| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0021/э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 20
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох эрүүгийн 1830004030012 дугаартай хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг, Л гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэлгүй. Н.Д.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Д нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг “И” гэх газарт засмал зам дээр 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд Ниссан Адвэн маркийн 90-73 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б-д зааснаар “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс тээврийн хэрэгсэлтэйгээ замын хажуу руу унаж зорчигч 9 сартай Мгийн амь нас хохирсон, Ш.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Түмэнцогт сумаас хөдөө гэррүүгээ явсан. Би 80-90 км цагийн хурдтай явж байтал машин гэнэт шарваад өнхөрсөн. Би эхнэр 2 охинтойгоо явж байсан. Бага охин маань машинд дарагдаж нас барсан байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Лын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг Л гэх газарт байх гэртээ харихаар нөхөр хүүхдүүдийн хамт нөхрийн төрсөн аав Нгийн эзэмшлийн 90-73 СҮА улсын дугаартай Ниссан маркийн тээврийн хэрэгслээр Түмэнцогт сумаас гараад зүүн тийш 23 км И гэх газар явж байхад машин гэнэтхэн дайвалзаж байснаа замын урагш гараад онхолдсон. Тухайн үед би ухаан алдсан бөгөөд сэрээд харахад охин Маргад машины гадна, бага охин М машины дотор дарагдсан байдалтай, нөхөр Д жолооны хүрдний ард сууж байсан. Тэгээд хадам аав Нг утсаар дуудаж ойр хавийн хүмүүсийг цуглуулж машинаа өргөөд бага охин Мг гаргаж аваад Түмэнцогт сумын эмнэлэг дээр очиж мөн цагдаад мэдэгдсэн. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн үед 80-90 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед хамгаалах бүс хэрэглэсэн хүн байхгүй. Замын нөхцөл байдал хэвийн хальтиргаа гулгаа эвдрэл гэмтэл байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.Гэнэтийн зүйл болсонд маш их харамсаж байна. Манай нөхөр Дын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Болсон асуудлын талаар өөрийн төрсөн хүү Даас сонсож мэдсэн. Зам тээврийн осол юунаас болж гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Ниссан Адвэн маркийн 90-73 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Мөн үнэлгээ гаргах шаардлагагүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 03 дугаартай: “1.Талийгаач Д.Мгийн цогцост гавлын зулай яснаас зүүн чамархай руу заадас дагасан салсан хугарал, зүүн чамархайн гавлын дотор хана, гадна булчинд, хатуу хальсанд, хуйхан дор цус хуралт, хамар, баруун хацрын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дотор булан, хамарт язарсан шарх, баруун хацар, хамарт тархмал зулгарсан шарх, дух баруун нүдний дотор буланд, амны эргэн тойронд, эрүүнд, эрүүний баруун буланд, 2 далны хооронд, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралтууд, зүүн бөөр орчимд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2 Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач Мгийн цогцост үүссэн гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. 4. Талийгаач нь гавлын зулай яснаас зүүн чамархай руу заадас дагасан салсан хугарал, зүүн чамархайн гавлын дотор хаана, гадна булчинд, хатуу хальсанд, хуйхан дор цус хуралт гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5 Талийгаач Мгийн цогтцост үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.6. Талийгаачийн амь насыг аврах боломжгүй байжээ гэх дүгнэлт /хх-ийн 46-47/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 13 дугаартай: 1.Ш.Лын биед тархи доргилт, баруун мөр, эгэм, дал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 /
Техникийн шинжээчийн 03 дугаартай: 1.Ниссан Эдван маркийн 90-73 сүа улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзлээ. 2.Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б-д зааснаар “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Осол гарах шалтгаан хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүйн улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ. 4.Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 19/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 498 дугаартай тодорхойлолт /хх-ийн 60/
Хохирогч Ш.Лын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 65/
Шүүгдэгч Н.Дын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 66/
Н.Дын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Н.Д нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг “И” гэх газарт засмал зам дээр 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд Ниссан Адвэн маркийн 90-73 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б-д зааснаар “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс тээврийн хэрэгсэлтэйгээ замын хажуу руу унаж зорчигч 9 сартай Мгийн амь нас хохирсон болох нь шүүгдэгч Н.Дын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Л, гэрч Б.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 03 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 03 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул Н.Дыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Дд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Дын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Н.Дын хувийн байдал, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн прокурорын санал, шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Л гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Н.Дд ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Л гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бичгийн баримтаар хураагдаж ирсэн Н.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 912604 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Дыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Дд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Н.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Н.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 912604 дугаартай В ангиллын үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Дд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Л гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР