Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 30

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч А.Кадирбек (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2631) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1111111111111 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.Ж-, Монгол Улсын иргэн, ......... төрсөн, эрэгтэй, .... настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, ........оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ......, урьд

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч А.Ж- нь;

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, -1 хорооллын 48а-1077 тоотод оршин суух иргэн С.Э-ын байнга амьдрах орон сууцанд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.300.000 төгрөгний хохирол учруулсан гэх хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн,

- 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, -1 хорооллын 3-457 тоотод оршин суух иргэн О.Ц-ын гэрт хонож байхдаа 42 инчийн Сони маркийн зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.112.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч А.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “-1” хорооллын 3-457 тоотод оршин суух иргэн О.Ц-ын гэрт хонож байхдаа 42 инчийн Сони маркийн зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.112.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаар:

- Хохирогч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хоёр найз болох Б-, С- нарын хамт гэртээ архи ууж өнжсөн бөгөөд С- нь шөнө 02 цаг болж байхад гэр рүүгээ явна гэхээр гэрээсээ дагуулж гарна таксинд суулгаж өгөөд эргээд гэртээ орох гээд орц руу ортол доод давхарт дэлгүүр ажиллуулдаг А.Ж- нэртэй казак залуу орцонд манай давхарт сууж байсан. Би түүнээс “гэртээ орж чадахгүй байгаа юм уу, манай гэрт ороод амраад явахгүй юу” гэж хэлээд дагуулаад гэртээ орсон. Тэгээд унтаад...маргааш өглөө нь сэрэхэд манайд хоносон А.Ж- байхгүй гэрт байсан 42 ичнийн хар өнгийн “Sony” маркийн зурагт байхгүй байсан. Тэгээд доод дэлгүүр онгойхоор нь өдөр А.Ж-той орж уулзаад зурагт гаргаад өгчих гэхэд “би аваагүй юу яриад байна чи” гэж байсан. Тэр үед А.Ж-ыг сэжиглэж байсан. Тухайн өдөр манай гэрт хоносон найз Б- өглөө надтай цуг сэрээд зурагт алга болсныг мэдсэн юм. Тэр явдал болсноос хойш 14 хоногийн дараа Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байхад А.Ж- намайг дуудаад таны зурагтыг би хулгайлсан юм уучлаарай гээд гуйгаад дэлгүүрийнхээ арын өрөөнөөс манай зурагтыг гаргаж өгсөн....Би зурагтаа 2016 онд зарын дагуу худалдаж авсан. Тухайн үед Америкаас орж ирсэн зурагт байна гэхээр очиж үзээд шинээр 1.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо зурагтаа буцаан авсан болохоор нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

“...Би тухайн хэрэг гарсан үед А.Ж-оос зурагтаа цагдаагийн алба хаагчаар дамжуулан буцаан авсан...Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-117)

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ “...1.112.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 122-124),

2. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “-1” хорооллын 48а-1077 тоотод оршин суух иргэн С.Э-ын байнга амьдрах орон сууцанд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 1.300.000 төгрөгний хохирол учруулсан гэх хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн талаар:

- С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд;

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “...Манай гэрийн түлхүүр эхнэр, надад, доод дэлгүүрийн касчин А.Ж-д тус тус байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36),

2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны өглөө би 9 цагийн үед гэрээсээ гарч явж байхад манай байрны доор байдаг “ 1” дэлгүүрийн эзэн А.Ж-, найз Б-гийн хамт 1 давхарт таарсан. Тэгээд А.Ж- тэр хоёр архи уучихсан согтуу явсан ба надтай юм яриад архи авч өгнө гээд нэлээн ярьж зогссон. Тэр хооронд А.Ж- алга болоод би Б-тай уулзаад зогсож байгаад буцаад гэр лүүгээ ороход манай гэрийн серванианд байсан 4 ширхэг мөнгө аяга алга болсон байсан...Тэгтэл орой нь цагдаа нар миний алдсан 4 ширхэг мөнгөн аягийг А.Ж-ын дэлгүүрээс олж надад буцааж өгсөн...манай гэрийн түлхүүр манай эхнэр Ундрах бид хоёрт байдаг. Манай гэрээс эд зүйл алга болохоос өмнө хэд хоногийн өмнө би охиндоо гэрийн түлхүүр үлдээх гээд А.Ж-ын ажиллуулдаг дэлгүүрт 1 хувь түлхүүрээ үлдээсэн байсан...Миний 4 ширхэг мөнгөн аяга бол их гараас доошлоод хамгийн бага дунд гарын мөнгө аяга байсан. Их гарын мөнгөн аягийг 500.000 төгрөг, дараагийн аяга 300.000 төгрөг дараагийн аяга нь 250.000 төгрөг дараагийнх нь 250.000 төгрөгөөр үнэлнэ...Би А.Ж-д гэрийн түлхүүрээ өгөөд манай гэрээс эд зүйл ав гэж хэлсэн зүйл огт байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан эд зүйлээ бүрэн бүтэн олж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-15),

- Эд зүйл, бичиг баримт түр хураасан тэмдэглэл (хавтаст хэргийн 20),   

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ “...1.300.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-45),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 23),

 

3. Шүүгдэгч А.Ж-ын мөрдөн байцаалтад;

- 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр С.Ц-тай уулзаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо -1 хорооллын 3-457 тоотод хамт архи ууж байсан. Тэгээд бид хоёр нийт хэдэн шил архи ууснаа би санахгүй байгаа юм. Би тухайн үед өмнө нь архи уусан О.Ц-тай уулзсан. Тэгээд би С.Ц-ын гэрийн зурагтын тавиур дээрээс 42 инчийн LCD зурагтыг нь аваад гэртээ ирээд унтсан. Тэр үед С.Ц- архи уугаад тасраад унтсан байсан болохоор намайг зурагтыг аваад явсныг мэдээгүй. Тэр өдрөөс хойш 14 хоногийн дараа О.Ц- манай гэрт ирж зурагтаа авья гэж хэлэхээр нь би зурагтыг нь дэлгүүрийн хүн ордоггүй өрөөнөөс гаргаж өгсөн юм. Тухайн зурагт нь хар өнгийн 42 инчийн Sony маркийн зурагт байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132-135),

- 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, -1 хорооллын 48А-6-3 тоотод байх миний ажиллуулдаг байсан хүнсний дэлгүүрт С.Э-, Ц-Б- нартай хамт 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр архи уусан юм. Тэгээд удалгүй Ц-Б- гэр рүүгээ явсан юм. Би Эрдэнэбатын хамтаар байрны гадаа гараад дахиад 1 шил архи уусан юм. Тэр үед Ц-Б- гэртээ орсон байсан. Тэр үед С.Э- гэх хүний 1 ширхэг түлхүүр надад байсан юм. Тэгээд би С.Э- гэх хүнээс авлагатай байсан ба тэр өдөр би Эрдэнэбатаас мөнгөө авмаар байна манай дэлгүүр зарагдаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр надад байсан С.Э-ын гэрийн түлхүүрээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны -1 хорооллын 48а-1077 тоотод байх С.Э-ын гэрт ороод 4 ширхэг мөнгөн аягыг нь С.Э-ад мэдэгдэлгүйгээр аваад өөрийн дэлгүүрт авч ирж тавиад унтсан...Би С.Э-ад зээлсэн мөнгөнийхөө барьцаанд тэдний гэрт орж мөнгөн аягыг нь авсан...би ганцаараа орж мөнгөн аягануудыг нь авсан...би С.Э-ын гэрийн түлхүүрээр нь хаалгыг нь онгойлгосон...4 ширхэг мөнгөн аягыг тухайн С.Э-ын гэрийн ханын тавиур дээр давхарлаж тавьсан байдалтай байсан 4 ширхэг мөнгөн аягыг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-93),

4. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 146-148), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 49-59, 61-62, 64), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 96-97), шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 195),

- Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай прокурорын даалгавар (хавтаст хэргийн 157, 159), Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 163) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Ж-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: Шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

Шүүгдэгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А.Ж- нь;

- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, -1 хорооллын 3-457 тоотод, 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр, нууц аргаар, шунахай сэдэлтээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн С.Э-ынд хоноод гарахдаа тэднийхээс 42 инчийн “Sony” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч гаран 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, -1 хорооллын 48а-1077 тоотод, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, нууц аргаар, шунахай сэдэлтээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн С.Э-ын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох;

1. Хохирогч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хоёр найз болох Б-, С- нарын хамт гэртээ архи ууж өнжсөн бөгөөд С- нь шөнө 02 цаг болж байхад гэр рүүгээ явна гэхээр гэрээсээ дагуулж гарна таксинд суулгаж өгөөд эргээд гэртээ орох гээд орц руу ортол доод давхарт дэлгүүр ажиллуулдаг А.Ж- нэртэй казак залуу орцонд манай давхарт сууж байсан. Би түүнээс “гэртээ орж чадахгүй байгаа юм уу, манай гэрт ороод амраад явахгүй юу” гэж хэлээд дагуулаад гэртээ орсон. Тэгээд унтаад...маргааш өглөө нь сэрэхэд манайд хоносон А.Ж- байхгүй гэрт байсан 42 ичнийн хар өнгийн “Sony” маркийн зурагт байхгүй байсан. ...Тухайн өдөр манай гэрт хоносон найз Б- өглөө надтай цуг сэрээд зурагт алга болсныг мэдсэн юм. Тэр явдал болсноос хойш 14 хоногийн дараа Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байхад А.Ж- намайг дуудаад таны зурагтыг би хулгайлсан юм уучлаарай гээд гуйгаад дэлгүүрийнхээ арын өрөөнөөс манай зурагтыг гаргаж өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ “...1.112.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 122-124),

2. С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд;

- 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “...Манай гэрийн түлхүүр эхнэр, надад, доод дэлгүүрийн касчин А.Ж-д тус тус байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36),

- 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны өглөө би 9 цагийн үед гэрээсээ гарч явж байхад манай байрны доор байдаг “ 1” дэлгүүрийн эзэн А.Ж-, найз Б-гийн хамт 1 давхарт таарсан. Тэгээд А.Ж- тэр хоёр архи уучихсан согтуу явсан ба надтай юм яриад архи авч өгнө гээд нэлээн ярьж зогссон. Тэр хооронд А.Ж- алга болоод би Б-тай уулзаад зогсож байгаад буцаад гэр лүүгээ ороход манай гэрийн серванианд байсан 4 ширхэг мөнгө аяга алга болсон байсан...Тэгтэл орой нь цагдаа нар миний алдсан 4 ширхэг мөнгөн аягийг А.Ж-ын дэлгүүрээс олж надад буцааж өгсөн...манай гэрийн түлхүүр манай эхнэр Ундрах бид хоёрт байдаг. Манай гэрээс эд зүйл алга болохоос өмнө хэд хоногийн өмнө би охиндоо гэрийн түлхүүр үлдээх гээд А.Ж-ын ажиллуулдаг дэлгүүрт 1 хувь түлхүүрээ үлдээсэн байсан. ...Би А.Ж-д гэрийн түлхүүрээ өгөөд манай гэрээс эд зүйл ав гэж хэлсэн зүйл огт байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан эд зүйлээ бүрэн бүтэн олж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ “...1.300.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-45),

- Эд зүйл, бичиг баримт түр хураасан тэмдэглэл (хавтаст хэргийн 20),   

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 23),

3. Шүүгдэгч А.Ж-ын мөрдөн байцаалтад;

- 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр С.Ц-тай уулзаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо -1 хорооллын 3-457 тоотод хамт архи ууж байсан. ..Тэгээд би С.Ц-ын гэрийн зурагтын тавиур дээрээс 42 инчийн LCD зурагтыг нь аваад гэртээ ирээд унтсан. Тэр үед С.Ц- архи уугаад тасраад унтасан байсан болохоор намайг зурагтыг аваад явсныг мэдээгүй. Тэр өдрөөс хойш 14 хоногийн дараа О.Ц- манай гэрт ирж зурагтаа авья гэж хэлэхээр нь би зурагтыг нь дэлгүүрийн хүн ордоггүй өрөөнөөс гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132-135),

- 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, -1 хорооллын 48Аа-6-3 тоотод байх миний ажиллуулдаг байсан хүнсний дэлгүүрт С.Э-, Ц-Б- нартай хамт...архи уусан юм. ...Тэр үед С.Э- гэх хүний 1 ширхэг түлхүүр надад байсан юм. ...Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр надад байсан С.Э-ын гэрийн түлхүүрээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны -1 хорооллын 48а-1077 тоотод байх С.Э-ын гэрт ороод 4 ширхэг мөнгөн аягыг нь С.Э-ад мэдэгдэлгүгйээр аваад өөрийн дэлгүүрт авч ирж тавиад унтсан...Би С.Э-ад зээлсэн мөнгөнийхөө барьцаанд тэдний гэрт орж мөнгөн аягыг нь авсан...би ганцаараа орж мөнгөн аягануудыг нь авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-93) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байна.

 Иймд улсын яллагчаас шүүгдэгч А.Ж-ын дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт болон гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хулгайн 2 удаагийн гэмт хэргийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр гэм буруутайд тооцох нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэх тул шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Ийнхүү улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд өөрчлөлт орохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А.Ж- нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс доогуур хэмжээгээр хорих оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ж-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ж-ыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогч нарт буцаан өгсөн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Ж- нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс (хавтаст хэргийн 163-164) 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 44 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А.Ж-ыг нууцаар хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ж-д оногдуулсан 1 жил 3 сарын хорих хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 44 (дөчин дөрөв) хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Ж- авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ