Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2016/00110

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Аминчимэг даргалж тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар    

 

              Нэхэмжлэгч: Ц.Н-ийн  нэхэмжлэлтэй

 

             Хариуцагч: Н.А-д холбогдох

 

Зээл, зээлийн хүү 3852000 /гурван сая найман зуун тавин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

            Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.      

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

            Ц.Н Н.Ахолбогдох зээл, зээлийн хүү 3852000 /гурван сая найман зуун тавин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

                                                           

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.А нь надаас анх 3 840 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн. 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр машины зөрүүнд 700 000 төгрөг надад төлсөн. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 2 140 000 төгрөг, 8 сарын хүү 1 712 000 төгрөг, нийт 3 852 000 төгрөгийг төлөхгүй байгаа. Бид нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан. Зээлсэн мөнгө болон хүүг удаа дараа нэхсэн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Иймд Н.А нийт 3 852 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар 05-ны өдөр Н.А бид хоёр тооцоо нийлээд гэрээгээ шинэчилж байгуулсан. Н.А надаас зээлсэн үндсэн мөнгө нь 3,110,000 төгрөг, энэ дээр 4,5 дугаар сарын зээлийн хүү 723,000 төгрөгийг нэмээд нийт 3,840,000 төгрөг болж байгаа. Гэрээ байгуулах үедээ Н.А нь ажлаас 1,000,000 төгрөгийн урьдчилгаа буусан байгаа тэр мөнгө бүтвэл араас чинь шилжүүлнэ гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Н.А миний данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш над руу утсаар яриад би машинаа ломбарданд тавьчихаад авч чадахгүй жил гаруй болж байна. Би чамд машинаа 2,000,000 сая төгрөгөөр заръя, ломбарданд 1,300,000 төгрөгийг өглөг байгаа, үлдсэн 700,000 төгрөгийг нь 4,5 дугаар сарынхаа хүүнд суутгуулъя гэсэн. Зээлийн үлдэгдэл 2,140,000 төгрөг үлдсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 8 сарын хүү 1,712,000 төгрөгийг нэмээд нийт 3,852,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Н.А шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Нгаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулаагүй. Мөн энэ өдөр Ц.Н нь 3 840 000 төгрөг шилжүүлээгүй, би ч Өвөрхангай аймагт байгаагүй. Би 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөнгө зээлж аваагүй. Харин 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анх түүнээс 200 000 төгрөг зээлж авсан, мөнгийг нь тухай бүр төлж байсан. Хамгийн сүүлд Ц.Н 2015 оны 02 дугаар сард мөнгөний хэрэгцээ гарч 600 000 төгрөг зээлж авснаас хойш дахин мөнгө зээлсэн асуудал байхгүй. Гэтэл Ц.Н нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3 840 000 төгрөг зээлсэн мэт, түүнээсээ 1 700 000 төгрөг төлсөн, үлдсэн 2 140 000 төгрөгөнд сарын 10 хувийн хүү тооцож, 8 сарын хүү гэж 1 712 000 төгрөг, нийт 3 852 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ц.Н урьд өмнө нь зээлж авсан зээл, зээлийн хүүгээ тухай бүр төлж барагдуулан түүний ХААН банкны 5556233447 тоот данс руу шилжүүлж байсан. Үүнээс 1 900 000 төгрөг үлдсэнийг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр 1 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр машины зөрүүнд 700 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөг төлсөн. Намайг 2015 оны 11 дүгээр сард Япон улсаас ирсний дараа Ц.Н нөхөртэйгээ Говьсүмбэр аймагт ирж мөнгөө нэхэхдээ чи зээлийн гэрээн дээр гарын үсэг зур гэж шахалт үзүүлж байгаад зуруулсан. Би тухайн үед он сар өдрийг анзаарч хараагүй байсан. Гэтэл гэрээг 2015 оны 05 дугаар сард байгуулсан мэтээр шүүхэд нотлох баримт гэж гаргаж өгсөн нь ойлгомжгүй байна. Би Ц.Н найз нөхөд гэж түүнд итгэж байхад үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Иймд Ц.Н үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Н.А нь Ц.Н 20 15 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3,840,000 төгрөгийг зээлээгүй. Ц.Н өөрөө надад хэлж байсан. Танай эгч надаас ийм, ийм мөнгө зээлсэн одоо үлдэгдэл нь 2,000,000 төгрөг болж байна гэж байсан. Гэтэл одоо мөнгөө авах болохоор хүү тооцоод нэхэмжлэл гаргаж байна. Н.А нь Ц.Н 2015 оны 05 дугаар сард байгууллагаасаа урьдчилгаа 1,000,000 төгрөг авч өгсөн нь үнэн. Мөн Ц.Н нь Н.А өдөр шөнөгүй утастаж дарамталж байгаад авто машиныг нь 2,000,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хамаагүй бага үнээр ломбарднаас чөлөөлж байгаа нэрээр хямдхан худалдаж авч байсан. Тийм учраас Н.А нь Ц.Н 3,852,000 төгрөг өгөх ёсгүй гэж үзэж байгаа. Энэ зээлийн гэрээг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэж байгаа боловч, уг гэрээг 2015 оны 11 дүгээр сард байгуулсан. Н.А тухайн үед он, сар, өдрийг нь анзаараагүйгээр гарын үсэг зурсан байсан гэв. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авто машин худалдсаны зөрүү 700,000 төгрөг төлсөн. Зөрүү нь 440,000 төгрөг үлдэж байгаа. Хүүтэй зээлсэн гэсэн зээлийн гэрээ байхгүй учир Ц.Н зээлүүлсэн мөнгөнд хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Н данснаас Н.А данс руу нийт 9,802,500 төгрөг орж ирсэн байна. Харин Н.А данснаас Ц.Н данс руу 10,405,000 шилжүүлсэн байна. Энэ дээр машины зөрүү 700,000 төгрөг нэмэгдэж байгаа. Н.А нь Ц.Н1,400,000 төгрөгийн хүү төлсөн гэсэн үг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Н Н.А холбогдох зээл, зээлийн хүү 3852000 /гурван сая найман зуун тавин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Ц.Н Н.А зээл, зээлийн хүүгийн хамт зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 3852000 /гурван сая найман зуун тавин хоёр мянган/ төгрөг нэхэмжилж байгаа боловч зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаагүй байна. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульд тодорхой заасан байна.  

2.Зохигчдын өөрсдийнх нь тайлбараар 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Алтанхундагын авсан зээлийн үлдэгдэлийг тооцоо нийлж шинэчлэн байгуулсан гэжээ. Ингэхдээ энэ гэрээнд 10% хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэсэн байна. Тухайн гэрээ мөнгө зээлдүүлж дууссанаас хойш байгуулсан болох нь, хамгийн сүүлд /хавтаст хэргийн 197 дугаар хуудас/ 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 600000 төгрөг шилжүүлсэнээс  харагдаж байна. Энэ өдрөөс хойш дахин Ц.Н мөнгө зээлээгүй болох нь зохигчдын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

3.Ц.Н данснаас А шилжүүлсэн мөнгө, 2014 оны 04 дүгээр сарын 15-наас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, 200000 төгрөг /хх-36 хуудас/, 950000 төгрөг /хх-47 дугаар хуудас/, 500000 төгрөг /хх-50 дугаар хуудас/, 550000 төгрөг /хх-50 дугаар хуудас/, 400000 төгрөг /хх-54 дүгээр хуудас/, 400000 төгрөг /хх-60 дугаар хуудас/, 1000000 /хх-60 дугаар хуудас/, 87500 төгрөг /хх-62 дугаар хуудас/,  250000 төгрөг /хх-63 хуудас/ 1100000 төгрөг /хх-71 дүгээр хуудас/, 210000 төгрөг/ хх-71 дүгээр хуудас/, 300000 төгрөг /хх-77 хуудас/, нийт 5947500 төгрөгийн зарлага гарсан байна.

 

4.Н.А дансанд Н шилжүүлсэн мөнгө, 2014 оны 04 дүгээр сарын 15-наас 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 200000 төгрөг /хх-184 дүгээр хуудас/, 500000 төгрөг /хх-186 дугаар хуудас/, 300000 төгрөг /хх-186 дугаар хуудас/, 1255000 төгрөг /хх-187 дугаар хуудас/, 950000 төгрөг /хх-187 дугаар хуудас/, 550000 төгрөг /хх-188 дугаар хуудас/, 500000 төгрөг /хх-188 дугаар хуудас/, 400000 төгрөг /хх-190 дугаар хуудас/, 60000 төгрөг /хх-191 дүгээр хуудас/, 400000 төгрөг /хх-191 дүгээр хуудас/, 1000000 төгрөг /хх-192 хуудас/, 87500 төгрөг /хх-192 хуудас/, 250000 төгрөг /хх-193 дугаар хуудас/, 1100000 төгрөг /хх-195 дугаар хуудас/, 210000 төгрөг /хх-195 дугаар хуудас/, 700000 төгрөг /хх-195 дугаар хуудас/, 500000 төгрөг /хх-196 хуудас/, 300000 төгрөг /хх-196 хуудас/, 600000 төгрөг /хх-197 хуудас/, нийт 9862500 төгрөгийн орлого шилжсэн байна. Үүнээс үзэхэд Н нотлох баримт дутуу байсан нь харагдаж байна. Тийм учраас зээлүүлсэн мөнгийг 9862500 төгрөг байсан гэж үзлээ.

 

5.А зээлийг төлөхөөр шилжүүлсэн мөнгийг 3 хэсэгт хувааж тодруулах нь зүйтэй байна. Үүнд:

 

а/А өөрийнх нь нэрээр Н дансанд орсон мөнгө, 375000 төгрөг /хх-45 дугаар хуудас/, 230000 төгрөг /хх-49 дүгээр хуудас/, 740000 төгрөг /хх-50 дугаар хуудас/, 157500 төгрөг /хх-54 дүгээр хуудас/, 75000 төгрөг /хх-54 дүгээр хуудас/, 52500 төгрөг /хх-54 дүгээр хуудас/, 920000 төгрөг /хх-58 дугаар хуудас/, 632500 төгрөг /хх-58 дугаар хуудас/, 75000 төгрөг /хх-58 дугаар хуудас/, 60000 төгрөг /хх-58 дугаар хуудас/,  112500 төгрөг /хх-59 дүгээр хуудас/, 635000 төгрөг /хх-62 дугаар хуудас/, 150000 төгрөг /хх-66 дугаар хуудас/, 165000 төгрөг /хх-67 дугаар хуудас/, 30000 төгрөг /хх-67 дугаар хуудас/, 30000 төгрөг /хх-69 дүгээр хуудас/, 7500 төгрөг /хх-69 дүгээр хуудас/, 1100000 төгрөг /хх-71 дүгээр хуудас/, 714000 төгрөг /хх-71 дүгээр хуудас/, 174000 төгрөг /хх-76 дугаар хуудас/, 37500 төгрөг /хх-78 дугаар хуудас/, 60000 төгрөг /хх-78 дугаар хуудас/, 75000 төгрөг /хх-79 дүгээр хуудас/, 340000 төгрөг /хх-80 дугаар хуудас/, 82500 төгрөг /хх-81 дүгээр хуудас/, 90000 төгрөг /хх-82  дугаар хуудас/, 75000 төгрөг /хх-83 дугаар хуудас/, 1000000 төгрөг /хх-89 дүгээр хуудас/ , нийт 8195500  төгрөг байна.

 

б/Ц.Н дансанд А өөр нэрээр орсон мөнгө, Ууганбаяраас 112500 төгрөг /хх-51 дүгээр хуудас/, М 390000 төгрөг /хх-54 дүгээр хуудас/, Чойр АТМ-ээс 60000 төгрөг /хх-65 дугаар хуудас/, Н 60000 төгрөг /хх-70 дугаар хуудас/, Энхцэцэгээс 460000 /хх-70 дугаар хуудас/, Эрдэнэцогтоос 460000 төгрөг /хх-71 дүгээр хуудас/, Ууганбаяраас 150000 төгрөг /хх-71 дүгээр хуудас/, Болормаагаас 375000 төгрөг /хх-72 дугаар хуудас/, Энхцэцэгээс 60000 төгрөг /хх-74 дүгээр хуудас/, Ууганбаяраас 110000 төгрөг /хх-80 дугаар хуудас/, Батгэрэлээс 1000000 төгрөг /хх-87 дугаар хуудас/, Чимэдлхасаас 345000 төгрөг /хх-87 дугаар хуудас/, нийт 3582500 төгрөг байна.   

 

в/Машиныг ломбарднаас чөлөөлж, Нансалмаад өгсөн 700000 төгрөг зэрэг нотлох баримтуудыг үндэслэл болголоо.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын мэдүүлгийг тал бүрээс нь шинжлэн судлаж, талуудын өөрсдийнх нь хүлээн зөвшөөрсөн үнийн дүнг баримтлан дээрх тооцоонуудыг гаргасан болно.

Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд Нансалмаа нь Алтанхундагад 9862500 төгрөг зээлдүүлсэн байх бөгөөд Алтанхундага нийт 12478000 /8195500+3582500+700000/ төгрөгийг эргүүлж төлсөн байна.  

Хариуцагч тал Нансалмаагийн мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ба  хариуцагч нь зээлсэн мөнгөнөөсөө 2615500 төгрөг илүү төлсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Талуудын хооронд бичгээр хийсэн гэрээ байхгүй тул зээлийн хүү гаргуулах үндэслэлгүй байна. Хэргийн материалд өгсөн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ нь сүүлд нөхөж хийсэн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэсэн байна. Гэтэл гэрээг сүүлд нөхөж хийсэн тул анхнаасаа хүүтэй мөнгө зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Мөн зээлийн гэрээг нөхөж хийхдээ хэдэн төгрөгний үлдэгдэлээс бодож хийсэн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76 582 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д  зааснаар Н.А 3852000 /гурван сая найман зуун тавин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай Ц.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 76 582 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Б.АМИНЧИМЭГ