Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2016/0015

 


Т.Туулын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сумъяа даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Т.Туул, хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Д.Шийтэр, гуравдагч этгээд Г.Мөнхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарантуяа нарыг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 609 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 516 дугаар магадлалтай, Т.Туулын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Туул надад олон хүүхэд төрүүлж өсгөсөн болон аав Дамбын Түдэв ахмад дайчин байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Хүүхдийн төлөө төв комиссын хүсэлтээр Улаанбаатар хотын захиргаанаас 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 893798 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийн дагуу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 12 дугаар байрны 31 тоот 1 өрөө орон сууцыг эзэмшүүлж, уг орон сууцанд амьдарч байгаад гэр бүлийн хүчирхийлэл болон амьдралын аргагүй шалтгааны улмаас Хэнтий аймгийн Хэрлэн суманд шилжин амьдарч байсан. Намайг хөдөө шилжин явснаас хойш уг орон сууцанд миний нөхөр А.Чингэс, хадам эх Н.Алтангэрэл нар амьдарч байсан бөгөөд А.Чингис 1996 оноос сураггүй алга болж Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 1359 дүгээр шийдвэрээр сураггүй алга болсонд тооцогдсон, хадам эх Н.Алтангэрэл 2004 онд нас барсан. Миний бие уг орон сууцыг ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлээгүй бөгөөд 2003 оноос уг орон сууцаа эзэмших, өмчлөлдөө бүртгүүлэхээр хөөцөлдсөн боловч миний эзэмших эрхэд бүртгэлтэй байсаар байтал О.Бат-Орших гэдэг хүний нэр дээр хувьчлагдсан болохыг Нийслэлийн архивын газрын  2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2/1648, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 600 тоот албан бичгүүдээс олж мэдсэн. Улмаар уг орон сууцны хувьчлалтай холбоотой асуудлаар Төрийн өмчийн хороонд хандсан боловч шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн учир тус шүүхэд хандаж байна.

Нийслэлийн архивын газарт хадгалагдаж байгаа иргэн Т.Туулаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон сууц хуваарилалтын хэлтэст гаргасан гэх өргөдлийг миний бие Т.Туул бичээгүй, регисрийн дугаар зөрүүтэй, миний бие төрсөн ээж Гомбосүрэнгийн Алисад байраа шилжүүлж байгаа гэсэн утгаар бичигдсэн бөгөөд миний ээжийг Гомбосүрэнгийн Алиса гэдэггүй Цэрмаа овогтой Аюур гэдэг хүн байсан. Иймд иргэн Г.Алисад олгосон Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 12 дугаар байрны 31 тоот 1 өрөө орон сууцыг эзэмших 977725 дугаартай орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ ордерыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү. Үүнтэй холбоотой өмнө нь гаргасан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос иргэн О.Бат-Оршиход олгосон Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 12 дугаар байрны 31 тоот 1 өрөө орон сууцыг эзэмших 977725 дугаартай орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ ордерыг хүчингүй болгох, уг гэрчилгээнд үндэслэж иргэн О.Бат-Оршихын нэр дээр 4 ам бүлд Баянгол дүүргиин 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 12 дугаар байрны 31 тоот 1 өрөө орон сууцыг хувьчилсан хувьчлалыг хүчингүй болгох шаардлагуудыг тус бүр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх болгон өөрчилж байна.” гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч эзэмшиж байсан орон сууцанд амьдарч байгаад нэхэмжлэлд бичснээр 1996 оноос өмнө уг орон сууцыг орхин явсан байна. Энэ нь нэхэмжлэгч өөрийн эзэмших эрхээс сайн дураар татгалзсан гэж үзэх үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч нь 2003 онд уг орон сууцыг хувьчлан авахаар хөөцөлдөж эхэлсэн тухайгаа нэхэмжлэлдээ дурьджээ. Энэ нь өөрийн хууль ёсны эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх боломжтой байсныг нотолж байна. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотод улс хоршоолол, олон нийтийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газраас орон сууцыг хуваарилах журмын 5 дугаар хэсгийн 5.3-т... хүндэтгэх шалтгаанаар сууц эзэмшигчийн нэр солиход өргөдөл гаргуулсны дараа ОСГ харьяалагдах хороо, ОСА-ын трест, ОСА-ын конторын тодорхойлолтыг харгалзан шийдвэрлэж, тухайн байранд эрхийн бичиг олгоно гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч Т.Туул нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын орон сууц хуваарилалтын хэлтэст эрүүл мэнд болон ажлын шаардлагаар Сэлэнгэ аймгийн Шарын голд өөрийн гэр бүлийн хамт шилжин амьдрах болсон тул ээж Гомбосүрэн овогтой Алисагийн нэр дээр орон сууцаа шилжүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа бичин өргөдөл гаргаж, харъяа контор, хорооны тодорхойлолтууыг хавсаргасан бичигдсэн байна. Т.Туулыг тухайн орон сууцанд амьдардаг эсэхийг тодорхойлсон тодорхойлолт нь үнэн зөв эсэх нь асуудалтай бол тухайн тодорхойлолт гаргасан хорооны дарга хариуцах ёстой. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1964 оны Улс хоршооллын орон сууцны ашиглалтын дүрмийг батлах тогтоолын дагуу орон сууцны ордер тухайн өрхийн нэг хүний нэр дээр бичигддэг байсан. Энэ орон сууц нь төрийн мэдлийнх учир төр өмчийнхөө байрыг хөлслүүлэх гэрээгээр иргэдийг амьдруулдаг байсан. Уг хөлслүүлэх журам дээр хөлслөн авагчийн эрх, үүргийг заасан бөгөөд хөлсөлж байгаа орон сууцыг бусдад шилжүүлэхийг хориглосон учир Т.Туул нь байраа орхин явж, ордероо эх хувиар нь гэр бүлийн хүнээ үлдээсэн. Орон сууц хөлслөх гэрээг жилийн хугацаатай байгуулж, сунгалтаа хийдэг. Гэтэл орон сууц хөлслөх гэрээгээ өөрөө сунгуулаагүй байх бөгөөд үүнийг уг байрыг эзэмшихээсээ сайн дураараа татгалзсан гэж үзэхээр байна. Т.Туулын нөхөр Чингис гэдэг хүн 1996 онд алга болсон байх бөгөөд тэрээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас орон гэрээ орхиж явсан гэж үзэхэд хотод ирснээсээ хойш байраа өөр хүнд шилжсэнийг мэдэж хөөцөлдөх боломж байсан. Иймд нэхэмжлэгч Т.Туул нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр хорооллын 12 дугаар байрны 31 тоот 1 өрөө орон сууц нь Захирагчийн ажлын албанаас олгосон 977725 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичигтэй байсан ба уг эрхийн бичгийг үндэслэж иргэн О.Бат-Оршихын нэр дээрх 4 ам бүлд энэ байр хувьчлагдсан. Дээрх орон сууцыг хувьчлагдахад бүрдүүлсэн эх материалуудыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын архивт шилжүүлсэн учир Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооноос гаргах боломжгүй байна. Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар уг орон сууцыг хувьчилсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 12 дугаар байрны 31 тоот хаягт орших 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, үйлчилгээний хөлс төлсөн баримт, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос олгосон 0023608 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн О.Бат-Орших /ЧМ65111113/, Б.Нарантуяа /ЧН74071564/, Б.Сарангэрэл /УИ94113006/, Д.Цэрэннадмид /ЧМ77051202/ нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008269 дугаарт бүртгэсэн байна. Уг орон сууцыг 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр Ч.Оюунчулуун /ЧЛ67102709/, Л.Мэндсайхан /ЧН69043013/, М.Сүхбат /УШ94033011/, М.Саранзаяа /У391012167/ нарын өмчлөлд, 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэх гэрээгээр Т.Тулга /ЧЛ72040572/, А.Дуламханд /ЧЛ46010562/ нарын өмчлөлд, 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 45 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэх гэрээгээр иргэн Т.Солонго /ЧМ73121867/, А.Дуламханд /ЧЛ46010562/ нарын өмчлөлд, 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Т.Тулга /ЧЛ72040572/, Т.Энхмэнд /УТ07290484/ нарын өмчлөлд шилжин өмчлөх эрхийн 000159010 тоот гэрчилгээ олгогдсон байна.

Тус газар нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор О.Бат-Орших, Б.Нарантуяа, Б.Сарангэрэл, Д.Цэрэннадмид нарт уг орон сууц хувьчлагдсаныг холбогдох нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй байна. Дээрх нөхцөл байдлыг хянан үзэхэд эрхийн улсын бүртэлийн Ү-2205008269 дугаарт бүртгэгдсэн бүртгэл болон 000159010 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд иргэн Туулын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 609 дүгээр шийдвэрээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 516 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч Т.Туул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Туул надад олон хүүхэд төрүүлж өсгөсөн болон аав Дамбын Түдэв ахмад дайчин байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүүхдийн төлөө төв комиссын хүсэлтээр Улаанбаатар хотын захиргаанаас 1989 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 893798 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийн дагуу Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр хорооллын 12 дугаар байрны 31 тоот 1 өрөө орон сууцыг эзэмшүүлж, уг орон сууцанд амьдарч байгаад гэр бүлийн хүчирхийлэл болон амьдралын аргагүй шалтгааны улмаас Хэнтий аймгийн Хэрлэн суманд шилжин амьдарч байсан.

Намайг хөдөө шилжин явснаас хойш уг орон сууцанд миний нөхөр А.Чингэс, Хадам эх Н.Алтангэрэл нар амьдарч байсан бөгөөд А.Чингэс 1996 оноос сураггүй алга болсонд тооцогдсон. Хадам эх Н.Алтангэрэл 2004 онд нас барсан. Миний бие дээрх орон сууцыг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлээгүй бөгөөд орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл миний нэр дээр байгаа болно. Гэтэл Улаанбаатар хотын захирагчын ажлын албанаас 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хуурамч өргөдөл ашиглан Г.Алиса гэгчид орон сууц эзэмших эрхийг шилжүүлсэн байх бегөөд уг хууль бус актын улмаас энэхүү орон сууц бусдад дамжин шилжиж үндэслэл болсон байна.

Дээрх хуурамч өргөдөлд намайг өөрийн төрсөн эх Г.Алисад өөрийн орон сууцыг шилжүүлж байна гэж бичсэн байх бөгөөд миний төрсөн эх Ц.Аюур гэдэг хүн байдаг. Мөн уг өргөдөлд хавсаргасан цагдаагийн газрын тодорхойлолтод миний регистрийн дугаарыг буруу бичсэн байсан. Бодитой дүгнэлт хийлгүйгээр Г.Алисад хууль ёсны дагуу шилжсэн гэж дүгнэсэнд миний бие туйлын гомдолтой байна.

Нэгэнт анх орон сууц эзэмших эрх хууль бусаар хууран мэхлэх аргаар шилжсэн байхад түүн дээр үндэслэж хийгдсэн хувьчлал болон улсын бүртгэлүүд хууль бус болох ёстой байхад тэдгээрийг мөн бодитой, үнэн зөв дүгнээгүй гэж үзэж байна. Миний бие энэ асуудлаар хандаагүй газар бараг байхгүй бөгөөд захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүгчийн захирамжаар сэргээлгэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд уг орон сууцыг Чингэс Алисад шилжүүлсэн гэж ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Хэргийн материалд энэ талаар нотлох ямар ч баримт байхгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Орон сууц өмчлөх тухай хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 609 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 18-ны өдрийн 516 магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхүүд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д "сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг” гэж заажээ.  

Т.Туул нь Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны орон сууц эзэмших 893798 тоот эрхийн бичиг /ордер/-ээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 12 дугаар байрны 31 тоот 1 өрөө орон сууцанд гэр бүлийн хамт ОСА-ын контортой орон сууц хөлслөх гэрээ байгуулан ашиглалтын хөлсийг төлөн амьдарч байгаад 1992 онд Дархан-Уул аймаг, 1994 онд Хэнтий аймаг руу шилжин суурьшсан, харин уг орон сууцанд үргэлжлүүлэн амьдарч байсан түүний нөхөр А.Чингэс 1995 онд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн орон сууцны эзэмших эрхийг Г.Алисад шилжүүлж, түүнд эрх бүхий байгууллагаас 951298 дугаартай гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Харин дээрх орон сууцыг Г.Алисад шилжүүлэх өргөдөлд бичигдсэн гарын үсэг нэхэмжлэгч Т.Туулын гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх боловч энэ нь хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хуурамч бичиг баримт бүрдүүлсэнтэй холбоотой асуудал нь энэ маргаанаас тусдаа эрх зүйн харилцаа байх тул уг үндэслэлээр нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй байна.   

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заажээ.

Энэ тохиолдолд Т.Туул нь орон сууц эзэмших 893798 тоот эрхийн бичиг /ордер/-ээр эзэмшиж байсан боловч тэрээр өөр орон нутагт шилжин амьдрах болж түүний нөхөр А.Чингэс нь орон сууцаа бусдад шилжүүлснээр маргаан бүхий орон сууцыг эзэмших эрх нь дуусгавар болсон байх тул О.Бат-Оршихын болон бусад өмчлөгч нарын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2–т заасан эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хөндөх үндэслэлгүй талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Орон сууц хувьчлах тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн үйл баримтыг буруу үнэлсэн талаар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 609 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 516 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурьдсугай.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Ц.СУМЪЯА

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН