Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 522

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н холбогдох эрүүгийн 1806 0592 0531 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.Н .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Мөнхбаттай маргалдаж, улмаар түүний гарыг шилээр зүсэж, толгойд чулуугаар цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх-12-14/, гэрч А.Тэлмэнгийн өгсөн мэдүүлэг /хх-16-17/, гэрч Э.Мөнхбадрахын өгсөн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Р.Энхсүхийн өгсөн мэдүүлэг /хх-20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26/, Б.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47/,  шүүгдэгч Б.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-31/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Мөнхбаттай маргалдаж, улмаар түүний гарыг шилээр зүсэж, толгойд чулуугаар цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнхбатын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн орчим 4 найз Энхтүвшин, Р.Энхсүх, А.Тэлмэн, Э.Мөнхбадрах нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах 38а билүү 38б байрны гадна явж байсан. Тухайн үед Энхтүвшин нэлээн согтсон бараг тасарсан байсан. Энхтүвшинг Тэлмэн дагуулаад бид нарын урд талд алхаад явж байсан. Тэгээд араас нь Мөнхбадрах явж байсан. Би харин хамгийн ард нь ганцаараа алхаж байсан. Гэтэл үл таних 2 охин таараад нэг охин нь шууд намайг нүүр рүү гараараа цохисон. Тэгээд “яаж байна аа” гэж тэр 2 охинтой маргалдаж байтал тэр хоёрын нэг нь газраас чулуу аваад миний араас толгой руу чулуугаараа цохисон.” /хх-12-14/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллаанд гэрч Д.Соёл-Эрдэнийн өгсөн: “...2018 оны 7 дугаар срын 10-ны шөнө 02:20 цагийн үед над руу манай хүү Мөнхбатын найз Тэлмэн залгаж Мөнхөөг гэмтлийн эмнэлэгт хүргэлээ таны байгаа газраас нь тань очоод авъя Мөнхөөг хэдэн хүүхдүүд дайраад толгойг нь хагалаад гарыг нь зүсэж одоо гэмтлийн эмнэлэгт шоконд ороод байна гэж хэлэхээр нь би яваад очиход манай хүүхэд коридорт дусал залгуулсан гараа гипсдүүлсэн бие нь муу байсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,

       

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Тэлмэний өгсөн: “...Гэтэл үл таних 4 банди 2 охин бид нарын араас гүйж ирээд тэд нар над руу заагаад “энэ мөн байна” гээд шууд намайг цохих гэж дайрцгаасан. Тухайн үед орцны үүдэнд байсан манай найзууд бас гүйгээд ирж байгаа манай найзуудыг хараад хүн андуурсан байан гэж хэлээд 4 банди нь цаашаа яваад өгсөн. Харин нөгөө 2 охин юун сүртэй юм бэ гээд Мөнхбаттай хэрэлдээд байсан. Тэр охин Мөнхбатыг нүүр ам руу цохиж, алгадаж байснаа намхан нуруутай, богино тайрмал үстэй охин нь Мөнхбатыг араас толгой руу нь чулуугаар нэг удаа цохиж байхыг би өөрөө харсан.” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхбадрахын өгсөн: “...Тэгээд Мөнхбат нөгөө 2 охинтой маргалдаж эхэлмэгц нэг охин нь түүнийг алгадсан. Харин нөгөө нь Мөнхбатыг толгой руу нь юмаар цохисон.” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Энхсүхийн өгсөн: “...Тухайн үед хажууд нь зогсож байсан 2 охины арай өндөр нуруутай охин нь би түүний толгой руу нь цохисон. гарыг нь зүссэн, толгойг нь хагалсан гээд орилоод байсан.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар

сарын 19-ний өдрийн 8587 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Мөнхбатын биед баруун бугалганд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрхи гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөхгүй.” /хх-26/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Н яллагдагчаар өгсөн: “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулна.” /хх-46-47/ гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч Б.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-31/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Н 2018 оны 7 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Мөнхбаттай маргалдаж, улмаар түүний гарыг шилээр зүсэж, толгойд чулуугаар цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Г.Мөнхбат нь шүүгдэгч Б.Номин-Эрдэнээс хохирлоо нэхэмжилсэн баримтгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй учир баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар хасаж тооцно” гэсний дагуу нийт түүний цагдан хоригдсон 2 хоногийг 16 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэн хасч тооцох зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Н 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Н цагдан хоригдсон 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагаар тооцож хасч тооцож нийт 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Хохирогч Г.Мөнхбат нь эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.    

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС