Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 08

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, 

Улсын яллагч С.Сугар

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан

Хохирогч Д.М

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулж Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Б.Ст яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1830000000249 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд  төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын  9 дүгээр баг, ... тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, 2001 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, 2017 онд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн Б.С 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Б гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө иргэн Д.Мын 22 тооны бог малыг хулгайлж, 2 270 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

-Шүүгдэгч Б.С  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр үед би мөнгөгүй, идэх хоолгүй байсан. Тэгээд нэг хонь авах гэсэн чинь би хөл муутай учраас чирч чадахгүй байсан. Тэгэхээр нь 2 хонь холбоод хөөхөд буцаж зугтаагаад байсан. Тэгээд тэр хавиар нь хөөцөлдөж байгаад бөөнөөр нь хөөж ирсэн гэв.

 

Яллагдагч Б.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 27 ны өдрийн 17 цаг 30 минутын үед гарч Баруун-Урт сумын төвөөс зүүн хойд зүгт гарч айлын хонь тасдаж хөөж авчрахаар явган явсан юм. Ингээд би Баруун-Урт сумын төвөөс зүүн хойд зүгт байрлах Наадаан амралтын газрын зүүн доор нутаглах 2 монгол гэртэй айлын гадна 21 цагийн үед ирсэн. Тухайн айл хонио хашчихсан 20 гаран тооны хонь хашааныхаа гадна хашаагүй үлдчихсэн байхаар  хашаанаас нь 2 хонь ялгаж аваад хооронд нь холбож хөөсөн чинь буцаад хашааны гадна байсан хониндоо нийлчихээр нь хашааны гадна байсан хонинуудыг хөөгөөд ... тоот хашааны зүүн талын эзэнгүй айлын хашаанд хөөж оруулсан. Ингээд би хашааны зүүн урд байх жорлонгийн нүх  рүү хонийг шахаж нүд рүү нь асаагуурын гэрэл тусгаж байгаад хөлдөж барьж аваад хашааны гол хэсэгт амийг нь тасдаад хашааны баруун хэсэгт төмөр шонд өлгөж арьсыг нь салгаж аваад толгой, гэдсийг нь хашааны зүүн урд талын жорлонгийн нүх рүү хаяад байсан.  Айлын гаднаас хөөж авчирсан хонийг замдаа тоолоход 22 тооны хонь байсан бөгөөд нийтдээ 20 тооны хонийг нь нядлаад сүүлийн 2 хонийг нядлах зорилгоор барьж авах гэсэн чинь алдчихсан. Манай гэрээс зүүн хойд зүгт явсан бөгөөд араас нь хөөсөн боловч сүүлдээ харагдахгүй болохоор орхисон. 20 хонины гулууз, арьс зэргийг бөөгнүүлчихээд гэртээ байж байгаад цагдаад баригдсан.  Би хонь авчирч нядлахдаа ганцаараа явган явсан. Мөнгөтэй болох зорилгоор 2 хонь тасдаж хооронд нь холбож хөөж ирэх байсан боловч буцаж хашааны гадна байсан хоньтой нийлчихээр нь хашааны гадна байсан хонийг бөөнд нь хөөж авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/

 

 

- Хохирогч Д.М мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хөдөө гэр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс зүүн хойд зүгт 8-9 орчим км-т нутгалдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 27 ны шөнө хонь ямаагаа хашаандаа хашсан бөгөөд харин хашаанд 20 гаран тооны хонь багтахгүй хашааны гадна үлдсэн юм. Ингээд миний бие гэртээ унтаж амарсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08 цагт сэрээд хонио гаргах гэсэн чинь хашааны гадна үлдсэн хонь байхгүй байхаар нь ойр хавиараа эрсэн боловч байхгүй байхаар нь хүн явган явсан гутлын улны мөр хонь хөөсөн байдалтай гарч баруун урд зүгт буюу Баруун-Урт сумын чиглэлд явсан байхаар нь хонь хулгайлсан байна гэж үзэж шууд цагдаагийн байгууллагад хандсан юм. Харин цагдаагийн байгууллага хонь хулгайлсан эзэн холбогдогчийг олж өгсөн юм.хонио тоолсон чинь 22 тооны хонь дутсан. Харин айлын хашаанд 2 тооны хонь очсон байсан амьдаар нь олж авч  20 тооны хонийг нядласан байсан. Манай хонинуудбол 2 чих цуулбар имтэй байсан. эр хонь 2, хязаалан насны эр хонь 1, хурга 3, эм хонь 16 тус тус алга болсон юм. эр хонийг 200,000 төгрөгөөр, хязаалан эр хонийг 120,000 төгрөгөөр, эм хонийг 100,000 төгрөгөөр, хургыг 50,000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Ингэж бодохоор надад 2,270,000 төгрөгийнхохирол учирсан. Үүнээс 2 хургыг амьдаар нь авч хониндоо нийлүүлсэн. Миний 20 тооны хонийг нядласан байсан бөгөөд мах, арьсыг нь авч зарж борлуулахад 1,550,000 төгрөг болсон. Одоо надад 620000 төгрөгийнхохирол дутуу байна. Иймд хохирлоо нэхэмжилнэ”...”гэх мэдүүлэг  /хх-ийн 12-13/ 

 

Гэрч Б.Үгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ... тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 28 ны өглөө 07 цаг 40 минутанд босоод ажилдаа явах гэтэл манай хашаанд гаднаас 2 тооны хонь орж ирэхээр нь гайхаад нөхөр Аын хамт уг хоёр хонийг барьж аваад манай хашаанд 2 тооны хонь орж ирсэн талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16/.

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-ийн 04-08 /

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/

          - Б.Сын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 27/ 

          - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-29/

  - Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-31/

 - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн засаг даргын 2018 оны 12-р сарын 04-ний өдрийн 9/640 дугаартай тодорхойлолт / хх-н 24 / зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б.С  нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Б гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө иргэн Д.Мын 22 тооны бог малыг хулгайлж, 2 270 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Сын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.М, гэрч Б.Ү нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Сын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

 Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэр нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа, эд зүйл авах, шунахай сэдэлт, зорилгоор, санаатайгаар иргэн Д.Мын хоттой хониноос 20 тооны хонийг хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.

 

 Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

 

Шүүгдэгч Б.Саас дутуу төлсөн хохирол 620 000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мт олгох нь зүйтэй байна.

 

Иймд  шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв. 

 

 Шүүгдэгч Б.Ст  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 Шүүгдэгч Б.Сын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

 Шүүгдэгч Б.С  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Сыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ст оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.Монгол улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Саас 620000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Б гэх газарт  оршин суух хохирогч Д.Мт олгосугай. 

 

6. Ялтан Б.С  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.СУГАр