Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 122

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч Р.Б-, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0353)

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 11111111111 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б, Монгол Улсын иргэн,  Хаймгийн 1000 оны 00дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Б дүүргийн 00 дугаар хороо, 000 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар С00000,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Б.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр  дүүргийн 13 дугаар хороо, “Ш” нэртэй дэн буудал дотор иргэн Р.Б-д “хонь зарна, 5 хувийн хүүтэй бэлэн мөнгө зээлнэ” гэж гар цүнх, 2 ширхэг хөөрөг, бөгж, зургийн аппарат, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төв номын сангийн үнэмлэх, музье үзэх үнэмлэх, 2 ширхэг энергийн аппарат, 2 ширхэг гар утас, бэлэн 1.230.000 төгрөг зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэж, бусдад нийр 6.799.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1.Шүүгдэгч Б.Б- “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2.  Хохирогч Р.Б- “...2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байхад манай найзууд утасдаад Баянхонгорын зураач гавъяатаар шагнуулсан гээд Сүхбаатарын талбай дээр уулзсан. 1.500.000 төгрөгийн цалин аваад банканд хийх гэсэн нь банк ажлаагүй банканд хийж чадаагүй цааш явж байсан. Сансарын автобусны буудал дээр шүүгдэгч Б.Б- таараад “сайн байна уу? би А-гийн нөхөр байна. Чи танихгүй байна уу” гэсэн. Би танихгүй байна гэсэн чинь “хонь зарж байгаа, 80 хоньтой ирсэн, эр хонь авах уу, эм хонь авах уу” гэсэн тэгэхээр нь за би төлөг авъя гэсэн чинь шүүгдэгч Б.Б- цаашаа утсаараа яриад шар толгойтой төлөг бэлдчихээрэй гэж ярьж байсан. Тэгээд нэг пиво уугаад сууж байтал миний төрсөн өдөр гэж хэлэхээр нь төрсөн өдөр чинь юм бол би зургийг чинь аваад өгье гээд цүнхнээсээ зургын аппаратаа аваад зургийг нь дарж өгсөн. Эмээлтэд нядалгаа хийж байгаа, ноймор явахгүй, хоёулаа дөхье гээд тэндээсээ микронд сууж явж байхдаа “шар толгойтой хонио гэдэс дотрыг нь цэвэрлээд бэлэн болгочихоорой” гээд утсаар яриад байсан. Цаг болоогүй байна машины ноймор явах болоогүй байна гээд 3, 4 дүгээр хорооллын тэнд буугаад алхаж байхад хоолны газар ороод би 2, 3 хуушуур авч идсэн. Тэндээсээ 1 дүгээр хороолол руу явсан. 2 давхар буудал байсан. 2 давхарт нь орсон. Би 30 сая төгрөгтэй хүүтэй зээлэх үү гэж гэсэн тэгэхээр нь би 5 сая төгрөг зээлье гэсэн чинь хонио бэлдсэн бол дээрээс нь нэмээд 5 сая төгрөг бэлдчихээрэй гэж утсаар ярьж байсан. Би нэг вино уугаад, шүүгдэгч Б.Б- пиво уусан. Шүүгдэгч Б.Б- гарахдаа сандалд өлөгсөн байсан цүнхийг шүүрээд аваад гарсан. Би араас нь цүнхнийхээ оосроос барьсан чинь “чи наад товчоо” гэж хэлэхэд нь доош харах зуур цүнх аваад зугтаасан. Одоо цүнхэн дотор байсан зүйлээ үнэлүүлсэн. 5.569.400 төгрөг болсон түрийвчин дотор 1.230.000 төгрөг байсан. Нийт 6.799.000 төгрөг нэхэмжилж байна. Үнэлгээнд 160.000 төгрөг нэхэмжилж байна. Үнэлгээ хийлгэсэн баримт хэрэгт байгаа байх...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд

1. Хохирогч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд:

- 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 10 өдөр би Сансарын клонкын буудал дээр...байхад нэг хүн “Сайн байна уу би А-гийн нөхөр байна” гэж хэлэхээр нь би найз А-гийн нөхөр гэж бодоод юм ярьсан. Тэгээд хоорондоо ярилцаж байтал “та хонь авах уу би зарж байгаа” гэхээр нь нэг төлөг авахаар болсон. Тэгтэл Эмээлтээс ирж байгаа болохоор хоёулаа ойртоод 1 хороолол орж авахаар болоод хүлээх зуураа түүний төрсөн өдөр нь болж байгаа гэхээр нь Ш- гэх буудалд вино, пиво хувааж уусан. Хамт байх хугацаандаа улаан толгойтой хонь гэдэс доторхыг нь гаргаад бэлд гээд хүнтэй яриад байсан. Тэгээд буудалд 4 цаг хэртэй хамт суух хугацаандаа тэрээр надад “чамд мөнгө хэрэгтэй юу би 5%-н хүүтэй мөнгө зээлж байгаа” гэхээр нь “надад 5 сая төгрөг зээлчих” гэхэд “нэг мөсөн 10 саяыг ав” гэж байгаад нөгөө залуу хонь ирчихлээ гээд миний цүнхийг түрүүлж авч гараад зугтаасан. Тэгээд би орсон буудалдаа буцаж ороод түүний регистрийн дугаарыг үйлчлэгч эмэгтэйгээс асуухад Батсайхан СФ69061830 гэж хэлж өгсөн. ...Миний цүнх цагаан өнгийн арьсан цүнх байсан. ...Цүнхэн дотор алтан нуухтай улаан шүрэн хөөрөг..., жижиг бор өнгийн манан хөөрөг, хөх өнгийн торгон даалин, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төв номын сангийн үнэмлэх, долларын зурагтай хулдаасан нугалдаг хэтэвч бэлэн 1.230,000 төгрөг, монетан бөгж, улбар шар гэртэй маркийг нь мэдэхгүй хар өнгийн зургийн аппарат байсан. ...Би тэр залууг дахин харвал танина. Надад Баянхонгор аймгийн Галуут суманд амьдардаг, Завханы Идэрийн хүргэн болсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20),

- 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн: “...Миний улаан шүрэн хөөрөг даваа толгойтой, мөнгөн халбагтай, өндөр нь 4см өргөн нь 2 см байсан. ...мөн олон улсын музей үзэх эрхийн бичиг, арилжааны банкны нэг карт, КФС №16 гэсэн бичигтэй болон Любовь-КФС гэсэн бичигтэй ногоон өнгийн энергийн аппарат, “Samsung note II”, “LG” маркийн гар утаснууд алдагдсан. ...Тэр залуу “Ш-” дэн буудлын өрөөнд байхад сандал дээр өлгөөтэй байсан миний цүнхийг мөрлөөд урд гараад би хойноос нь алахаад явж байхад гэнэт зам хөндлөн гараад зугтаагаад гүйсэн. Би хойноос нь гүйсэн боловч гүйцээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

- 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...утсаараа яриад шар толгойтой төлөг гаргаад гэдэс дотрыг нь цэвэрлээд бэлэн болгоод хажууд нь байгаа 5 литр айраг хамт аваад ир гэж яриад байхаар нь би итгэчихсэн юм. ...Ээж маань 2005 онд өөд болохоосоо өмнө байгалийн ургаа хэлбэрээрээ байсан улаан шүрийг өгсөн. Би дээрх улаан шүрээ М- гэдэг дархан хүнд хөөрөг хийлгэхээр...өгсөн. Содон шинж тэмдэг гэвэл улаан шүр байгалийнхаа ургаа хэлбэрээр мөнгөн бад цэцгэн суурьтай, алтан нуухтай, даваа толгойтой, бөөрөн дээрээ шигтгээ хийчихээр нүхтэй хөөрөг байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

3. Гэрч Ж.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бийраа...2016 оны намар шиг санагдаж байна надад улаан өнгийн байгалийн шүрээр хөөрөг хийлгэсэн. ...Би хөөргийг нь нэг их яаралгүй 1 сарын хугацаанд хийж өгсөн. Бийраагийн шүр бол нэг их үнэтэй шүр биш байсан. Харин жинхэнэ ориг сайн шүр бол 1 грамм 100,000 орчим төгрөгийн ханштай байдаг. Бийраа гэх эмэгтэйгийн өгсөн шүр нь 40 грамм орчим жинтэй байсан. Одоогийн сайн ориг улаан шүрний ханшаар бодоход 4.000.000 төгрөгний ханштай болно. ..Бийраагийн хөөрөгний толгой даваа толгой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

“...Даваа толгойтой нь шүрний өнгөөр өнгөлсөн хиймэл толгой байсан. Энэ нь багцаагаар 20.000 мянган төгрөг л байдаг. Алтан нуух хийхэд 1 грамм алт орсон тухайн үед 1 грамм алтыг 105,000 төгрөгөөр авч байсан. Халбага нь бадтай нийлээд мөнгөөр хийсэн 4 лан мөнгө авч байсан. 1 лан нь 37,5 грамм болдог 150 грамм болж байсан нэг лан нь 50,000 төгрөг тухайн үеийн ханшаар нийт үнэ нь 200.000 төгрөг болсон. Их биений шүр нь 40 грамм байгалийн гарА- чулуу байсан өндрийн хэмжээ нь 5 см, тойргийн диаметр нь 4 см өргөнтэй байсан. Их бие нь байгалийн хэлбэрээрээ хэлбэр алдагдаагүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),

4. Гэрч Р.З- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ээж нас бараад 10 гаран жил болж байгаа. Ээжид...нэг байгалиараа атганд багтахаар шүр байдаг байсан. Олон удаа хөөрөгний толгой хийхээр болоод больж байсан. Нэг өдөр эгч тэр чулууг барьцан 3 толгой багцаа хийлгэх үү гээд бариад ороод ирсэн тэгэхээр нь би наад чулуугаар хөөрөгний толгой хийгээд хэрэггүй. Байгалийн хэлбэрээр нь эвдэхгүйгээр жоохон засаад хөөрөг болговол давгүй юм байна гээд бид хэлбэр дүрсийг нь ярилцаж байсан юм. Тэгсэн нэг өдөр эгч дархан дээр очоод хөөрөг хийлгэсэн гэсэн хөөрхөн хэлбэртэй болгоод доор суурийг нь мөнгөн бадаар бүрүүлээд аваад ирсэн. ...Хөөрөг миний алганд багтахаар 4 хуруу гаран хэмжээтэй доод сууриндаа нэг хуруу хэмжээний мөнгөн бадтай, мм гаран бүслүүртэй, мөнгөн халбага хийлгэсэн, толгойг нь шүр шиг улаан хүрэн даваа толгойгоор хийсэн байсан. Эмэгтэй хүн барихаар хөөрхөн хөөрөг байсан учир би их сонирхож сайн харж нүдэлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),

5. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сансарын тунелийн автобусны буудал дээр нэг эмэгтэй хүнд өөрийгөө Баагий байна А-ийн нөхөр гэж худлаа хэлээд яриа өдсөн. Тэгээд түүнд би хонь зарж байгаа хонь авах уу гэж асуухад авъя гэсэн. Ингээд Сансарын тунелийн хажууд пабад орж нэг нэг шил пиво уугаад тэндээсээ гарч 1 хороололд Ш- буудалд ирсэн. Ингээд л түүнийг мөнгөтэй байна гэж мэдээд буудлаас гарахдаа түрүүлээд цүнхийг нь сандал дээр байхад нь авч гараад тэр чигтээ гарангуутаа зугтаачихсан. Би тэр эмэгтэйг танихгүй. Тэр эмэгтэйгийн цүнхэн дотор зургын аппарат, улаан өнгөтэй хөөрөг, мөн жижигхэн хүрэн өнгөтэй хөөрөг, монетан бөгж нэг ширхэг, бэлэн 1.000.000 төгрөг бас бус зүйлүүд байсан. Дээрх зүйлүүд цүнхэнд нь байсан. Харин би цүнхийг нь авч яваад зах ороод танихгүй хүмүүст нэг нэгээр нь янз бүрийн үнээр зарчихсан юм. Миний санаж байгаад улаан өнгөтэй хөөргийг нь хөдөөний хүнд 350.000 төгрөгөөр, зургийн аппаратыг нь 10.000 төгрөгөөр, жижиг хөөргийг нь 15.000 төгрөгөөр, бөгжийг нь 45.000 төгрөгөөр, 2 гap утасны нэгийг 20.000 төгрөгөөр нөгөөг нь 40.000 төгрөгөөр бусад үлдсэн зүйлүүд болох энергийн аппарат, түрийвч, цүнхийг нь авч явж байгаад хаячихсан. Би түүнд мөнгө төгрөгтэй мал зарж байна гэж худлаа хэлсэн. Мөн түүний хажууд хүнтэй утсаар ярьж байгаа юм шиг худлаа ярьсан. Би түүнийг хэдэн төгрөг зээлэх юм бэ? гэж асуудах тэр эмэгтэй 5 сая гэж хэлсэн би түүнд нэг мөр 10 сая авах уу гэж хэлж байсан. Тэр намайг мөнгөтэй мал зарж байгаа гэж үнэхээр итгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64)

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-35),

- “Дамно” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгө үнэлгээний СХЗ-18-655 дугаар тайланд “...24 нэр төрлийн эд зүйлийг ...нийт 5.569.400...” гэх баримт (хавтаст хэргийн 72-73), хор уршгийн 150.000  баримт (хавтаст хэргийн 36, 71)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57, 51), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 107), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтас хэргийн 108-127) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА-, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нь яллагдагчаар, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-өд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт Р.Б-тай өөрийгөө “А-ийн нөхөр байна” гэж танилцан, “...Баянхонгор аймгаас ирсэн хонь зарж байгаа авах уу...” гэж хохирогчийг өдөж, түүний ахуйн хэрэгцээг далимдуулан “...машины дугаар гарахгүй учир ойртон очоод хонио авчих...” гэж хуурч дагуулан явжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Ш-” нэртэй дэн буудал ирж хамт байхдаа “...шар толгойтой төлөг гаргаад гэдэс дотрыг нь цэвэрлээд бэлэн болго... 5 литр айраг хамт аваад ир, ...мөнгө зээлнэ...” гэх яриа өгүүллээр хохирогчийн итгэлийг лавшаруулан төрүүлсэн. Түүнчлэн түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авах санаа зорилгоор гүйцэлдүүлэхдээ “хонь ирчихлээ” гэж хэлэн Р.Б-г дагуулан дэн буудлаас гарахдаа түүний сандал дээр өлгөөтэй байсан цүнхийг мөрлөн үүрч гарч зугтаан хохирогчид 6.799.400 төгрөгийн хохирол, 150.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь;

1. Хохирогч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд:

- 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 10 өдөр би Сансарын клонкын буудал дээр...байхад нэг хүн “Сайн байна уу би А-гийн нөхөр байна” гэж хэлэхээр нь би найз А-гийн нөхөр гэж бодоод юм ярьсан. Тэгээд хоорондоо ярилцаж байтал “та хонь авах уу би зарж байгаа” гэхээр нь нэг төлөг авахаар болсон. Тэгтэл Эмээлтээс ирж байгаа болохоор хоёулаа ойртоод 1 хороолол орж авахаар болоод хүлээх зуураа түүний төрсөн өдөр нь болж байгаа гэхээр нь Ш- гэх буудалд вино, пиво хувааж уусан. Хамт байх хугацаандаа улаан толгойтой хонь гэдэс доторхыг нь гаргаад бэлд гээд хүнтэй яриад байсан. Тэгээд буудалд 4 цаг хэртэй хамт суух хугацаандаа тэрээр надад “чамд мөнгө хэрэгтэй юу би 5%-н хүүтэй мөнгө зээлж байгаа” гэхээр нь “надад 5 сая төгрөг зээлчих” гэхэд “нэг мөсөн 10 саяыг ав” гэж байгаад нөгөө залуу хонь ирчихлээ гээд миний цүнхийг түрүүлж авч гараад зугтаасан. ...Миний ...цүнхэн дотор алтан нуухтай улаан шүрэн хөөрөг..., жижиг бор өнгийн манан хөөрөг, хөх өнгийн торгон даалин, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төв номын сангийн үнэмлэх, долларын зурагтай хулдаасан нугалдаг хэтэвч бэлэн 1.230,000 төгрөг, монетан бөгж, улбар шар гэртэй маркийг нь мэдэхгүй хар өнгийн зургийн аппарат байсан. ...надад Баянхонгор аймгийн Галуут суманд амьдардаг, Завханы Идэрийн хүргэн болсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20),

- 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн: “...Миний улаан шүрэн хөөрөг даваа толгойтой, мөнгөн халбагтай, өндөр нь 4см өргөн нь 2 см байсан. ...мөн олон улсын музей үзэх эрхийн бичиг, арилжааны банкны нэг карт, КФС №16 гэсэн бичигтэй болон Любовь-КФС гэсэн бичигтэй ногоон өнгийн энергийн аппарат, “Samsung note II”, “LG” маркийн гар утаснууд алдагдсан. ...Тэр залуу “Ш-” дэн буудлын өрөөнд байхад сандал дээр өлгөөтэй байсан миний цүнхийг мөрлөөд урд гараад би хойноос нь алхаад явж байхад гэнэт зам хөндлөн гараад зугтаагаад гүйсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

- 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...утсаараа яриад шар толгойтой төлөг гаргаад гэдэс дотрыг нь цэвэрлээд бэлэн болгоод хажууд нь байгаа 5 литр айраг хамт аваад ир гэж яриад байхаар нь би итгэчихсэн юм. ...би улаан шүрээ М- гэдэг дархан хүнд хөөрөг хийлгэхээр...өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

2. Гэрч Ж.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бийраа...2016 оны намар шиг санагдаж байна надад улаан өнгийн байгалийн шүрээр хөөрөг хийлгэсэн. ... Бийраа гэх эмэгтэйгийн өгсөн шүр нь 40 грамм орчим жинтэй...хөөрөгт нь даваа толгой хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

3. Гэрч Р.З- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эгч...байгалиараа атганд багтахаар шүрээр... дархан дээр очоод хөөрөг хийлгэсэн гэсэн хөөрхөн хэлбэртэй болгоод доор суурийг нь мөнгөн бадаар бүрүүлээд аваад ирсэн. ...Хөөрөг миний алганд багтахаар 4 хуруу гаран хэмжээтэй доод сууриндаа нэг хуруу хэмжээний мөнгөн бадтай, мм гаран бүслүүртэй, мөнгөн халбага хийлгэсэн, толгойг нь шүр шиг улаан хүрэн даваа толгойгоор хийсэн байсан. Эмэгтэй хүн барихаар хөөрхөн хөөрөг байсан учир би их сонирхож сайн харж нүдэлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),

4. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сансарын тунелийн автобусны буудал дээр нэг эмэгтэй хүнд өөрийгөө Баагий байна А-ийн нөхөр гэж худлаа хэлээд яриа өдсөн. Тэгээд түүнд би хонь зарж байгаа хонь авах уу гэж асуухад авъя гэсэн. Ингээд Сансарын тунелийн хажууд пабад орж нэг нэг шил пиво уугаад тэндээсээ гарч 1 хороололд Ш- буудалд ирсэн. Ингээд л түүнийг мөнгөтэй байна гэж мэдээд буудлаас гарахдаа түрүүлээд цүнхийг нь сандал дээр байхад нь авч гараад тэр чигтээ гарангуутаа зугтаачихсан. Би тэр эмэгтэйг танихгүй. Тэр эмэгтэйгийн цүнхэн дотор зургын аппарат, улаан өнгөтэй хөөрөг, мөн жижигхэн хүрэн өнгөтэй хөөрөг, монетан бөгж нэг ширхэг, бэлэн 1.000.000 төгрөг бас бус зүйлүүд байсан. Дээрх зүйлүүд цүнхэнд нь байсан. ...Би түүнд мөнгө төгрөгтэй мал зарж байна гэж худлаа хэлсэн. Мөн түүний хажууд хүнтэй утсаар ярьж байгаа юм шиг худлаа ярьсан. Би түүнийг хэдэн төгрөг зээлэх юм бэ? гэж асуудах тэр эмэгтэй 5 сая гэж хэлсэн би түүнд нэг мөр 10 саяг авах уу гэж хэлж байсан. Тэр намайг мөнгөтэй мал зарж байгаа гэж үнэхээр итгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64)

5. “Дамно” ХХК-ний 2018 оны 12 сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний СХЗ-18-655 дугаар тайланд “...24 нэр төрлийн эд зүйлийг ...нийт 5.569.400...” гэх баримт (хавтаст хэргийн 72-73), хор уршгийн 150.000,  баримт (хавтаст хэргийн 36, 71) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б- нь хууль зүйн хувьд Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, “Ш-” дэн буудалд, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бусдыг хуурч мэхлэх аргаар, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн гэнэн итгэмтгий байдлыг далимдуулан, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Тодруулбал шүүгдэгч Б.Б-ийн дээрх санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б- нь биет 1.230.000 төгрөг болон хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 14 нэр төрлийн 5.569.400 төгрөгийн эд хөрөнгө (хавтаст хэргийн 72-73) буюу нийт 6.799.400 төгрөгийн хохирол, 150.000 төгрөгийн хор уршиг (хавтаст хэргийн 36, 71) учиржээ. Өөрөөр хэлбэл хохирогчид энэ гэмт хэргийн улмаас 6.949.400 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын...эд хөрөнгөд хууль бусаар, санаатай үйлдэл...ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн хохирогчид учруулсан 6.949.400 төгрөгийн хохирлыг хуульд заасны дагуу түүнээс гаргуулж хохирогчид Б.Бийраад олгох хууль зүйн үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 (дөрвөн) жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, гаргасан ба хохирогч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагатай мэтгэлцээгүй болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал: Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдлын хувьд өмнө нь 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч энэ нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг тул гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж хуульд заасан доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Тиймээс гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ буюу шүүгдэгчийн урьд энэ төрлийн гэмт хэрэгт санаатай үйлдэж удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Мөн гэмт хэрэг үйлдэх арга нь нарийссан буюу урьд хүч хэрэглэж үйлддэг байсан бол энэ гэмт хэргийг бусдыг хуурч үйлдсэн. Мөн шүүгдэгчийн хувийн байдал буюу түүний урьд үйлдсэн гэмт хэргийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн эрүүгийн хариуцлагаас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр чөлөөлсөн байхад тухайн шийдвэрт дүгнэлт хийлгүй 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүдэгчид хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 11111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б- бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-өөс 6.949.400 (зургаан сая есөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуу) төгрөгийг хуульд заасан хугацаанд гаргуулж, хохирогч Р.Б-д олгосугай. 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ