Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1298

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03609 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

37 582 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХХ” ХХК-ийн ажилтан ХХХХХ нь 2013 оноос 2015 оны 10 дугаар сарын 26 хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2015 оны эцэст компани тайлан тооцоогоо хийж, тогтвор суурьшилтай, сайн ажиллана гэсэн ажилчдын өргөдлийг үндэслэн зарим ажилтанд байр олгох, хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар ярилцан, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн. ХХХХХ нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байр хүссэн өргөдөл гаргасан ба түүний ажиллаж байгаа байдлыг харгалзан, тус компани өөрийн барьж ашиглалтад хүлээлгэн өгч байсан байрнаас 2 өрөө 45,58 м.кв талбайтай орон сууцыг өгөхөөр болсон.

Компанийн дотоод журамд зааснаар, /11.2, 11.3/ ажилд ороод тасралтгүй, жил үр бүтээлтэй, хамт олноо хошуучилж, идэвх санаачлагатай ажилласан цаашид үргэлжлүүлэн тогтвор суурьшилтай ажиллах ажилтныг ерөнхий захирлын тушаалаар мөнгөн шагнал, бусад хэлбэрээр урамшуулж болох /11.1/, бусад урамшуулал гэдэгт тухайн үед компанийн удирдлагаас шийдвэрлэсэн хөрөнгө байхаар заасан.

ХХХХХгийн өргөдлийг үндэслэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 1 м.кв-ийн үнийг 2 200 000 төгрөгөөр худалдаж байгаа мэтээр байгуулан, байрны хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамруулсан. Ингээд ХХХ-д уг орон сууцыг 1 650 000 төгрөгөөр худалдан авах боломж бий болсон. Банкны зээл авахад зайлшгүй төлөх 30 хувийн урьдчилгаа 30 082 800 төгрөгийг компаниас төлж хөнгөлөлт үзүүлсэн тул 75 207 000 төгрөгөөр хотын төвд 45,58 м.кв бүхий 2 өрөө орон сууцтай болсон. 70 000 000 төгрөгөнд Хаан банкны ипотекийн 8 хувийн орон сууцны зээлэнд хамрагдсан. Байр авсны дараа энэ хүнтэй холбоотой янз бүрийн асуудал гарч,даамжирсаар 2015 оны 10 дугаар сарын 26-нд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. ...

Хөдөлмөрийн дотоод журмын 11.5 зааснаар ажилтан Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчин урамшуулал олгосноос хойш 1 жилийн дотор ажлаас халагдах, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх зэрэгт компаниас олгосон урамшуулалыг ажил олгогч бодит хэлбэр, мөнгөн байдлаар буцаан нэхэмжлэх эрхтэй. ... Мөн хөдөлмөрийн гэрээний 11.5-д зааснаар ажилтан байгууллагаас автомашин, орон сууцаар хангасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бол тасралтгүй гурван жил ажиллана. Компаниас олгосон автомашин, орон сууцны урамшууллыг тухайн ажилтан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд үл маргах журмаар компанийн мэдэлд буцаан шилжүүлэх гэсний дагуу компани байраа ч буцаан шаардах эрх үүсч байна.

Иймд компани, нэгэнт гэрээнд заасан үүргээ зөрчсөн ХХХХХтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрх зүйн үндэс бүрдэж байгаа учир ХХХХХгийн өмнөөс Хаан банкинд төлсөн 30 082 800 төгрөг, орон сууц худалдан авахдаа зээлсэн 5 000 000 төгрөг, хүүгийн хамт 7 500 000 төгрөг, нийт 37 582 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг “ХХХХХХ” ХХК биш “ХХХХХ” ХХК иргэн ХХХХХтэй хийсэн. Уг хэлцэлд “ХХХХХ” ХХК-ийг төлөөлж ХХХХХ биш гүйцэтгэх захирал ХХХХХ төлөөлж хийсэн. Энэ нь 2014 онд хийсэн гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасны дагуу хөнгөлөлт үзүүлсэн 30 082 800 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. “ХХХХХ” ХХК-тай хийсэн гэрээ байхад “ХХ” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам үйлчлэх боломжгүй. Хэрэв “ХХХХХХ” ХХК-тай гэрээ хэлцэл хийгээд захирал ХХХХХ гарын үсэг зурсан байх юм бол хөнгөлөлтийг буцааж өгөх талаар ярьж болно.

“ХХХХХ” ХХК-тай хийсэн гэрээг “ХХ” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг үндэслэж байна гээд байна. Үүнээс гадна “ХХХХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХХХ оролцсон худалдах, худалдан авах гэрээ 2014 онд хийгдсэн. Гэтэл хөдөлмөрийн гэрээ, дотоод журам 2015 оны 1 дүгээр сард хийгдсэн. Хөдөлмөрийн гэрээг нотлох баримтын хэмжээнд авч үзэх боломжгүй. 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалд хавсаргасан гэж байсан. Ямар тушаалаар шийдсэн нь харагдахгүй байна. Ийм үндэслэлээр 30 082 800 төгрөгийг хүлээж авах бололцоогүй.

Мөн ХХХХХ, ХХХХХ нарын хооронд зээлийн гэрээ хийсэн байхад яагаад аж ахуй нэгж нэхээд байгаа нь тодорхой бус байна. Иргэд хоорондын хэлцэл учраас компани нэхэмжлэх болон төлөөлөх эрхгүй. Иймд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээнд “ХХХХХХ” ХХК орсон гэх баримт үгүйсгэдэж байна.

2015 оны 1 дүгээр сард Хаан банкаар дамжуулж ХХХ-д 5 000 000 төгрөгийн зээл олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Гэтэл хэлцлийг 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нөхөж хийсэн нь дүр үзүүлж хийсэн. Энэ утгаараа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хүүгийн хамт 7 000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХХгээс 29 571 055 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 011 745 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 346 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХХгээс 305 805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт өгсөн бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв үнэлж чадаагүй. Нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “ХХХХХ” ХХК-тай байгуулсан гэрээгээр орон сууц худалдагдсан баримтыг үндэслэлээ болгон 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зуруулсан “ХХ” ХХК-ийн хөдөлмөрийг гэрээний 11.4, 11.5 дугаар заалт болон 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 30 082 800 төгрөг шаардах эрхтэй гэснийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзжээ.

Компанийн тухай хуульд зааснаар “ХХХХХ” ХХК болон “ХХХХХХ” ХХК нь биеэ даасан үйл ажиллагаатай хуулийн этгээд байтал шүүх “ХХХХХХ” ХХК-ийг шаардах эрхтэй гэж үзсэн, мөн 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний зохицуулалт нь хэрэгжиж дууссан, талуудын үүрэг дуусгавар болсон 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээнд хамааруулж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй учраас хууль бус, үндэслэлгүй шийдвэр боллоо.

Түүнчлэн хавсралт баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлснийг буруу гэж, Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасны дагуу “ХХХХХХ” ХХК-ийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК нь хариуцагч ХХХ-д холбогдуулан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учир орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрх зүйн үндэслэл бүрдсэн гээд, Хаан банкинд зээлийн урьдчилгаанд хөнгөлөлт болгон төлсөн гэх 30 082 800 төгрөг, орон сууц худалдан авах зорилгоор авсан зээл 5 000 000 төгрөгийг хүүгийн хамт 7 500 000 төгрөг, бүгд 37 582 800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц худалдах, худалдан авах гэрээг “ХХХХХ” ХХК-тай байгуулсан, 5 000 000 төгрөгийг иргэд хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан учир “ХХХХХХ” ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй гэх үндэслэл заан маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ. Ингэснээр шаардах эрхтэй этгээд болон хариуцагчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхой болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд жинхэнэ нэхэмжлэгч хэн байх нь тодорхой болно.

 

Хариуцагч ХХХ нь “ХХХХХ” ХХК-тай байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний дагуу 2 өрөө орон сууц худалдан авахаар тохиролцон, Хаан банкны ипотекийн зээлд хамрагдаж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн хувьд өөрийн ажилтан ХХХд 30 082 800 төгрөгийг урамшуулал болгон олгож байгаа тухай тодорхойлолтыг банкинд өгсөн, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэн ХХХХХ-ийн дансаар хариуцагчид дээрх төлбөрийг шилжүүлсэн байх боловч тэр өдөртөө тухайн дансаар буцаад зарлагаар гаргасан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба энэ үйл баримтад талууд маргахгүй байгаа.

/хх-ийн 32-33, 39-40, 45-51, 57, 102 дугаар тал/

 

Үүнээс үзвэл “ХХХХХХ” ХХК нь маргааны зүйл болох орон сууцны 30 хувийн хөнгөлөлт гэх 30 082 800 төгрөгт холбогдуулан шаардлага гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг зайлшгүй тодруулснаар хэргийг шийдвэрлэх ёстой.

 

Ингэснээр маргааны үйл баримтын талаар талууд нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, тэдгээрийн тэгш байдал хангагдах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасантай нийцэх болно.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03609 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 305 805 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА