэвтүүлж, өвөр дээрээ суулгаж үнсэх, гуяын илэх, өмсөж явсан шортных нь гадна талаас бэлэг эрхтнийг нь илэх зэргээр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн “бэлгийн харьцааны шинжтэй” үйлдлийг хийсэн нь бүрэн нотлогдсон тул шүүх түүний үйлдлийг хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсанд тооцсон нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх өсвөр насны шүүгдэгч М.М- хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан анхан шатны шүүхийн оногдуулсан 12 жил хорих ялыг 4 жил болгон хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоохдоо Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон буюу анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох гэмт халдлагад өртсөн бага насны хохирогч хүүхдийн мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бэхжүүлсэн камерын бичлэг, тухайн гэмт хэрэг болсон талаар мэдүүлсэн бусад гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдсон тул хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Шоовдор, түүний өмгөөлөгч Б.Туул нарын хамтран гаргасан “М.М- үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1692 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1494 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Шоовдор, түүний өмгөөлөгч Б.Туул нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ЦОГТ
Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН