Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00505

 

 

 

 

 

             

    2024        03           15                                       210/МА2024/00505

 

Т.Б, Э.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/03845 дугаар шийдвэртэй,

 

            Т.Б, Э.Г нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

            Тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Т.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01908 дугаар шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22**************дугаартай, Х дүүрэг, * дүгээр хороо, ** байр *** тоот од байрлах, 110 м.кв талбай, 5 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг зөрчиж ажиллагаа явуулсан.

1.2. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20290069 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг 221 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Э-д зөвшөөрсөн.

1.3. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Хан-Уул дүүргийн 92 дугаар тойрогт хийгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/177 тоот тушаалаар батлагдсан шийдвэр гүйцэтгэлийн тойргийн харьяалал тогтоох тухай тушаалын хавсралтад зааснаар Хан-Уул дүүргийн 138 дугаар тойрог нь тус дүүргийн 1 болон 14 дүгээр хороог хариуцан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар заасан. Энэ нь одоогийн 92 дугаар тойрог гэж үзвэл хэрхэн тухайн тойрогт ажиллагаа хийхийг зөвшөөрсөн тушаал, шийдвэр байхгүй.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр **** тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-д 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.М гэсэн боловч угтаа өөр гүйцэтгэгч буюу гуравдагч этгээдээр битүүмжлэх тогтоол үйлдүүлсэн.

 1.4. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *** тоот “Эд хөрөнгө хураах тогтоол”-оор эд хөрөнгийг хураахдаа 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.М өөрөө хураах актыг үйлдсэн. Дээрх 2 өөр битүүмжлэх, хураах акт үйлдэхдээ хэрхэн ямар хүнээр хийлгэсэн нь эргэлзээтэй, өөр тойргийн гүйцэтгэгчээр тогтоолуудыг зөрүүтэй хийлгэсэн гэж үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар байх ёстой боловч огт байхгүй. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20290069/3 тоот битүүмжлэх тогтоол үйлдэхдээ 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.М хэмээн гарын үсэг зурсан үйлдэл юм.

1.5. Дээрх агуулга бүхий гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/19 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны явагдсан хэмээн хариу өгсөн.

Иймд, хуульд заасан тойргийн харьяаллыг зөрчин алдаатай хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн битүүмжлэх тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тойргийн харьяалал зөрчсөн зүйл байхгүй бөгөөд гэрчээр асуугдсан н.М “тойргийн харьяалал зөрчсөн зүйл байхгүй” гэдгийг хэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тушаалаар тойргийн харьяаллыг шинэчлэн тогтоосон түүний дагуу Хан-Уул дүүрэгт 92 дугаар тойрогт шинэ тойрог батлагдсаны дагуу Х дүүрэг, 1 дүгээр хороо, 4 дүгээр хороо хариуцсан тогтоол Т.Б, Э.Г нарын материал 92 дугаар тойрогт харьяалагдсан. Тухайн ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Д.М тухайн үед битүүмжлэх, хураах ажиллагааг гүйцэтгэсэн.

2.2.Тухайн хураах тогтоол дээр акт нөхөх хэсгийг өөр хүнээр бөглүүлсэн боловч өөрийн хэрэглэдэг тойргийн тэмдгийг өөрөө дарсан. Дараа нь хураах ажиллагааг өөрөө явуулсан хураах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч оролцуулах, талуудад эрх үүргийг тайлбарлаж хураах ажиллагаа явуулсан. Битүүмжлэх ажиллагаа явуулахдаа биет байдал болон тогтоол гэсэн 2 янзаар битүүмжлэх ажиллагаа явагддаг. Шийдвэр гүйцэтгэгч Б.М хувьд биет байдлаа өөрийн биеэр очиж битүүмжилсэн битүүмжлэх актыг нөхөх хэсгийг өөр хүнээр нөхүүлсэн. Тухайн тойргийн 092 дугаар бүхий тэмдэг дарснаар тус тогтоол нь баталгаажсан.

Тиймээс хууль зөрчсөн зүйл байхгүй хуульд заасан ажиллагааг явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 20290069/6 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Б, Э.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Г.Т-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1.Шүүх нэхэмжлэгч Т.Б, Э.Г нарын гаргасан тогтоол хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тус шийдвэрийн 8 дахь заалтад 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01908 дугаар захирамжид дурдсан Х дүүрэг, 1 ** хороо,  ** байр, ** тоотод байрлах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тойрог өөрчлөн шинэчлэгдсэн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тушаалаар тойрог шинэчлэн тогтоосон, уг тогтоосон харьяаллын дагуу шилжүүлжээ гэж үзээд байгаа боловч хэд хэддүгээр тойрог өөрчлөн шинэчлэгдсэн, тухайн тойрог нь хэддүгээр тойрог болон өөрчлөгдсөн талаар хариуцагчаас гаргаж өгсөн баримт байхгүй, энэ талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна.” гэж заасан. Эд хөрөнгө хураан авах ажиллагааг явуулахад хөндлөнгийн гэрч оролцуулаагүй талаар нэхэмжлэгч нар тайлбарласан боловч тус шийдвэрийн 9 дэх заалтад эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэхэд хөндлөнгийн гэрчийг оролцуулахыг хуульд тусгайлан заагаагүй гэж тайлбарласан.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дах заалтад хөндлөнгийн гэрч нарт хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэх дүгнэлт хийсэн. Хөндлөнгийн гэрч нарт хуульд заасан эрх үүрэгт танилцуулсан тэмдэглэл байгаа нь шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураан авах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч оролцуулсан гэж үзэх хангалтай баримт мөн эсэх талаар шүүх анхаарч үзээгүй, үндэслэл муутай шийдвэр гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1.  *** дүүргийн 1 дүгээр хорооны хэсэг газар нь батлагдсан тушаалын дагуу *** дүүргийн *** дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч хариуцаж ажиллагаа явуулдаг тул харьяалал зөрчсөн зүйл байхгүй.

6.2. Эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулах ямар нэгэн шаардлага байхгүй. Үзлэг хийх, орон байранд нэвтрэх, хураасан тогтоолыг үйлдэхэд заавал хоёроос доошгүй гэрч оролцуулах зохицуулалттай бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Б ын давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Т.Б, Э.Г нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тогтоол хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна. 

 

3. Энэ нэхэмжлэлд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Анхан шат ... шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ…” гэж заасан байх ба анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг үйлдээгүй байна.

  2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрийн өмнө баримтаар хэргийн 93-95 талд үдэгдсэн шүүх хуралдааны тэмдэглэл нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн огноотой, 183/ТМ2023/05821 дугаартай, шүүх хуралдаанаас нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гаргасан агуулгатай байх бөгөөд энэ нь хэргийн 85-87 дахь талд авагдсан тэмдэглэлтэй огноо, дугаар болон агуулга адил байна.  

4. Анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тэмдэглэл үйлдээгүй нь шүүх хуралдааныг нээлттэй, тасралтгүй, ил тод явуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна.

 Иймд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/03845 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА