| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2023/00140/И |
| Дугаар | 210/МА2023/02135 |
| Огноо | 2023-12-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2023/02135
Хэв хашмал ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/04299 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Хэв хашмал ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сингл хаус вилла ХХК, Э.Чойжилсүрэн нарт холбогдох,
Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 9,227,780 төгрөг, алданги 4,613,890 төгрөг, нийт 13,841,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Сингл хаус вилла ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ням-Очир, хариуцагч Сингл хаус вилла ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мядагмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Хэв хашмал" ХХК нь иргэн Э.Чойжилсүрэнтэй 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 21-630 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, нийт 1,203 ширхэг бараа материалыг 20-131 хоног ашиглуулан түрээслүүлсэн.
1.2. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 9,227,780 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байна. Э.Чойжилсүрэн нь тулаас 14 хэмжээтэй /цагаан, хуучин/ 16 ширхэг барааг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.3-т заасны дагуу тус гэрээний хавсралт №1-д заасан бараа материалын зарах үнээр тооцсон болно.
1.3. Мөн гэрээний 7.2-т зааснаар алдангийн хэмжээ түрээс зогссон өдрөөс буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 4,613,890 төгрөгийн алданги тооцсон.
1.4. Сингл хаус Вилла ХХК түрээсийн гэрээний дагуу авсан бараа, материалыг өөрийн барьж байсан барилгадаа ашигласан, үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч Э.Чойжилсүрэнд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.
1.5. Иймд хариуцагч Сингл хаус вилла ХХК-аас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 9,227,780 төгрөг, алданги 4,613,890 төгрөг, нийт 13,841,670 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Сингл хаус вилла ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч Сингл хаус вилла ХХК нь Хэв хашмал ХХК-аас барилгын туслах материал авч ашигласнаа хүлээн зөвшөөрдөг. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр болох 9,227,780 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.
2.2. Харин алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулахдаа Сингл хаус вилла ХХК-ийн эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй тул түрээсийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. Сүүлийн бараа материалыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн.
2.3. Мөн ашиглаагүй хугацааны төлбөрийг алдангид тооцож оруулсан нь үндэслэлгүй. Сингл хаус вилла ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан бөгөөд компанитай гэрээ байгуулах боломжтой байсан гэжээ.
3. Хариуцагч Э.Чойжилсүрэнгийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Миний бие 2021 оны 07 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд Сингл хаус вилла ХХК-ийн барьсан түрс төсөлд талбайн инженерээр ажилласан. Тухайн ажилласан хугацаанд барилгад хэрэглэгдэх хэв хашмал болон бусад эд материалыг компанийн гэрчилгээ гараагүйн улмаас Хэв хашмал ХХК-аас өөрийн нэр дээр түрээсийн гэрээ байгуулж, ашигласан.
3.2. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус компанид ажиллах боломжгүй болж ажлыг хүлээлгэн өгсөн. Тухайн 3 сарын хугацаанд Хэв хашмал ХХК-ийн төлбөрийг бүрэн төлж, Сингл хаус вилла ХХК-ийн Ай Ви Вилла төслийн барилгын ажилд 100 хувь ашигласан. Иймд надад хамааралгүй болно гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Сингл хаус вилла ХХК-аас гэрээний үүрэгт 13,841,670 /арван гурван сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Хэв хашмал" ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Э.Чойжилсүрэнд холбогдох шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сингл хаус вилла ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 227,158 /хоёр зуун хорин долоон мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Сингл хаус вилла ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүх Сингл хаус вилла ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хэв хашмал ХХК-д хүргүүлсэн албан бичгийг төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлээгүй, хэт нэг талыг баримталж, үйл баримтыг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн байна. Хариуцагч 9,227,780 төгрөгийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь түрээсийн гэрээний нөхцөлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш.
5.2. Тус компани нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдсан. Энэ нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй гэрээ байгуулж, гарах эрх зүйн үр дагаврыг ойлгож байсан үзэхээр байна.
5.3.Сингл хаус вилла ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш 14 хоногийн дотор Э.Чойжилсүрэнд зөвшөөрөл олгоогүй тул гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхээ алдсан.
5.4 Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
6.1. Сингл хаус вилла ХХК-аас үндсэн төлбөрийг төлөх талаар албан бичиг удаа дараа ирүүлсэн. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар Э.Чойжилсүрэн нь компаниас цутгалт авах үүрэг даалгавар авсны үндсэнд хэлцэл хийгдэж, тухайн барилга бүрэн баригдсан.
6.2. Иргэний хуулийн 192 дугаар зүйлийн 192.1.2-т зааснаар гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК нь Э.Чойжилсүрэн, Сингл хаус вилла ХХК нарт холбогдуулан түрээсийн төлбөрт 9,227,780 төгрөг, алданги 4,613,890 төгрөг, нийт 13,841,670 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Сингл хаус вилла ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,227,780 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй гэрээ байгуулсан, түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй учир алданги шаардах эрхгүй гэх үндэслэл заан татгалзан, маргажээ.
3. Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Чойжилсүрэнгээс татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн нь зөв.
4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
5. Хэргийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
5.1. Э.Чойжилсүрэн нь Сингл хаус вилла ХХК-ийн барьж буй Сингл хаус төслийн барилгын талбайн инженерээр ажиллаж байхдаа Хэв хашмал ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 21-630 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан байна. /хх12-14/
5.2. Уг гэрээний дагуу түрээслүүлэгч Хэв хашмал ХХК нь хэв хашмал тулаас түрээслүүлсэн, түрээслэгч нь түрээсийн зүйлийг Ай Ви Вилла төслийн дагуу баригдаж буй барилгад ашигласан /хх-24/
5.3. Э.Чойжилсүрэнгийн дансаар дамжуулан төлж байсан түрээсийн төлбөр нь Сингл хаус вилла ХХК мөнгөн хөрөнгө болох нь талаар хариуцагч тал тайлбарласан. /хх-23/
5.4. Сингл хаус вилла ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хэв хашмал ХХК-д хүргүүлсэн албан бичигт ... Сингл хаус вилла ХХК нь Хэв хашмал ХХК-аас 2021 онд нийт 13,775,580 төгрөгийн хэв хашмал туслах материалууд түрээслэсэн, 2022 оны 9,227,780 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ... хамтын ажиллагааны хүрээн дэх тус төлбөрийг 2 хувааж төлөх бөгөөд 2022 оны 8 дугаар сард багтаан төлөх хуваарийг гарган өгч байна гэсэн агуулга тусгагдсан байна. /хх-15/
5.5. Мөн 2022 оны 12 дугаар 17-ны өдрийн албан бичгээр ... Э.Чойжилсүрэн нь Сингл хаус вилла ХХК-ийн түрээслэн хэрэглэсэн хэв хашмалын төлбөрт холбогдолгүй болохыг, тус компани тооцоог хийх талаар Хэв хашмал ХХК-д мэдэгдэж байжээ. /хх-24/
5.6.Хариуцагч Сингл хаус вилла ХХК нь түрээсийн зүйл, тоо, ширхэг, гэрээний үнэ, гүйцэтгээгүй үүргийн дүн зэргийг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байна.
Эдгээр нотлох баримтад тулгуурлан, Хэв хашмал ХХК, Сингл хаус вилла ХХК нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Учир нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж заажээ. Иймд Сингл хаус вилла ХХК нь Хэв хашмал ХХК болон Э.Чойжилсүрэн нарын хооронд бичгээр байгуулсан түрээсийн гэрээний үр дагаврыг Сингл хаус вилла ХХК хариуцах тул ...бичгийн гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулаагүй, ... Э.Чойжилсүрэнд зөвшөөрөл олгоогүй, ... хүчин төгөлдөр бус хэлцэл, ... алданги шаардах эрхгүй ... гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.
6. Талууд гэрээний 7.2 дахь заалтаар түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Хариуцагч Сингл хаус вилла ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдлээ 2022 оны 8 дугаар сард төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байна.
Нэхэмжлэгч тал гэрээний дээрх заалтыг үндэслэн хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцон, Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг болох 9,227,780 төгрөгийн 50 хувь буюу 4,613,890 төгрөг шаардсан нь хууль зөрчөөгүй байна.
7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар үйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээршүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/04299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сингл хау вилла ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан 163,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД