Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1011

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч О.Сэргэлэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Ц.О,

шүүгдэгч А.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2186/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А Б- т холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт А Б, Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдөр .......... аймгийн ........... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ...... дүүргийн ........ дугаар хороо, ......... дугаар гудамжны .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тус хорооны .......... дугаар гудамжны ........ тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаа хасч, 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгасан баримтаар/. РД:.........

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......... дүүргийн ......... дугаар хороо ......... ......... тоотод оршин суух иргэн Т.М-ын гэрийн гадна 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз Ц.О-тай маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүйтэн зэвсэг болох хутгыг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:

 

1. Шүүгдэгч А.Б-оос: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

2.Хохирогч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр А.Б-ын гэрт орсон. Бид хоёр түлээний модонд явна гэж яриад гарсан. Тэгээд М бид гурав хамт пиво уусан. Тэгтэл А.Б-ын эхнэр ирсэн ба дахин нэг шил архи, пиво авч уусан. А.Б, М хоёр нилээн согтсон. А.Б дахиад нэг юм ууя гэхээр нь би одоо хэрэггүй гэсэн. Тэгээд М, А.Б бид гурав гадаа тамхи татаад байж байгаад М-г А.Б-ыг гэрт нь оруулаад өгчих гэсэн. Түүнийг гэрт нь оруулж өгөөд гарч ирэхэд араас нь А.Б хутга бариад  гараад ирсэн. Би А.Б-ын хутгатай гарыг бариад унасан. Босч ирэхэд нь түүний хутгыг дарж унагаасан. Тэгтэл гэмтэл учирсан байсан. Би хагалгаанд орсон, дараа нь Натур төвийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Хохиролд 1.000.000 төгрөг хүлээн авсан. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0394 11120 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Ц.О-ын мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 27-нд өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг өнгөрч байхад эхнэр Ариунжаргалыг хүргэж өгөөд Бынд очоод түүнтэй хамт Сонсголонгийн “Best буйдан” орж шуудайтай мод  авах гэж гарсан. Б бид хоёр Мынд очсон. Бид гурав мод авах гээд явсан. Бид гурав шуудайтай модоо аваад М, Б-ын өмнө ажилладаг байсан Нуурын тэнд байдаг нэг залуугийнд шуудайтай моднуудаа буулгасан. Тэгээд Нуурын тэндэх дэлгүүрээс 1 сав 2,5 литрийн Нийслэл пиво аваад М-ынд уусан. Тэгээд Бынд 1 сав 2,5 литрийн “Нийслэл” пиво уугаад байж байтал Д орж ирсэн. Тэгээд байж байтал Д, Б хоёр дэлгүүр явж 1 шил 0,75 литрийн “Хараа”, 2,5 литрийн “Нийслэл” пиво авж ирээд “Нийслэл” пивоо ууж дууссан. Би чихрийн шижин өвчтэй болохоор архинаас уугаагүй. Харин М, Б хоёр нилээн уусан. Тэгээд байж байтал гаднаас эхнэрийнх нь найз хүүхэдтэйгээ орж ирсэн. Тэгсэн тэр эмэгтэйн хүүхдийн гарнаас нь бариад үнсье гэж хэлсэн  чинь тэр хүүхэд согтуу хүнээс айсан байсан болохоор би Б-ыг “чи мэдрэл юм уу, алив явъя” гээд шилэн хүзүүнээс нь базаад гаргасан. Тэгээд гадаа М, Б бид гурав машины ард тамхи асаагаад ярьж байх үед 21 цаг өнгөрч байсан. Тэгээд гадаа нилээн зогсож байхад Б нэг шил архи уумаар байна гэхэд түүний эхнэр “одоо болио, маргааш машинаа авч гарч ачаа ачиж хэдэн төгрөг ол” гэж хэлж байсан. Б-ын эхнэр тэгэж хэлэхээр нь би М-ыг Б-ыг аваад орж унтуул гээд явуулсан чинь Б гэр дотор хөргөгчин дээрээсээ нэг юм аваад гэрч ирэхээр нь би харсан. Тэгэхэд гадаа харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгээд Б над дээр ирээд надтай юм яриагүй. Миний хэвлий рүү хоёр удаа хутгаараа чичихээр нь би Бын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиж унагаасан. Тухайн үед би Б-ын хутгатай гарнаас нь барьж унагаасан болохоор Б унаад босч ирэхдээ тухайн хутгаараа миний хэвлий хэсэг рүү нэг удаа дүрчихсэн юм. Тэр үед би хутгалсан гэдгийг нь мэдээгүй. Миний хэвлий хэсэг час гээд өвдөхөөр нь би гараараа дараад хартал миний гарын алга цус болчихсон байсан. Тэгээд байж байтал М, Бын эхнэр болох П нар Б-ыг дарж унагаагаад түүнийг гэрлүүгээ оруулсан. Бын эхнэр П миний гэдсийг боож өгсөн. Би Д, М нартай хамт Гэмтлийн эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг [1],

 

2. Гэрч Т.М-ын мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 21-нд өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны өглөө гэртээ унтаж байсан чинь О, Б нар орж ирээд “цуг модонд явъя” гэж хэлээд намайг дагуулж гараад Я...... байрлах “Best буйдан” руу очиж шуудайтай мод аваад эхэлж манайд буулгаад, дараа нь О-ынд, тэгээд Б болон .........дүүргийн ............ дугаар хороонд байрлах ...... нэг айлд бас мод буулгасан. Нуурын айлаас гараад нэг дэлгүүрээс 2,5 литрийн багтаамжтай “Нийслэл” гэсэн бичиглэлтэй пиво нэг савыг аваад манайд очиж уусан. О, Б бид 3 нөгөө пивоо ууж байхад гаднаас Д орж  ирээд Бын хамт дэлгүүр яваад 2 сав 2,5 литрийн багтаамжтай “Нийслэл” гэсэн бичиглэлтэй пиво авчирч ууж дууссан. Б, Д, О бид дөрөв манайд пиво ууж байхад Бын эхнэр Улаанаа орж ирээд “та 4 манайд ороод уу, Боо зүгээр ууж байхаар ядахдаа гэртээ орж толгойгоо хуйхлангаа уу л даа” гэж хэлэхээр нь бид 4 Б-ын гэрт орж уусан. Тэгээд Б, Д 2 дахиад дэлгүүр яваад 1 шил 0,75 литрийн багтаамжтай “Хараа” гэсэн бичиглэлтэй архи, мөн 2,5 литрийн “Нийслэл” гэсэн бичиглэлтэй пиво 1 савыг авчирсан. Тэдгээрийг ууж дуусаад Д гэр рүүгээ орсон. Би гэрийн хажуу талд 3 хүүхэдтэй тоглож байсан чинь О, Б хоёр хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгж байтал О намайг Б-ыг гэрт нь оруулж унтуул гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Б-ыг гэрийнх нь хаалгаар оруулж өгөх гээд ард нь алхсан. Тэгтэл Б гэр рүүгээ орчихоод буцаж гараад надтай зөрөөд явсан. Би тэр үед нэг их юм бодоогүй хүүхдүүдтэй тоглоод байж байтал О, Б хоёр орилолдоод эхэлсэн юм. Тэгэхээр нь би юу болов, яав гээд очсон чинь Б хутга барьсан байхаар нь би дарж унагаагаад хутгыг нь авсан. Тэгэхэд О нь хутгалуулсан байсан. Би О-ыг Б хутгалж байхыг хараагүй. Бын гарт хутга байхаар нь дарж хэвтүүлсэн хойноо О-ыг хутгалуулсныг мэдсэн. Тэгээд Д бас гэрээсээ гарч ирээд надтай хамт О-ыг эмнэлэг рүү дагуулж явсан. Тухайн үед Б, О бид гурав гэрийн гадаа, харин гэрт О-ын эхнэр П, эхнэрийнх нь найз эмэгтэй болох Ундрах болон Бын хүүхдүүд байсан. О, Б нар надаас зайдуу газар хоорондоо юм яриад зогсож байсан. Би Быг гэрээсээ хутга аваад гарч байхыг хараагүй. О, Б нар өмнө нь хоорондоо маргалдаж байгаагүй. Би тухайн үед О, Б нарыг хоорондоо тоглож л байна гэж харсан...” гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч М.Уын мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 21-нд өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр найз болох Баянхошууны 13-12 тоотод амьдардаг П-гийн гэрт орой 21 цаг болж байхад ороход П, түүний нөхөр Б, М, Д, О, А нар архи уусан бололтой сууж байсан. Тэгтэл О Быг хоёулаа гадаа гарч юм яръя гэж хэлээд дагуулаад гарсан. Удалгүй Б гаднаас уурлаад орж ирэхдээ “О миний хамар руу цохьчихлоо” гэж хэлж байснаа буцаад гараад явсан. Тэгтэл удалгүй гадаа хүүхдүүд орилж уйлахаар нь би гэрээс гараад хартал байшингийн урд О “намайг хатгачихлаа шүү дээ, тоглож байна гэж бодсон чинь” гээд гэрт ороод “миний шархан дээр хөвөн шатаагаад тавьчих” гэж хэлсэн. Бын эхнэр тамедины уусмалаар шавшсан. Тэгэхэд цус нь нэвтрээд байсан. Тэгэхээр нь О-г М, Д нар Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед Б нилээн согтуу байсан. О харин ухаантай байсан. Гэхдээ архи уусан байсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Б нь миний найз П-гийн нөхөр бөгөөд О-г би сайн танихгүй, зүс мэднэ...” гэх мэдүүлэг [3],

 

4. Гэрч О.Д-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 21-нд өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны орой Бын гэрт орж 2 шил “Хараа” гэсэн бичиглэлтэй 0,75 литрийн архийг М, Б, О нарын хамт хувааж уусан. Тэгээд 2 шил архиа ууж дуусаад гэртээ ороод гал түлээд байж байхад гаднаас Бын том охин болох Гантуяа нь орж ирээд “аав О-ыг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би гэр рүү нь очсон. Тэгэхэд О, Б нар гэртээ орсон байсан. Би О-ын цусыг түр тогтоолгоод М-тай хамт Оыг зам руу авч гараад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Намайг гэрт нь ороход Б гэрийнхээ хойд талын орон дээр суучихсан шоконд орсон байдалтай байсан. Тухайн үед юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй. Намайг тэдний гэрээс гарахад ямар ч байсан инээж хөхрөөд л байж байсан. О-ыг Б хутгалах үед би хамт байгаагүй. Сүүлд Б-ын охин орж ирж хэлэхээр нь би мэдсэн...” гэх мэдүүлэг [4],

 

5. А.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 25-нд өгсөн:

“...Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 20-ны өглөө О намайг гэртээ унтаж байхад манайд орж ирээд “цуг юманд яваад өгөөч” гэж хэлэхээр нь “2 дахь өдөр миний машин явдаггүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл О “дугаарын хязгаарлалт байхгүй замаар явж очоод шуудайтай моднуудаа аваад ирье” гэж хэлэхээр нь би хөрш айлын найз болох М-ыг дуудаад О, М бид гурав С........... байрлах Вest буйдангийн үйлдвэрээс очиж шуудайтай моднуудаа авсан. О, М бид нар гэр, гэртээ шуудайтай модоо хувааж буулгачихаад манай гэрт очоод 2 сав 2,5 литрийн хэмжээтэй Нийслэл гэсэн бичиглэлтэй пиво авч гурвуулаа хувааж уусан. Тэгж байтал гаднаас манай найз болох Д орж ирээд буцаж гараад, орж ирэхдээ 2 сав 2,5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво авчирсан. Түүнийг нь бид дөрөв хувааж уучихаад Д бид хоёр 0,75 литрийн хэмжээтэй Хараа гэсэн бичиглэлтэй архи аваад гэрт очсон. Д, М бид гурав хувааж уучихаад би О-тай ноцолдоод байж байсан. О бид хоёр бие биенийхээ шилэн хүзүүг чанга базаад байсан. Тэгээд би От хандан “нэг шил архи уучихъя” гэж хэлэхэд О миний нүүр хэсэг рүү 2 удаа цохихоор нь миний уур хүрээд айлгах зорилготой гэрийн хөргөгчин дээр байсан шар өнгийн иштэй хутгыг аваад О дээр очоод наанаас нь түүний хэвлий хэсэг рүү хоёр удаа айлгахаар чичсэн юм. Тэгсэн О намайг цохиод унагаасан. Тэр үед би О-ыг  хутгалчихсан байсан. Тэгээд би цохиулаад унах үедээ анзаараагүй. Босож ирээд чичих гээд хутгаа барьсан байхад О гэдсээ барьчихсан цус болчихсон байхаар нь тэр үед өөрийгөө О-ыг хутгалсан байна гэдгээ мэдээд хойшоо ухартал намайг М болон манай эхнэр П нар дараад унагаасан. Тэгтэл О над дээр ирээд “яаж байгаа хулгайч вэ, ийшээгээ орчихсон байна шүү дээ” гээд миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. М, О бид гурав гэрийн гадаа, харин гэрт манай эхнэр П, эхнэрийн найз эмэгтэй Ундрах нар байсан. Тухайн үед намайг Отай ноцолдоод тоглож байх үед М байсан. Тухайн үед О бид хоёр хоорондоо маргалдсан асуудал байхгүй. Өмнө нь ч гэсэн  хоорондоо маргалдаж байгаагүй. Бид багын найзууд юм. Би тухайн хутгаар Оыг айлгах зорилготой авч гарсан. Намайг гэрээс хутга аваад гарахыг манай эхнэр П харсан...” гэх мэдүүлэг [5],

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11100  тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Хэвлийн голын шугамаар 12см урттай мэс заслын оёдол бүхий шархтай.

Амбулаторын картнаас: 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Цэргийн төв эмнэлэгт хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх оношоор яаралтай журмаар мэс засал хийгдсэн, хэвлийн голын шугамаар зүслэг хийн, хэвлийн хөндийд хурсан цусыг угаах, урсгуур гуурс тавих мэс засал хийгдсэн, биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гаргав гэжээ. 

ДҮГНЭЛТ:

1.Ц.О-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ц.Оюун-Эрдэнэ/...” гэсэн дүгнэлт [6],

 

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5089 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн бор модон иштэй хутганаас гарын мөр илрээгүй. /ахлах шинжээч Э.Сүхболд/...” гэсэн дүгнэлт [7],

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8899 тоот дүгнэлтэд:

1 Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх урт 25.5 см, ажлын хэсэг 13,5 см, иш 12 см бор иштэй хутга дээр цус илэрсэн. Илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” /шинжээч Б.Оргил/ гэсэн дүгнэлт [8],

 

9. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 10 минутаас ........... дүүргийн ........... дугаар хороо, .......... тоотод буюу хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [9] ,

 

10. Эд мөрийн баримт болох хутгыг ........ дүүргийн ........ дугаар хороо, ........ тоотын нойлд хаясан байхыг олж тогтоон эд мөрийн баримтаар хураасан тухай мөрдөгчийн илтгэх хуудас [10] ,

 

11. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Ц.О-ыг хутгалсан гэх хутганы урт нь 25.7 см, ажлын хэсгийн өргөн нь дунджаар 2.5 см, ажлын хэсгийн урт 13.5 см хэмжээтэй бор модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [11],

 

12. Хохирогч Ц.О-ын цэргийн төв эмнэлэгт 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн “өвчний түүх”-ийн хуулбар [12],

 

13. Шүүгдэгч А.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [13], урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгасан хуудас [14], ...... дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын гомдол мэдээлэл, гэмт хэрэг зөрчлийн талаарх сангаас А.Б-ын талаар авсан лавлагаа [15] Оршин суугаа хаягийн тодорхойлолт [16], Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын А.Б-ын нэр дээр хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа [17], Авто тээврийн үндэсний төвийн А.Б-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа [18] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч А.Б нь хүйтэн зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж байгаа. Гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Хохирогчтой хоорондоо маргалдаагүй боловч хүний эрүүл мэндэд санамсар болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан байна. Гэхдээ санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг гэдэгт маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч А.Б нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч А.Б болон хохирогч Ц.О нь урьдын найз нөхдийн харилцаатай, мөн хөрш залгаа амьдардаг байх бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо Баянхошууны 13-12 тоот өөрийн гэртээ шүүгдэгч А.Б нь хохирогч Ц.О болон хөрш залгаа амьдардаг иргэн Т.М, О.Д нарын хамтаар дөрвүүлээ архидан согтуурч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар шүүгдэгч А.Б нь хохирогч Ц.О-ыг дахин нэг шил архи ууя гэхэд нүүрэнд цохилоо гэх шалтгаанаар гэртээ орж хөргөгчин дээр нь байсан ахуйн хэрэглээний хутгыг авч, гэрээсээ гарч ирэн хохирогч Ц.О-ыг хутгалж, түүний биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

-хохирогч Ц.О-аас мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ...нуурын тэндэх айлын хажуу дэлгүүрээс 1 сав 2,5 литрийн “Нийслэл” гэсэн бичиглэлтэй пиво аваад Мынд уусан юм. Тэгээд Бынд 1 сав 2,5 литрийн “Нийслэл” пиво уугаад байж байтал Д орж ирсэн. ...Д, Б хоёр дэлгүүр явж 1 шил 0,75 литрийн “Хараа”, 2,5 литрийн “Нийслэл” пиво авж ирээд “Нийслэл” пивоо ууж дууссан. ...М, Б хоёр нилээн уусан. Тэгээд гадаа М, Б бид гурав машины ард тамхи асаагаад ярьж байх үед 21 цаг өнгөрч байсан. ...гадаа нилээн зогсож байхад Б “нэг шил архи уумаар байна” гэсэн. ...би Мыг Быг аваад орж унтуул гээд явуулсан чинь Б гэр дотор хөргөгчин дээрээсээ нэг юм аваад гэрч ирсэн. ...Б над дээр ирээд надтай хамт юм яриагүй. Намайг хоёр удаа хэвлий рүү хутгаараа чичихээр нь би Бын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиж унагаасан. Тухайн үед би Бын хутгатай гарнаас нь барьж унагаасан болохоор Б унаад босч ирэхдээ тухайн хутгаараа миний хэвлий хэсэг рүү нэг удаа дүрчихсэн юм. ...Миний хэвлий хэсэг час гээд өвдөхөөр нь би гараараа дараад хартал миний гарын алга цус болсон байсан. Тэгээд байж байтал М, Бын эхнэр болох П нар Быг дарж унагаагаад түүнийг гэрлүүгээ оруулсан. ...” гэх мэдүүлэг [19],    

 

-гэрч Т.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2018 оны 8 дугаар сарын 20-нд ... Б болон .......... дүүргийн ........ дугаар хороонд байрлах ......... нэг айлд бас мод буулгачихаад ....... айлаас гараад нэг дэлгүүрээс 2,5 литрийн багтаамжтай “Нийслэл” пиво нэг савыг аваад манайд очиж уусан. О, Б бид 3 нөгөө пивоо ууж байхад гаднаас Д орж  ирээд Бын хамт дэлгүүр яваад 2 сав 2,5 литрийн багтаамжтай “Нийслэл” гэсэн бичиглэлтэй пиво авчирч ууж дууссан. Б, Д, О бид дөрөв манайд пиво ууж байхад Бын эхнэр Улаанаа орж ирсэн. Тэгээд ...бид 4 Бын гэрт орж уусан. Б, Д  хоёр дахиад дэлгүүр яваад 1 шил 0,75 литрийн багтаамжтай “Хараа” гэсэн архи, мөн 2,5 литрийн “Нийслэл” пиво 1 савыг авчирсан. Тэдгээрийг ууж дуусаад Д гэр рүүгээ орсон. ... Тэгж байтал О намайг Быг гэрт нь оруулж унтуул гэсэн. Тэгэхээр нь би Быг гэрийнх нь хаалгаар оруулж өгөх гээд ард нь алхсан. Тэгтэл Б гэр рүүгээ орчихоод буцаж гараад надтай зөрөөд явсан. Би тэр үед нэг их юм бодоогүй хүүхдүүдтэй тоглоод байж байтал О, Б хоёр орилолдоод эхэлсэн юм. Тэгэхээр нь би юу болов, яав гээд очсон чинь Б хутга барьсан байхаар нь би дарж унагаагаад хутгыг нь авсан. Тэгэхэд О нь хутгалуулсан байсан. ...Бын гарт хутга байхаар нь дарж хэвтүүлсэн хойноо Оыг хутгалуулсныг мэдсэн....” гэх мэдүүлэг [20],

 

-гэрч М.У-ын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр найз болох ...Пгийн гэрт орой 21 цаг болж байхад ороход П, түүний нөхөр Б, М, Д, О, А нар архи уусан бололтой сууж байсан. О Быг хоёулаа гадаа гарч юм яръя гэж хэлээд дагуулаад гарсан. Удалгүй Б гаднаас уурлаад орж ирэхдээ “О миний хамар руу цохьчихлоо” гэж хэлж байснаа буцаад гараад явсан. ...хүүхдүүд орилж уйлахаар нь би гэрээс гараад хартал байшингийн урд О “намайг хатгачихлаа шүү дээ, тоглож байна гэж бодсон чинь” гэсэн....” гэх мэдүүлэг [21],

 

-гэрч О.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны орой Бын гэрт орж 2 шил “Хараа” гэсэн 0,75 литрийн архийг М, Б, О нарын хамт хувааж уусан. 2 шил архиа ууж дуусаад гэртээ ороод гал түлээд байж байхад гаднаас Бын том охин Гантуяа нь орж ирээд “аав Оыг хутгалчихлаа” гэж хэлсэн. ...Намайг гэрт нь ороход Б гэрийнхээ хойд талын орон дээр суучихсан шоконд орсон байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг [22],

 

-А.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...О, М бид ...манай гэрт очоод 2 сав 2,5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво авч гурвуулаа хувааж уусан. Тэгж байтал гаднаас манай найз болох Д орж ирээд ...орж ирэхдээ 2 сав 2,5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво авчирсан. Түүнийг нь бид дөрөв хувааж уусан. Дахин Д бид хоёр 0,75 литрийн хэмжээтэй Хараа гэсэн архи аваад гэрт очсон. Д, М бид гурав хувааж уусан. ...би От хандан “нэг шил архи уучихъя” гэж хэлэхэд О миний нүүр хэсэг рүү 2 удаа цохихоор нь миний уур хүрээд айлгах зорилготой гэрийн хөргөгчин дээр байсан шар өнгийн иштэй хутгыг аваад О дээр очоод наанаас нь түүний хэвлий хэсэг рүү хоёр удаа айлгахаар чичсэн юм. Тэгсэн О намайг цохиод унагаасан. Тэр үед би О-ыг хутгалчихсан байсан. ...Босож ирээд чичих гээд хутгаа барьсан байхад О гэдсээ барьчихсан цус болсон байхаар нь тэр үед өөрийгөө О-ыг хутгалсан байна гэдгээ мэдээд хойшоо ухарсан. ...намайг М болон манай эхнэр П нар дараад унагаасан. ..О над дээр ирээд “яаж байгаа хулгайч вэ, ийшээгээ орчихсон байна шүү дээ” гээд миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. ...Би тухайн хутгаар Оыг айлгах зорилготой авч гарсан. Намайг гэрээс хутга аваад гарахыг манай эхнэр П харсан...” гэх мэдүүлэг [23],

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11100  тоот дүгнэлт[24],

 

-2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 10 минутаас ...... дүүргийн ....... дугаар хороо, .......... тоотод буюу хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [25] , 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Ц.О-ыг хутгалсан гэх хутганы урт нь 25.7 см, ажлын хэсгийн өргөн нь дунджаар 2.5 см, ажлын хэсгийн урт 13.5 см хэмжээтэй бор модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [26], Хохирогч Ц.О-ын цэргийн төв эмнэлэгт 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн “өвчний түүх”-ийн хуулбар [27] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Б-ын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад баримтаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.Б нь   согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.   

 

Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ хохирогч Ц.О-ыг нүүрэнд цохилоо гэх шалтгаанаар түүнийг айлгах зорилготой хоёр удаа хутгаар чичсэн боловч Ц.О намайг цохиод унагаасан. Тэр үед би Оыг хутгалчихсан байсан гэж, хохирогч Ц.О-аас шүүхийн хэлэлцүүлэгт “...Би А.Б-ын хутгатай гарыг бариад унасан, босч ирэхэд нь хутгыг нь дарж унагаасан, тэгтэл гэмтэл учирсан байсан....” гэж тус тус мэдүүлэх боловч А.Б нь гэр рүүгээ орж хөргөгчин дээрээсээ хутга авсан идэвхитэй үйлдэл, улмаар хохирогч Ц.О дээр очиж түүн рүү хутгаараа чичилж хутгалсан үйлдэл нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх боломжгүй.

Мөн Эрүүгийн хуульд зааснаар “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч А.Б нь нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг буюу нийт урт нь 25.7 см, ажлын хэсгийн өргөн нь 2.5 см, ажлын хэсгийн урт 13.5 см хэмжээтэй бор модон иштэй хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд прокуророос шүүдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч А.Б-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан газрыг иргэн Т.М-ын гэрт болсон гэж бичсэн байх боловч шүүх хуралдааны явцад тодруулахад Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо Баянхошууны 13-12 тоот нь шүүгдэгч А.Б-ын эзэмшлийн хашаа болон гэр болох нь тогтоогдсон тул шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О-ын бие махбодид хүнд хохирол учирсан ба хохирогч Ц.О нь эмчилгээний зардал нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч А.Б нь хохирогчид 1.000.000 төгрөг нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд харилцан мэдүүлсэн ба, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Иймд шүүгдэгч А.Б нь энэ тогтоолоор хохирогч Ц.О-т төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах нь эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэхь  заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн энэ хэрэгт хохирогчийн зүй бус ажиллагаа байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч А.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр 1 удаа ял шийтгэгдэж байсан байх боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хор уршгийн зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Б нь мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг түүнд хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт урт нь 25.7 см, ажлын хэсгийн өргөн 2.5 см, ажлын хэсгийн урт 13.5 см хэмжээтэй бор модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б-ыг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.О-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт урт нь 25.7 см, ажлын хэсгийн өргөн 2.5 см, ажлын хэсгийн урт 13.5 см хэмжээтэй бор модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       Г.МӨНХЗУЛ

 

                                                                        Л.БААТАР

 


[1] Хавтаст хэргийн 11-13 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 28-30 дүгээр тал.

[3] хавтаст хэргийн 31-32 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 38-39 дугаар тал.

[5] хавтаст хэргийн 96-98 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[7] хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[8] хавтаст хэргийн 25 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 3-7 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[12] хавтаст хэргийн 44-55 дугаар тал.

[13] хавтаст хэргийн 57 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 66 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 69-71, 81-83 дугаар тал.

[16] хавтаст хэргийн 61 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 63 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 11-13 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 28-30 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 31-32 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 38-39 дугаар тал.

[23] хавтаст хэргийн 96-98 дугаар тал.

[24] хавтаст хэргийн 16 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 3-7 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[27] хавтаст хэргийн 44-55 дугаар тал.