Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2016/00052

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.О- -д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 5,542,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С-, хариуцагч С.О-,                 шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Д.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.О-т 2015 оны 09 сарын 01-ний өдөр 3,400,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хүүнд 340,000 төгрөг авсан бөгөөд үндсэн зээлд цувуулан 423,000 төгрөг төлсөн. С.О-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,280,000 төгрөг, алданги 1,410,000 төгрөг нийт 4,690,000 төгрөгийг гаргуулж авна. Нэхэмжлэлийн 852,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэв.

Хариуцагч С.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Д.С-гаас 2015 оны 09 сарын 01-ний өдөр 3,400,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад 340,000 төгрөгийн хүүг төлсөн. Үндсэн зээлээс 423,000 төлсөн. Эдийн засгийн хүндрэлээс болоод алданги төлж чадахгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 
  
            Нэхэмжлэгч Д.С- хариуцагч С.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,340,000 төгрөг, алдангид 2,202,000 төгрөг нийт 5,542,000 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 852,000 төгрөгөөр багасгажээ.
Хариуцагч С.О- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч эдийн засгийн хүндрэлээс болоод алданги төлөх боломжгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д.С- хариуцагч С.О-т 2015 оны 09 сарын 01-ний өдөр 3,340,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.     
    Хариуцагч үндсэн зээлийн гэрээний үүрэгт 3,400,000 төгрөг, зээлийн нэг сарын хүүгийн төлбөрт 340,000 төгрөг бүгд 3,740,000 төгрөгийг төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй байна. 
Хариуцагч С.О- зээлийн гэрээнд заасан нэг сарын хүү 340,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх ба энэ талаар талууд маргахгүй байна.
 Хариуцагч С.О-ээс үндсэн зээл 3,400,000 төгрөгөөс төлсөн 423,000 төгрөгийг хасч  тооцож, үлдэх  2,977,000 төгрөг, зээлийн гэрээний 1.3-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн 2,977,000 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 1,488,500 төгрөг нийт 4,465,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,077,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан боловч хариуцагч С.О- алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргаагүй. Энэ талаарх баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэгч алданги багасгах үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:    
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч С.О-ээс 4,465,500 /дөрвөн сая дөрвөн зуун жаран таван мянга таван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,077,000 /нэг сая далан долоон мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 86,398 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАРАНГЭРЭЛ