Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2016/00123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Е ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Э.Д -д холбогдох

    Зээлийн гэрээний үүрэгт 2.680.948 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранчимэг, Ж.Уянга, хариуцагч Э.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Е ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранчимэг, Ж.Уянга нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.Д- нь 2014 оны 2 сарын 27-ны өдөр манай компаниас 66/1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй BMW 320 маркийн ** улсын дугаартай автомашиныхаа эзэмших эрхийг манай компаний нэр дээр шилжүүлж, унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалан 2,000,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч Э.Д-ийг зээл, хүүгээ төлөхийг шаардахад удахгүй зээлээ төлнө гэж хугацаа авсаар хүүгээ төлөөгүй хугацааг 278 хоног хэтрүүлсэн. Э.Д- үндсэн зээл 2,000,000 төгрөгөөс 24,000 төгрөг төлж 1,976,000 төгрөг төлөөгүй. Үндсэн хүү 2014 оны 2 сарын 27-ноос 2015 оны 11 сарын 18-ыг хүртэл 510 хоногийн 1,518,948 төгрөг төлөхөөс 1,429,648 төгрөг төлж үлдэгдэл 89,300 төгрөгийн үндсэн хүү төлөөгүй. 2015 оны 11 сарын 18-наас 2016 оны 4 сарын 25-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй гэрээний хугацааг 278 хоног хэтрүүлсэн алданги 1,099,520 төгрөг болсон. 
Иймд зээлдэгч Э.Д-өөс үндсэн зээлийн үлдэгдэл 1,976,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 89,300 төгрөг, алданги 615,648 төгрөг нийт 2,680,948 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний 3.7.Зээлдэгч нь хүүгээ өгсөн тохиолдолд зээлийн гэрээний сунгалтыг хийнэ. Үндсэн зээлээс сар бүр хасалт хийсэн тохиолдолд нэг жил хүртэл сунгаж болно гэж зааснаар хугацаа сунгагдсан гэж үзэж байгаа. Бичгээр зээлийн гэрээг сунгаагүй боловч утсаар мэдэгдсэн. Зээлийн барьцааны автомашиныг оношлогоо хийлгэсэн. Автомашиныг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 2 сарын 27-ны өдөр ** дугаартай BMW 320 загварын тээврийн хэрэгслийг Е ХХК-д барьцаалж зээл авсан. 2014 оны 2 сарын 27-ны өдрөөс 2016 оны 6 сарын 28-ны өдөр хүртэл зээлийн хүү болон алданги төлж байсан. 2015 оны 8 сард компанийн эзэмшлийн ** дугаартай тээврийн хэрэгслээр зам тээврийн осол гаргаж 2015 оны  6 сарын 28-нд Багахангай Налайх дүүргийн шүүхээс 2 жилийн ял шийтгэл шийтгүүлж 2015 оны 11 сарын 04-ний хүртэл хоригдож байгаад Өршөөлийн хуулиар суллагдасан. 2015 оны 6 сарын 28-наас 2016 оны 10 сар хүртэл миний ээж Б.Батцэнгэл хүүг нь төлж байсан боловч 2015 оны 10 сараас хойш санхүүгийн бололцоогүй болсон. Е ХХК нь хэлэхэд 2015 оны 11 сарын 16-ны өдөр эдийн засагч  машиныг хурааж авч явсан. 2015 оны 11 сарын 04-ний өдөр суллагдаж 11 сарын 16-ны өдөр Е ХХК-ийн байранд очиж ахлах теллер гэх эмэгтэйд “Авсан зээлийн хүү алдангаа төлөх чадваргүй болсон тул ** дугаартай BMW 320 загварын тээврийн хэрэгслээ Е ХХК-д хураалгаж зарж үрэхэд гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгөхөд одоо ямар нэг асуудал байхгүй та явж болно” гээд явуулсан. Түүнээс хойш надтай нэг ч удаа холбогдоогүй, 2016 оны 4 сарын 10-ны өдөр холбогдож 278 хоногийн хүү алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Зээлийн гэрээний хугацааг сунгах талаар яриагүй тэгээд ч гэрээнд заасан нэг жилийн хугацаа дууссан байна. Зээл, зээлийн хүү гэж нийт 1,826,000 төгрөг төлж, нэмж машинаа өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
 
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:
          
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 
  
Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч Э.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,680,948 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 1,826,000 төгрөг төлж, машинаа өгч, зээлийн үүрэг дуусгавар болсон гэж маргажээ.

Нэхэмжлэгч Е ХХК хариуцагч Э.Д-тэй 2014 оны 2 сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгтэй нийцсэн байна.

Хариуцагч үндсэн зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг, зээлийн нэг сарын хүүгийн төлбөрт 90,000 төгрөг бүгд 2,090,000 төгрөгийг төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн 

 

хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй байна. 

Хариуцагч Э.Д- үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 1,826,000 төгрөг төлснийг хасч тооцож, үлдэх 264,000 төгрөгийг, зээлийн гэрээний 3.4-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг 264,000 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 132,000 төгрөг нийт 396,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,284,948 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй. 

 Хариуцагч Э.Д- зээлийн гэрээний үүрэгт 1,826,000 төгрөг төлсөн, барьцааны зүйл болох BMW 320 маркийн ** улсын дугаартай автомашиныг 2015 оны 11 сарын 16-ны өдөр хүлээн авсан талаар тайлбарлаж байх ба талууд маргахгүй байна. 

     Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 3.7.Зээлдэгч нь хүүгээ өгсөн тохиолдолд зээлийн гэрээний сунгалтыг хийнэ. Үндсэн зээлээс сар бүр хасалт хийсэн тохиолдолд нэг жил хүртэл сунгаж болно гэж зааснаар хугацаа сунгагдсан гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж мэтгэлцэж байгаа боловч гэрээний хугацааг сунгах талаар тохиролцоогүй, бичгээр сунгаагүй болох нь хариуцагчийн тайлбараар няцаагдаж байна.

Хариуцагч Э.Д- зээлийн гэрээний дийлэнх хэсгийг биелүүлж 1,826,000 төгрөг төлсөн байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

Хариуцагч Э.Д- нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар УБ, Баянгол 1-р хороо 2 хороолол, Хатанбаатар магсаржав гудамж 21а байр 6 тоот хаягт бүртгэлтэй байгаа боловч Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Хүрээ хотхон 3 байр 37 тоот хаягт оршин суудаг шилжих хөД- хийлгэж чадаагүй гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар зохигч хэргийн нутаг дэвсгэрийн харъяаллыг хэлэлцэн өөрчилж болно гэсэн зохицуулалттай нийцсэн гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
        ТОГТООХ НЬ:    

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Э.Д-өөс 396,000 /гурван зуун ерэн зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,284,948 төгрөгт холбогдох хэсгийг, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 5,060 төгрөгийг  гаргуулж Е ХХК-нд олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАРАНГЭРЭЛ