| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0969/Э |
| Дугаар | 988 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 988
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
хохирогч Н.Д,
шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн О.Т-т холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М овгийн О.Т , Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “Бетон толь” ХХК-нд өнгөлгөөчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................. дүүргийн ........ дугаар хороо, ...............дугаар гудамжны ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээс 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
2.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай шийтгэл тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай захирамжаар 11 сар 03 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, /РД:................../.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ..................дүүргийн ............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Баруун баян уулын 15-7 тоотод “мөнгөнөөс шалтаглан маргалдаж” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Д-ын нуруу толгойн тус газруудад хуванцар сандлаар цохиж, толгойгоор нь шал мөргүүлэн зодон түүний эрүүл мэндэд хэлний шарх, духны зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, хүзүү, баруун бугалга, тохой, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хохирогч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: О.Т-тай 2012 оноос хойш хамтран амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй. 2015 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Т ахынд очсон. Очиход эхнэр нь ганц пиво аваад өгөөч гэхээр нь авч өгөөд хамт уусан. Ингээд 2 литрийн 4 ширхэг пиво гурвуулаа хувааж уусан. Т манай ахаас мөнгө зээлсэн байсан тул уг мөнгийг түүнээс нэхэж би уурласан. Тэгтэл Т намайг алгадаж үсдээд, шал мөргүүлж, сууж байсан хуванцар сандлаараа толгой руу цохисон. Миний эрүүл мэндэд учирсан гэмтлийг Т учруулсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Н.Д-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:
“...Би хамтран амьдрагч Т-тай 2012 онд танилцаж нэг гэрт орсон, дундаасаа 2 хүүхэдтэй. Манай том хүүхэд 5 настай, бага хүүхэд 2 настай. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Бид одоо ..................дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10 дугаар гудамжны 16 тоотод оршин сууж байгаа юм. Бид хоёр саяхан тухайн хаягандаа нүүж очсон. Тухайн хаяганд нүүж очихоосоо өмнө ..................дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 13-45 тоотод айлын хажуу өрөөг түрээслэж байсан. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 06-ны орой ..................дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 15-7 тоотод байрлах хамаатны эгч болох Сын гэрт нь очсон. Тэгээд тухайн орой нь Т, С бид гурав хамтдаа 4 ширхэг том савалгаатай пиво аваад 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө буюу үүрийн 04 цаг хүртэл хувааж уусан. Тэгээд пивыг ууж дуусаад Т-т хандаж “ах болох Мягмараас манай ахын мөнгийг авч өгөөч” гэж хэлээд бид хоорондоо мөнгөний асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад уурлаад Т-ыг нүүр рүү алгадаж хамар руу нь цохисон. Тэгтэл Т уурлаад миний үснээс зулгааж, хоолой боож, нүүр рүү гараараа алгадаж, гар руу цохиж бас хуванцар сандлаар цохиж зодсон. Тухайн үед хажууд С байсан. С салгаад би хутга аваад амиа хорлоно гэтэл Т над руу дайрахаа болиод миний хутгыг булааж аваад далд хийсэн. Бид 2 маргалдахаа больсон юм. Тэгээд Т унтаад өгсөн. Надаас уучлалт гуйхгүй болохоор нь би цагдаа дуудаж Тыг барьж өгсөн. Тын ахад зээлсэн мөнгөө Таас нэхэж бид хоёр мөнгөний асуудлаас болж маргалдаад түүнийг алгадсан. Тухайн үед Т бид хоёр согтуу байсан. Намайг өмнө нь Т цохиж зодож байгаагүй, гэхдээ маргалдах асуудал гарч байсан. Тухайн үед намайг цохиж зодож байхыг Саас өөр хүн хараагүй...” гэх мэдүүлэг [1],
2.Гэрч С.Сын хэрэг бүртгэлтэд 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“...2018 оны 5 дугаар сарын 06-ны орой 23 цаг өнгөрч байхад дүүргийн ............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .................... тоот гэртээ 2 хүүхдийнхээ хамт байж байтал гаднаас манай нөхрийн дүү болох Т, түүний эхнэр Д нар пиво барьсан ирсэн. Бид хамтдаа тэр хоёрын авчирсан 2,5 литрийн савалгаатай том пивоноос 4 ширхэгийг уусан. Тухайн үед цаг үүрийн 5 цаг болж байсан. Би хүүхдийнхээ хамтаар унтлагын өрөөнд ороод зүүрмэглэсэн байсан. Нэг мэдэхэд гал тогооны өрөөнд хүмүүс орилолдоод байхаар нь яваад ортол Д Тыг зээлсэн мөнгөө олж өг гээд алгадаад байсан. Тэгтэл Т уурлаад гараараа Дын нүүр рүү алгадаж, үснээс нь зулгааж хуванцар сандал барьж аваад Дыг цохихоор нь би боль гээд урдуур нь орж хаасан. Сандлаар Д-ын мөр хавьцаа цохисон. Би тэднийг больцгоо гээд салгахад Т өрөөнөөс гараад явсан. Д-тай гал тогооны өрөөнд үлдэж хэсэг юм ярьж байгаад унтсан. Намайг унтаж байтал хаалга дуугарахаар нь босоод хартал Д цагдаа дуудчихсан, цагдаа нар Тыг аваад явсан...” гэх мэдүүлэг [2],
3.О.Т-ын мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...би Дтай 2012 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд бид дундаасаа 2 хүүхэдтэй, манай том хүүхэд 5 настай, бага хүүхэд 2 настай юм. Д бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд одоогоор 2 хүүхдийнхээ хамт ..................дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10 дугаар гудамжны 16 тоотод амьдарч байна. 2018 оны 5 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Д-ын хамт гэртээ байж байтал манай хадам аав ирсэн. Д бид хоёр гэрээсээ гарч ..................дүүргийн ............. дүгээр хороо, ...........15-7 тоотод түр түрээсээр оршин сууж байсан С эгчийн гэрт нь очсон. Бид хоёрыг очиход С 2 хүүхэдтэйгээ байсан. Тухайн үед Д бид хоёр гаднаас Сын гэрт нь орохдоо пиво авч орсон. Бид гурав 2 ширхэг том савалгаатай пиво хувааж уусан. Ууж байсан пивоо дуусахаар нь дахиад нэг пиво авч уусан. Тэгээд шөнө нь буюу үүрийн 04 цагийн үед Д согтчихоод манай ахад зээлсэн мөнгөө надаас нэхээд байхаар нь би уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. Би тухайн үед согтуу байсан учраас болсон явдлаа сайн санахгүй байна. Маргалдаж байгаад хуванцар сандлаар 2 удаа Д-ыг цохисон. Бас түүнийг шал мөргүүлсэн. Би тэгээд унтсан. Маргааш өглөө нь намайг унтаж байхад Д цагдаа дагуулаад орж ирсэн. Би өмнө нь Дыг цохиж, зодож байгаагүй. Харин бид хоёрт гэр бүлийн маргаан байсан.
Би одоо хувийн бригадтай барилгын ажил эрхэлж байгаа. Бид бригадаараа шал өнгөлөх ажил хийдэг. Би Дыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг [3],
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5945 тоот:
“...1.Н.Дын биед хэлний шарх, духны зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, хүзүү, баруун булгалга, тохой, зүүн тохой, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. /шинжээч Т.Амартүвшин/...” гэсэн дүгнэлт [4],
4...................дүүргийн ...............дугаар хорооны тодорхойлолт [5], Аюулын зэргийн үнэлгээний маягт [6],
5.О.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа[7], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [8], Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [9], Т-ын Г.ын төрсний гэрчилгээний хуулбар [10], “Бетон толь” ХХК-ийн тодорхойлолт [11] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Тт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч О.Т-т холбогдсон эрүүгийн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Т нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ..................дүүргийн ............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Баруун баян уулын 15-7 тоотод хамтран амьдрагч Н.Д-тай “мөнгөнөөс болж маргалдан”, улмаар Н.Д-ыг алгадах, үснээс нь зулгаах, шал мөргүүлэх, сандлаар цохих зэргээр шууд санаатай үйлдлээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хэлний шарх, духны зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, хүзүү, баруун булгалга, тохой, зүүн тохой, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-хохирогч Н.Д-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...тухайн орой нь Т, С бид 3 хамтдаа 4 ширхэг том савалгаатай пиво аваад 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө буюу үүрийн 04 цаг хүртэл хувааж уусан. ...би Т-т хандаж чи одоо ах Мягмараасаа манай ахын мөнгийг авч өгөөч гэж хэлээд бид 2 хоорондоо мөнгөний асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Би маргалдаж байгаад уурлаад Т-ыг нүүр рүү нь алгадаж хамар руу нь цохисон. Тэгтэл Т уурлаад миний үснээс зулгааж, хоолой боож, нүүр рүү гараараа алгадаж, гар руу цохиж бас хуванцар сандлаар цохиж зодсон. ...С салгасан....” гэх мэдүүлэг [12],
-Гэрч С.С-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “... 2018 оны 5 дугаар сарын 06-ны орой 23 цаг өнгөрч ...Т, түүний эхнэр Д нар нь пиво барьсан ирсэн. Бид нар хамтдаа тэр хоёрын авчирсан 2,5 литрийн савалгаатай том пивоноос 4 ширхэгийг уусан. ...нэг мэдэхэд гал тогооны өрөөнд хүмүүс орилолдоод байхаар нь яваад ортол Д Т-ыг зээлсэн мөнгөө олж өг гээд алгадаад байсан. Тэгтэл Т уурлаад гараараа Д-ын нүүр рүү алгадаж, үснээс нь зулгааж хуванцар сандал барьж аваад Д-ыг цохихоор нь би боль гээд урдуур нь орж хаасан. ...” гэх мэдүүлэг [13],
- О.Т-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Д бид хоёр гаднаас Сын гэрт нь орохдоо пиво авч орсон, бид гурав 2 ширхэг том савалгаатай пиво хувааж уусан. Ууж байсан пивоо дуусахаар нь дахиад нэг пиво авч уусан. Тэгээд шөнө нь буюу үүрийн 04 цагийн үед Д согтчихоод манай ахад зээлсэн мөнгөө надаас нэхээд байхаар нь би уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. ...Маргалдаж байгаад хуванцар сандлаар 2 удаа Д-ыг цохисон. Бас түүнийг шал мөргүүлсэн. ...Дыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...[14] гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5945 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч Н.Д, шүүгдэгч О.Т нар нь хамтдаа архидан согтуурсан байх бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтуурал, таарамжгүй харилцаа, бие биенээ үл хүндлэх байдал зэрэг нь нөлөөлсөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч О.Т, Н.Д нар нь гэрлэлтээ батлуулаагүй ч, 2012 оноос хамтран амьдарч байх ба шүүгдэгч О.Т нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Н.Д-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.Т нь хохирогч Н.Д-ын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Н.Д нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “шүүгдэгч О.Т нь гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй, тодорхой эрхэлсэн ажилтай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан ба шүүгдэгч О.Т нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Т нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2 удаа ял шийтгэгдэж байсан байх ба сүүлд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай шийтгэл тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 11 сар 03 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх тул эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Т-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, “Бетон толь” ХХК-нд 1.200.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан үзэж, түүнийг 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
3.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн О.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 (долоон зуун тавь мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 180 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Н.Д нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч О.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[2] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.
[3] Хавтаст хэргийн 94-95 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 80-83 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 42 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.
[9] Хавтаст хэргийн 51-53 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 47 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 103 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[13] 30-31 дүгээр тал.
[14] Хавтаст хэргийн 94-95 дугаар тал.