| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 445 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.У холбогдох эрүүгийн 1806 06457 0460 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мод хөрөөддөг, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Т.У .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.У нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны гадна талд иргэн Т.Болдсайханыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн
байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Болдсайханы өгсөн мэдүүлэг /хх-16-20/, гэрч Г.Билгүүний өгсөн мэдүүлэг /хх-24-26/, гэрч Ц.Тогтохбаярын өгсөн мэдүүлэг /хх-27-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9657 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30/, Т.У яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-52-53/, шүүгдэгч Т.У урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.У нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны гадна талд иргэн Т.Болдсайханыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Болдсайханы өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би ажил дээрээ байж байхад миний танил Занал гэж дууддаг залуу Хүдэрээс орж ирсэн. “Хишиг гээд нэг юм авлаа, энэнээс уучих” гээд өгөхөөр нь тэрийг нь өөр бас тэнд ажилладаг Билгүүн, Уугий, Өлзий дээрээс нь нэрийг сайн мэдэхгүй 2 залуутай хувааж уусан. Удаагүй бас 2 эмэгтэй ирээд бид нар цуг ажлаас гараад 20 цаг өнгөрч байхад “Генерал” бааранд орсон. Тэндээ байж байгаад 23 цаг өнгөрч байхад би баарнаас гараад такси бариад суусан чинь тэд нартай хамт явж байсан эмэгтэйчүүд машинд ороод ирэхээр нь нөгөө хэд тэр хүүхднүүдийг явуулахгүй машины хаалгыг онгойлгоод “буугаад ир” гээд байсан. Тэгсэн таксины жолооч уурлаад “бид гурвыг гурвуулаа бууцгаа” гэхээр нь би тонгойгоод буух гэсэн чинь Уугий шууд миний нүүр рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би газар унасан чинь дээрээс бөгс рүү дэвссэн чинь Билгүүн ирээд Уугийг “боль” гээд татаад аваад явсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Т.Уламбаяраас 400.000 төгрөг авсан." /хх-16-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаад гэрч Г.Билгүүний өгсөн: “...Би салгах гээд голоор нь орсон чинь Т.У Болдсайханы хувцаснаас татсан чинь Т.Болдсайхан тэнцвэр алдаад газар унах гэж байхад нь Т.У нүүр рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Т.Болдсайхан босч ирэхдээ амнаас нь цус гарсан амаа бариад босоод ирсэн. Тэгэхээр нь би Т.Болдсайханаас “яасан гайгүй юу” гэсэн чинь Т.Болдсайхан ярьж чадахгүй шүд нь хөдөлсөн байсан. Тэр хоёр муудалцаад Т.У Т.Болдсайханыг эхлээд гараараа цохих гэсэн чинь оноогүй. Дараа нь хувцаснаас нь татаад унах гэж байхад нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн.” /хх-24-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Тогтохбаярын өгсөн: “...Т.Болдсайхан Т.У хоёр хоорондоо маргалдаад хэсэг зууралдаад бид нар салгасан чинь Т.Болдсайхан бүдрээд газар уначихсан. Тэгсэн Т.У очоод нүүр рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн Т.Болдсайханы амнаас цус гарсан байсан. Тэгээд Т.Болдсайхан “Миний шүд болохоо байчихлаа” гээд байхаар нь машин замын гэрэлд гараад харсан чинь үүдэн хавьцаа хоёр шүд нь далийгаад цаашаагаа
орчихсон, ёзоор нь буйлнаас нь гараад ирчихсэн байсан.” /хх-27-29/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9357 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Болдсайханы дээд баруун 1, 2 дугаар шүдний булгарал, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
4. Хоёр шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө.” /хх-30/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.У яллагдагчаар өгсөн: “...Болдсайхан согтуу хүн амьтантай муудалцаад намайг бас элдвээр хэлээд доромжлоод байсан. Би нүүр рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн.” /хх-52-53/ гэх мэдүүлэг
Шүүгдэгч Т.У урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-54/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.У 2019 оны 7 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны гадна талд иргэн Т.Болдсайханыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.У нь хохирогч Т.Болдсайханд учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Т.У хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Уламбаярыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.У нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС