Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бэгзийн Аминчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00095/И |
Дугаар | 134/ШШ2016/00107 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 134/ШШ2016/00107
Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Аминчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Д.Ц нэхэмжлэлтэй
Хариуцагч:Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах, “Б ХХКомпанид холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бат-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Б ХХКомпанид нарийн бичгээр ажилд орсон. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн компанийн хурлаар ерөнхий захирал, гүйцэтгэх захирал А.Х нар үйлдвэр түр зогсолт хийж буй учир Ц.Б болон намайг ажил эхэлтэл 3 сар амраах шийдвэр гаргасан. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Б ХХКомпани ажиллаж түр амралттай байсан ажилчид ажилдаа орсон боловч нарийн бичиг намайг одоог хүртэл ажилдаа авахгүй байна. Энэ хугацаанд би ажилдаа орох саналаа гүйцэтгэх захирал А.Х удаа дараа гаргасан боловч “ерөнхий захирал удахгүй ирнэ, өөрийг нь иртэл нарийн бичиг ажилд авахгүй, би очиж ажилд нь эгүүлэн оруулна гэсэн шүү” гэж хэлсээр 3 сар өнгөрсөн. Ерөнхий захирал ирсэн даруйд ажилд орох хүсэлтээ тавьж, 3 сар юуны учир намайг хохироосон тухай асуухад манай компанид нарийн бичгийн орон тоо байхгүй болсон. Мөн чамтай хийсэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир ажлаас халсан гэсэн хариулт өгсөн. Би халагдсан тушаалаа авъя гэхэд “тйим тушаал гаргахгүй, байхгүй” гэж хэлсэн. Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугцааны цалин 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Б ХХКомпани шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Ц 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ерөнхий захирлын 08 дугаар тушаалаар нарийн бичгийн ажилд авсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээг хоёр тал байгуулсан байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа өвлийн зогсолт хийсэн учраас Ерөнхий захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 91 тоот тушаалаар инженер Ц.Б бичиг хэрэг Д.Ц нарыг ажил эхэлтэл туслахаар ажилуулсан. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс ажил эхлэхэд Ц.Б.Цнарыг ажилд нь оруулж Д.Ц Улаанбаатар хот дахь төв оффист бичиг хэргээр ажиллах санал тавьсан боловч зөвшөөрөөгүй учраас нийгмийн даатгалыг компаниас төлж байгаа. Д.Ц ажлаас халаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ц нь компаний дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комист хандан шийдвэрлүүлэх, эс зөвшөөрвөл шүүхэд өргөдлөө гаргах ёстой байсан. Д.Ц ажлаас халаагүй тул ажилд эргэн орох боломж нээлттэй байгаа юм. Иймд ажлаас халагдсан 4 сарын цалин 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Ц, “Б ХХКомпанид холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1.Д.Цг “БХХКомпани нь ажлаас үндэслэлгүй халсан гэж үзвэл ажлаас халсан тушаалыг гардуулж өгөх ёстой. Гэтэл ажлаас халсан тушаал байхгүй байна.
2.Ажлаас халагдсан гэж үзвэл Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
3. Д.Ц цалин өгөөгүй боловч нийгмийн даатгалынх нь шимтгэлийг одоо хүртэл төлж байгаа гэдэг нь зохигчдын өөрсдийнх нь тайлбараар тогтоогдож байна. Тийм учраас ажлаас халагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Харин ажилгүй байсан хугацааных нь цалин 2000000 /хоёр сая/ төгрөгийг олгоогүй байсан нь тогтоогдож байх тул компаниас гаргуулж олгох нь зүйтэй. Д.Ц компанитай албан ёсоор гэрээ хэлцэлийнхээ асуудлыг шийдвэрлүүлж хойшид ажиллах эсэхээ тодорхой болгож, хэрвээ компани ажлаас халж байгаа бол тушаал шийдвэрийг гардуулж асуудлыг шийдвэрлүүлсэний эцэст шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйгээр нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Д.Ц ажилгүй байсан хугацааны цалин 2000000 /хоёр сая/ төгрөгнөөс илүү гарах бол тухайн үед нь нэмэгдүүлж нэхэмжлэх эрхтэй болно. Ажлаас буруу халагдсан тухай нэхэмжлэлийн шаардлагаа дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
4. “Б ХХКомпани нь Д.Ц ажлаас халаагүй гэсэн тайлбар өгч байгаа тул хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.7-д зааснаар ажил үүргээ гүйцэтгээгүй боловч ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар “Б ХХКомпаниас ажилгүй байсан хугацааны цалин 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулж Д.Ц олгож, ажлаас үндэслэлгүй халагдсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, “Б ХХК-иас 46950 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АМИНЧИМЭГ