Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 132

 

 

Х.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар магадлалтай, Х.М-т холбогдох 1814005470359 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, М.

 

Шүүгдэгч Х.М- нь 1. 2018 оны 07 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Үнэгт” гэх газраас хохирогч Б.Уранчимэгийн 1 тооны үхрийг хулгайлж, 800.000 төгрөгийн,

2. 2018 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас хохирогч Б.Ууганбаярын 1 тооны адууг хулгайлж, 500.000 төгрөгийн,

3. 2018 оны 09 дүгээр сарын 03-наас 2018 оны 10 дугаар сарын 20-ны хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газраас хохирогч Н.Гантогоогийн 1 үхрийг хулгайлж, 800.000 төгрөгийн,

4. 2018 оны 10 дугаар сарын 20-ны орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Хар эрэгцэг” гэх газраас хохирогч Т.Бямбацогтын 2 тооны морийг хулгайлж, 4.900.000 төгрөгийн,

5. 2018 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Ханан” гэх газраас хохирогч Б.Төмөрчөдөрийн 1 тооны адуу, 2018 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас 1 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх ус” гэх газраас сартай ягаан зүсмийн 1 тооны үнээ хулгайлж, 1.350.000 төгрөгийн,

6. 2018 оны 08 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг “Далан” гэх газраас хохирогч М.Амгаланбаярын эзэмшлийн бор хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 500.000 төгрөгийн,

7. 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Баваанямын эзэмшлийн 50 тооны эр ямааг хулгайлж, 4.000.000 төгрөгийн,

8. 2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Бор хайрхан” гэх газраас хохирогч Г.Баянмөнхийн 5 тооны адууг хулгайлж, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Х.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Х.М-аас 16.050.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Уранчимэгт 800.000 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 500.000 төгрөг, хохирогч Н.Гантогоод 800.000 төгрөг, хохирогч Т.Бямбацогтод 4.900.000 төгрөг, хохирогч Б.Төмөрчөдөрт 1.350.000 төгрөг, хохирогч М.Амгаланбаярт 500.000 төгрөг, хохирогч Б.Даваанямд 4.000.000 төгрөг, хохирогч Г.Баянмөнхөд 3.200.000 төгрөг тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.М-, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдолдоо “... Х.М-ыг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар шинжээчийн дүгнэлтээр оюуны хүндэвтэр зэргийн хомсдолтой, сэтгэхүйн хувьд харьцуулах, нэгтгэн дүгнэх үйл ажиллагаа хөгжөөгүй, бичиг үсэг мэдэхгүй, тоо тоолж чадахгүй талаар оношилсон. Хэрэгт авагдсан баримтаар Х.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт авагдаагүй бөгөөд түүнийг гэм буруутайд тооцож байгаа үндэслэл нь бичиг үсэг мэдэхгүй хүнд өмгөөлөгч авах эрхийг хангалгүйгээр авсан өөрийнх нь мэдүүлгээр эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Х.М- нь энэ мэдүүлгийг өгөөгүй, харин мөрдөгч нар өөртэй нь хүнлэг бусаар харьцаж загнаж, зодон хүчээр мэдүүлэг өгүүлсэн гэх бөгөөд тэрээр сэтгэхүйн хувьд хомсдолтой тул хэрхэн хэнд хандахаа мэдэхгүйгээр тухайн цаг хугацаанд энэ талаар гомдол гаргаагүй. Өмгөөлөгч миний бие шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Х.М- нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд эхнэр төрж, Баянхонгор аймгийн төвд байсан. Баянбулаг суманд амьдардаг түүний аав харвасан X.Мөнхбаатарын асаргаанд байсан зэргээр орон зай цаг хугацааны хувьд гэмт хэрэг хийсэн байх боломжгүй байхад энэ байдлыг огт шалгаагүй, шүүхээс энэ байдлыг анхаараагүй байна. Х.М-ын өгсөн гэх мэдүүлэгт малыг 500.000 төгрөгөөр зарсан, 900.000 төгрөгөөр зарсан гэх боловч тэрээр огт тоо тоолж мэдэхгүйгээс гадна гарын үзүүрүүд бүгд тайрагдсан, хуруу гар бүрэн хөдлөхгүй тул ийм их хэмжээний мальг ганцаараа гаргасан байх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдож байж тухайн хүний буруутай эсэхийг тогтоох ёстой байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаараагүй, давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, нотлох баримтыг үнэлэх боломжтой байна гэсэн нь үндэслэлгүй байна. анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэжээ.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч Х.М- нь 8 удаагийн үйлдлийг ганцаараа үйлдсэн бөгөөд малыг нядалж бусдад зарсан, мөнгийг зарцуулсан байдал зэргээс харахад амьжиргаагаа залгуулах зорилготой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна. Шүүгдэгч гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ 8 удаагийн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх нь тухайн баримт, сэлтийг хууль ёсны гэж үзэх үндсэн шалгуур болно.

 

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа бүхэлдээ хуульд заасан журмын дагуу явагдсан, ингэхдээ хэргийн оролцогч буюу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах, мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх зэрэг суурь эрхийг эдлэх боломжоор бүрэн хангагдсан байхаас гадна энэхүү эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэгдсэн, хамгаалагдсан байх ёстой.

 

Энэхүү журам зөрчигдсөн тохиолдол бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон зөрчилд тооцдог бөгөөд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн бол тухайн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болдог билээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд аль алинд нь хамаарна.

 

Дээрх нөхцөл байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, хууль зүйн дүгнэлт хийдэг болно.

 

Х.М-т холбогдох хэргийн бүх ажиллагааг хуульд заасан эрхийн хүрээнд бүрэн хянахад хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримт болох шүүгдэгчийг гэрч, яллагдагчаар байцааж мэдүүлэг авахдаа хуульд заасан журам зөрчигдсөн байж болохуйц дараах нөхцөл байдлууд тогтоогдсон гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Х.М-ын 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд үйлдсэн гэх 6 өөр хэрэгт 2018 оны 11 дүгээр 15-ны өдрийн 16 цагаас 19 цагийн хооронд ял сонсгон яллагдагчаар байцааж, тухайн өдрөө прокурор тус тусдаа тодорхой дугаар бүхий 6 эрүүгийн хэргийг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна.

 

Дээрх хэрэгт Х.М-ыг гэрчээр байцааж мэдүүлэг авсан мөрдөгч нь тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Уранчимэг, Б.Ууганбаяр, Н.Гантогоо, Т.Бямбацогт, Б.Төмөрчөдөр, М.Амгаланбаяр нарыг хохирогчоор тогтоож байцаасан нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Түүнчлэн сэтгэцийг нь шалгасан шинжээчийн дүгнэлт, тайлбараар “... оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй, өөртөө тавих хяналт сул, сэтгэхүйн үйл ажиллагаа нь хоцрогдолтой, холбож уншиж чадахгүй, тоо бодож чадахгүй, сэтгэхүйн хувьд харьцуулан нэгтгэх, дүгнэх, үйл ажиллагаа сайн хөгжөөгүйн улмаас “IQ” шинжилгээний зааварчилгааг сайн ойлгож, гүйцэтгэж чадахгүй”, яллагдагч Х.М-ыг 3 цагийн дотор 6 өөр хэрэгт ял сонсгож, яллагдагчаар байцаахад оюуны хомсдол бүхий этгээд нь тухайн үйлдсэн хэргийнхээ талаар логик дэс дараалалтай, цаг хугацааны хувьд зөрүүгүй мэдүүлснийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь учир дутагдалтай, эргэлзээ төрүүлэхүйц болсон гэж үзнэ.

 

Мөн оюуны хүндэвтэр хомсдол бүхий сэтгэцийн өвчтэй шүүгдэгчийг бүрэн дунд боловсролтой гэх хувийн байдлыг нарийвчлан шалгаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “нэр бүхий албан тушаалтан нарт зодуулж, эрүүдэн шүүлт тулгуулсны улмаас хэргийг хүлээсэн” гэх гомдлыг магадлах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Х.М-т холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Х.М-т холбогдох эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн прокрорын газарт буцаасугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                            Ч.ХОСБАЯР  

 

    ШҮҮГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                            С.БАТДЭЛГЭР 

                                                         

                                                            Б.БАТЦЭРЭН

 

                                                             Б.ЦОГТ