Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2016/00236

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Луваанжалба 15-6 тоотод оршин суух Т-н Д-н /РД:-/ нэхэмжлэ-------------лтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар цэцэрлэгт холбогдох

“Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн цалингаас суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулах, нийгмийн  даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг цалингийн суутгасан үнийн дүнд нийцүүлэн нөхөн төлүүлэх” шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Т.Д би 2014 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан туслах тогоочоор Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгт ажиллаж байна. Улмаар 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан тус цэцэрлэгийн туслах багш Түмэнжаргалын оронд түр хугацаагаар туслах багшаар ажиллаж байна. Би Х сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 сарын 23-ны өдрийн б/06 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Надад ажил үүргийн дагуу байгууллагаас хариуцуулсан эд хөрөнгө болох компьютер нь 02 дугаар сарын 18-ны өдөр маш их вирустэй болж ажил хийх боломжгүй, гацах зэргээр ажил хийхэд хүндрэлтэй болсон. Би тус компьютерийг хэн дуртай нь хамаагүй ашиглаж байсан учир би хариуцсан эд хөрөнгийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжинд заасны дагуу бүрэн бүтэн байдалд нь анхаарал тавьж паспортыг нь сольсон. Компьютер дээр ажиллах шаардлагатай ангиудын багш нар өөр өөрийн хариуцсан компьютертэй байдаг. Гэтэл 02 дугаар сарын 18-ны өдөр туслах багш Орхонсүрэн нь миний хариуцсан  компьютерийн кодыг асуухаар нь би өгөөгүй. Учир нь Баянзул багштай бага бүлгийн туслах багш Орхонсүрэн нь тус бүлэгт хариуцуулан өгсөн компьютер дээр ажиллах ёстой байдаг. Гэтэл туслах багш Орхонсүрэн нь миний хариуцсан компьютер дээр ажиллана гэж уурлаад намайг цэцэрлэгийн коридорт ажлаа хийгээд явж байхад чи энд ажиллах ёсгүй, хулгайч,  түмний хүүхдийн нэрийг бузарласан, хоногийн хоол гуйдаг, чамайг зодох нь битгий хэл яасан ч яадаг юм гэж шүд амаа зууж, хуруугаараа заналхийлж, чичлээд ар нуруу руу цохиход нь хананд гараа цохиж тохой шалбарсан. Тухайн үед цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эх, хүүхдүүд, эрхлэгч нар байсан. Миний бие туслах багш Орхонсүрэнтэй нэг ч удаа хэрүүл маргаан үүсгэсэн зүйл байхгүй, хариу үйлдэл хийгээгүй, тэр хүнээс айснаасаа болоод ажлаа орхиод гараад явсан. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 тушаалын хамтран ажиллагчийнхаа ажиллахад нь санаатайгаар 2-3 өдөр саад учруулсан гэж бичсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Д би ажил хийхэд нь нэг ч хоног саад болоогүй. Хамт ажилладаг ажилчныхаа ажил үүргээ гүйцэтгэх явцад нь ямар нэгэн байдлаар саад учруулсан зүйл байхгүй. Миний бие хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдэлж надад сахилгын арга хэмжээ авсан тушаалыг авах гэтэл цэцэрлэгийн эрхлэгч П.Б надад тушаалыг уншиж танилцуулсан бөгөөд тушаалыг бичгийн хэлбэрээр авах гэтэл надад өгөөгүй учир өөрийн гар утсан дээрээ тушаалын зургийг авч нэхэмжлэлд хавсаргасан. Би тушаалыг хүчингүй болгуулах, цалингаас суутгасан мөнгийг буцаан гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг буцаан төлүүлж өгнө үү  гэсэн нэхэмжлэл гаргасан. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхонсүрэн багш надаас компьютерийн код асуусан. Тэр өдөр компьютер маань вирустчихсэн гацаад байхаар нь компьютерийн код сольсон. Ахлагч тогооч Пүрвээд код сольчихсон шүү гэж хэлсэн. Намайг хогоо асгаад шатан дээр явж байхад Орхонсүрэн багш надаас код асуухад нь би мэдэхгүй гээд код хэлж өгөөгүй. Гал тогооныхон эрт тараад явсан байсныг нь мэдээгүй. Та Пүрвээгээс асуу гээд явуулсан.  Намайг шатаар гарч амжаагүй байтал араас гараад ирсэн. Үүнээс болж асуудал үүссэн. Иймд дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 2.  Т.Д миний 2016 оны 02 сарын цалингаас эхлэн 3 сарын хугацаанд үндсэн цалингаас 20 хувиар бууруулан суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулах, 3. Миний 2016 оны 02 сараас гурван сарын хугацаанд 20 хувиар суутгаж авсан цалингийн үнийн дүнд нийцүүлж нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэв.

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч хэдий түр орон тоон дээр ажиллаж байсан ч гэсэн өөрийнх нь хүсэлтийнх дагуу туслах багшаар ажиллуулсан. Туслах багшийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэмд захирагдах ёстой. Энэ маргаан болохоос өмнө манай хамт олон харьцангүй тайван тус тусынхаа үйл ажиллагааг сэтгэл тайван явуулж байсан. Энэ маргаан болсноос хойш таагүй байдал үүссэн. Байгууллага хамт олны нэр хүндэд халдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас сахилгын шийтгэл оногдуулах зөв юм гэж үзсэн. Энэ байдал нь тухайн ажилтан албан хаагч дээр зөрчил гаргасан тухайд нь арга хэмжээ авч хариуцлага тооцох нь зөв юм гэсэн зарчмыг баримталж ажилласан. Энэ тухай ажилчдынхаа хурал дээр бүх ажилчиддаа давхар сануулж анхааруулсан байгаа. Энэ 2 багшийн ёс зүйн зөрчил гаргасан хариуцлага тооцох нь зүйтэй юм гэж хамт олны хурал дээр хэлж багш ажилчдын саналыг авч тухайн арга хэмжээг авсан. Тийм учраас өөрийнхөө энэ гаргасан шийдвэрийг багшийн ёс зүйн дүрмийн 2.3.2, 2.3.3 дах заалтыг зөрчсөн байна. Мөн  2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн учраас тухайн ажилтанд хариуцлага тооцох нь зөв юм. Миний гаргасан шийдвэр үндэслэлтэй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгт холбогдуулан “Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн цалингаас суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг цалингийн суутгасан үнийн дүнд нийцүүлэн нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч надад сахилгын шийтгэл ногдуулахдаа 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан а/16 дугаартай хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах тушаал гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь хамтран ажиллагсдынхаа ажиллахад нь санаатайгаар 2-3 өдөр саад учруулж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг алдагдуулсан нь гэрч нарын мэдүүлгээр  нотлогдож байгаа тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж маргаж байна.

            Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Д нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгт туслах багшаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №б/06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар туслах багш Т.Д-д сахилгын шийтгэл ногдуулжээ.

Т.Д-д сахилгын шийтгэл оногдуулахдаа хамтран ажиллагчийнхаа ажиллахад нь санаатайгаар 2-3 өдөр саад учруулж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг алдагдуулсан зөрчил гаргасан гэх үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгчийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.6, 2.3.2, 2.3.3, цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн а/16 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11.2.6, 14.2.6, 14.2.9, 14.2.10 хэсэгт заасныг баримталсан байна. 

Гэвч Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн а/14 тоот тушаалаар “Ёс зүйн хороо байгуулах” тухай тушаал гаргажээ. /хх 67/

Хэдийгээр хариуцагч байгууллагын төлөөлөгч нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилтны нэр хүнд, багш, ажилтныг ёс зүйн зөрчлөөс хамгаалах, дүрмийг хэрэгжүүлэх зорилготой ёс зүйн хороо байгуулсан бөгөөд тухайн үед манай байгууллагын ёс зүйн  хороо ажиллаагүй байсан ба ёс зүйн зөрчил гаргасан ажилтнаа хамт олны хурлаар хэлэлцээд сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн тул миний гаргасан тушаал үндэслэлтэй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа хэдий ч, Т.Д-н гаргасан дээрх үйлдэл нь ёс зүйн зөрчил мөн эсэх талаар байгууллагын ёс зүйн хороонд хандаж шийдвэрлүүлээгүй байна.  

Нэхэмжлэгч Т.Д нь дээрх сахилгын шийтгэл ногдуулах тушаалд заасан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч дээрх тушаалынхаа үндэслэлийг нотолсон талаархи баримтууд хэрэгт авагдаагүй, хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, тушаалынхаа үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалингаас суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

            Т.Д-н үндсэн цалингаас суутгал хийсэн мөнгийг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-гийн а-д заасны дагуу түүний сахилгын шийтгэл ногдуулахын өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч Т.Д нь сахилгын шийтгэл ногдуулахын өмнөх 3 сард нийт 1.642.984 төгрөгийн цалин авсан нь түүний №А 0214909 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /11-р сарын цалин 527.977+12-р сарын цалин 594.463+1-р сарын цалин 520.544=1.642.984 сүүлийн 3 сарын цалин, 1.642.984:3=547.661 /сарын дундаж цалин/,

Шүүхээс нэхэмжлэгчийн 1 сарын цалин 547.661 төгрөг, 1 сарын цалингийн 20 хувь нь 109.532 төгрөг, нэхэмжлэгчийн 2016 оны 2, 3, 4 сарын цалингаас суутгал хийсэн нийт 328.596 төгрөг гэж тооцоолж гаргасан тул 328.596 төгрөгийг Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.                 

            Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 10.508 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд  оруулж тус тус шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт  заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар цэцэрлэгээс 328.596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д-д олгосугай.  

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Т.Д-н дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Х  сумын 5 дугаар цэцэрлэгт үүрэг болгосугай.

 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн  Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 10.508 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд  оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН