Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00049

 

 

 

 

 

 

      2023          12             27                                        210/МА2024/00049                            

 

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/04367 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******, Ш.******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29,736,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 

1.1. Б.*******, Ш.******* нар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Богд банк ХХК-наас 650,000,000 төгрөгийн зээл авахын тулд өмнөх зээлийн үлдэгдлийг хаах зорилгоор надаас 28,400,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, өдрийн 4 хувийн хүүтэй зээлдүүлээч гэж надаас гуйсан. Миний бие тус мөнгийг Б.*******ын данс руу шилжүүлсэн.

1.2. Гэвч Б.*******, Ш.******* нар зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж, намайг хохироож байна.

1.3. Ш.******* надад 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгөөр 2 удаа төлснийг тус тус үндсэн зээлээс хасаж, үлдэгдэл 14,400,000 төгрөг болсон.

Иймд үндсэн зээл 14,400,000 төгрөг, 4 өдрийн 4 хувийн хүү 1,136,000 төгрөг, алданги 14,200,000 төгрөг, нийт 29,736,000 төгрөгийг хариуцагч Б.*******, Ш.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.*******ын тайлбар, татгалзлын агуулга: 

2.1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнгийг залилж авсан зүйл байхгүй. Найз Ш.*******өөр дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.*******гаас 28,400,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай нэг хоногийн 1 хувийн хүүтэй зээлсэн. 14,000,000 төгрөгийг төлсөн, 15,736,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Ш.*******ийн тайлбар, татгалзлын агуулга: 

3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.*******гаас мөнгө зээлж, найз Б.*******д авч өгсөн. Хуулийн дагуу шалгаж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******, Ш.******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,400,000 төгрөгийг, зээлийн хүү 1,136,000 төгрөгийг, алданги 7,200,000 төгрөгийг нийт 22,736,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,940,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 271,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 101/ШШ2023/04367 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй.

5.2. Хариуцагч нар нэхэмжлэгчид нийт 14,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үндсэн зээл 14,400,000 төгрөг, зээлийн хүү 1,136,000 төгрөг, нийт 15,536,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн.

5.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2579 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Гар хүсэлт гаргах нь гэсэн гарчигтай гар бичвэрийн баруун дунд хэсэгт ... хугацаа хэтэрсэн хоног тутамд ... гэсэн бичвэрийн ард 0.5 % гэсэн тоон бичвэрийг 0.5-ын тооны доор 1 гэсэн тоон бичвэр байсныг дарж засварласан байна гэх дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчийн ...1%-ийг, 0.5 % болгон засварласан” гэх дүгнэлт гарсан ба бичвэр илт засвартай.

5.4. Хариуцагч нар нэхэмжлэгчтэй алданги тооцох талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд алданги бус хоног тутам хүү тооцож нэхэмжлэх талаар хүсэл зоригийг илэрхийлсэн атал анхан шатны шүүх алдангид 7,200,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 101/ШШ2023/04367 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж 7,200,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 

6.1. Хариуцагч талаас гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч 1 хувиар алданги тооцож төлнө гэдгээ илэрхийлж байсан ч одоо 0.5 хувиар алданги төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Надаас мөнгө зээлж, авснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн гэжээ. 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******, Ш.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,736,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 14,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Шүүх  Б.*******, Ш.******* нараас Б.*******д гаргасан зээл хүссэн тухай бичгийн баримт, Б.*******гийн эзэмшлийн, “ХААН банк” ХК дахь 5042072979 дугаарын данснаас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.*******ын ******* дугаарын данс руу 28,400,000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Талууд зээлийн гэрээгээр хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар бичгээр хийх хэлцэлд нийцжээ. . Харин алданги тооцон шаардах эрхтэй эсэх тэдгээрийн маргааны зүйл болсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Хэргийн 4 дэх талд авагдсан “Гар хүсэлт гаргах нь” нэртэй нотлох баримтад “Ш.******* нь .... 2022.04.04-с 2022.04.07 хүртэл өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлтэй байна. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн хүү тооцох болно ..., ... Хаан банкны ******* тоот дансанд хүлээн авлаа ..., ... 28,400,000 төгрөг зээлэх хүсэлтэй ...” гэсэн агуулга тусгагджээ.

4.1. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасан. Дээрх бичгийн баримтад тусгагдсан “хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн хүү тооцох” гэсэн нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар үйлийн 232.6 дахь хэсгийн заасан “алданги”-ийн агуулгад нийцэж байна. Иймд талуудыг алдангийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж үзнэ.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан журмын дагуу томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд “... “Гар хүсэлт гаргах нь” гэсэн гарчигтай гар бичвэрийн баруун дунд хэсэгт ... хугацаа хэтэрсэн хоног тутамд .. гэсэн бичвэрийн ард 0.5 % гэсэн тоон бичвэрийн “0.5”-ын тооны доор 1 гэсэн тоон бичвэр байсныг дарж засварласан байна., ... засварласан “0.5” гэсэн тоон бичвэрийн бичигч хэрэгслийн будагч бодисын өнгө бусад бичвэрийн бичигч хэрэгслээс өөр байна ..., ... харьцуулан загвараар ирүүлсэн Б.*******ын гэх бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй.” гэсэн байна.

4.3.Дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг алданги шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

 

5. Шүүх хариуцагч Б.*******, Ш.******* нараас үндсэн зээл 14,400,000 төгрөг, зээлийн хүүд 1,136,000 төгрөг, алданги 7,200,000 төгрөг, нийт 22,736,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн зөв болжээ. 

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/04367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                   

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

   ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

    Ч.ЦЭНД