Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0289

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0136 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0136 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.5.1, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 44ф дугаар байрны зоорийн давхрын 000 тоот хаягт байрлах автомашины зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн 00000000 тоот, Ү-2200000000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Давж заалдаж буй гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх нь тус захиргааны эрх зүйн харилцааны маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчээс дээр дурдагдсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Гомдлын агуулга: Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн даруй шүүхэд хандсан тухай

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь анхнаасаа өөрөө уг орц гарцыг хааж хана барьсан, Н.М авто зогсоолын зориулалтаар ашиглаж байхад бүртгэлийг хүчингүй болгуулахаар холбогдох байгууллага болон шүүхэд олон жилийн турш хандаагүй...” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч тухайн барилгыг барихад өөрийн газар дээр гэрээ байгуулан “М ө” ХХК-тай хамтран ажилласан, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу “О” ХХК өөрт ногдох барилгын хэсгийг өмчлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Барилгыг барьж гүйцэтгэсэн “М ө” ХХК нь Барилгын тухай хууль болон бусад норм дүрэмд заасны дагуу барилгыг барьж гүйцэтгэсэн этгээд мөн маргааны зүйл болох автозогсоол нь барилгын зурагт төлөвлөгдөөгүй бөгөөд Н.М нь тухайн зогсоолыг гэрчилгээ гаргуулсан болохоо нэхэмжлэгч талд хэлээгүй, тус зогсоолд машин тэрэг тавьдаггүй байсан байдаг. Үүнээс үзвэл тухайн зогсоолыг улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан байсныг нэхэмжлэгч сүүлд мэдсэн.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн талбай руу орох орц гарцыг хааж автозогсоол байрлаж байгаа нь эрхийг нь зөрчсөн мөн зөрчиж болзошгүй учраас шүүхэд гомдол гаргасан. Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “О” ХХК нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хуульд заасан эрх ашиг нь зөрчигдсөн байж болзошгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэний дараа нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4/17 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ханд гэсэн хариуг ирүүлсэн.

Хоёр. Шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тухай а/Захиргааны байгууллагын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Барилгын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Автозогсоолын стандартад заасан дүрэм, журмыг зөрчиж уг автозогсоолыг олгосон байдаг. Барилгын тухай хуульд зааснаар улсын комисс батлагдсан барилгын зургийг үндэслэн, ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан барилгын зургийн дагуу барилгын ажил гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавьж барилгыг хүлээж авдаг. Барилгын тухай хуулийн 12.1.4-д барилгын зураг нь автозогсоол түүний орц гарцыг саадгүй байхаар төлөвлөсөн байх шаардлагыг хангасан байх тухай хуульчилж өгсөн байна. Өөрөөр хэлбэл барилга байгууламж нь хэн нэгний дур зоргоор хийж өөрчлөлт оруулах боломжгүй буюу холбогдох хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулсан харилцаа юм.

Анхан шатны шүүхээс тус хэрэг маргааныг иргэдийн хооронд үүссэн харилцаа мэт дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

б/Мэдүүлэг гаргагч байгууллага үнэн зөв мэдүүлэг гаргах үүргээ хэрэгжүүлсэн эсэх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд улсын бүртгэлд мэдүүлэг хэрхэн гаргах тухай зааж өгсөн. Хуулийн 13.5.5-д Барилгын план зургийг гаргаж өгөх бөгөөд 13.9-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл тухайн мэдүүлэг гаргагч нь тус автозогсоолын бүртгэлд өгөх мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй байсан байна. Энэхүү хуулиар хүлээсэн үүргээ мэдүүлэг гаргагч зөрчсөн байтал анхан шатны шүүхээс тухайн үйл баримтыг огт дүгнэхгүйгээр мэдүүлэг гаргагч хуулийн шаардлага хангасан мэдүүлэг гаргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт анх уг барилгыг барьсан “М ө” ХХК-ийн зоорийн давхрын нэгдсэн зохион байгуулалтын зургаас үзвэл уг барилгын зоорийн давхарт авто зогсоол төлөвлөөгүй...” гэж зөв дүгнэсэн мөртлөө мэдүүлэг гаргагчийг хуульд заасан үнэн зөв мэдүүлэг гаргасан эсэхэд шүүхээс огт дүгнэлт хийхгүй хэргийг шийдвэрлэсэн.

“М ө” ХХК-иас бүртгэлийн байгууллагад гаргасан авто зогсоолыг бүртгүүлэх хүсэлтүүд нь тамга тэмдэг тодорхойгүй, огноо байхгүй зэрэг зөрчилтэй байхад бүртгэгч тухайн мэдүүлгийг хянаж шалгаж аваагүй байдаг.

в/Бүртгэлийн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэхүү 000 дугаартай автозогсоолыг улсын бүртгэлд бүртгэхдээ холбогдох хууль, тогтоомжид заасныг зөрчсөн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд бүртгэлийн зарчмыг тусгайлан зааж өгсөн байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж тусгайлан хуульчилж, бүртгэлийг нотлох баримтад үндэслэсэн, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх тухай зааж өгсөн байхад Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс үүнийг зөрчсөн. Улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг өгөхөд улсын бүртгэгч хүлээн авч мэдүүлэг гаргагчийн баримтыг шалган түүнд хяналт тавьж хуульд заасан үндэслэлээр бүртгэх, татгалзах эсэх талаар эрх үүргээ хэрэгжүүлж хяналт тавих үүрэгтэй.

Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заасан. Мөн бүртгүүлэхээр өгсөн нотлох баримт нь эргэлзээтэй бол эх материалыг улсын бүртгэлийн архиваас баталгаажуулан авч баяжуулалт хийх үүрэгтэй юм.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1.2-т Бүртгэл үнэн зөв байх болон 7 дугаар зүйлд Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх тухай тус тус зохицуулсан. Хуулийн 7.6-д эрхийн улсын бүртгэлийг хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн бол түүнд хяналт тавьж эрх бүхий байгууллагад өгч шалгуулна гэж хуульчилжээ.

Хариуцагч нь дээрх хуульд заасан эрх үүргээ огт хэрэгжүүлээгүй бөгөөд анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа хуулийн дагуу мэдүүлэг гаргагчийн хүсэлтийг шийдвэрлэсэн гэж тайлбарласан боловч дээрх холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарлаж чадаагүй.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

г/ Мэдүүлэг гаргагчийн гаргаж өгсөн баримт түүнд хяналт тавих тухай Улсын бүртгэгч нь мэдүүлэг гаргагчийн гаргаж өгсөн баримтыг хуулийн дагуу шалгаж хуулийн шаардлага хангасан бол бүртгэл хийх ёстой. Өөрөөр хэлбэл хүсэлт, мэдүүлгийн үнэн зөвийг /барилгын эскиз зураг/ захиргааны байгууллага шалгах, хяналт эргэлзээтэй байвал нарийвчлан шалгах, нэмэлт мэдээ баримт гаргуулах зэргээр гүйцэтгэж шалгах хяналт тавих үүргийг хуулиар хүлээдэг.

Улсын бүртгэгч нь мэдүүлэгт өгсөн барилгын зургийг шалгаж, түүнд хяналт тавиагүй. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст үзлэгээр авагдсан мэдээллийн бүртгэлийн санд байгаа үндсэн зураг болон мэдүүлэг гаргагчийн өгсөн зураг өөр байгаа бөгөөд түүнийг шалгаж хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй юм. Улсын бүртгэлд бүртгүүлэхээр өгсөн барилгын зурагт 000 тоот автозогсоол байхгүй. Тиймээс энэ зургийг эх зураг гэдгийг шалгаж тогтоогоогүй бүртгэсэн. Шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хийсэн үзлэгээр болон үзлэгээр авагдсан бүртгэлийн цахим санд байгаа план зурагт 000 тоот зогсоол байхгүй байгаа нь нотлогддог. Тус барилгын зурагт тухайн автозогсоол байхгүй төлөвлөгдөөгүй болохыг Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт, Улсын архиваас авсан барилгын зураг зэрэг нотлох баримтаар нотлогддог. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг, туршилт хийхэд автозогсоолд тэмдэглэгээ байхгүй, авто машин байрлуулах боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Шүүхийн үзлэгийн явцад 3 автомашин туршилтад хамрагдсан ба эхний 2 машин тус зогсоолд орох боломжгүй, сүүлийн автомашиныг байрлуулах гэтэл хойд талын ханыг мөргөсөн байдаг. Дээрх үйл баримт шүүхээс хийсэн бичлэгээс тодорхой харагдана. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Хот тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах. шинэчлэх, өөрчлөх, барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг мөрдөнө” гэж заасан. Автозогсоолд авто машин байрлуулж болно. Гэтэл “О” ХХК-ийн барилгын орох, гарах гарцыг нь хаасан, үйл ажиллагаа явуулах гэхээр галын аюулгүй байдлын тухай хуульд заасныг зөрчсөн. Ямар нэг байдлаар гал гарахад төлөвлөөгүй газарт зогсоол байрлуулах нь холбогдох хууль тогтоомжийг зөрчхөөс гадна иргэдийн аюулгүй байдлыг зөрчсөн, аливаа гамшгийн тохиолдолд бодит эрсдэлийг учруулж болзошгүй зэрэг нөхцөл байдлыг шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй.

Мөн тус зогсоол нь Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан норм, нормативыг ноцтой зөрчсөн. Онцгой байдлын улсын байцаагч тус зогсоолд хяналт шалгалт хийж мэдэгдэл шаардлага хүргүүлсэн байдаг. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлал” гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгмийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Үүнээс үзвэл тус барилга нь хуульд заасан барилгын магадлал хийсэн зургийн дагуу баригдаж дууссан байтал хэн нэгэн иргэн аж ахуйн нэгж ашиг олох зорилгоор барилгын зургийг хуурамчаар хийж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.2-т тус тус заасныг зөрчсөн үйл баримтууд хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдох нотлох баримтаар нотлогддог.

Архивын ерөнхий газраас албан ёсны барилгын эх зургийг авахад мэдүүлэг гаргагчийн улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлсэн баримт бичиг хуурамч гэдэг нь нотлогдож байгаа. Автозогсоолын норм, норматив, авто зогсоолын стандартыг эрх бүхий байгууллага баталж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэхүү стандартад автозогсоол нь аюулгүй байдлыг хангасан байх, бусдын хөдөлгөөнд саад болохгүй байх зэргийг журамлаж өгсөн. Барилга байгууламжид тавигдах шаардлагыг холбогдох хуулиар зохицуулсан, улсын бүртгэлд бүртгэхэд хяналт тавих тухай хуульчилсан байхад мэдүүлэг гаргагч “М ө” ХХК хуурамч баримт бичиг, план зургийг өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлснийг шүүхээс огт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг судалж үзэхгүйгээр анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг нотлох баримтын хүрээнд үнэн зөв дүгнээгүй буюу хэргийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “О” ХХК нь “Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 44Ф дугаар байрны зоорийн давхрын 000 тоот хаягт байрлах автомашины зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн 000000000 тоот, Ү-2200000000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анх 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Н.М-ыг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 44Ф байрны зоорийн давхрын 000 тоот, 40 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаар гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгожээ.

Улмаар уг автозогсоол 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гуравдагч этгээд Б.А-ийн өмчлөлд шилжиж, түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаар гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Н.М нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргахдаа барилга барьсан “М ө” ХХК-ийн барилгын зоорийн давхрын автозогсоолын зураг, автозогсоолуудыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өгсөн хүсэлт, фото зураг, мөн “М ө” ХХК болон Н.М нарын хооронд байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Автомашины зогсоолын захиалан бариулах тухай” гэрээ, өргөдөл зэрэг баримтуудыг хавсаргасан байсан болох нь тогтоогдож байна.

Маргаан бүхий автозогсоолын эрхийн улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаарт Н.М, түүнээс шилжүүлэн авсан гуравдагч этгээд Б.А-ийн өмчлөлд бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ” гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж заасныг зөрчөөгүй байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 44Ф байрны зоорийн давхрын 000 тоот автозогсоолыг өмчлөх эрхээ баталгаажуулахаар улсын бүртгэлийн газарт Н.М нь хуульд заасан шаардлагыг хангаж, мэдүүлэг гаргасан, уг бүртгэлийг хийхээс татгалзах, буцаах үндэслэл хариуцагчид байгаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд маргаан бүхий автозогсоолыг Ү-2200000000 дугаарт бүртгэсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаар гэрчилгээ холбогдох хуулийг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР