Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2019/0437

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Б-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2019/0014 дүгээр шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.5, Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “Захиргааны ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий  нөхцөл байдлыг талаар тайлбар санал гаргах боломж олгоогүй, шийдвэрийн талаар нэхэмжлэгчид огт танилцуулаагүй энэ талаарх тэмдэглэл байхгүй байтал анхан шатны шүүх сонсох ажиллагаа явуулсан мэт дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.

        Мөн сонсох ажиллагаа гэх нэршил бүхий асуулт хариултын үеэр нэхэмжлэгч Хууль зүйн туслалцаа авах оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байтал анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хэвийн үйл ажиллагаа хэдий хугацаагаар, хэрхэн яаж алдагдсаныг хариуцагчийн зүгээс шалган тогтоосон баримт байхгүй, захирамжийн үндэслэл болох ач холбогдол бүхий баримт хэрэгт байхгүй, 47 өдөр хэрхэн, яаж тогтоосон нь тодорхойгүй, эмнэлэгт хэвтсэн, удаа дараа үйлчлүүлж байсан холбогдох магадлагаа, баримт байгаа, гэрч Ц.М нэхэмжлэгчийг үзэж эмчилж байсан талаараа мэдүүлэг өгсөн зэргийг шүүх харгалзаж үзээгүй, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

        Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргыг Хурлын даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэн Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлаас чөлөөлөх хуультай байтал Хурлын даргын захирамжаар нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлж /халж/ байгаа нь хуульд нийцээгүй. Хөдөлмөрийн дотоод журмаар ямар зөрчлийг сахилгын зөрчил гэж тооцох эсэх, түүнд ямар хариуцлага хүлээлгэж болох эсэх талаар хөдөлмөрийн сахилга хариуцлагын асуудлыг огт журамлаагүй, 47 өдөр ажил тасалсан бол сахилгын зөрчилд тооцно гэсэн материаллаг зохицуулалт байхгүй байтал дур мэдэж сахилгын шийтгэл ногдуулсан, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийнхээ үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн нэг ч асуултад хариулаагүй, мэтгэлцэх зарчим алдагдсан, хэрэгт авагдсан баримт материал, хариуцагчийн тайлбар зэрэгт нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан эсэх нь огт нотлогддоггүй. Нэхэмжлэгчийг эмнэлгийн хуурамч магадлагаа бүрдүүлсэн эсэхийг шалгуулж тогтоолгохоор уламжилсны дагуу Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Э /иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э-ын эхнэрийн төрсөн эгч/ нь өөрийн төрсөн дүүгийн нөхрөөс ирсэн хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хяналт шалгалт хийх албан удирдамж баталж, шалгалт явуулсныг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна, хууль зөрчсөн” талаарх дүгнэлт шаардлага хүргүүлсэн боловч шүүх үүнийг огт хүлээж аваагүй, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хэсэгт зориуд тусгаагүй.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Үндсэн хууль, Шүүхийн тухай, Захиргааны хэрэг шүүхэд ханан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчмын дагуу явагдаагүй, шийдвэрийн үндэслэлийг 47 бус 17 болгон засаж залруулан нотолж, түүнийгээ үндэслэн шийдвэр гаргасан.

        Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2019/0014 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёс, шударга ёсыг сэргээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч Д.Б-аас “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай“ нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2018/0030 дугаар шийдвэрээр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Б-ыг албан тушаал буруулж, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ажилтнаар томилохыг Хурлын даргад даалгасан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 66 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, түүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны шашин, соёл, эрүүл мэндийн бодлого хариуцсан ажилтнаар томилсон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон бөгөөд дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

        Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэх зорилгоор Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Д.Б-ыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилж, тухайн тогтоолоо 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр[1] гардуулсан, үүнтэй холбогдуулан Д.Б-аас 2018 оны 12 дугаар сарын 06, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан бичгээр шаардлага тавьж байсан зэргээс үзвэл ажилд буцаан томилсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг Д.Б мэдээгүй гэх боломжгүйгээс гадна тэрээр тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 101 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч шүүхээр маргаагүй байна.

        Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно/, 14 дүгээр зүйлийн 14.1 /Хууль заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй/, 26 дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/ гэх заалтуудын хүрээнд хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 20 дугаар албан бичгийг хүргүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Д.Б-ыг хуралдаанд биечлэн оролцуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/-д нийцжээ.

        Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 16 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Б-т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэхийг шалгах ажлын хэсгийг байгуулж, шалгалтын дүнг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, улмаар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19/08 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн дагуу хийсэн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт болон Төв аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3/160, 3/161 дүгээр албан бичгүүдээр[2] Д.Б-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12 хүртэл, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Б З М” өрхийн эмнэлэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн тухай үзлэгийн бүртгэл, тэмдэглэлийг иргэний эрүүл мэндийн дэвтэрт бичээгүй, эмчийн бичсэн эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмч гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй, эмийн үзлэгийн бүртгэл АМ1Б маягтыг хөтлөөгүй,

        Эрүүл мэндийн яамны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5/1539, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/315 дугаар албан бичгүүд[3]-ээр Д.Батбаярт 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн магадлагаа олгосон гэх “СБ клиник” эмнэлэг улсын хэмжээнд болон нийслэлд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй болох нь тус тус тогтоогджээ.

        Үүнээс үзвэл Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Б 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

        Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-ыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21 хүртэл хугацаанд эмнэлгийн магадлагаатай байсан, энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ биелүүлэх боломжгүй байсныг зөв дүгнэсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.

        Нэхэмжлэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ гүйцэтгээгүй нь түүнд Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 /төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх/-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл болжээ.

        Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь Төрийн албаны тухай /2017 он/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна/, 48.2 /Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй/-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн захиргааны албан хаагчид зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ.

        Эдгээрээс дүгнэвэл хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Б-т сахилгын шийтгэл хүлээлгэхийг даалгасны дагуу хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар захирамжаар Д.Б-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 /Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна/-д нийцсэн тул энэ талаар “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдож, чөлөөлөгддөг” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                ШҮҮГЧ                                                     Э.ЗОРИГТБААТАР

                                ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БАТБААТАР

 

 


[1] 1 дэх хавтсын 55 дахь тал.

[2] 1 дэх хавтсын 177-180 дахь тал.

[3] 2 дахь хавтсын 17-18 дахь талууд.