Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 38

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ                                                                                                                     

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бад холбогдох эрүүгийн 1830003990011 дугаартай хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 24-ны өдөр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ковшны оператор мэргэжилтэй, Х ХХК-д жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй П.Б. 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  П.Б нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоот хашааны  зүүн талын засмал зам дээр  2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед Приус 10 маркийн 53-14СҮА улсын дугаартай авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б-д заасан хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Эг дайрч амь насыг нь хохироосон, дээрх  гэмт хэргийг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 13-нд найзынхаа гэрээс машин барьж хөдлөхдөө хамгаалалтын бүсээ зүүж замын хөдөлгөөнд орсон. Намайг замын хөдөлгөөнд ороод явж байхад миний өөдөөс хурц гэрэлтэй машин зөрсөн. Гэтэл нэг хар юм гэнэт миний урдуур орж ирэх шиг болоод би мөргөсөн. Тэгээд машинаасаа бууж үзэхэд хүн дайрсан байсан. Толгойг нь барьж үзэхэд цус болсон байхаар нь айж сандраад ойр байдаг хадмындаа хэл хүргэхээр очсон. Тэгээд хүн дайрсан газар руу буцаж ирээд, эмнэлэг, цагдаа дуудсан. Би осол болохоос 2 хоногийн өмнө 12 дугаар сарын 11-нд архи уусан байсан. 12 дугаар сарын 13-ны өдөр бол сөөжүү л уусан. Өөрийн мэдэлгүй болтлоо бол согтуу байгаагүй гэв. 

 

Хохирогч Д.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн“...2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед манай хамаатны хүн болох Баттөгс над руу утсаар залгаж болсон асуудлын талаар хэлсэн.  Тухайн хэрэг   болох үед би Эрдэнэцагаан суманд хөдөө байсан болохоор юу болсон талаар нарийн сайн  мэдэхгүй... Оршуулгын зардалд 5 700 000 төгрөгийг П.Баас авсан мөн талийгаачийн тэтгэврийн зээл болох 5.250 000 төгрөгийг төлж барагдуулсан. Надад гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн13-14/, 

 

Гэрч Ч.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед манай хүргэн П.Б нь гэрт орж ирээд уйлж байснаа гэнэт л хүү нь  хүн дайрчихлаа гээд уйлаад байсан. Тэгэхэд нь миний бага хүргэн Отгончулуун цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед хүргэн Бд Приүс-10 маркийн 53-14 СҮА улсын дугаартай  тээврийн хэрэгслээ унаад  ганцаараа гэрт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, 

 

Гэрч Б.Үын  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бд өөрийн ногоон өнгийн Приүс 10  маркийн 53-14 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаж манайд ирсэн.  Тэгээд манай гэрт Ц, С, Ба, Бд бид 5-лаа 1.8 литрийн Сөөжүүнэртэй солонгос архи хувааж уугаад дахиад 1 адилхан хэмжээтэй Сөөжүүархи би гаргаж ирээд талд нь оруулж байхад Бдын эхнэр Уранчимэг 2 удаа яриад Бд явлаа гэж хэлээд явахдаа манай гэрийн гаднаас машинаа жолоодоод явсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай: Талийгаач Ж.Эгийн цогцост  их тархины баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, бага тархины орой хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, голомтлог тархи няцрал, 2 талын уушгины няцрал, хатгагдсан шарх, цээжний зүүн тал эгэм, 1-10-р хавирга далны дотор шугамаар 1-12-р хавирга эгэмний гадна шугамаар, цээжний  баруун талд 5,6,7-р хавирга суганы урд шугамаар хугарал, цээжний зүүн талын дотор хананд хугарал дагасан цус хуралт, баруун шилбэний ар доод 1/3 хэсгээр, язарч урагдсан шарх, шилбэ ясны ил хугарал,  зүүн шилбэ яс доод 1/3 хэсгийн далд хугарал, баруун мөрний мултрал, баруун зүүн нүдний эргэн тойронд, баруун шанаанд, баруун эгэмний дор баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун сарвууны гадна хэсэгт, өвчүү хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, баруун цавинд, зүүн цавинд, баруун гуяны урд дунд хэсэг, зүүн өвдөгний дотор хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, олон тооны жижиг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, зүүн шагайн дотор хэсэгт, баруун шагайн урд доод хэсэгт цус хуралтууд, баруун хацар, цээж хэвлийн хэсгийг хамарсан, баруун зүүн тохойд, баруун цавинд зулгарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь амьд үед үүсгэгджээ. 4.Талийгаач Ж.Э нь хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5.Талийгаач Ж.Эгийн цогцост үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Амь насыг нь аврах боломжгүй байжээ гэх дүгнэлт /хх-ийн29/ 

 

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх химийн шинжилгээний 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай ““П.Баас авсан гэх цусанд 2,9 промилль этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна”гэх  дүгнэлт, 

 

Техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаартай “ Toyota Prius 10 маркийн маркийн 53-14 СҮА улсын дугаартай авто машины жолооч Пүрэвийн Бд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Жолооч П.Б нь 3.4б-д заасан хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг,Явган зорчигч Ж.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6” Явган зорчигч нь  явган хүний гарц буюу гармаар  зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам гарц байхгүй бол  замын дагуу  хоёр тийш сайн харагдах хайс,хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 41-42/

 

Техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №05 дугаартай: 1 Жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч П.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 б-д осолд өртсөн хүнд  эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн  дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд  уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн  хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй  бол өөрийн жолоодож яваа  тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд  биеийн байцаалт / иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 46/

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01 /

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-03-07, /

Зам тээврийн ослын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-27/

Шүүгдэгч П.Бын согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 34/

  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн засаг даргын 2018.12.14-ний 6/731 тоот тодорхойлолт /хх-60 х /

   П.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70 х / зэрэг болно.  

          

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэлт хийхэд шүүгдэгчийг хамгаалах бүс  зүүсэн эсэх талаар ямар ч шалгалт хийгээгүй, байцаалт авахдаа ч  энэ талаар асууж  тодруулаагүй атлаа техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаартай  дүгнэлтэнд “ Toyota Prius 10 маркийн  53-14 СҮА улсын дугаартай авто машины жолооч Пүрэвийн Бд нь Монгол Улсын Замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн 3.4б-д заасан хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт үндэслэл муутай бөгөөд энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ариунболдын ... техникийн шинжээчийн дүгнэлтээс жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн 3.4б-д заасан хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт үндэслэлгүй гэсэн саналыг хүлээн авах боломжтой байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ариунболдын Бдад холбогдох 27.10-дугаар зүйлд заасан хэргийг  мөрдөн байцаалтанд  буцаалгах, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх шинжлэн судлагдсан баримт болон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоот хашааны  зүүн талын засмал зам дээр  2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед Приүс 10 маркийн 53-14СҮА улсын дугаартай авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн  заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Эг дайрч амь насыг нь хохироосон, 

 

Мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.5 б-д жолооч осолд өртсөн хүнд  эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн  дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд  уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн  хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй  бол өөрийн жолоодож яваа  тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд  биеийн байцаалт / иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэсэн заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Бын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, гэрч Ч.С, Б.Ү нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 41,05 дугаартай дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч П.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хэдийгээр болгоомжгүй гэмт хэрэг боловч жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”  зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч дээрх заалтуудыг биелүүлээгүйгээс осол гарч бусдын амь нас хохирсон хор уршиг учирсан. Мөн осол болсон даруйд түргэн тусламж дуудах болон цагдаагийн байгууллагад  мэдэгдэх үүрэгтэй байтал  тухайн үед зам тээврийн осол гарсныг мэдсээр байж замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй хэргийн газрыг орхиж  явсныг  жолооч хэргийн газрыг зориуд орхиж   зугтаасан  гэж үзэх үндэслэлтэй байна.

  

Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

       

Шүүгдэгч П.Быг гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийн оршуулгын зардал, тэтгэврийн зээлийг төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч П.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон,  шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан оршуулгын зардал болон хохирогчийн тэтгэврийн зээлийг  нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний хувийн байдал, хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т нийцүүлэн эдлэх ялыг хоёр дахин багасгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад оршуулгын зардалд                                                                                                                                                                                                                                                                                                        5 700 000 төгрөг, хохирогчийн тэтгэврийн зээлд5 250 000 төгрөг нийт 10 950 000 төгрөг төлсөн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримтаар хураагдан ирсэн П.Бын 407991 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

 1. Шүүгдэгч П.Быг согтуугаар автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч П.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 / таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2-т зааснаар  шүүгдэгч Бдад оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

              

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Бад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан П.Бад мэдэгдсүгэй. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар П.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. П.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 407991 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Бад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 9. Ялтан П.Б цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад оршуулгын зардалд 5 700 000 төгрөг, хохирогчийн тэтгэврийн зээлд5 250 000 төгрөг нийт 10 950 000 төгрөг төлсөн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримтаар хураагдан ирсэн П.Бын 407991 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тус тус дурдсугай.

               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР