| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0009/э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 07
Cүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г, Д.Д
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гт холбогдох эрүүгийн 1830003380238 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,ял шийтгэлгүй. Н.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Г нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Б” гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд 40-48 СҮА улсын дугаартай норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл / жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/”, 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс Х.Гын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч: 2018.11.02-нд машиндаа завсар хийж байгаад 17 цагийн үед дууссан. Тэгээд машиныхаа кабиныг буулгахад режак нь цоожлогдохгүй байсан. Тэгтэл талийгаач миний хажууд ирсэн байхаар нь режак нь цоожлогдохгүй байна гэхэд талийгаач ороод араас нь түлхэж бай гэсэн. Тэгээд би доогуур нь ороод харахад цоожлогч нь орсон байсан. Араа нь салж уу гэхэд салсан гэсэн. Тэгэхээр нь асаачих гэсэн чинь өөрөө асаа гээд буугаад явсан. Би асаах гэхэд араа нь салсан байсан. Тэгээд машинаа асаахад араатай байсан. Намайг машин асаахад талийгаач машины зүүн талд байсан. Миний машины тоормос ажиллахгүй байсан. Машин асаад хөдлөхөд талийгаач гүйгээд машины баруун талд гарч байсан. Миний урд хэдэн дугуй байхаар нь мөргөөд зогсоосон. Тэгээд буугаад ирэхэд ийм зүйл болсон байсан гэв.
Шүүгдэгч Н.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Б боомт дээр байрлах Мөнхөө гэж дууддаг Д гэх залуугийн эзэмшлийн норд бенз маркын авто машины жолоочоор 2018 оны 08 дугаар сараас эхлэн ажиллах болсон юм. Дөхөмийн уурхайгаас 1 удаа нүүрс тээвэрлэхэд 300,000 төгрөг, Далай булагийн уурхайгаас нүүрс тээвэрлэсэн тохиолдолд 150,000 төгрөгний цалин авдаг юм. Би норд бенз маркын 40-48 сүа улсын дугаартай ачааны авто машин жолооддог бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн жолооддог авто машиныхаа раманд гагнуур хийлгэж засварлуулсан юм. Гагнуурыг Г гэх залуу хийсэн. Засвар хийж байгаад 17 цагийн үед дууссан бөгөөд энэ үедээ машины чиргүүлийг салгачихсан кабеныг дээш өргөж тос маслыг нь сольчихоод бүхээгээ буулгасан юм. Энэ үед талийгаач Х.Га нь явж байхаар нь дуудаад арааны рижак урагш түлхээд өгчих гээд доогуур нь цоожлогчийг би оруулсан. Энэ үедээ машин асаачих гэж хэлсэн чинь Г нь өөрөө машинаа асаа гэж хэлээд буугаад явчихсан. Би машиндаа суугаад арааны режакыг хөдөлгөсөн чинь араа нь салчихсан байх шиг байхаар нь шууд машинаа асаасан чинь машин шууд урагш хөдөлсөн. Энэ үед талийгаач Х.Га нь машины зүүн талд байсан бөгөөд машин хөдлөх үед урдуур гүйгээд баруун талд гарч байсан. энэ үед тормоз дарсан боловч ямар нэгэн тормоз бариагүй, учир нь 2-3 хоног асаалгүй засвар хийсэн бөгөөд энэ үедээ хийний шланкыг холбож гагнаж байсан учир ямар нэгэн тормоз, консны хийгүй болчихсон байсан. ингээд явсаар байгаад хуучин дугуйнуудыг мөргөж зогссон. Би буугаад харсан чинь Х.Га нь машины буруу талын түлшний савны доод талд хэвтэж байсан. биеийнхээ хажуу талаараа хэвтчихсэн бие нь урагдчихсан байдалтай байсан миний бодлоор машины буруу талын урд дугуйн доогуур л дайрагдсан гэж үзэж байна. Г нь машины урд талаар гүйж машины баруун талд гүйж гарсан шалтгаан нь гэвэл машин асаад шууд хөдлөх үед араатай хөдөлчихлөө гэж дотроо бодоод гараар унтраадаг ринк буюу автомат унтраагчийг л татаж салгах гэж байсан байх, тэрнээс биш Гд би болон хэн нэгэн хүн хэлж унтраах талаар огт хэлээгүй юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Га мөрдөн байцаалтанд өгсөн: “...Х.Га нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Б боомт дээр авто машинд дайруулж нас барсан үйлдэлд манай гэр бүлийнхэн хоорондоо ярилцаад миний бие хохирогчоор оролцож байна. Талийгаач Х.Га нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Б боомт дээр Д гэх залуугийн авто машиныг жолоодож тээвэрт явах зорилгоор 2018 оны 3 дугаар сараас эхэлж ажиллаж эхэлсэн юм. Сарын цалин нь тээвэрт явснаараа авдаг байсан юм. Миний бие талийгаачтай утсаар ярих болон уулзалдаагүй удсан байсан. Харин 2018 оны 11 дүгээр сарын 02-ны 18 цаг өнгөрч байхад талийгаачийг нас барсан талаар мэдсэн ямар учраас нас барсныг мэдэхгүй авто машинд мөргүүлсэн гэсэн. Тухайн үед миний бие Улаанбаатар хотод байсан юм. Талийгаачийг оршуулах ажлын санхүүгийн зардлыг ах дүү найз нөхөд хамт олны буяны дэмжлэгээр зохион байгуулсан. Харин талийгаач ар гэрээ авч явдаг байсан бөгөөд одоо 7-9 насны 2 хүүхэдтэй юм. Ар гэрт нь тодорхой хэмжээний тусламж үзүүлээсэй гэж л бодож байна. нэхэмжлэх зүйл байхгүй. Н.Гын зүгээс талийгаачийн ар гэрт тодорхой хэмжээний тусламж үзүүлвэл талийгаачийн эхнэр болон ар гэрээс нь ямар нэгэн гомдол санал байхгүй талаар хоорондоо ярилцсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...талийгаач Х.Гатай 2008 онд гэр бүл болсон бөгөөд одоо 7-9 насны 2 хүүхэдтэй юм. Талийгаач Х.Га нь 2018 оны 3 дугаар сараас эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Б боомт дээр Д гэх залуугийн ачааны авто машиныг жолоодож эхэлсэн бөгөөд машинтай тээвэр хийсэн байдлаасаа болж цалинждаг байсан юм. Талийгаач 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн үед над руу утсаар ярьсан бөгөөд хэдэн дугуй янзалчихаад холын тээвэрт явна, явахаасаа өмнө ярина гэж байсан үүнээс хойш огт яриагүй юм. Мөн өдрийн 18 цагийн үед талийгаачийг зам тээврийн осолд орчихлоо гэж анх хэлсэн бөгөөд үүнээс хойш 5-10 орчим минутын дараа нас барсан гэж хэлсэн. миний зүгээс гомдолтой эсэх талаар хэлж мэдэхгүй байна. Оршуулгын зардалтай холбоотой матеирал байгаа бөгөөд шүүхэд гаргаж өгнө. Миний 2 хүүхдэд тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна. одоогийн байдлаар ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй учраас гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/
Гэрч Ө.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Б боомт дээр байрлах Мөнхөө гэж дууддаг Д гэх залуугийн нүүрсний тээвэрт явдаг ачааны авто машинуудад гагнуур хийдэг засварчин ажилтай юм. Уг ажилд 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс одоог хүртэл ажилладаг юм. Сарын цалин тогтмол 1.500.000 төгрөгний цалинтай юм. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дгийн эзэмшлийн 40-48 сүа улсын дугаартай цагаан өнгөтэй норд бенз маркын авто машинд жолооч Грын хамт засварын ажил хийсэн юм. Миний хувьд раманд нь гагнуур хийж дуусгасан. Ингээд уг авто машинд гагнуур хийж дуусгаад хойд талд нь байх авто машинд дахин гагнуур хийж байтал Гр нь машинаа асаах гээд кабенаа буулгаж машинаа асаасан. энэ үед Г нь машиныг асаахад нь туслаад тэр хавиар яваад л байсан. Грын жолооддог 40-48 сүа улсын дугаартай авто машины хойд талд багцаагаар 1 метр орчим газарт би газар сууж гагнуур хийж байхад Гр нь надад хандаж холдож байгаарай, араатай байж магадгүй гэж хэлэхээр нь гагнуураа хийгээд л сууж байсан. Энэ үед Гр нь машинаа асааж байсан, удалгүй тар няр хийсэн чимээ гарсан бөгөөд энэ үед надад туслах хийдэг Энхбаяр гэх хүн Г машин доогуур орчих шиг боллоо гэхээр нь эргээд харсан чинь Грын машин нь анх байсан газраасаа хөдлөөд урд зүгт оччихсон хуучин дугуйнуудыг мөргөөд зогсчихсон байхаар нь лавшруулаад харсан чинь авто машины баруун талд түлшний савны орчим нь газар хэвтэж байхаар нь гүйгээд очсон чинь Гр нь машинаасаа арай гэж л зогсоолоо гэсээр бууж ирэхээр нь “чи хүн дайрчихлаа ш дээ” гэж хэлсэн чинь “юу болов оо” гээд сандралдаад эхэлсэн. Миний хувьд осол болсон шалтгаан гэвэл машин араатай байх үедээ асч шууд хөдөлсөн. Энэ үед нь талийгаач Х.Га автоматаар унтраагчийг нь салгах гэж гүйж яваад л дайрагдсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч В.Оы мөрдөн байцаалтанд өгсөн: ““...Миний хувьд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод байсан учраас яг ямар асуудал болсон талаар мэдэхгүй юм. Би 40-48 сүа улсын дугаартай норд бенз маркын авто машиныг одоогоос 2 жилийн өмнө худалдаж авсан бөгөөд миний нэр дээр бичиг баримт нь байгаа. Миний хувьд уг авто машинаар тээвэр хийдэг бөгөөд тусдаа жолооч цалинжуулж машинаа бариулдаг байсан. Уг авто машины жолооч болох Н.Г нь 2018 оны 9 дүгээр сараас эхлэн жолоочоор ажиллах болсон. Авдаг цалин хөлс нь гэвэл тээвэрлэлт хийсэн тоогоор л цалинжиж байсан юм. Жолооч Н.Гтай аман гэрээ хийж ажилласан бөгөөд холын замд 300,000 төгрөг, ойрын замд 150,000 төгрөгний цалинтай ажиллаж байсан юм. Машины эвдрэл гэмтлийг жолооч өөрөө хариуцдаг байсан. Манай хүү Д нь надтай адил ачааны авто машиныг тээвэрт явуулдаг юм. Харин Д нь тухайн үед Эрдэнэцагаан сумын Б боомтон дээр байсан. өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Б боомт дээр хувиараа бизнес эрхэлдэг юм. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой 16 цаг 40 орчим минутын үед Б боомтоос хойд зүгт хөдөөнөөс контейннер чирж ирэх гэж байтал Од нь над руу ярьж аваарь гарчихлаа, хурдал гэхээр нь машин янзлаж байсан хашаанд ирсэн чинь 40-48 сүа улсын дугаартай авто машин баруун талд Г нь газар хэвтчихсэн хүмүүс хажууд нь байж байсан, юу болсон бэ гэхээр нь машинд дайруулчихлаа гэж байсан. ингээд би талийгаачаас хаана нь өвдөж байгаа талаар асуусан чинь гараараа гэдэсний орчмоор заасан ингээд шууд орны тавцан дээр хэвтүүлээд машиндаа оруулаад БНХАУ руу эмчлүүлэх зорилгоор авч явсан. Монгол Улсын Б боомтын хилээр 16 цаг 40 орчим минутын үед нэвтэрч БНХАУ-ын Улиастай хот руу эмнэлгийн түргэн тусламж дуудсан бөгөөд шууд БНХАУ-ын хил рүү орсон. Ингээд эмнэлгийн түргэн тусламжтай замд уулзалдаж эмч нарт үзүүлсэн чинь нас барчихсан байна гэсэн. Ингээд буцаад Монгол улс руу орох гэсэн боловч оруулахгүй байж байгаад 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсад орж ирсэн юм. Юу болсон талаар тухайн үед асууж амжаагүй бөгөөд машинд дайруулчихлаа л гэж байсан. Харин дараа нь сонссон чинь Н.Гын жолооддог 40-48 сүа улсын дугаартай авто машинд мөргүүлсэн гэж байсан. тухайн өдөр 40-48 сүа улсын дугаартай авто машинд засвар болон гагнуур хийгдэж байсан юм. Н.Г нь 40-48 сүа улсын дугаартай авто машины жолоочоор ажиллаж байсан. талийгаач Х.Га 97-04 убк улсын дугаартай норд бенз маркын авто машины жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 56 дугаартай: “1.Талийгаач Х.Гын цогцост зүүн эгэм, 1, 2, 3, 4,-р хавирганы хугарал, зүүн хэнхэрцгийн дотор ханын цус хуралт, өвчүүний хугарал, дотор, гадна ханын цус хуралт, зүүн уушигны дээд дэлбэнгийн цоорсон урагдал, уушигны уналт, үнхэлцгийн гадна ханын цус хуралт, элэгний урагдал, задрал, няцрал, цус хуралт, цээж, хэвлийн хөндийн сул шингэн, баруун зүүн нүдний дээд зовхинд, зүүн мөрний урд хэсэгт, хөх махны дээд хэсгийг хамарсан, долгионтсон дүрс бүхий, өвчүү хэсэгт, баруун хөх махны доод хэсэгт, хэвлийн баруун хэсэгт, баруун ташаан толгойн орчимд, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт, эрүүний ооч хэсгээс доош, баруун хэсэгт, баруун бөөр хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, хэвлийн баруун хэсэгт, баруун бөөр орчимд, баруун өгзөгний дээд хэсэгт зулгарсан шархнууд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой байна. 2.Талийгаач Х.Гын цогцост үүссэн гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. 3.Талийгаач Х.Га нь цээж хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. 4.Талийгаач Х.Гын цогцост үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач Х.Га нь нас барах үедээ согтолтгүй байжээ.6.Талийгаачийн амь насыг аврах боломжгүй байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,
Техникийн шинжээчийн 25 дугаартай: “1.40-48 сүа улсын дугаартай норт бенз маркын тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзлээ. 2.Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. “3.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, “10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Амь хохирогч Х.Га нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзлээ. 4.Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад амь хохирогч Х.Га нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12б-д заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 5. Жолооч Н.Г нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, амь хохирогч Х.Га нь хөдөлгөөн эхэлсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйж орсны улмаас уг зам тээврийн осол болсон байна гэж үзлээ” гэх дүгнэлт /хх-ийн 24/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 /
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-10/
Тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 8/1059 дугаартай тодорхойлолт /хх-ийн 49/
Н.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Н.Г нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Б” гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд 40-48 СҮА улсын дугаартай норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл / жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/”, 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс Х.Гын амь нас хохирсон болох нь шүүгдэгч Н.Гын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г, Д.Д, гэрч Ө.Г, В.О, С.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 56 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 25 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул Н.Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Гт ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Гын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Дд оршуулгын зардалд 10 000 000 төгрөг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дд оршуулгын зардалд 10 000 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Гыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Гт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Н.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Д нарт оршуулгын зардалд 10 000 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР