Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02142

 

 

 

 

2023 12 13 210/МА2023/02142

 

 

******* ******* ХХК, ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03658 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.*******ад холбогдох,

 

******* ******* ХХК-иас 104,506,882,76 төгрөг, ******* ХХК-иас 174,421,030 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, хариуцагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 

1.1. Л.******* нь ******* ******* ХХК-д 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тамхи, тамхин бүтээгдэхүүний борлуулагчаар ажилласан.

1.2. Л.******* нь 2016 оны хагас жилийн тооллогоор 158,139,000 төгрөгийн өр дутагдалтай гарсан. Уг өр төлбөрөө өөрөө хүлээн зөвшөөрч тооллогын баримт дээр гарын үсгээ зурсан. Сар бүр цалингаасаа болон нэмэлтээр өр дутагдлаа бууруулна гэсэн боловч мөн оны 12 дугаар сарын 15-ны тооллохоор дахин 92,604,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Энэ дутагдлаа өөрөө хүлээн зөвшөөрсөн талаар гараар бичиж, гарын үсэг зурсан.

1.3. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тооллогоор өмнөх өр төлбөр дээрээ нэмж 40,800,000 төгрөгийн дутагдал гарсан, мөн л хүлээн зөвшөөрч, компанид хүсэлт бичиж өгч байсан. ******* ******* ХХК-д төлөх нийт өр төлбөрөөс 187,036,117 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 104,506,883 төгрөгийн өр төлбөрийг барагдуулаагүй байна. Талууд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцоо нийлсэн.

******* ******* ХХК-ийн ажилтнуудыг ******* ХХК шилжүүлэн авсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулахдаа бүх тооцоо дахиж шинээр эхэлсэн. ******* ******* ХХК-д үүссэн өр төлбөрийг ******* ХХК-д ажиллаж байгаа цалин, орлгоосоо барагдуулаад явна гэж Л.******* нь амаар тохиролцсон.

******* ******* ХХК-д төлсөн 14,144,200 төгрөгийн төлбөр нь ******* ХХК-д ажилласан цалин орлогоос нь суутгасан учир үлдэх 104,506,883 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг******* ******* ХХК гаргаж байна.

1.4. Л.******* нь ******* ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр борлуулагчаар ажиллахаар болж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

 

1.5. Хариуцагч ******* ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа нийт 2,087,831,980 төгрөгийн бараа борлуулахаар хүлээн авч, 1,684,572,500 төгрөгийн борлуулалтын орлого компанид тушааж, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тооллого хийхэд 403,259,480 төгрөгийн үлдэгдэл байхаас 124,739,900 төгрөгийн бэлэн бараа тоологдож, 278,518,700 төгрөгийн борлуулалтын орлого компанид тушаагдаагүй байсан.

1.6. Компанийн зүгээс борлуулалтын орлого төвлөрүүлэхийг Л.*******аас шаардсан бөгөөд энэ хугацаанд нэмж бараа өгөөгүй. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тооллого дахин хийхэд үлдэгдэл 278,542,680 төгрөг байхаас бэлэн бараа 54,381,150 төгрөг, бусдаас авах авлага 40,240,500 төгрөг, борлуулалтын орлогын дутагдал 183,921,030 төгрөг гарсан. Энэ үед Л.******* нь тооллогын баримтад гарын үсэг зураагүй, ажлаа орхиж явсан.

1.7. Л.*******ад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал өр, дутагдлаа бууруулах хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. ******* ХХК-д үлдэгдэл 174,421,030 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тушаасан. Иймд ******* ******* ХХК-д учруулсан эд хөрөнгийн хохирол 104,506,882.76 төгрөг, ******* ХХК-д учруулсан эд хөрөнгийн хохирол 174,421,030 төгрөгийг тус тус хариуцагч Л.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 

2.1. Миний бие 2003 оны 06 дугаар сард Номун табак ХХК-д бөөний борлуулагчаар орж ажилласан. Би 2021 оны 08 дугаар сард биеийн байдлаас шалтгаалан ажиллаагүй.

2.2. Манай компанийн захирал Ц.Одхүү нь анх ажил ороход надад тогтвор суурьшилтай ажиллавал сарын 600-1000 ам.доллар хүртэл цалин, борлуулалтын орлогын хувь 0.7-1.8 хувь өгнө гэж амласан.

2.3. Номун табак ХХК нь толгой компани бөгөөд ******* ******* ХХК болон ******* ХХК-ууд нь охин компани юм.

2.4. 3 Хөдөлмөрийн гэрээнд Л.******* гэж хуурамчаар гарын үсэг үйлдсэн.

2.5. Компаниас нотлох баримтаар өгсөн зарлагын баримтуудад зурагдсан гарын үсэг нь миний хэрэглээгүй 3 жил болсон гарын үсэгтэй баримтууд байсан. Одоо миний хэрэглэж байгаа гарын үсэг Баатар ******* тэр гарын үсэг маань хүчин төгөлдөр гарын үсэг юм.

2.6. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш бүх цалинг өрөнд авъя гэсэн гэрээ байгуулсан ба мөн оноос хойш цалин аваагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажиллах хугацаанд сэтгэл санааны хувьд дарамттай байсан. харин надад буцаан 133,000,000 төгрөг шилжүүлэх ёстой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хариуцагч Л.*******аас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирол 88,790,932 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190,136,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,710,539 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 601,904 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 15,715,950 төгрөгийг хасаж тооцсон үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

4.2. Л.******* ******* ХХК-д шилжин ажиллахад бүх тооцоо шинээр эхэлсэн бөгөөд Л.*******ын тус компанид ажилласан хугацааны үндсэн цалин, хөлсийг ******* ******* ХХК-д үүссэн өр төлбөрөөс хасаж суутгахаар тохиролцсон.

Гэвч шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ зарлагын баримтын үнийн дүнгийн зөрүүг ******* ******* ХХК-ийн шаардлагаас хасаж тооцсон нь үндэслэлгүй. Учир нь Л.*******ын цалин хөлстэй дүйцүүлэх орлого биш юм.

4.3. ******* ХХК нь хариуцагч Л.*******ад холбогдуулан тооцооны үлдэгдэл, компанид учруулсан хохирол 174,421,030 төгрөгийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ******* ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 118,150,000 төгрөг зарлагын падаан, мөн оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28,450,000 төгрөгийн зарлагын падаан, мөн сарын 01-ний өдрийн 41,600,000 төгрөгийн зарлагын падаан, мөн оны 05 дугаар 06-ны өдрийн 1,936,980 төгрөгийн зарлагын падаан дээрх гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг биш гэж тогтоогдсон гэж үзсэн. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон үндэслэлээ тайлбарлаагүй.

4.4. Хариуцагч Л.*******ын компанид төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 241,021,030 төгрөг юм. ******* ХХК-ийн зүгээс Л.*******ад хөнгөлөлт урамшуулал олгож, тооцооны үлдэгдэл 174,421,030 төгрөг болгож бууруулсан ба үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн хариуцагчийн тус баримтад зурсан гарын үсэг мөн болохыг тогтоосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 104,506,882 төгрөг, *******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 174,421,030 төгрөг, нийт 278,927,912 төгрөгийг хариуцагч Л.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч Л.*******ын гаргасан хариу тайлбарын агуулга: 

5.1. Тус баримтад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн болохыг тогтоосон боловч хэрэглэхээ болиод 3 жил болж байна. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш би компани дээр очоогүй, хотод байгаагүй тул гарын үсэг зурах боломжгүй, хүчин төгөлдөр бус юм.

Бараа хүлээлгэж өгсөн 2 баримтад миний гарын үсгийг хуурамчаар зурж, н.Тамир гэдэг хүний нэрийг бичсэн байсан. Мөн 1 падаан нь хоосон байсан. Тиймээс тухайн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж анхан шатны шүүхийн шүүгч дүгнэсэн гэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

6.1. Би 2016 онд цалингаасаа өмнөх барааны өрөнд суутгуулж, төлөхөөр гэрээ байгуулсан. 2016 оны 08 дугаар сараас хойш би тухайн компаниас цалин аваагүй. Надад олгогдоогүй цалинг өрнөөс маань хасаж, зөрүү мөнгөн дүнг олгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан хариу тайлбарын агуулга: 

7.1. Л.*******ын ******* ХХК-д ажилласан хугацааны цалинг ******* ******* ХХК-ийн өр төлбөрөөс хасаад, үлдэгдэл төлбөр нь 104,506,882 төгрөг болсон нь цалингийн дэлгэрэнгүй баримтаар нотлогдсон. Цалингийн зөрүү гэдэг зүйл гарахгүй. Энэ асуудлыг анхан шатны шүүх хуралдаан дээр яригдаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон ******* ХХК нь хариуцагч Л.*******ад холбогдуулан байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 278,927,912 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...компаниас нотлох баримтаар өгсөн зарлагын баримтуудад зурагдсан гарын үсэг нь миний хэрэглээгүй 3 жил болсон гарын үсэгтэй баримтууд байсан. Одоо миний хэрэглэж байгаа гарын үсэг Баатар ******* тэр гарын үсэг маань хүчин төгөлдөр гарын үсэг, ... хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ... 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш бүх цалинг өрөнд авъя гэсэн гэрээ байгуулсан ба мөн оноос хойш цалин аваагүй ..., өр авлага байхгүй ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

 

Л.******* нь 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* ******* ХХК-д бөөний борлуулагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12/05 дугаартай тушаал, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20/43 дугаартай тушаал, талуудын маргаангүй тайлбар зэрэг баримтуудаар, /1хх-24, 25, 131-133/

******* ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл мөн бөөний борлуулагчаар ажилласан үйл баримт тус компанийн захирлын 2021.01.04-ны өдрийн 21/02 дугаартай Ажилд томилох тухай, 2022.02.28.-ны өдрийн 22/14 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг бичгийн баримт, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна. /1хх-70,79/

 

Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ тус бүрд ажилтан гэсэн хэсэгт байх Лхагвадорж ******* гэж уншигдах гар бичвэрүүд нь Л.*******ын бичгийн хэвтэй тохирохгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоогджээ. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

******* ******* ХХК болон ******* ХХК-ийн бөөний борлуулагчийн ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн чиг үүргийн 2-т Компаниас тогтоосон үнийн дүнгээр барааг борлуулж, бэлэн тооцоог тухай бүр компанид тушаана, дараа тайлбангаар авсан барааны тооцоог сарын 15 өдрөөс хэтрүүлэхгүйгээр төвлөрүүлнэ гэж тус тус заажээ. Үүнээс үзвэл, талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамаарч хариуцагч Л.******* нь гүйцэтгэж буй ажил үүргийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн зарцуулалтыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан хугацаанд тайлагнаагүй, эсхүл зарцуулаагүй эд хөрөнгийг эгүүлж төлөөгүй тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд байна. Тодруулбал, хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХХК болон ******* ХХК-иас тус бүр бараа материал борлуулах үүргийн хүрээнд бараа материалын зарлагын баримтаар хүлээн авдаг, борлуулсан орлогоо ажил олгогчид эргэн тайлагнах, орлогыг бэлнээр болон дансаар шилжүүлэх үүрэгтэй байна. Иймд хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Л.*******ад холбогдуулан гаргасан байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд 104,506,883 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Л.******* нь ******* ******* ХХК-д бөөний борлуулагчаар ажиллах хугацаандаа борлуулахаар хүлээн авсан барааны борлуулалтын орлогоос 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 129,764,571 төгрөгийн өр авлагын үлдэгдэлтэй гарсан, үүнээс цалин хөлс, орлого болон эрсдлийн сангаас суутган 24,809,655 төгрөг төлж, үлдэх 104,506,882 төгрөгийн өр, авлагыг барагдуулаагүй үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. Тодруулбал, Л.*******ын хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан 2016 оны 06 дугаар сарын 10 болон мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Авлагын тооцоонууд, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр барааны үлдэгдлийг барагдуулах талаар Л.*******ын бичсэн амлалт, ******* ******* ХХК-ийн захирлын Удаашралтай авлага барагдуулах тухай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/21 тоот, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19/,35 тоот тушаалууд, Л.*******аас 2019.10.07-ны өдөр барааны тооцооны үлдэгдлийг борлуулалтын авлагаас удаашралтай авлага руу шилжүүлэх тухай компанид гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /1хх-35, 36, 38-40/

 

4. ******* ХХК нь хариуцагч Л.*******аас байгууллагад учирсан эд хөрөнгийн хохиролд 174,421,030 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор цуглуулж, гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.1. Учир нь шүүхийн журмаар томилогдсон шинжээч нь 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Бараа материалын зарлагын падаан нэртэй 118,150,000 төгрөгийн үнийн дүн бүхий баримт, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28,450,000 төгрөгийн үнийн дүн бүхий Бараа материалын зарлагын падаан нэртэй баримтын хүлээн авагч гэсний ард зурагдсан Л.*******ын гэх гарын үсэг, бичгийн чөлөөт загваруудад адилтган шинжилгээ хийгээд хариуцагч Л.*******ын гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай хоорондоо тохирохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. /2хх-100-118/

4.2. Мөн 2 дах хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөр огноолсон 41,600,000 төгрөгийн үнийн дүн бүхий Бараа материалын зарлагын падаан баримтад бараа материалыг хүлээн авагч Тамир гэсэн гарын үсэг зурсан, 24-т авагдсан 1 936, 980 төгрөгийн үнийн дүн бүхий баримтын хүлээн авагч гэсэн хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна.

 

5. Дээрхээс дүгнэхэд хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-аас дээрх үнийн дүн бүхий барааг хүлээн авсан, борлуулсан барааны тооцоог тус компанид тушаах үүргээ биелүүлээгүй хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм. Иймд хариуцагч Л.*******аас байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохиролд 174,421,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд зөв боловч дээрх 4 баримтын үнийн дүнг нэгтгэн, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн дүнг хасч, зөрүү 15,715,950 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсон нь ойлгомжгүй болжээ. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан дүгнэж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03658 дугаартай шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар сарын 158.1.2-т заасныг баримтлан хариуцагч Л.*******аас 104,506,882 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, хариуцагч Л.*******аас байгууллагад учирсан хохиролд 174,421,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 601,904 гэснийг 680,484 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,030,055 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД