| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0029/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-01-03 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 31
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 11111111111111 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Б-и, Монгол Улсын иргэн, .......... суманд ... оны .... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, .......дүүргийн 27 дугаар хороо, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ............
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Д.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 09 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо “” хүнсний дэлгүүрийн дэлгүүрийн баруун талын жалганд насанд хүрээгүй хохирогч Л.Э-г /12 настай/ нүүрэн тус газар цохиж, хоолойг нь боож унагаан хүч хэрэглэхээр заналхийлж довтолж куртикны халаасанд байсан 1830 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Насанд хүрээгүй хохирогч Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 9 цагийн үед ээжээрээ эмээгийнхээ гэрийн ойролцоо хүргүүлсэн...Тэгээд би “” хүнсний дэлгүүрийн баруун талын жалга уруудаад эмээгийнхээ гэр лүү явж байсан чинь дэлгүүрээс хар хөх өнгийн богино куртиктэй, доогуураа хар бараан өнгийн жинсэн өмдтэй ах дээр такси барих гэж байгаа бололтой гар өргөөд зогсож байсан. Би тэр ахын хажуугаар өнгөрөөд доошоо явж байсан чинь тэр согтуу ах миний араас хүрч ирээд “пиздаа минь мөнгөө гаргаад ир, ална шүү” гэж хэлэхээр нь “ахаа надад мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “чамд мөнгө байгаа лалар минь хуцаад байгаарай, одоо чи надтай хамт яв” гэхээр нь ахаа намайг явуулчихалдаа гэсэн. Тэгтэл миний хоолойг гараараа багалзуурдаж боогоод намайг газар унагаасан. Тэгэхээр нь би айсандаа болоод “туслаарай” гээд орилсон чинь тэр ах миний амыг таглаад “пицдаа миний дуугай байгаач” гээд миний нүүр рүү хэд хэдэн удаа алгадсан. Тэгэхээр нь би айсандаа болоод “ахаа та намайг зүгээр явуулчихалдаа” гэсэн чинь “пизда минь мөнгөө гаргаад ир” гээд миний куртикний баруун талын халаасыг ухаад 1830 төгрөгийг авсан. Мөнгө авч байхдаа миний баруун талын халаасыг урчихсан. Тэгээд миний гарнаас бариад “пиздаа миний гэрээсээ мөнгө олж ир, удмыг чинь тасдана, чи янхан Зулаагийн дүү мөн биз дээ эгч чинь хаана байна” гэхээр нь би ахаа мэдэхгүй тийм хүн танихгүй гэсэн чинь миний гарыг бариад намайг дагуулаад хойшоо өгсөөд явсан. Тэр ах намайг дагуулж явж байхдаа зугтаах юм бол ална шүү, мөнгө олж өг гээд байхаар нь би айсандаа болоод гараа мулталж аваад шууд зугтаасан, тэр ах миний араас хөөж байхдаа газраас чулуу аваад далайгаад хөөсөн. Тэгээд би хамаг хурдаараа эмээгийнхээ хашаа руу гүйж ороод эмээ туслаарай гээд хэлсэн. Тэгээд манай ах Нямжав намайг дээрэмдсэн ахыг хөөж байгаад жалганы тэднэээс барьж авсан...куртикны халаасанд байсан 1830 төгрөгийг авсан. Би уг нь мөнгө байхгүй гэсэн чинь “пиздаа минь чамд мөнгө байгааг чинь мэдэж байна гээд намайг хоёр гараараа хоолой багалзуурдаж боогоод газар унагаад халаас ухаад 1830 төгрөгийг авсан...Миний зүүн хацар руу 2 удаа зүүн нүд рүү нэг удаа алгадсан хацар бага зэрэг хөндүүрлэж өвдөж байна....Тэр ах зам дээрээс такси барих гээд зогсож байхад нь таксины жолооч нар согтуу хүн гээд авахгүй байсан...Тэр ахаас нилээн архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
2. Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 6-33 тоотод гэртээ 9 цаг 20 минутад байж байхад ахын хүү Л.Э- эмээ гээд уйлаад ороод ирсэн. Тэгээд намайг дээрэмчихлээ хашаанаас зүүн хүн тийшээ гүйчихлээ гэхээр нь араас нь хөөсөн. Миний хөөсөн хүн 20-25 орчим насны залуу ертөнцийн зүгээр хойшоогоо гүйгээд би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо “Эрчим” тэндээс гүйцэж очиж зогсоосон. Тэр залуу чулуу гартаа бариад “би яасан юм гээд орилоод” байхаар нь би ойртож чадахгүй байсан. Тэгээд би түүнд “чи манай дүүг дээрэмдсэн байна дээрэмдсэн юмаа буцаагаад өг” гэсэн. ...Тэр залуу “би юу ч аваагүй, миний авсан зүйл энэ гээд задгай мөнгө өгсөн”... би мөнгийг нь тоолоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
-“...Тэр залуу өмднийхөө халаасыг ухаад ойролцоогоор 1000 гаран төгрөг өгсөн. ...Тэгээд би дүүгийнхээ мөнгийг аваад...зам дагуу явж байсан нэг хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. Манай дүүг дээрэмдсэн залуу зугтаах гээд байсан учир би араас нь дагаж яваад цагдаа ирэнгүүт зааж өгч бариулсан. ...Тэр залуу 20-25 орчим насны 175-178 см өндөр нуруутай, дээгүүрээ хар хөх өнгийн богино куртиктэй, доогуураа саарал өнгийн жинсэн өмдтэй, туранхай, согтуу залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),
3. Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...үүрэг гүйцэтгэж байхад 09 цагийн орчим “Бүргэд-10”-аас Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Эрчим төвийн эсрэг талд “хүн дээрэмдсэн хүнийг бариад авлаа” гэх дуудлагын дагуу очсон. Дуудлага өгсөн газар очиход 20 орчим насны согтуу залуу, бас нэг 20 гаран залуу хоёр байсан. Тэгээд юу болсон гэхэд эрүүл байсан 20 гаран насны залуу нь “энэ залуу манай дүүг дээрэмдсэн байна. Би дээрэмдсэн мөнгийг нь авчихлаа гэсэн гартаа 1000 орчим төгрөг барьсан” байсан. Тэгээд дээрэмдсэн гэх согтуу залуугаас юу болсон талаар асуухад “би дээрэм хийгээгүй, харин нүүр лүү нь нэг алгадсан” гэж хэлсэн. Ингээд хэрэгт холбогдсон залууг...эрүүлжүүлэх байранд аваачиж эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
4. Гэрч Ж.О-ийн (хохирогчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр...хүү Л.Э-г Хархорин захын хойно 9 цаг 30 минутын орчим буулгасан...хүү маань Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо дэлгүүрийн баруун талаар жалга дагаад явж байхад үл таних согтуу хүн замын хажууд такси барих гээд зогсож байсан гэсэн. Тэр согтуу залуу манай хүү рүү дайраад миний өгсөн задгай 1830 төгрөгийг хүүгээс дээрэмдээд “гар утсаа гаргаад ир, гэрээсээ мөнгө олж ирэхгүй бол гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ, удам угсааг чинь тасална, хаанаас ч чамайг олоод хутгалж чадна шүү” гээд нүүр ам, хацар руу нь цохисон гэсэн. ...ээжийн гэрт байсан дүү Нямжав сонсоод араас нь хөөж байгаад 34-н гүүрний ойролцоо уг залууг барьж цагдаад өгсөн...гэсэн...гомдолтой байна... нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14261 дугаар дүгнэлт
“...Зовиур: Баруун нүдэнд дарахад өвдөнө, хоолой өвдөнө гэнэ. ...Хэсэг газрын үзлэгт: Хамрын угт 1.0х1.1см хөхөлбөр өнгийн бүдэг цус хуралттай... ДҮГНЭЛТ:
1. Л.Э-гийн биед хамрын угт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),
6. Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...хохирогч Э- №-2 дугаарт тавьсан сэжигтэн Багабандийн зургийг зааж “энэ ах миний хоолой боож газарт унагааж, халааснаас мөнгө авсан ах мөн байна. Би хараад таньж байна.” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-14),
7. Шүүгдэгч Д.Б-йн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 5 цаг 30 минутад “Тайга” нэртэй хүнсний дэлгүүрийн хамгаалагчийн ажлаасаа буугаад өглөө 8 цагийн үед Саппоро дээр цэргийн онжав найз Ш-тай уулзсан. Тэгээд бид хоёр таньдаг айлынх нь гэрт очихоор болоод Саппорогоос такси бариад 1 дүгээр хорооллын арын дэнж дээр байдаг нийтийн байранд очсон. Тэгээд бид хоёр нэг шил 0.75 литрийн “Соёрхол” архи хувааж уусан. Ингээд байж байсан чинь Шинэтулгын эгч нь гэх нэг хүүхэн гаднаас орж ирэхээр нь санаа зовоод гэрээс нь зөрөөд гарсан. Ш- үлдсэн. Тэгээд тэдний гэрээс гараад гудамжинд уруудаад явж байснаа санаж байна. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь эрүүлжүүлэхэд орсон байсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн 3-р хэлтэс дээр ирэхэд бага насны хүүхэд дээрэмдсэн гэдгээ мэдсэн...би архи нээх ууж чаддаггүй болохоор уусан архиндаа согтоод юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 39-40),
8. Хохирогчийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 67), хохирогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 71),
9. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 51, 56), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 52, 57-64), зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-йг бусдад хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
- Шүүгдэгч өмгөөлөгч шүүгдэгч Д.Б- нь хохирогч Э-г хүч хэрэглэж түүний эд хөрөнгийг дээрэмдсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй мөн энэ талаараа шүүгдэгч яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн мэдүүлэгтээ дурдаж байгаа байгаа тул зүйлчлэлийг өөрчилж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо “” хүнсний дэлгүүрийн дэлгүүрийн баруун талын жалганд, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 09 цаг 20 минутын орчим, шалтаг шалтгаангүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр 12 нас 4 сартай насанд хүрээгүй хохирогч Л.Э-г нүүрэн тус газар цохиж, хоолойг нь боож унагаан хүч хэрэглэхээр заналхийлж довтолж куртикны халаасанд нь байсан 1830 төгрөгийг дээрэмдэн авсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 9 цагийн үед...“” хүнсний дэлгүүрийн баруун талын жалга уруудаад эмээгийнхээ гэр лүү явж байсан чинь дэлгүүрээс хар хөх өнгийн богино куртиктэй, доогуураа хар бараан өнгийн жинсэн өмдтэй ах дээр такси барих гэж байгаа бололтой гар өргөөд зогсож байсан. Би тэр ахын хажуугаар өнгөрөөд доошоо явж байсан чинь тэр согтуу ах миний араас хүрч ирээд “пиздаа минь мөнгөө гаргаад ир, ална шүү” гэж хэлэхээр нь “ахаа надад мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “чамд мөнгө байгаа лалар минь хуцаад байгаарай, одоо чи надтай хамт яв” гэхээр нь ахаа намайг явуулчихалдаа гэсэн. Тэгтэл миний хоолойг гараараа багалзуурдаж боогоод намайг газар унагаасан. ...Миний нүүр рүү хэд хэдэн удаа алгад..аад куртикний баруун талын халаасыг ухаад 1830 төгрөгийг авсан. Мөнгө авч байхдаа миний баруун талын халаасыг урчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
- Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ахын хүү Л.Э- эмээ гээд уйлаад ороод ирсэн. Тэгээд намайг дээрэмчихлээ хашаанаас зүүн тийшээ хүн нь гүйчихлээ гэхээр нь араас нь хөөсөн. Миний хөөсөн хүн 20-25 орчим насны залуу ертөнцийн зүгээр хойшоогоо гүйгээд би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо “Эрчим” тэндээс гүйцэж очиж зогсоосон. Тэр залуу чулуу гартаа бариад “би яасан юм гээд орилоод” байхаар нь би ойртож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
“...Тэр залуу өмднийхөө халаасыг ухаад ойролцоогоор 1000 гаран төгрөг өгсөн. ...Тэгээд би дүүгийнхээ мөнгийг аваад...зам дагуу явж байсан нэг хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. ...Тэр залуу 20-25 орчим насны 175-178 см өндөр нуруутай, дээгүүрээ хар хөх өнгийн богино куртиктэй, доогуураа саарал өнгийн жинсэн өмдтэй, туранхай, согтуу залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),
- Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...үүрэг гүйцэтгэж байхад 09 цагийн орчим “Бүргэд-10”-аас Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Эрчим төвийн эсрэг талд “хүн дээрэмдсэн хүнийг бариад авлаа” гэх дуудлагын дагуу очсон. Дуудлага өгсөн газар очиход 20 орчим насны согтуу залуу, бас нэг 20 гаран залуу хоёр байсан. Тэгээд юу болсон гэхэд эрүүл байсан 20 гаран насны залуу нь “энэ залуу манай дүүг дээрэмдсэн байна. Би дээрэмдсэн мөнгийг нь авчихлаа гэсэн гартаа 1000 орчим төгрөг барьсан” байсан. Тэгээд дээрэмдсэн гэх согтуу залуугаас юу болсон талаар асуухад “би дээрэм хийгээгүй, харин нүүр лүү нь нэг алгадсан” гэж хэлсэн. Ингээд хэрэгт холбогдсон залууг...эрүүлжүүлэх байранд аваачиж эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14261 дугаар дүгнэлт “...Зовиур: Баруун нүдэнд дарахад өвдөнө, хоолой өвдөнө гэнэ. ...Хэсэг газрын үзлэгт: Хамрын угт 1.0х1.1см хөхөлбөр өнгийн бүдэг цус хуралттай... 1. Л.Э-гийн биед хамрын угт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3.шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),
- Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...хохирогч Э- №-2 дугаарт тавьсан сэжигтэн Багабандийн зургийг зааж “энэ ах миний хоолой боож газарт унагааж, халааснаас мөнгө авсан ах мөн байна. Би хараад таньж байна.” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-14) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Б- нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор, насанд хүрээгүй хохирогч Л.Э-д хүч хэрэглэж хоолойг нь боож, нүүрэн тус газар цохиж довтлон 1830 төгрөгийг авч дээрэмдсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.Б-йг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хууль хэрэглээний талаар мэтгэлцсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч Д.Б- нь хохирогчид хүч хэрэглэсэн болох нь хохирогч Л.Э-, гэрч Н.Н-ын мэдүүлгээр тогтоогдсон, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 14261 дугаар дүгнэлтийн “...Зовиур: Баруун нүдэнд дарахад өвдөнө, хоолой өвдөнө гэнэ. ...Хэсэг газрын үзлэгт: Хамрын угт 1.0х1.1см хөхөлбөр өнгийн бүдэг цус хуралттай...” гэж тус тус тэмдэглэгдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэсэн” гэх шинжийг нотолсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь хохирогчтой адил үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй нөгөө талаас тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “...Шинэтулгын...гэрээс гараад гудамж уруудаад явж байснаа санаж байна. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь эрүүлжүүлэхэд орсон байсан...” гэх мэдүүлэг зэрэг нь түүнд холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй.
Энэ гэмт хэргийн улмаас Д.Б- нь хохирогч Л.Э-д 1830 төгрөгний хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Л.Э-д учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн тухайн цаг хугацаанд буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Д.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүхээс Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийг хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Б-йн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд өмнө цагдаагийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдэж байгаагүйг болон гэмт хэргийнх нь хор уршгийг зохист хэмжээнд ухамсарлуулах үүднээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин түүний өмгөөлөгчийн хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн байгааг харгалзан дээрх эрүүгийн хариуцлагыг шүүхээс оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн 11111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б-и Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн заасныг журамлан Д.Б-йг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 3 (гурван) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ