Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 263

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Г

Хариуцагч: Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,  хариуцагч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Л.С, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн иргэн А.Г ын 2016 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахгүй байгаа эс үйлдхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

ИргэнА.Г нь “Т.Б.В” ХХК-д ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4036 дугаартай шүүхийн шийдвэрээр ажил олгогчийн ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасан. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Т.Б.В” ХХК-иас иргэний хэргийн шүүхийн шийдвэрийгА.Г гардаж авахаас өмнө дуудаж уулзаад бид таныг цаашид ажиллуулах ямар ч сонирхолгүй, таныг ажилуулмааргүй байна, та ажлаа хүлээлгэж өгөөд гарчих гэсэн шаардлагыг тавьсан. ИнгээдА.Гд өөр ямар ч боломж байгаагүй учраас ажлаас гарахыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ би нэгэнт ажлаас гарч байгаа учраас миний тооцоог зөв хийж өгөөрэй гэсэн утгатай хүсэлт бичиж өгөөд ажлаасаа гарсан. Ингээд ажиллахаа больсноос хойш “Э.Б.В” ХХК нь шүүхийн шийдвэр гарсны дараа иргэн А.Г ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь бичилт хийлгэсэн. Ажлаас халсан үед нэхэмжлэгчийн ээлжийн амралтыг хоногийг тооцож тэндээс нь шимтгэл тооцож бичилт хийлгэсэн байсан учраас ажил олгогч 03 дугаар сарын шимтгэлийг ерөөсөө төлөөгүй, 04, 05 дугаар сарын шимтгэлийг 7,8 хувиар тооцож төлсөн байсан. 

Ингээд 06 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхгүй явж байгаад ажлаас халагдсан тушаалаа удаа дараа шаардсаны эцэст 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргаж, нэхэмжлэгчид 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гардуулсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8 хувиар тооцсон, 06 дугаар сарын шимтгэл огт төлөгдөөгүй учраас нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжээ авъя гэсэн шаардлагыг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр холбогдох байгууллагуудад өгсөн боловч ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах ямар ч боломжгүй байна. Учир нь сүүлийн сарууд чинь тасалдсан байна гэсэн хариуг өгсөн. Ажил олгогч нь 04, 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн буюу 7.8 хувиар тооцож төлсөн. Энэ хариуны дагуу миний нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцохгүйгээр яагаад багаар тооцож төлсөн бэ гэж ажил олгогчтой уулзахад мэргэжлийн байгууллага буюу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс лавлаж асуухад 7.8 хувиар тооцох нь зөв Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу төлөгдсөн. Дээрх тогтоолд 7.8 хувь гэсэн учраас бид 7.8 хувиар тооцож төлсөн гэх хариуг өгсөн байдаг.А.Г нь нийгмийн даатгалын байгууллагад удаа дараа хандахад Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг иш татаж нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8 хувиар тооцно гэсэн хариуг өгсөн байдаг. Яагаад ингэж тооцож байгаа юм бэ гэхээр “тэтгэвэр тэтгэмжийн даатгалын санд оруулна гэж Засгийн газрын 212 дугаар тогтоолд заасан учраас тэтгэвэр, тэтгэмжийг тооцож 7.8 хувиар тооцсон” гэдэг. Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын малгай зохицуулалтад тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын санд оруулна гэсэн боловч хууль бусаар ажлаас халагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн тооцох тухай 2 дахь хэсгийн “е” дэх хэсэгт ажлаас халагдахын өмнө нь авч хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож бодно гэж зохицуулсан байдаг. Тэгэхээр ажил олгогчийн төлбөл зохих хувийг нийгмийн даатгалын тухай хуульд зааж өгсөн. 

Нийгмийн даатгалын байгууллага нь өөрсдөө дээрх хэм хэмжээнд тайлбар хийхдээ 7.8 хувиар тооцно гэсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд 10 хувиар тооцож шимтгэлийг бодохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм. 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл нь тасалдсан. Учир нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажил олгогч нь намайг ажилд авахгүй гэдгийг сонссоны дараа нийгмийн даатгалын хэлтсүүдэд очиж ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдахыг хүсэхэд та ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал авчирсны дараа Хөдөлмөрийн биржид бүртгүүлээд ажилгүйдлийн тэтгэмжид хамруулдаг гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгч нь ажил олгогчийг ажлаас халсан тушаалаа гаргаж өгнө үү гэж удаа дараа шахаж шаардсан боловч ажил олгогч нь ямар ч үндэслэлгүйгээр хойшлуулсаар байгаад 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр буюу дунд нь 1 сарыг өнгөрөөсөн байдаг. Иргэний хувьд ажлаас халагдсан тушаалаа албадан гаргуулж чадахгүй учраас ажил олгогчийг хүлээсээр байгаад тушаалаа 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан. 

Ажлаас халагдсан тушаал гарах хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл нь тасалдсан. Үүн дээр нийгмийн даатгалын байгууллага ямар ч хяналт тавьж ажиллаагүй. Нийгмийн даатгалын байгууллага нь хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй. Тухайн байгууллага ажлаас халагдах хүртэл тухайн ажилтны нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа эсэх талаар хяналт тавьж, дутуу эсвэл зохих ёсоор төлөөгүй тохиолдолд торгох, ямар нэгэн албадлагын арга хэмжээ авах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нь тасалдсан. Нийгмийн даатгалын шимтгэл тасалдсаны улмаас ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах боломжгүй болсон. Гэтэл харьяалах нийгмийн даатгалын хэлтэс нь энэ асуудлыг шийдвэрлэхгүй, манай байгууллагад хамааралгүй гэсэн хариуг өгч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөнддөг учраас нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдхүйг хууль бус болохыг тогтоолгож,А.Гг ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Мөн 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дэвтэр дээр нь төлсөн байдаг гэж хариуцагч тайлбарладаг. Нийгмийн даатгалын дэвтрийг үзвэл 600 мянган төгрөгөөс тооцох ёстой байтал дутуу тооцсон. Гэтэл ажил олгогч нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр халж тооцооны бичилт хийхдээ ээлжийн амралтын хоногоор тооцож шимтгэлийг бодсон гэжээ.

Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 03, 04, 05, 06, 07 дугаар сарын нийгмийн даатгалын асуудлыг ярьж байгаа. 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд хамгийн сүүлд гаргаж өгсөн нотлох баримтаар 300 гаруй мянган төгрөг байсан. 04, 05 дугаар сард бичилт хийсэн. 06, 07 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл нь тухайн  ажил олгогчА.Гг ажлаас халсан тушаалаа цагтаа гаргаж өгөөгүйгээс болж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдаж чадаагүй. Үүнээс болж нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт нь тасалдсан. Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоол болон Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 47 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоолд нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар бүлэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг тайлбарласан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд хэсэгт нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтыг зохицуулсан бөгөөд 11.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно гэж заасан. Дээрх зохицуулалтыг Улсын Дээд шүүхээс  тайлбарлахдаа хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах,  байршуулахыг хориглоно гэдгийг Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар Улсын Их хурлын бүрэн эрхийн хүрээнд гаргасан хуулийн зохицуулалтаар тухайн заалтыг өөрчлөхөөс өөр байдлаар нийгмийн даатгалын төрөл бүрд байрших мөнгөн хөрөнгийг сан хооронд шилжүүлэх, ашиглах, захиран зарцуулж болохгүй гэж ойлгоно. Дээрх тайлбар болон Засгийн газрын тогтоолын дагуу тэтгэвэр, тэтгэмжийг суутгахад 7.8 хувь болж байгаа юм. Тэгэхээр энэ 7.8 хувийн хувьд маргаан байхгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт даатгуулагч ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд үүнээс 9 сарын хугацаанд тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүснэ. Ингээд хугацааг нь тоолоод үзэхэд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасалдсан байгаа учраас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсэхгүй байна. Яагаад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасалдсан юм бол гээд нөхцөл байдлыг нь судалж үзэхэд нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч нь буруутай ажил олгогчоос хохирлоо гаргуулж аваад зөрчигдсөн эрхээ сэргээлгэсний дараа ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болно. Манай байгууллагын зүгээс хуулийн дагуу хариу өгсөн. 

Манайх хөдөлмөрийн эрх зүйн харилцааг хэрэгжүүлэгч хяналт тавих эрх бүхий байгууллага биш. Эрүүл мэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал байдаг. Ажилтан заавал 1 жил ажилласан байвал ээлжийн амралтыг нь бодно, 1 жил ажиллаагүй байвал ээлжийн амралтыг нь бодохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Тэр хүн тухайн байгууллагад 03 сар ажиллаад гарсан ч 03 сард ногдох ээлжийн амралтыг бодож тооцох ёстой. Бүтэн жил ажиллаагүй байхад ээлжийн амралтыг бодсон гэж тайлбарласныг гайхаж байна. 2015 онд ээлжийн амралтаа аваад үүнээс хойш ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг бодож тооцно гэсэн зохицуулалт хөдөлмөрийн хуульд байдаг. 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн аж ахуйн нэгж нь төлсөн. Гэтэл шүүхийн шийдвэрээр ажиллаагүй 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл гэдгийг цалин хөлс түүнтэй адилтгах орлого гарсан байгаа учраас 03 дугаар сард тооцож төлье. Харин 02 дугаар сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 04, 05 сард тооцож нэхэмжлэгчид ашигтай байдлаар бид асуудлыг нь шийдсэн. 03 дугаар сард шүүхийн шийдвэрээр олгосон мөнгийг нь нэмээд бид тайлангаа засаж болно гэхдээ нэхэмжлэгчийн ажилласан жил нь сараар хасагдаж тооцогдоно гэсэн үг. Даатгуулагчид аль нь ашигтай байх вэ гэдэг асуудлаар шимтгэл хариуцсан байцаагч, нягтлан бодогч нартай ярилцсаны эцэст бид сарыг нь ухрааж тооцож, бичилт хийсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн томилсон боловч ажил олгогч ньА.Гг ажилд авахгүй гэсэн эрх зүйн харилцааг өнөөдөр ярих  нь буруу. Яагаад гэвэл энэ нь тухайн аж ахуйн нэгж, даатгуулагч хоёрын хоорондох харилцаа. Манай байгууллагаас энэ харилцаанд хяналт тавиад шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь авах ёстой гэх мэтчилэн ямар ч гүйцэтгэх ажиллагааг хийх боломжгүй.” гэжээ.

Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:А.Г нь Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газарт ажилгүйдлийн тэтгэмж болон нийгмийн даатгалын шимтгэл 7.8 хувиар тооцож төлөгдсөн болон 03, 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэсэн гомдлыг 3 удаа гаргасан. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан тоотоор миний бие хариу өгсөн. Нийгмийн даатгалын байгууллага хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгч хэлдэг. ГэтэлА.Г нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халагдаад иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох гэж ажил олгогчтойгоо уулзсан байдаг. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн би “Т.Б.В” ХХК-д ажиллаж чадахгүй гэсэн утгатай өргөдөл байдаг. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал шийдвэр нь гараагүй байхад нэхэмжлэгч нь өөрөө өргөдөл өгсөн. 06 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл тооцогдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого огт гараагүй. Өөрөөр хэлбэл 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх эрх зүйн харилцаа үүсээгүй. Нийгмийн даатгалын байгууллага хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэх гомдлын хувьд тухайн иргэн тушаалаа авахаар шахаж шаардах эрхгүй байсан ч хөдөлмөрийн эрхийн улсын мэргэжлийн байцаагч нарт миний өргөдөл гомдлыг шийдвэрлэж өгөхгүй байна гэх гомдлыг гаргах эрх нь нээлттэй байсан. Хуулийг мэдэх нь тухайн хүний өөрийнх нь үүрэг. 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь манай тайлан, тооцооны дэвтрээр баталгаажиж байгаа. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх үүрэг нь тухайн аж ахуйн нэгжид байдаг. 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг манай байгууллагаас баталгаажуулсан байдаг. 04 болон 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоолын дагуу цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 7.8 хувиар тэтгэвэр, тэтгэмжийн даатгалыг нь суутган авч ажилласан жилийг нь тасалдуулахгүй эрх зүйн харилцааг үүсгэсэн.” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 7.8 хувиар тооцсон гэж ярьж байгаа нь буруу. 1994 оны Монгол Улсын Их хурлаас баталсан нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5.1 дэх хэсэгт хуулийн дагуу олгох тэтгэвэр тэтгэмжийн шимтгэлийг төлсөн хугацааг харгалзан тогтооно. Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 5-д хууль бусаар ажлаас халагдсан хугацаа гэж байгаа. Хуулийн дагуу 7.8 хувиар тооцсон. 6 дугаар сард ажил хийгээгүй  учраас шимтгэл тооцогдохгүй. Шимтгэл тооцогдоогүй учраас тухайн байгууллагатай ямар нэгэн хариуцлага тооцох үндэслэлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

НэхэмжлэгчА.Г нь “Т.Б.В” ХХК-ийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн № 12/137 дугаар “үндсэн ажилтнаар тооцох тухай” тушаал –аар Сакура ресторанд угаагчийн албан тушаалд томилогдож, мөн компанийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 12/29 дугаар тушаал -аар ажлаас чөлөөлснийг Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн ахнан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн № 101/ШШ2016/04036 дугаар шийдвэр -ээр урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил олгогч нь миний нийгмийн даатгалын 3 дугаар сарын шимтгэлийг буруу, 4,5 дугаар саруудын шимтгэлийг 7,8 хувиар тооцож төлсөн, 6 дугаар сарын шимтгэлийг огт төлөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй байна. Мөн нийгмийн даатгалын байгууллагууд нь уг үйлдлийг зөвтгөж, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тодорхойлжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ,,,,,,, даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэжээ.

Нийгмийн даатгалын төрөл

Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Тэтгэврийн даатгал

7.0

7.0

Тэтгэмжийн даатгал

1.0

0.8

Эрүүл мэндийн даатгал

2.0

2.0

Ажилгүйдлийн даатгал

0.2

0.2

Шимтгэлийн дүн

10.0

10.0

Хариуцагч нараас Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ”, мөн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын 2 дугаар зүйлийн е-д зааснаар “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажил олгогч болох “Т.Б.В” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийг 7,8 хувиар бодож төлсөн нь зөв бөгөөд ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
    Учир нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор түүний эрх зүйн байдал нь өмнө нь ямар байсан тэр байдалдаа шилжих учиртай бөгөөд ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 212 дугаар тогтоолын дагуу бус шүүхийн шийдвэрийн дагуу ажиллаж байх үеийнхтэй нь адилтгаж Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүрэн тооцохоор байна.
    Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн № 47 дугаар “нийгчийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ажилгүйдлийн тэтгэмжийг хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан, хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн хүнд олгоно”, 3.2-т “хуулийн 5 дугаар зүйлд заасан “тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар ажилтан ажлаа хүлээлгэн өгч, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмж авснаас хойш 14 хоногийн хугацаанд гэж ойлгоно”, 
    Ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон явдал энэ зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй  гэж тайлбарлажээ.
     НэхэмжлэгчА.Г нь “Т.Б.В” ХХК-ийн захиргаанд 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус өргөдөл  гаргасан боловч тус байгууллагын захирлын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн № 12/149 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
    Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон”-оор ажил олгогчийн шимтгэл төлөх үүрэг дуусгавар болохоор хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөхөөр байна. 
    Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцалсан мөчөөс ажил олгогчийн шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно. 
    Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д зааснаар “тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах” эрх нь нийгмийн даатгалын байцаагчийн бүрэн эрхэд хамаарахаар байтал уг эрхээ хэрэгжүүлээгүй, нөгөө талаар үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байна.
    Ниймгийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж заажээ.
    Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн № 47 дугаар “нийгчийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мөн зүйл, хэсэгт заасан “…ажилгүйдлийн тэтгэмж…” гэдэгт ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан болзол, журмын дагуу төлсөн ажилгүй хүнд нийгмийн даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгож, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно” гэжээ.
    Нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхэлж, хууль, журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж байсных нь хувьд дээрх эрхийг эдлэх боломжоор ханган нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үүрэг байна.
    Мөн хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү болон төлөгдөөгүй сарын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлэх талаар хяналт тавьж, даагуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчимаа баримтлан ажиллах нь зүйтэй байна.
    Иймд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.    Ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгахыг хүссэн шаардлагын тухайд:
    Нэхэмжлэгч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст /хуучнаар/ 2016 оны 3 дугаар сарын 15, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус тус ажилгүйдлийн тэтгэмж авах талаар хандаж байсан боловч эрх үүсээгүй, ажлаас халагдсан тушаалгүй /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлснээр/ зэрэг шалтгаанаар бүртгэхэээс татгалзжээ.
    Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх нотлох баримтыг тус хэлтсээс шаардсан боловч 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлөөс өөр баримт ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
    Харин нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №12/149
дүгээр “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гарсны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах талаар тус хэлтэс хандаагүй байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөөлөлтэй холбоотой болон ажилгүйдлийн тэтгэмж авах талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 2 удаа, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт 3 удаа тус тус ханджээ.
    Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн  тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба,  уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана” 2-т “хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сугалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэжээ.
    Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн № 47 дугаар “нийгчийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т мөн зүйлд “оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан тул ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх ажлаас халагдсан даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлснээр үүсэх бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдахыг шаардах эрхгүй гэж тайлбарлажээ.
    Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон шимтгэл төлөгдөөгүй сартай холбоотой маргаанаа эрх бүхий байгууллага албан тушаалтнаар шийдвэрлүүлсний дараагаар өөрийн харъяа дүүрэг болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан бүртгүүлснээр ажилгүйдлийн  тэтгэмж авах эрх нь үүсэхээр байна. 
    Иймд ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3.    Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн шаардлагын тухайд.
    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөллөгч Б.Э******* нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай хүсэлтийг
шүүхэд гаргажээ.
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ”, мөн хуулийн 28.2.4-д “нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах” гэж тус тус заажээ.
    Нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Эд итгэмжлэл орлгосон ба итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан заалтыг дурьдсан хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхгүй этгээд гэж үзэхээр байна.
    Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлд тусгайлан буюу нэг бүрчлэн дурьдсан дохиолдолд эдлэхээр хуульчилжээ.
    Өөрөөр хэлбэл төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон эрх хэмжээний хүрээнд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх ёстой бөгөөд итгэмжлэлд тусгайлан эрх олгоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхгүй юм. 
    Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

   

                  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г ын нэхэмжлэлтэй Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг” тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
 5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ