Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 82

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч В.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1111111111111111 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

В.Б-, Монгол Улсын, аймгийн суманд 1... оны 0.дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа түлхүүр хувилах, бичиг баримт олшруулах, жааз хийх хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Б дүүргийн 10 дугаар хороо, З..........тоотод байнга, .......дүүргийн ... дугаар хороо, .... гудамжны ...тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч В.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 04-нд шилжих шөнө .... дүүргийн ..дугаар хороо, ... тоотод “архи улаа” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Э-ийг гараараа нүүр рүү нь 1  удаа цохиж, зодож эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч М.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагт ажлаа тараад ажлынхаа газрын хүмүүсийн хамтаар пабад орж суугаад тухайн пабдаа нэлээн удаа суусан бөгөөд 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө буюу 02 цагийн орчим пабаас гарсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо ...... тоот гэртээ ирэхэд манай нөхөр В.Б-, хүү...хоёр унтаж байсан. Намайг гэртээ ороод хувцсаа тайлж байхад нөхөр В.Б- сэрчихсэн. ...Тэгтэл В.Б- над руу “архи ууж гадуур тэнээд байхдаа яадаг юм бэ” гэж уурлахаар нь би өөдөөс нь уурласан юм. ...Тэгээд бид хоёр маргалдаад би В.Б-од “чамд миний ууж идэх ерөөсөө хамаа байхгүй шүү” гээд хэлтэл В.Б- уурлаад...намайг сандал дээр сууж байхад миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод би сууж байсан сандал дээрээсээ уначихсан чинь В.Б- дахиад бөгс рүү нэг удаа өшиглөсөн...В.Б- өмнө нь ерөөсөө цохиж зодож байгаагүй, анх удаа цохиж байгаа юм..миний баруун талын нүдний зовхи хэсэг хөхөрсөн. В.Б- баруун талын нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

“...Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, би эмчилгээ хийлгээгүй надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

2. Гэрч М.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө В.Б- ах манай эгч М.Э-ийг зодсон гэдгийг...эгч М.Э-ээс мэдсэн. Би эгчтэйгээ утсаар ярьсан чинь тэгэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа эгчтэйгээ уулзахад түүний аль нүд гэдгийг нь сайн санахгүй байна нэг нүд нь бага зэрэг хавдартай байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24)

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13355 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Баруун дээд зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, бага зэрэг хавантай...ДҮГНЭЛТ

1. М.Э-ийн биед баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

...3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28)

 

4. Шүүгдэгч В.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарны 03-ны орой манай эхнэр ажилтай байсан. Манай эхнэрийн ажил 22 цагт тардаг бөгөөд би 22 цагаас хойш эхнэр М.Э-э рүү удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд би хүүхдүүдтэйгээ унтаж байтал 2018 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 02 цагийн орчим М.Э-э архи уучихсан согтуу ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь “чам руу залгаад байхад яагаад утсаа авахгүй байгаан бэ” гэж хэлтэл манай ажлын газрын хүмүүс бааранд орсон, бааранд утсаа сонсоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.Э-ийг “чи яагаад архи уугаад байгаа юм” гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхээр нь “чи яахаараа надад хамаагүй байдаг юм бэ” гэж хэлээд нэг алагдчихсан чинь сандал дээрээс унасан. Тэгээд хүүхэд уйлахаар нь би М.Э-ийн дээгүүр нь даваад гарахдаа өгзгөнд нь миний хөл хүрчихсэн чинь намайг өшиглөлөө гээд байсан...би ...........т хувиараа жааз хийдэг мөн түлхүүр хувилах каноны үйлчилгээ үзүүлдэг бөгөөд би өдөртөө 15.000-20.000 төгрөг олчихдог юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-74),

5. В.Н-тын төрсний бүртгэлийн гэрчилгээнд “...эцгийн нэр гэх хэсэгт В.Б-, ...эхийн нэр гэх хэсэгт Боржигин овогт Мягмарын М.Э-э...” гэх баримт (хавтаст хэргийн 58),

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн  дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 31-37), хохирогч М.Э-ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51), оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 54), хүсэлт хангах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 81)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 39, 55), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40), хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаарх байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 49, 50), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 46, 48, 60-64) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч В.Б-од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч В.Б- нь Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны 109 тоотод, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 02 цагийн орчим, хамтран амьдрагч М.Э-этэй “архи улаа” гэх шалтгааны улмаас маргалдан, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;

- Хохирогч М.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би В.Б-той 2009 онд... танилцаад тэгээд уулздаг болсон. 2011 оноос хамтран амьдрах болсон бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй одоо гурван нас хүрч байгаа. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. ...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагт ажлаа тараад ажлынхаа газрын хүмүүсийн хамтаар пабад орж суугаад тухайн пабдаа нэлээн удаа суусан бөгөөд 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө буюу 02 цагийн орчим пабаас гарсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Хайрханы 2-109 тоот гэртээ ирэхэд манай нөхөр В.Б-, хүү...хоёр унтаж байсан. Намайг гэртээ ороод хувцсаа тайлж байхад нөхөр В.Б- сэрчихсэн. ...Тэгтэл В.Б- над руу “архи ууж гадуур тэнээд байхдаа яадаг юм бэ” гэж уурлахаар нь би өөдөөс нь уурласан юм. ...Тэгээд бид хоёр маргалдаад би В.Б-од “чамд миний ууж идэх ерөөсөө хамаа байхгүй шүү” гээд хэлтэл В.Б- уурлаад...намайг сандал дээр сууж байхад миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод би сууж байсан сандал дээрээсээ уначихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

- Гэрч М.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө В.Б- ах манай эгч М.Э-ийг зодсон гэдгийг...эгч М.Э-ээс мэдсэн. ...Түүнээс хойш 2 хоногийн дараа эгчтэйгээ уулзахад түүний аль нүд гэдгийг нь сайн санахгүй байна нэг нүд нь бага зэрэг хавдартай байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13355 дугаар дүгнэлт “...1. М.Э-ийн биед баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28)

- Шүүгдэгч В.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 02 цагийн орчим М.Э-э архи уучихсан согтуу ганцаараа орж ирсэн. ...би М.Э-ийг “чи яагаад архи уугаад байгаа юм” гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхээр нь “чи яахаараа надад хамаагүй байдаг юм бэ” гэж хэлээд нэг алагдчихсан чинь сандал дээрээс унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-74) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл В.Б- нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “архи улаа” гэх сэдэлтээр, хохирогч М.Э- нүүрэн тус газар цохиж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч В.Б- нь хохирогч ...М.Э-ий нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн В.Б- нь хохирогч М.Э-этэй 2011 оноос эхлэн хамтран амьдарсан. Улмаар дундаасаа нэг хүүхэдтэй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлэг болон хүүхдийн төрсний гэрчилгээний баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогджээ. 

Тиймээс шүүгдэгч В.Б-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-э нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч В.Б- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 465 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 465.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч В.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч В.Б-, хохирогч М.Э-э нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч В.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 465 нэгж буюу 465.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч В.Б-од торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1111111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар В.Б-ыг 465 (дөрвөн зуун жаран тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 465.000 (дөрвөн зуун жаран таван мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ