Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 130

 

Б.Оюун-Ундраад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Эрдэнэзаяа,

Цагаатгагдсан этгээд Б.Оюун-Ундраагийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг   даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 13 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 5/03 дугаартай эсэргүүцлээр Б.Оюун-Ундраад холбогдох эрүүгийн 201625012624 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Батсүхийн Оюун-Ундраа, 1966 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүү, бэр, 2 ачийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1-47 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1980 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Дархан хотын 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 532 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаар захирамжаар 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 284 дүгээр захирамжаар Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэн ялын тэгштгэлд хамруулан эдлээгүй үлдсэн 6 жил 8 сар 24 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ТИ66053001/.

Б.Оюун-Ундраа нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, тус дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газраар үйлчлүүлэхээр дугаарлан зогсож байсан иргэн Ж.Галдангийн гар цүнхнээс “Самсунг галакси Эс-7” загварын гар утас хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оюун-Ундраагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Оюун-Ундраад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдан шийдвэрлэжээ.

Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 13 дугаартай Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. … Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь мөрдөн байцаалтын шатанд анх тайлбараар болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “мөнгөний хэрэгцээ гараад хулгай хийсэн юм. Би тэтгэвэрт гарах гээд юм хөөцөлдөх гэтэл 78000 төгрөг тушаах хэрэгтэй болсон. Мөнгөний хэрэгцээ гараад тийшээ орсон, тэгээд хулгай хийсэн юм. Тэр эмэгтэйн цүнх нь цахилгаантай цүнх байсан ба цахилгаан нь онгорхой, дотор нь түрийвч, гар утас хоёр нь харагдаж байсан. Утас нь бараг ил гарчихсан байсан, тэгэхээр нь авчихсан юм. …” гэж тухайн үед хохирогч Ж.Галданг хаана явж байсан талаар болон түүний барьж явсан цүнхний хэв шинж, гадаад байдал, цүнхэн доторх түрийвч, гар утасны байрлал зэргийн талаар тодорхой мэдүүлсэн ба яллагдагчийн мэдүүлэг хохирогч Ж.Галдангийн мэдүүлгээр батлагдсан нь түүнийг хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Хэрвээ мөрдөн байцаалтад эрүүгийн төлөөлөгч нь түүнийг дарамталсан, хилсээр хэрэг тулгасан гэж үзвэл прокурорын шатанд гомдол гаргах эрх байсан бөгөөд шалгагдах хугацаандаа энэ талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, хулгайн гэмт хэрэг үйлдээгүй бол хохирогч Ж.Галданд учирсан хохирлыг мөрдөн байцаалтад өөрөө санаачлан төлөх үндэслэлгүй байсан. Мөн эрүүгийн хэргийг гүйцэтгэх ажиллагааны журмаар илрүүлсэн талаарх бичгийн баримт хэрэгт авагдсан байх ба шүүх материалтай танилцах эрхтэй байдаг. Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Галдан нь "эд зүйлээ алдан хохирсон, шүүгдэгчээс гар утасны хохирлын төлбөрт 1.400.000 төгрөг хүлээн авч, хохирол бүрэн төлөгдөж, нэхэмжлэх зүйлгүй болсон" тухай мэдүүлсэн байдаг. Мөн мөрдөн байцаалтад үнэлгээний байгууллага гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлсэн байхад шүүгдэгч нь хохирогчийн гар утасны төлбөрт 1.400.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Гэтэл шүүх дээрх нотлох баримтуудыг анхааран үзэлгүй орхигдуулж, үгүйсгэсэн талаарх үндэслэлээ цагаатгах тогтоолдоо заагаагүй. Шүүх дээрх үйл баримтыг тодруулан үнэлэлт, дүгнэлт өгөлгүй шийдсэнийг шүүхийн хэлэлцүүлэг хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байх ба улмаар шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх талаарх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй байна. Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Оюун-Ундраагийн хувийн байдлыг тогтооход урьд 8 удаагийн хулгайн гэмт хэргээр шийтгүүлж байсан, үйлдсэн хэргүүд нь ижил төстэй аргаар үйлдэгдсэн, мөн өмчийн эсрэг хулгайн гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэгийг шүүх анхааран үзэж, дүгнэлт хийлгүйгээр түүнд холбогдох хэргийг бүхэлд нь цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 13 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Оюун-Ундраагийн үйлдлийг нотлох баримт хангалтгүй, үйлдэл тогтоогдоогүй гэж үзээд цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэлд “...шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийг зөрчсөн...” гэсэн байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн аль заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Хохирогч “эрэгтэй хүн араас дагаж байгаа байдалтай байсан. Камерийн бичлэгээс харахад хүмүүс шахалцаад гарч байгаа байдалтай байна” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл хохирогч ямар камерийн бичлэг харж мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй, камерийн бичлэг нь хэргийн материалд авагдаагүй байдаг. Прокурор гүйцэтгэх ажлын шугамаар эрүүгийн хэргийг илрүүлсэн гэж яриад байна. Гүйцэтгэх ажлын арга хэмжээ нь өөрөө тодорхой хэмжээнд хуулийн дагуу явуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн ажиллагаа байх ёстой. Тэр ажиллагааг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтойгоор хавтаст хэрэгт авагдаж, шүүх бүрэлдэхүүн гүйцэтгэх ажиллагааны материалтай танилцаж байж ял шийтгэл оногдуулна. Гэтэл гүйцэтгэх ажиллагааны баримт хэрэгт авагдаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэх мэдүүлэг өгсөн, хохирлыг төлж барагдуулж байгааг нотлох баримт гэж үзэж болохгүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зэрэг хуулийн заалтыг зөрчиж байна. Прокурор Б.Оюун-Ундрааг урьд 8 удаа ял шийтгүүлж байсан гээд энэ гэмт хэргийг үйлдсэн гэх байдлаар ял халдаах гээд байх шиг байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байнагэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “энэ хуулийн 40.1/… монгол хэл, бичиг мэддэггүй, … төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан/-д заасан тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, түүнчлэн түүний хүссэнээр буюу зөвшөөрснөөр бусад этгээд өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заажээ.

Мөрдөн байцаалтын үед Б.Оюун-Ундраад ял өөрчлөн сонсгосонтой холбогдуулан Б.Оюун-Ундраагаас байцаалт авахад тэрээр “...гэр бүлийн байдлаас шалтгаалаад өмгөөлөгч авч чадахгүй. Гэхдээ цаашид улсын өмгөөлөгч авах хүсэлтэй байна. ...” /хх-ийн 59 дүгээр хуудас/ гэж мэдүүлснээс үзэхэд Б.Оюун-Ундраа нь төлбөрийн чадваргүй гэдгээ илэрхийлж, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан гэж,

Мөн түүний гарын үсэг зурсан, хэргийн материал танилцуулсан баримт зэрэг дээр бичсэн байдал, боловсролгүй гэсэн биеийн байцаалтаас үзэхэд түүнийг бичиг, үсэг мэддэггүй гэж тус тус үзэхээр байна.

Иймд Б.Оюун-Ундрааг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж,

мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт “Нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан, нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн байх нөхцөл тавигдаж байна.

Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааг хангалттай хийгээгүй, шүүх нотлох баримтанд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгаагүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.  

Иймд камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох, уг бичлэгт үзлэг хийж бэхжүүлэх, уг бичлэгт гарч байгаа хүн нь Б.Оюун-Ундраа мөн эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийх нь зүйтэй.

Прокурор давж заалдах гомдолдоо “...тус эрүүгийн хэргийг гүйцэтгэх ажиллагааны журмаар илрүүлсэн...” гэсэн байх боловч хавтаст хэрэгт гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн эсэх, уг ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан эсэх, уг ажиллагаагаар ямар баримт цуглуулсан, уг баримтыг хэрхэн бэхжүүлсэн талаар тодорхой биш байх тул үүнтэй холбоотой байцаан шийтгэх ажиллагаа явуулж, тодорхой болгох.

Дээрх үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Оюун-Ундраад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов.