Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2016/00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
 
          Нэхэмжлэгч:  А.С- ийн нэхэмжлэлтэй
 
          Хариуцагч: Э ТББ-д холбогдох 

          Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Туяа, хариуцагчийн төлөөлөгч Д.Отгончулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ТӨХ-ны гүйцэтгэх захирал асан Д.Туяа нь 2015 оны 6 сарын сүүлчээр намайг тус холбооны дулааны инженер, зохион байгуулагчаар ажиллуулах тухай санал тавьсан бөгөөд би зөвшөөрсөн тул 2015 оны 7 сарын 02-ны өдрийн 18 тоот гүйцэтгэх захирлын тушаал, мөн өдрийн 14 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан. Энэхүү хугацаанд би тус холбооны гүйцэтгэх захирал асан Д.Туяагийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь сайн гүйцэтгэж, өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаан, хөдөлмөр, цаг хугацаагаа зориулан аливаа бэрхшээлийг даван туулж, бүх хүч бололцоогоо дайчлан шударгаар ажиллаж байсан. Гэтэл тус холбооны удирдах зөвлөлийн дарга З.Оюунчимэг нь 2016 оны 3 сарын дундуур орон тооны цомхотгол гэсэн нэрээр ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халж надад дарамт шахалт байнга үзүүлж, сэтгэл санаа, ажлын байрны хүчирхийлэлд оруулсан нь миний эрүүл мэндэд муугаар нөлөөлнөөс болж байнга даралт ихдэх эсвэл хэт багасан өвдөж эмчийн хяналтанд байнга байх болсон. Иймээс арга буй 4 сарын 29-нд ажлаас гарсан. 
Н.Оюунчимэг нь байгууллагдаад хэдэн cap болж байгаа Талбай өмчлөгчдийн холбооны Ашиглалтын захиргааны ажилчдын эрх ашгийг хамгаалахгүй, харин эсрэгээр олон ажилчдыг халж, хувийн ашиг сонирхлоо урьдал болгон нийтийн эрх ашгийг огт бодохгүй бүдүүлгээр авирлаж байгаа үйлдэл нь хэрээсээ хэтэрч байна. Пийс молл худалдааны төвийн жилийн ашиглалтын зардлын төсөв хэмнэх нэрээр зайлшгүй байх ёстой инженер техникийн ажилтан нарын ажлын байрыг үгүй хийж, тус төвийн “Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай” хуулийг ноцтой зөрчиж, цахилгаан ба дулааны инженерүүдийг халж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Төрийн бус байгууллага гэж хэн дуртай нь өөрийн үзэмжээр дураараа авирлан, хууль бус үйлдэл хийх субъект биш. Оюунчимэг надтай адилхан хэдэн сарын дараа тэтгэвэрт гаргах насны хүн мөртлөө насандаа тохирохгүй ааш авир гаргаж байгаа нь харамсалтай. Тус ажлыг хийж байх үедээ би хоёр хүний ажлыг ганцаараа хийж байсан бөгөөд зөвхөн нэг хүний цалин хөлс авдаг байсан. Мөн би жилийн дараа өндөр настны тэтгэвэрт гарах гэж байгаа тул уг ажлаа хийж байгаад тэтгэврээ тогоолгох хүсэлтэй гэдгээ дарга А.Бархүү, З.Оюунчимэгт нарт удаа дараа хэлж байсан. Э талбайн өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга З.Оюунчимэгийн буруутай үйл ажиллагаанаас болж хуулиар олгох ёстой Нийгмийн даатгагалын сангаас ажилгүйдэлийн тэтгэмж олгодохгүй болсон. Хоёр cap ажилласан бол Нийгмийн даатгалын тухай хуулиар олгогдох байсан. 
Иймд гэнэт ажлаас халагдаж ажилгүй байгаа хугацааныхаа цалин болох 10.000.000 төгрөгийг нөхөн олгуулах, намайг ажлаас халсан учраас ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсэж байна гэжээ.
 
    Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Э талбайн өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2015 оны 6 сард А.С-д дулааны инженер, зохион байгуулагчаар ажиллах санал тавьж хамтран ажиллаж байсан. А.С- нь нэг жил гаран ажлаад тэтгэвэртээ гарах байсан. Энд дулааны инжнер заавал хэрэгтэй бөгөөд энэ орон тоог хассан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Э ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүний хувьд санхүүгийн байдлыг харгалзан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 5.000.000 төгрөгөөр багасгаж, А.С-г ажилд нь эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжиж байна гэв. 

    Хариуцагч Э ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Отгончулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус холбоо нь талбай өмчлөгчдийн санаачлагаар сайн дурын үндсэн дээр 2015 оны 1 сарын 19-ний өдөр байгуулагдаж Пийс молл худалдааны төвийн ашиглалт, үйлчилгээг бүрэн хариуцаж талбай өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нийт гишүүдийн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон ажилладаг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм. Холбооны дүрэмд заасны дагуу 2016 оны 1 сарын 23-ны өдөр нийт гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр гишүүдийг сонгох хурал болж нэр бүхий 8 гишүүн сонгогдсон. Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн даргаар З.Оюунчимэгийг сонгон томилсон. 2015 оны төсвийн тайланг хэлэлцээд Ашиглалтын захиргааны төсөв хэтэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон тул зарим орон тоог цөөрүүлж, хасахаар бүтэц орон тоог баталж “Дулааны инженер-зохион байгуулагч” гэсэн орон тоог хассан. Ажилтан А.С-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5 дах заалтын дагуу орон тооны цомхотголд орсон тухай мэдэгдэлийг 2016 оны 4 сарын 01-ний өдөр гардуулан өгч, 2016 оны 04 сарын 29-ний өдрийн 55 тоот тушаалаар ажлаас чөлөөлж ээлжийн амралтын олговорт 781.094 төгрөг, 2016 оны 04 сарын 19-нөөс 28-ны хооронд өвчтэй байсан 10 хоногийн 262.220 төгрөгийн тэтгэмж олгосон. 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 51 тоот тушаалын 1-р хавралтаар баталгаажуулсан “Байгууллагын дотоод журам”-ын 13.4.5-т “Тухайн аж ахуйн нэгж татан буугдсан болон орон тоо хасагдсан, цөөрүүлсэн” хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн заалт байдаг. 2016 оны 05 сарын 01-ээс Холбооны удирдах зөвлөлийн 05 тоот шийдвэрийн дагуу 11 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна гэв.


Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.С- нь хариуцагч Э ТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 5.000.000 төгрөгөөр багасгажээ.

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтны орон тоог цөөрүүлсэн гэж маргажээ. 

Нэхэмжлэгч А.С- нь хариуцагч Э ТББ-д 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 18 дугаартай тушаалаар дулааны инженер, зохион байгуулагчийн ажилд томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж /хх-ийн 3-5 талд/ байжээ. 

Э ТББ-ын гүйцэтгэх захирлын 55 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.8 дах заалтыг баримтлан 2016 оны 04 сарын 29-ний өдрөөс эхлэн дулааны инженер, зохион байгуулагч А.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн /хх-ийн 20 талд/ байх ба талууд энэ талаар маргахгүй байна. 

Э ТББ-ын удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 01 сарын 23-ны өдрийн 05 тоот шийдвэрээр 2015 оны санхүүгийн тайланг хэлэлцэж захиргааны ажилчдын орон тоог хасах, цөөрүүлэхээр шийдвэрлэн гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, цахилгаанчин, үйлчлэгч 5, хамгаалагч 3 байхаар бүтцийг шинэчлэн баталж, дулааны инженер, зохион байгуулагчийн албан тушаал орон тоо бүтцээс хасагдсан болох нь зохигчдын тайлбар, удирдах зөвлөлийн хурлын 5 тоот шийдвэр, тушаалын хавсралт /хх-ийн 33 талд/, 2015 оны санхүүгийн тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтны орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр дулааны инженер, зохион байгуулагч А.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн ажил олгогч Э ТББ-ын гүйцэтгэх захирлын 2016 оны 04 сарын 29-ний өдрийн 55 дугаартай тушаал үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгч А.С-гийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:  
           
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Э ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10.000.000 төгрөг гаргуулах тухай А.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 
 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НАРАНГЭРЭЛ