Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101

 

С-дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

С-дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 0000000000000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.Э-, Монгол Улсын иргэн, ... аймгийн Э... суманд 19.. оны 0.. дугаар сарын 1..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд лангуу түрээслэгчийн туслах ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, 2 хүүхдийн хамт дүүргийн . дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  .....

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч М.Э- 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ...... дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.О- зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны 20 цагийн үед найзуудтайгаа ... эмийн сангийн ойролцоо кофе шопод уулзаж байгаад орой 23 цагийн үед гэртээ харих гээд найз С-ын хамт явсан. С- бид хоёр С-дүүргийн 22 дугаар хороо, О- эцэс дээр очиход тэнд С-ын аав нь машинтайгаа хүлээж байсан. Би С-д “аав чинь ирсэн юм чинь би явлаа” гээд байж байтал С-ын аав машиндаа суучих би хүргээд өгий гэсэн. Тэгээд машинд нь суугаад нэг гудамжны булан эргээд явж байтал “машины доод талыг юманд цохичихлоо” гээд зогсчихсон. С-ын аав машинаас буугаад доод талаа харах гэж байснаа гэнэт миний талын хаалгыг онгойлгоод намайг гараараа нүүр рүү 3-4 удаа цохиод миний куртикнаас татаад байсан. Тэгэж байгаад машины хаалгаа хаагаад машинаа асаагаад гэрийнхээ гадаа очоод машинаасаа буугаад дахиад цохих гээд дайраад байсан. Тэр үед гэрээс хүмүүс гарч ирээд салгасан...миний биед учирсан гэмтлийг С-ын аав сүүлд нэрийг нь мэдсэн Э- гэдэг хүн гараараа 2-3 удаа цохиж учруулсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08),

2. Гэрч Э.С-ын (шүүгдэгчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны 19 цагийн үед андуудын орчим байдаг кофе шопод найзуудын хамт сууж байгаад 21 цагийн үед гэртээ харих гээд найз О-гийн хамт яваад С-дүүргийн О- эцэс дээр очсон. Бид хоёрыг очиход аав Э- машинтай тосоод бид 2 машины ард суугаад явж байгаа гудамжны үзүүрт зогсоод аав Э- машинаас буугаад О-гийн талын хаалга онгойлгоод хөлөөрөө 1-2 удаа өшиглөж гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохиод байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэгээд бид 3 буцаж машиндаа суугаад гэрийн гадаа очоод аав Э- найз О-г барьж аваад цохих гээд гараа далайгаад байсан...О-гийн зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан...аав Э- намайг гэртээ оройтож ирлээ гэх шалтгаанаар О-г 2-3 удаа цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний дээд, доод зовхинд хөн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан, дарахад эмзэглэлтэй...ДҮГНЭЛТ

1. П.О-ийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

...3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14)

 

4. Шүүгдэгч М.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн үед...том охин С- ангийн хүүхдүүдтэй уулзаж байна одоо гараад очлоо гэж байсан тэрнээс хойш ирэхгүй удаад утас нь унтарсан байсан. Би санаа зовоод автобусны буудал дээр хүлээж байхад охин С- нэг хүүхэдтэй таксинаас бууж ирсэн. Би тэр хоёрыг аваад цуг явж байсан хүүхдийг манай гэрийн ойролцоо байдаг юм бол гэрт нь хүргээд өгий гээд явж байгаад гудамжны үзүүрт машинаасаа буугаад цуг явж байсан хүүхдийн сууж байсан талын хаалга онгойлгож тэр хүүхдийг гараараа 3-4 удаа цохиж өшиглөсөн. Тэгээд машинд суулгаад гэрийн гадаа очоод гэрт байсан хүмүүсийг дуудсан...П.О-ийн биед учирсан гэмтлийг би гараараа 3-4 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51),

 

5. Хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 57),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 20, 22), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 19), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 21, 23, 28-42), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 24, 25, 26-27) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Э- нь С-дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу О- нийтийн тээврийн эцсийн зогсоолын орчим, 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө, охин Э.С-ыг оройтуулсан  гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн П.О- нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;

- Хохирогч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны...23 цагийн үед гэртээ харих гээд найз С-ын хамт явсан. С- бид хоёр С-дүүргийн 22 дугаар хороо, О- эцэс дээр очиход тэнд С-ын аав нь машинтайгаа хүлээж байсан. Би С-д “аав чинь ирсэн юм чинь би явлаа” гээд байж байтал С-ын аав машиндаа суучих би хүргээд өгий гэсэн. Тэгээд машинд нь суугаад нэг гудамжны булан эргээд явж байтал “машины доод талыг юманд цохичихлоо” гээд зогсчихсон. С-ын аав машинаас буугаад доод талаа харах гэж байснаа гэнэт миний талын хаалгыг онгойлгоод намайг гараараа нүүр рүү 3-4 удаа цохиод миний куртикнаас татаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08),

- Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр...найз О-гийн хамт С-дүүргийн О- эцэс дээр очсон. Бид хоёрыг очиход аав Э- машинтай тосоод бид 2 машины ард суугаад явж байгаа гудамжны үзүүрт зогсоод аав Э- машинаас буугаад О-гийн талын хаалга онгойлгоод хөлөөрөө 1-2 удаа өшиглөж гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохиод байхаар нь би дундуур нь орж салгасан. ...аав Э- намайг гэртээ оройтож ирлээ гэх шалтгаанаар О-г 2-3 удаа цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14036 дугаар дүгнэлт “...1. П.О-ийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14)

- Шүүгдэгч М.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...том охин С- ангийн хүүхдүүдтэй уулзаж байна одоо гараад очлоо гэж байсан тэрнээс хойш ирэхгүй удаад утас нь унтарсан байсан. Би санаа зовоод автобусны буудал дээр хүлээж байхад охин С- нэг хүүхэдтэй таксинаас бууж ирсэн. Би тэр хоёрыг аваад цуг явж байсан хүүхдийг манай гэрийн ойролцоо байдаг юм бол гэрт нь хүргээд өгий гээд явж байгаад гудамжны үзүүрт машинаасаа буугаад цуг явж байсан хүүхдийн сууж байсан талын хаалга онгойлгож тэр хүүхдийг гараараа 3-4 удаа цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл М.Э- нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “манай охиныг оройтууллаа” гэх сэдэлтээр, хохирогч О-гийн нүүрэн тус газар цохиж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Э- нь хохирогч ...П.О-ийн нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч М.Э-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.О- нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй  байх тул шүүгдэгч М.Э-ыг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Э-, хохирогч П.О- нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч М.Э-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.Э-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 0000000000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 450 (дөрвөн зуун тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.МӨНХЗУЛ