Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 48

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагчаар ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Тд холбогдох 1930000530042 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн харьяат, 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 1, Баруун-Урт сумын 7 дугаар баг, Ө оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, П.Т. 

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч П.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б нэртэй бааранд хохирогч Б.А, Д.Н нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч П.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр охин руу хумсаа янзлуулах гэж очоод, цаг гаруй хүлээсэн. Тэгээд чинийхийг янзлахгүй гэхээр нь яагаад янзлахгүй юм, би хүлээж байя гэсэн. Тэгсэн нэг найз нь ирсэн чинь би амжихгүй юм байна гэсэн. Тэр өдөр би ангийнхаа хоёр найзтайгаа бааранд ороод Атай таарсан. Би архи хэтрүүлэн уусан байсан учраас муудаад зодолдсон. Ариун цэврийн өрөөнд ороход Н гэж найз нь намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгэхээр нь чамтай ярихгүй, Атай ярина гэсэн чинь хэл амаар доромжилсон. Тэгээд ийм зүйл болсон. Би Ад 30000 төгрөг, Нөд 250.000 төгрөг өгсөн... гэв. 

 

- Яллагдагч П.Тын:  Би Хоймор үсчний газарт байдаг А гэдэг эмэгтэйгээр 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 15 цагийн орчим хиймэл хумс хийлгэх гээд очсон бөгөөд намайг хүлээж бай гээд 1 цаг орчим хүлээлгэж сүүлдээ А хумс хийж өгч амжихгүй болчихлоо гэхээр нь би “чи ямар сонин юм бэ” гээд уурласан. Тэгээд би хумс хийлгэж чадаагүй. Тэр өдрийнхөө орой би 21 цагийн орчимд найз Сугарсүрэн, Ууганцэцэг нарын хамт Б бааранд орсон. Тэгээд найзуудын хамт Экс нэртэй 0.5 литрийн архи авч уусан. Дараа нь дахин 0.75 литрийн архи авч уусан. 23 цагийн үед бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Атай таарсан. Би тухайн үед Б.Аг “ чи найзынхаа хумсыг янзалж өгөөгүй “ гэж хэлсэн. А бид хоёр хоорондоо маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Дараа нь баар хаах үеэр бие засах газар руу ортол тэнд А нь найзуудтайгаа байхаар нь би Аг “ чи найзынхаа хумсыг янзалж өгөхгүй  новширч байна “ гэж хэлж байтал Атай хамт явж байсан Н гэх эмэгтэй хажуугаас гэнэт “ чиний хумсыг янзалж өгөх ёстой юм уу”  гэхээр нь би “ чамтай юм ярьмааргүй байна “ гэхэд  Н намайг “чамтай юм ярихгүй, хачин золбин юм чинь” гэх мэтээр  хэл амаар доромжилсон. Үүнээс болж Нтэй маргалдаж, хэрэлдэж байгаад хоорондоо үсдэлцсэн. Тэгээд тэр хэдээс салаад баарны гадаа Атай тааралдаж уулзаж байснаа санаж байна. Нэг мэдэхэд Атай зууралдаж байсан. Юунаас болж маргалдаж муудсанаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-49-51/

 

- Хохирогч Б.Агийн: Тэр өдөр 16 цагийн орчимд Т гэх эмэгтэй манай ажил дээр ирээд хумс хийлгэнэ гэхээр нь би амжихгүй байна гээд хийж өгөөгүй юм. Орой нь найз Н, Ю нартай Б бааранд  байдаг караокед 22 цагийн орчим ороод тэндээсээ 23 цаг гэж гараад баар руу ортол өдөр нь манай ажил дээр ирсэн Т гэх эмэгтэй найзуудтайгаа бааранд бүжиглэж байсан. Гэтэл Т нь “ царай харлаа “ гээд байсан, би тоохгүй бие засах газар өрөө рүү ороод гараад иртэл манай найз Ютай зууралдаж байсан. Би тэр хоёрын голоор орж салгасан. Тухайн үед салгаж байсан Нийн зүүн гарын ядам хурууны хиймэл хумс болон өөрийнх нь хумстай нь хугалсан. Тэгээд бүгдээрээ баарны бие засах газраас гараад баарнаас гараад Ттай уулзах гээд хүлээж байгаад уулзтал мөн л надад хумс хийж өгөөгүй гээд над руу дайраад үснээс зулгаагаад биед гэмтэл учруулсан. Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-06-08, 16- 17/, 

 

- Хохирогч Д.Нийн: Би тухайн үед наад хэрүүл маргаанаа дараа болж болдоггүй юм уу гэж байтал Т нь над руу дайрч миний үснээс зулгаасан. Тэгж зууралдаж байгаад миний зүүн гарын хуруунуудыг хойш нь дарж байгаад миний ядам хурууны хумсыг хугалсан. ...Тэр миний хумсыг хиймэл хумстай хамт хугалсан. Миний хохирлын мөнгө гэж надад 250.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. ...миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй,  нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-11-13, 23-24/

 

-Гэрч Г.Уийн: “Би өөрийн найз болох Ттай хамт 2019 оны 01 дүгээр сарын 22-ны орой Б бааранд ороод баар тарахын үед Т бие засах өрөөнд хүмүүстэй маргалдаж муудалцсан. Тэгээд зодоон болсон. Т гомдол мэдүүлээд 3 эмэгтэйтэй маргалдаж тэдний биед нь халдаж үснээс нь зулгааж зодолдож байсан. Тэр эмэгтэйчүүд бас Т руу дайрч биед нь халдаж үснээс нь зулгааж байсан. Би хорьж байсан би ба би үйлдэл бүрийг яг харж амжаагүй. Би  Тыг Нтэй маргалдаж байхыг нь хараагүй. Харин Ютай маргалдаж байгаад бас үсдэлцэж байгаад Ю ухаан алдаж унасан. Харин гадаа гараад Атай маргалдаж, байгаад бас үсдэлцээд хоёр биенээ маажаад байсан. Т Аг хумс янзалж өгсөнгүй гэж маргалдаж байсан. Үүнээс болж зодоон болсон...” гэх мэдүүлэг /хх-18/

 

-Гэрч А.Аын: Манай бааранд надаас өөр эрэгтэй зөөгч байхгүй, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны орой Т нь найзуудтайгаа Б баараар үйлчлүүлсэн. Т гэх эмэгтэй бааранд 2 шил архи захиалж авсан. Өөр архи аваагүй. Ус ундаа л авсан. Тыг хүмүүстэй зодолдож байхыг хараагүй, би тухайн үед хүмүүсээс тооцоогоо авч байсан.  Зодоон болсон талаар хүнээс л сонссон...” гэх мэдүүлэг /хх-25-26

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 76 дугаартай дүгнэлтэнд: Б.Агийн биед духны хэсгийн болон 2 талын шанаа хэсгийн зулгаралт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцралт, зүүн гарын сарвууны гадна хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн айх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 33-34/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 77 дугаартай дүгнэлтэнд: Д.Нийн биед зүүн гарын ядам хурууны хумсны хууларсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 28-29/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/89 дугаартай тодорхойлолт /хх-52/

 

- П.Тын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-53/

 

- П.Тын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/

 

- Хохирогч Б.Ад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 57/ 

 

- Хохирогч Д.Нөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 59/ 

 

- Яллагдагч П.Тд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 58/ 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай Прокурорын 2019 оны 02 сарын 22-ны өдрийн Б/08 дугаартай тогтоол /хх-64/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч П.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 00 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Б бааранд “ хиймэл хумс хийж өгөөгүй ” гэх асуудлаас шалтаглан хохирогч Б.Атай маргаан үүсгэн улмаар түүний  үснээс нь зулгаах, маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь “ духны хэсгийн болон 2 талын шанаа хэсгийн зулгаралт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцралт, зүүн гарын сарвууны гадна хэсгийн зөөлөн эдийн цус хуралт “ бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч Д.Нийг үсдэх, хумсыг хугалах зэргээр эрүүл мэндэд нь “зүүн гарын ядам хурууны хумсны хууларсан шарх “ бүхий хөнгөн хохирол тус тус  учруулсан болох нь шүүгдэгч П.Тын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.А, Д.Н, гэрч Г.У, А.А нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 76, 77 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

        Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч П.Т нь архи ууж согтуурсан үедээ хохирогч Б.Атай тухайн өдөр болсон буюу хиймэл хумс хийж өгөөгүй гэх үйл явдлаас шалтгаалан маргаан үүсгэн, улмаар Б.А, Д.Н нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдох ба тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан бусдыг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Шүүгдэгч П.Тын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д “ хоёр, түүнээс олон хүнийг “ гэж тодорхойлсон хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч П.Т нь хохирогч Д.Нийн хохиролд 250.000 төгрөг, хохирогч Б.Агийн хохиролд 30000  төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэдгээ хэрэгт мэдүүлжээ.

 

Шүүгдэгч П.Тын гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

П.Тын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч П.Тын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасныг үндэслэн прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг багасган ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Энэ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирох буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл заасан шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч П.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  П. Тыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүхийн шатанд ялтан П.Тд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Т дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ялтан П.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А,  Д.Н нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН