Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1264

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХ,ХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02124 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох

 

6 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ, ХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХ, ХХ бид 15 жил амьдарсан. 1994 онд хүүхэд төрүүлсэн боловч 1 cap болоод өвчнөөр нас барсан. Түүнээс хойш хүүхэд төрүүлээгүй. Үрийн суваг битүүрсэн гэж эмнэлгээр олон удаа явсан. 2012 онд Эх нялхасын эмнэлэгт үр шилжүүлэн суулгуулахаар шинжилгээ хийлгэж, үрийн суваг нээлгэх хагалгаанд орох шаардлагатай болсон. 2011 онд Дорнод аймагт үрийн суваг нээлгэх хагалгаанд орж байсан учир хагалгааг дахин хийлгэх шаардлагагүй гэсэн. Эх нялхасын эмнэлгийн эмч нар үр шилжүүлэн суулгах хагалгаанд орж болно, гэхдээ Солонгос улсад ороорой гэсэн, үнийг судлахад хэт үнэтэй байсан. Ингээд "ХХХ" ХХК-ийн эмчид үзүүлсэн. Би Эх нялхасын эмнэлэгт өгч байсан шинжилгээний хариугаа үзүүлэхэд ХХХХ эмч би өөрөө шинжилгээ хийнэ, өөр газрын шинжилгээний хариугаар хагалгаа хийхгүй гэсэн.Сарын тэмдгийн мөчлөгөөс хамаарч бүх шинжилгээг өгсөн. Нөхөр ХХХ мөн шинжилгээ өгсөн.

 ХХХХ эмч шинжилгээний хариуг хараад айхтар муу зүйл алга байна, манай охин ХХХХХ шинжилгээний хариуг бас харна гэсэн. Бүх шинжилгээг өгсөн юм чинь мөнгөө бэлдээд ирээрэй гэсэн. Би тухайн үед үр шилжүүлэн суулгуулна гэж хэлэлгүй, тарифыг асуухад 6 500 000 төгрөг гэснийг нөхөртөө хэлж нутаг руугаа буцаж ах дүү нараас мөнгө авч 2013 оны 6 дугаар сард Улаанбаатарт ирж 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр эмчилгээ эхэлсэн. Эмчилгээг гадуур хийлгэж байсан. Би анхны өдөр тариануудаа сувилагчаар хийлгэж бусдыг өөрөө хийсэн. 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үр шилжүүлэн суулгасан. Үүний дараа ХХХХХ эмч 1 лаа өгч хийгээрэй гэсэн. Лаагаа хийж байгаад 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ирээрэй гэсэн. 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дусал цус шиг юм доошоо гарсан. ХХХХХ эмчид хэлэхэд лаагаа сайн хий гэж хэлсэн. Лааг хийх тусам цус их гарч байсан.

2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр очиход ХХХХХ эмч намайг үзэх ч үгүй, суулгасан суулгац гарчихсан байна, балай юм болж гэсэн. Би тал мөнгөө авъя гэхэд боломжгүй гэсэн. Дахиж үнэгүй суулгуулж болох уу гэхэд 8 000 000 төгрөг өгөөд сарын дараа ирж хийлгээрэй гэсэн. Хүний мөнгө авчихаад үл тоомсорлож харьцаж байсанд их гомдож байна. 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үр шилжүүлэн суулгуулахад би өрөөнд нь удаан хэвтсэн. Мэс ажилбар хийж байхад ард нэг юм унаж хагарсан. Сувилагч нь сандраад гараад гүйсэн. Тухайн үед ХХХХХ эмч миний хажууд зогсоод байсан. Сувилагч нэг зүйл авч орж ирэхэд суулгана гээд суулгасан. Миний бодлоор надад хийх байсан зүйлийг ард унагаасан гэж бодож байна. Үр шилжүүлэн суулгах хагалгааны төлбөрт өгсөн 6 500 000 төгрөгийг "ХХХ" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХ нь эхнэр ХХын хамт хүүхэд төрүүлэхгүй байгаа шалтгаанаар 2012 онд ирж онош тодруулах шинжилгээ хийлгэж үр дамжуулах хоолой битүүрсэн, өндгөвчний үйл ажиллагаа муу түүнээс болоод умайн салст бэлтгэгдэхгүй учраас жирэмслэхгүй байгаа нь тогтоогдсон. Жирэмсэн болохын тулд өндгөвчинд өндгөн эс боловсрох учиртай, ХХыг шинжлэх явцад эхо болон гормоны шинжилгээгээр өндгөн эс боловсрох явц хангалтгүй байсан. Иймд үр шилжүүлэн суулгах эмчилгээ үр дүн муу байх магадлал өндөр гэдгийг тайлбарласнаар эхний удаад үр шилжүүлэн суулгах эмчилгээнээс татгалзаад буцсан.

2013 оны 10 дугаар сард ирээд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох асуудал тавихад нь дахин эхо болон гормоны шинжилгээ хийж үзэхэд урьдын адил хангалтгүй байсан. ХХХХХ эмч үр шилжүүлэн суулгах хагалгаа хийхээс татгалзсан байсан. Уг эмчийн хувьд 1999 онд Румын улсын Бухарест хотын Анагаах ухааны их сургуульд хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. 1999-2001 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд резентурт суралцаж эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил эзэмшсэн. 2007-2008 онд Сөүлийн их сургуулийн эх барих эмэгтэйчүүдийн клиникт эмэгтэйчүүдийн эндокринологч, эмбириологич эмчийн мэргэжил эзэмшсэн. Манай эмнэлэгийн хувьд 2009 оны 8 дугаар сараас нийт 105 эхэд үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийснээс 35 эх жирэмсэлж, 30 эх амаржиж, 35 хүүхэд эсэн мэнд бойжиж байна. Үр шилжүүлэн суулгах эмчилгээ нь өртөг өндөртэй боловч эмчилгээний үр дүн дэлхийн практикт 25-35 хувь байдаг онцлогтой.

ХХХ нь эхнэрийн хамт ирж надтай уулзаж бид хоёр хөдөөнөөс танайд үр суулгах эмчилгээ хийлгэхээр ирсэн. ХХХХХ эмч эмчилгээний үр дүн муу байх магадлал өндөр учир эмчилгээ хийхээс татгалзаад байна, хэлж өгөөч бид эрсдэлээ өөрсдөө хариуцна гэсэн. Би ХХХХХ эмчтэй уулзаж, өөрсдөө хүсээд байгаа учир үр шилжүүлэн суулгах эмчилгээнд оруулья гээд зөвшөөрлийн хуудаснаас гадна эмчилгээ хийлгэхийг хүссэн өргөдлийг тусад нь бичиж өгөөд эмчилгээнд орохоор тохирсон. Эмчилгээг сарын тэмдгийн 3 дахь хоног буюу 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж гонал-Ф буюу өндгөн эс сэдээгч гормоныг 300 ме буюу 4 ампул тарьсан, 9 хоног энэ тунгаар нийт 36 ширхэг тариа хийсэн. Тариа эхэлсний 6 дахь хоногоос цитротайд нэмж тариад нийт 6 өдөр хийж, сарын тэмдгийн 12 дахь хоногт өндгөн эс гүйцэд боловсруулагч овидерилыг хийсэн. Эдгээр эмчилгээ амбулаторын нөхцөлд хийгддэг. Сарын тэмдгийн 14 дэх хоногт эмбириологын лабораторт судас унтуулгын доор өндгөн эсийг соруулахад 4 ширхэг өндгөн эс авсан. Үр тогтооход 3 эвсэл үр бий болсныг 3 өдрийн дараа эхийн умайд суулгасан. Үүнээс хойш 12 хоног үр суухыг дэмжих кринон гэх эмийг үтрээнд хийж эмчилсэн. Бүх эмчилгээ стандартын дагуу явагдсан ч эх жирэмсэн болоогүй. Үр суулгаснаас хойш шар бие дэмжигч гормон өгөхөөс өөр өвөрмөц ямар нэгэн эмчилгээ байхгүй. Дараагийн сарын тэмдэг иртэл ажиглаад 12 хоногийн дараа сарын тэмдэг ирэхгүй бол цусанд хорион гонадотропин дааврыг үзэж уг даавар тодорхойлогдвол эмчилгээг үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд үзэх, шинжлэх, ямар нэг онцгой дэглэм шаардлагагүй.

Улсын мэргэжлийн хяналтын газраас Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөлд хандаж шинжээчдийн дүгнэлт гаргуулсан. Эдгээр мэргэжлийн шинжээчид эмнэлгийн үйл ажиллагааг шалгаад мэргэжлийн талаар ямар нэг алдаа байхгүй, эмчилгээний стандартыг Эрүүл мэндийн яамаар баталгаажуулаагүй байна гээд манай эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Бид өөрсдийн эмчилгээний стандартыг Эрүүл мэндийн яамны эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлд хандаж өгснөөр 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлын протоколоор Эрүүл мэндийн яамны нэгдсэн аргачлал гартал мөрдөж байхыг зөвшөөрсөн. Энэ эмчилгээнд орсон эм урвалж бусад материалын нийт өртөг 5 798 228 төгрөг, үлдэх хэсэг нь ажилчдын цалинд зарцуулсан. Гэхдээ энэ талаар баримт байхгүй.

Бид ХХд үтрээгээр хийдэг лаа өгсөн. 12 хоногийн дараагаар үр тогтсон байвал сарын тэмдэг нь ирдэггүй юм. Сарын тэмдэг ирэх юм бол 7 хоногийн дараа эход дахин хардаг. ХХд 8 дахь хоногоос цус үзэгдсэн байна. Энэ хүн лааг хийгээд байхад үр тогтолгүй, сарын тэмдэг нь иржээ. Ингээд бидний хийсэн хагалгаа үр дүнгүй төгссөн. Бид өөрсдөөс шалтгаалах бүхий л зүйлийг хийсэн. Энэ хагалгааг хийхдээ үр тогтох магадлал бага гэж хэлэхэд өөрсдөө хагалгаа хийлгэх өргөдлөө гаргасан. Энэ хагалгаа амжилттай болох магадлал угаас бага бөгөөд нас ахих тусам боломж нь багасдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч “ХХХ” ХХК-иас 6 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХ, ХХ нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139 750 төгрөгөөс илүү төлсөн 20 800 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХ” ХХК-иас 118 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХ, ХХ нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

ХХд үр шилжүүлэн суулгах тухай хагалгааг хийсэнээр түүний эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан зүйл байхгүй. Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид ямар гэм хор, хохирол учирсан нь тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх хуульд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж үзэлгүйгээр дан ганц Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлтэд тулгуурлан хариуцагч эрүүл мэндийн тухай хууль зөрчиж үйл ажиллагаа явуулснаас болж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд шууд хохирол учирсан мэтээр дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Учир нь энэхүү маргааны хувьд талууд нэг хэлбэрийн ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, эрсдэл буюу үр дүн гарах магадлал багатай байдлыг харилцан ойлголцож гэрээ байгуулсан. Үйлчилгээ авч байгаа тал шинжилгээний хариугаа харж жирэмсэн болох магадлал багатайг ойлгосны үндсэн дээр гараараа бичиг хийж өгснөөр үйлчилгээ үзүүлсэн ч жирэмсэн болоогүй. Гэвч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ямар нэг гэм хор учирсан зүйл байхгүй байхад шүүх "бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах" талаар Иргэний хуулийн зүйл заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

Эрүүл мэндийн яамны зүгээс манай эмнэлгийн эмчилгээний технологийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн энэ нь Монгол Улсын холбогдох хууль, стандартад зөрчигдөх зүйл байхгүй талаар албан бичиг өгсөн. Бидний хувьд энэхүү эмчилгээний технологийн дагуу 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж нийт 50 эхийг үр хүүхэдтэй болгосон ажлын үр дүнтэй байгууллага юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв .

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХ нар нь хариуцагч “ХХХ” ХХК-иас үр шилжүүлэн суулгах хагалгааны зардалд төлсөн 6 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, уг шаардлагын үндэслэлээ үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийхдээ эмчилгээ, үзлэг, үйлчилгээг зохих ёсоор хийгээгүйгээс амжилтгүй болсон гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК нь үйлчлүүлэгч ХХ, түүний нөхөр ХХХ нарт хагалгааны үр дүн, эрсдэлийг тайлбарлан, хагалгаа хийхээс татгалзсан боловч өөрсдөө хүсэлт гаргасан, хагалгааг стандартын дагуу хийсэн, үүнээс болж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан зүйлгүй гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч ХХ нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “ХХХ” ХХК-ийн эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээг 6 500 000 төгрөгийн төлбөр төлж хийлгэсэн байх боловч жирэмслэх үйл явц амжилттай болоогүй үйл баримт тогтоогджээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нараас тус эмнэлэгийн эмчилгээ, үйлчилгээний талаар Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийж,  “үр шилжүүлэн суулгах” үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоосон болон уг ажиллагааг сэргээсэн талаарх акт баримтууд хэрэгт авагдсан байна.

/хх-ийн 4, 6-10, 66-69, 152 дугаар тал/

 

Дээрх баримтуудаас гадна Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн үнэлсэн гэж үзэв.

/хх-ийн 182-183 дугаар тал/

 

Уг дүгнэлт болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 05/043/123, 05/043/248 тоот акт, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 05/43/61 тоот албан шаардлага зэргээр нэхэмжлэгч ХХд үр суулгах ажилбарын үйлдэл бүрийг тодорхой бичсэн протокол хөтлөөгүйгүй, үр хөврөлийн лабораторит мөрдөх удирдамж тодорхой бус байсан, эмнэлэгийн үр шилжүүлэн суулгах ажилбар, үйлчилгээний эмнэл зүйн удирдамжийг батлуулаагүй, өвчнийг оношлох, эмчлэх арга технологийг салбарын сайдын тушаал шийдвэрийн дагуу баталгаажуулаагүй зөрчил дутагдал байсан нь тогтоогджээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн хувьд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үр шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг эрхэлдэг боловч  нэхэмжлэгч ХХ, түүний нөхөр ХХХ нарын хамтран гаргасан хүсэлтээр уг эмчилгээг хийхийн өмнө тэдэнд жирэмслэх магадлал, үр дүн, эрсдэл хүндрэлийн талаар бүрэн ойлгуулж, зөв сонголт хийхэд нь нөлөөлсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Тухайлбал нэхэмжлэгч нар уг эмчилгээг хийлгэхээр 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус эмнэлэгт хамтран гаргасан өргөдөл гэх баримт хэрэгт 2 өөр хэлбэрээр авагдсан, үүнийг ХХ, ХХХ нар тайлбарлахдаа “эмчилгээний явц болон эрсдэлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн болно” гэх бичвэрийг эмч Баярмаа өөрийн гараар нэмж оруулж,  бид түүнийг хуулж бичсэн гэснийг хариуцагч тал үгүйсгээгүй болно.

/хх-ийн 26, 132 дугаар тал/

 

Түүнчлэн “Өндгөн эс соруулж авах болон үр шилжүүлэн суулгахтай холбогдсон зөвшөөрлийн хуудас” гэх баримттай танилцсан талаар нэхэмжлэгч нар гарын үсэг зурсан байх боловч “эмчилгээний нэмэлт тайлбар, эрсдэл, анхаарах зүйлс, санамжийн талаар ойлгосон тохиолдолд гарын үсгээр баталгаажуулах” гэсэн хэсэгт тухайн үйлчлүүлэгч нарын гарын үсэг зурагдаагүй байгаа нь уг эмчилгээний онцлог, түүний үр дүнг бүрэн гүйцэд ойлгуулж, танилцуулсан гэж үзэх боломжгүй юм.

/хх-ийн 29-34 дүгээр тал/

 

Цаашилбал өндгөн эс гаргах үйлдэл лабораторийн бус таагүй орчинд, хүндрэлтэй нөхцөл байдалд явагдсан, үр шилжүүлэн суулгах болон эмчилгээний явцыг хянах, мэргэжлийн зөвлөгөө, тусламж хангалттай байгаагүй гэх нэхэмжлэгч нарын тайлбар, гомдлыг няцаах баримтыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй тул түүний татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Үүнээс гадна тухайн эмнэлэгийн эмч мэргэжилтний харилцаа хандлага, ээлтэй үйлчилгээ үзүүлээгүй байдал нь нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч “ХХХ” ХХК-ийг нэхэмжлэгч ХХ, ХХХ нарт 6 500 000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн гэж үзэхгүй тул ийм хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан гэх агуулгаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв юм.

 

Харин нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд гэм хор учруулаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй тул үүнтэй холбогдсон зайлшгүй зардал төлөх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг шүүх баримтлах шаардлагагүй байжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02124 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...505 дугаар зүйлийн 505.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба  магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА