Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 236

 

Э.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч О.Бын өмгөөлөгч В.Оюунсүрэн, шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 898 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаар магадлалтай,  Э.А, О.Б, А.Э нарт холбогдох 2009013700809 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч В.Оюунсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Э.А,

2.Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт О.Б,

3.Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт А.Э нар нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Б, А.Э нарыг тус бүр 2 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

өсвөр насны шүүгдэгч Э.Ад ял оногдуулахыг 1 жил 6 сар тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, түүнд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, А.Э нараас тус бүр 83.600 төгрөг гаргуулж хохирогч Ө.Бд 22.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.И, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Д нарт 145.200 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Я.Баатар, шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Б гаргасан гомдолдоо: “...Миний бие Э, А нартай бүлэглэн И, Б нарыг зодоогүй, дээрэмдээгүй. Энэ талаар анхнаас нь тогтвортой мэдүүлсээр ирсэн. Надаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нийт 3 удаа мэдүүлэг авсан. Гэтэл гэрчээр асуугдсан эхний мэдүүлгийг минь анхан шатны шүүхийн шүүгч нотлох баримтаар аваагүй гэж шийтгэх тогтоолд бичсэн байх ба нөгөө 2 мэдүүлгийн нэг нь хавтаст хэрэгт огт байхгүй байна. Харин байгаа нэг мэдүүлэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд байх ба намайг яллагдагчаар татаж авсан мэдүүлэгт “Би хэрэг огт хийгээгүй тул зөвшөөрөхгүй” гэж бичиж гарын үсэг зурсан. Мөрдөгч Очир нь “гарын үсгээ зур, зурахгүй бол хорино” гэх зэргээр айлган сүрдүүлж дарамталсан ба байцаалт авахгүйгээр урьдаас бэлдсэн мэдүүлэгт дарамт шахалт үзүүлэн гарын үсэг зуруулдаг байсан. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нөгөө 2 шүүгдэгч маань ч хэлж ярьсан. Намайг гэрчээр асуусан 3 хуудас тэмдэглэлийн 2 дугаар хуудас нь хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд байна. Тэмдэглэлийн 2 болон 3 дугаар хуудсанд хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд бичигдсэн зүйл яг чигээрээ хуулбарлагдан бичигдсэнийг андуурч давхардуулан хуулбарласан гэж үзвэл 53 дугаар хуудасны ард бичигдсэн зүйл 52 дугаар хуудасны ард бичигдсэн байх ёстой байтал 53 дугаар хуудасны ард гэрчээр асуугдсан миний мэдүүлгийн үргэлжлэл байж байсан. Өөрөөр хэлбэл 1 дүгээр хавтасны 52 дугаар хуудасны арын хуудасны үргэлжлэл байхгүй байгаа нь мөрдөгч санаатайгаар миний гэрчээр өгсөн мэдүүлгийг хэргээс авсан гэж үзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүхийн шүүгч шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтад тооцоогүй гэж бичсэнийг ойлгохгүй байна. Мөрдөгч Очир хохирогч болон яллагдагч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийгээгүй, мөн шүүгч Дуламсүрэн ч хийгээгүйд нь гомдолтой байна. Учир нь анхан шатны хурал дээр яллагч болоод манай өмгөөлөгч хохирогч Баас “Б чамайг зодсон уу” гэж асуухад “Б надад огт гар хүрээгүй” гэж хариулсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр бичигдсэн байхад шүүхүүд энэ асуудлыг огтоос авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Миний өмгөөлөгч Баатар нь мөрдөгч ЭХХШТХууль зөрчиж мэдүүлэг авсан талаар прокурорт гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Оюунсүрэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаар хуульд заасан 3 үндэслэлийг бичгээр өгч байхад давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч Э, А нар хэргээ зөв мэдүүлсэн байхад шүүх мөрдөгч Очирын авсан хууль бус мэдүүлгүүдийг үндэслэн шийдвэр гаргасанд туйлын их гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Оюунсүрэн гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

“1.Шүүх шийдвэр гаргахдаа ЭХХШТХ-ийн 16.11-р зүйлд заасны дагуу нотлох баримтаар тооцохгүй байх дараах нотлох баримтыг ашигласан.

- Хавтаст хэргийн 1-р ботийн 3-р хуудсанд байх (цаашид “I-3” гэж тэмдэглэн бичнэ) Бын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (I-3) ЭХХШТХ-ийн 5.3-р зүйлийн 1.5 заалтыг зөрчиж авсан. А яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч Ганзоригийг байлцуулсан байхад Боос яллагдагчаар мэдүүлэг авахад өмгөөлөгч байлцаагүй. Тэд хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хүмүүс. Энэ талаар (ххII-45-48-д) тодорхой бичигдсэн.

2.Шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтаар тооцох ёсгүй ЭХХШТХ-ийн 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан.

- Энэ талаар Бын өмгөөлөгч Баатар шүүх, прокурорт хүсэлт, гомдол гаргасан боловч түүний хүсэлт, гомдлыг хүлээн авч хангаагүй. (хх-I-151, II-45-48)

3.Шүүхийн шийдвэр нь ЭХХШТХ-ийн 39.8-р зүйлийн 1.6-д заасан 5 заалтын 4 заалтад заасан шаардлагыг хангаагүй. Үүнд:

a) Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдоогүй байхад шүүх шийтгэх тогтоол гаргасан. Шүүгдэгч О.Б хохирогч нарыг зодоогүй, эд зүйлийг нь аваагүй гэж анхнаасаа тогтвортой мэдүүлсээр ирсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч Э, А, хохирогч Б нар Быг хэрэг хийсэн гэж мэдүүлээгүй. Улсын яллагч болон өмгөөлөгч Баатарын асуултад хохирогч Б хариулахдаа “Б гар хүрээгүй, зодож цохиогүй” гэсэн. (шүүх хуралдааны тэмдэглэлийн 18,20,25-р хуудас) Хохирогч И нь “Б намайг цохисон, зодсон” гэж мэдүүлдэг боловч энэ нь бусад нотлох баримтаар нотлогддоггүйгээс гадна “би газар хэвтчихсэн байхад Б ирж цохисон байх (шүүх хуралдааны тэмдэглэлийн (цаашид “ш/х/т” гэнэ) гэх мэтчилэн эргэлзээтэй, тогтворгүй мэдүүлгүүд өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд нь мөрдөн байцаалт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүдээс зөрдөг ба шүүх хуралдаанд нийт 294 асуулт тавигдаж 290 асуултад хариулсан боловч мэдүүлгийг зөрүүг гаргаагүй, гаргах талаар тусгайлан ажиллаагүй байдаг.

Шүүх шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримт гэж үзээгүй үндэслэлээ тодорхойлоогүй. Харин Боос гэрчийн мэдүүлэг авахад түүний эрх ашиг хөндөгдөхөөр байхад худал мэдүүлбэл хүлээлгэх хуулийн хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан нь ЭХХТШХ-ийн 9.6-р зүйлийн 6-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэхгүй гэж тодорхойлон бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

ЭХХШТХ-ийн 9.6-р зүйлийн 6-д заасанчлан Б өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзээгүй тул мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгье гээгүй. Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дараахи нотлох баримтаар нотлогдож байна гэж тодорхойлон бичихдээ шүүгдэгч Бын “...тэр машины жолооч залуу их хатуу ширүүн авир гаргаад байсан. Тэр хоёр хүүхэд тэднийг зодож цохиод байсан...” гэсэн мэдүүлгээр Б уг хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэжээ. Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож байгаа гэх 8 баримтад Б бусдыг зодсон, дээрэмдсэн гэсэн зүйл бичигдээгүй буюу Бын гэм буруутай нь шүүх хуралдааны үеэр тогтоогдоогүй байхад түүнийг шийтгэсэн тогтоол гаргасан нь хууль ёсны бус, үндэслэлгүй шийдвэр болжээ.

б) Шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт оролцсон хэлбэрийн талаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй.

в) Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт өмгөөлөгч Баатар, Эрдэнэтөгс нарын саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бүрэн гүйцэд, ойлгомжтой тусгаагүй.

Тухайлбал, шүүгч “өсвөр насны шүүгдэгч Аыг яллагдагчаар татаж мэдүүлэг авахад өмгөөлөгч Ганзориг байлцаж, түүнээс мэдүүлэг авах ажиллагаа хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж, санал хүсэлт гаргах боломжтой байсан” гэж үзээд өмгөөлөгч нарын “яллагдагч нараас хууль бусаар мэдүүлэг авсан” гэсэн санал нь ойлгомжгүй, таамаг байдлаар хэлсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж тодорхойлон бичжээ. Гэтэл өмгөөлөгч Баатар нь “яллагдагч Ааас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Ганзоригийг байлцуулж авсан байтал яллагдагч Боос мэдүүлэг авахдаа өмгөөлөгч байлцуулаагүй нь ЭХХШТХ-ийн 5.3-р зүйлийн 1.5-д заасныг зөрчсөн” гэж үзээд санал хүсэлт, гомдол гаргасан боловч шүүх илтэд үндэслэлгүй байдлаар тодорхойлон мушгин бичсэн нь шүүх няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусган бичиж чадаагүйн нэгэн жишээ гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. Хэрэг анхан шатны шүүхэд шилжиж очтол О.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс хэлсэн саналдаа: Уг хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаанууд гаргасан. Яллах дүгнэлтэд хэргийн оролцогч нарын овог нэрийг сольж бичдэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг авахдаа дээрх алдаа мөн явагдсан, хэнийг яллаж байгаа нь ойлгомжгүй. Прокурорт дээрх алдаануудыг дурдаад хэргийг буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргахад шүүхэд хүсэлтээ гарга гэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурорын алдааг дурдаж, хүсэлтээ гаргахад техникийн шинжтэй алдаа гэж үзсэн. Прокурор алдаатай яллах дүгнэлтээ хэрэгт засаад хийсэн байсан. Гэтэл яллагдагчид гардуулсан яллах дүгнэлт, хэрэгт авагдсан яллах дүгнэлт зөрүүтэй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Э.Аы хэлсэн үгийг алдаатай бичсэн. Өөрөөр хэлбэл “бид нар лав дээрэм хийгээгүй” гэсэн үгийг “би лав дээрэмдээгүй” гэх мэтээр сольж бичсэн бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч хүсэлтийг шийдвэрлэх хурлын тов зарлачихаад хөл хорио тавигдсан гэдэг шалтгаанаар хуралдааныг хойшлуулсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан болоход миний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар ч шийдвэр байгаагүй. А.Э 19 настай, оюун санаа, сэтгэл зүй нь төлөвшөөгүй айлын балчир хүүхэд. Түүний 81 настай өвөөгийн бие нь маш тааруу байгаа.

Хяналтын журмаар гомдол гаргаад хэрэг дахин шалгагдах, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэвэл цаг хугацаа алдах болно. Миний хувьд өвөөтэйгөө хурдан хугацаанд уулзах хэрэгтэй байна гэсэн учир өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүндэтгээд хяналтын журмаар гомдол гаргаагүй. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2-д заасан дээрэм хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Иыг хоёр удаа цохисон гэдгээ А.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг бөгөөд эрүүл мэндтэй холбоотой хохирлыг төлөх бүрэн боломжтой. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 7 сарын хугацаанд цагдан хоригдож байна. Түүнчлэн О.Быг дээрэм хийсэн гэж үзэх боломжгүй. Бага насны хүүхдүүдтэй түүний хувьд үнэхээр хэлмэгдсэн байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хоёр шүүгдэгч нотолдог гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч И, Б нарыг зодож, нийтийн хэв журмыг зөрчиж танхайрах явцдаа Иаас 101.000 төгрөг, Баас 33.000 төгрөгийн эд зүйл болон бэлэн мөнгийг дээрэмдэж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” талаар гомдол гаргасан байдаг. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянадаг болно.

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч В.Оюунсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Э.А, О.Б, А.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.А, О.Б, А.Э нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн үед насанд хүрээгүй Г.И, Ө.Б нарыг “О.Быг цохисон, эд зүйлийг нь дээрэмдсэн” гэх шалтгаанаар араас нь “Ниссан марч” загварын 03-07 УНН дугаартай автомашинаар хөөн барьж авч, улмаар автомашиндаа хүчээр суулган Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах “Дамбын гүүр”-ний доор аваачиж илтэд танхайн сэдэлтээр зодсон,

мөн шүүгдэгч Э.А, А.Э нар нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Г.Иы куртик, гар утасны чихэвч, 12.000 төгрөг, хохирогч Ө.Бы бугуйн цаг, 12.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн авсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Э.А, А.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн” шинжийг бүрэн агуулсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т заасан ял оногдуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, түүнд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч О.Бын хувьд “Олон нийтийн  амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдэхийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг, “7-н буудал”-ын орчим насанд хүрээгүй Г.И, Ө.Б, О.Энх-Учрал нартай анх тааралдан, зохисгүй харьцааны улмаас Г.Итай маргалдаж, улмаар Г.И түүнийг цохиж зугтаахад араас нь хөөх үедээ замд нь тааралдсан “Ниссан марч” загварын автомашинтай Э.А, А.Э нарт “бусдад зодуулж, эд зүйлээ дээрэмдүүлсэн” гэж ойлгуулан, хохирогч нарыг автомашинаар хөөж Г.И, Ө.Б нарыг барьж авч, автомашинаар зөөвөрлөн гүүрний дор аваачиж, бүлэглэн зодсон үйлдэлд хатгагч болон гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь хөдөлбөргүй тогтоогдсон боловч тэрээр хохирогч нарын эд зүйлийг хүч хэрэглэн авсан үйлдэлд оролцоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч  Э.А, А.Э нар дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан төлөвлөөгүй боловч нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа гэнэт үүссэн шунахай сэдэлтээр хохирогч нарын эд зүйлийг хүч хэрэглэн авсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд заасныг үндэслэн дээрэмдэх гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн гэж үзэв.

Иймд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хэсгийг хангаж, прокуророос О.Бод Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнд 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирно гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч В.Оюунсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдтэй харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, түүнчлэн мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч О.Б, өмгөөлөгч В.Оюунсүрэн нарын гаргасан “… мөрдөгч Л.Очир айлган сүрдүүлж, хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн, яллагдагчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн, шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн” зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай гомдлын хэсгийг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг хууль зөрчсөн үндэслэлээр нотлох баримтад тооцохгүйгээр, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад тулгуурлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоосон нь зөв бөгөөд ийнхүү шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтооход нотлох баримтын хүрэлцэхүйц байдал алдагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 898 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“Сүхбаатар дүүргийн прокурорын газраас О.Бод Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн заалт нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын шүүгдэгч О.Бод холбогдох хэсгийг “Шүүгдэгч Боржигон овогт О.Быг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч О.Бод холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч В.Оюунсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлын “хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгөх”-ийг хүссэнээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН  

                            ТЭРГҮҮН                                 Ч.ХОСБАЯР                                                                                 

                                ШҮҮГЧ                                  Б.АМАРБАЯСГАЛАН       

  С.БАТДЭЛГЭР    

  Б.БАТЦЭРЭН

  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН