Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 239

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Г

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № Б/657 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/657 тушаалыг хүчингүй болгох, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалиy гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

Тухайн үед би өөрөө тус хэрэг дээр ажиллаж байхдаа задланд орсон. Шинжээч эмч одоогоор гадны нөлөө байхгүй байна. Эцсийн шинжилгээний дүн гараагүй байна, гаднын нөлөөтэй гэх зүйл алга байна гэж хэлсэн. 8 сар гарсан хойно шинжээч эмч амралтаа авсан байсан ба зөрөөд би ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралтаа авахдаа мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Л.Батгэрэлд хэргээ үлдээгээд, шинжээч эмч гадны нөлөөгүй гэж ярьж байсан, эмчийг ирэхээр нь байцаалтыг аваад хэрэв гадны нөлөөтэй бол Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэл өөрчлөөд цаашаа шалгаад яваарай гэж хэлсэн. Хэрэг анх яаж над дээр ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Уг нь бол анх өөр байцаагчид цохогдсон байсан. Сахилгын арга хэмжээ хүндэдсэн гэж үзэж байна. Ажилдаа эргээд ормоор байна. Тухайн үед надад сахилгын арга хэмжээ авахад 3 сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдууллаа гээд би хүлээн зөвшөөрөөд албаны шалгалтын баримт дээр гарын үсэг зурсан. Гэтэл хурлаар орохдоо халах саналтай орсон гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчид Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Ч ийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар “Цагдаагийн цол хураах, сахилгын шийтгэл ногдуулах” тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн хошууч цолыг хураасан. Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн 3243 дугаар мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н.Гд танилцуулж гарын үсэг зуруулсан боловч тушаал мэдэгдэл хоёрыг эх хувиар огт өгөөгүй, мэдэгдлийн хуулбар хувийг өгсөн. Мөрдөн байцаах газрын Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсээс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Мөрдөн байцаах газрын тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэст “Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Н.Г нь эрүүгийн 201625012573 дугаартай хэргийг шалгахдаа албан тушаалдаа хайнга хандсаныг шалгуулах” тухай гомдол мэдээлэл гаргасны дагуу тус хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.А нь эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Э д хүргүүлсэн.

Прокурор хуулийн хүрээнд хянан, албан үүргээ хайнга хандсанаас хүнд хор уршиг тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрын 04 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд өнөөдөр энэхүү тогтоол хүчин төгөлдөр байна. Н.Г ыг эрүүгийн 201625012573 дугаартай хэргийг шалгахдаа албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэн дээрх сахилгын шийтгэлийг ногдуулсан бөгөөд хэргийг эцэслэн шийдэх хүртэл ажлаас нь түдгэлзүүлдэг жишгээр хандаж болох байтал Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн хуралд оруулан шууд ажлаас нь халсан нь хууль зөрчсөн байна.

Н.Г нь хуулийн хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр албан тоотоор “...Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гаргасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журамд зааснаар Н.Г*******ын гаргасан өргөдөл нь Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн харьяаллын асуудал болох тул шилжүүлсэн. Өргөдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу судлан, зохих ёсоор шийдвэрлэж, хариуг иргэн Н.Гд өгнө үү” гэсэн хариуг өгсөн.

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 02 тоот тогтоолоор “... Албаны шалгалт явуулсан материал  болон тайлбар, бусад баримтаар ... Н.Г ... эрүүгийн 201625012573 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын 43 хоногийн хугацаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-ыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал бичиж, албан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.11-д “Хууль тогтоомжид заасан бусад үүрэг”, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.1.1 дэх заалт “Үндсэн хууль бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах”, 4.4.3 дахь заалт “мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэж, гүйцэтгэлийн үр дүнг хариуцах” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар тушаалын түүнд холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэж хариуг өгсөн.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 29-д “хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх.. ” гэж заасан бөгөөд Н.Г*******ын гаргасан зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэлгүйгээр, мөн эрх бүхий байгууллагын зүгээс холбогдох хэргийг нь гэмт хэрэг биш хэмээн үзэж шийдвэрлэсэн байхад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цолыг хураан авсан нь буруу гэж үзэж байна.

Иймд Н.Г ыгажлаас халсан Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Р.Ч ийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” Б/657 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Цагдаагийн албан хаагч нарт нийгмийн даатгалын дэвтэр гэсэн зүйл байдаггүй юм байна. Цаанаа яаж бүртгэгдэж явдгийг би ойлгоогүй. Ямар нэгэн байдлаар бичилт хийгддэг байх гэж бодож байна.

Мөн хэрэг хэлэлцэх явцад Н.Г нь цагдаагийн байгууллагад 20 жил ажилласан. Өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан баримтаар өмнө сахилгын шийтгэл авагдаж байсан гэсэн зүйл байгаагүй. Мэдээж хүн л болсон хойно алдаа дутагдал гаргана. Анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа энэ сахилгын шийтгэл авах үндэслэл байхгүй байхад сахилгын шийтгэл ногдууллаа гэсэн үндэслэлээр маргаагүй, тодорхой хэмжээгээр сахилгын шийтгэл хүндэдсэн гэж үзээд маргаж байгаа. Хүний амьдралын 20 жил гэдэг бага биш хугацаа. Энэ албанд 20 жил ажиллаад ийм нэг асуудлаас болоод төрийн албанд нэг жил эргэн орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл авч байгаа нь хүндэдсэн гэж үзэж байгаа. Хуульд сахилгын шийтгэлийг заавал дарааллаар авах шаардлагагүй, сонгон хэрэглэдэг. Гэхдээ анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзнэ гэсэн байгаа. Гэтэл хамгийн хүнд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Мөн ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан яг ямар зөрчил гаргасан, эсхүл албан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн үндэслэлээ тушаалд дурдаагүй. Зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэн гэх зэргийг харгалзан үзээгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн захиргааны акт гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад эхлээд тайлбар хэлье. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр ажилтныг үндэслэлгүй халсан нь тогтоогдсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогч хариуцдаг. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/657 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах байгаа. Байгууллагын зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Уг тайлбарыг шүүхэд бичгээр хүргүүлсэн байгаа.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8з/4593 дугаартай албан бичгээр “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо ******* байрны гадна 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гарсан эрүүгийн 201625012573 дугаартай хэрэгт тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Г яллагдагчаар татагдвал зохих этгээдийг олж тогтоох талаар ажиллагаа хийлгүйгээр хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгох санал гарган прокурорт шилжүүлж, хуулиар хүлээсэн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан байх тул албаны шалгалт явуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий албан бичгийг мөрдөн байцаах газарт ирүүлсэн. Дээрх асуудалд Мөрдөн байцаах газрын Үнэлгээ, хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутад “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо ******* байрны урд талын гражийн хажуугаар шуудуунд нас барсан эмэгтэй хүн байна” гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Э*******ээр ахлуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийж, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаах тасгийн даргын зүгээс цогцсыг шинжлэх шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оролцож, хэргийг шалгах үүргийг ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Гд өгсөн.

Ахлах мөрдөн байцаагч Н.Г материалыг хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Н.Г мөн өдөр шинжээч эмчийн хамт шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оролцож, шинжилгээгээр талийгаачийн хүзүүний зүүн хэсгийн задгай дарагдлын ором, зүүн талын жолоо булчин цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож, хурц амьсгал бүтэлтийн улмаас үүссэн амьсгалын дутагдалд орж нас барсан, 1850 гр эр хүйсийн урагтай жирэмсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож, уг нөхцөл байдлыг мэджээ.

Тэрээр хэргийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шалгахаар хүлээн авснаас хойш 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 47 хоногийн хугацаанд тухайн хэрэгт талийгаачийн эцэг Ж.Т ыг хохирогчоор тогтоож, талийгаачийн нагац эгч В.М, В.М, талийгаачийн найз О.М, А.М, талийгаачийг нас барсан байдалтай байхыг анх харсан Б.Т, Н.С нарыг гэрчээр байцааснаас өөр ажиллагаа хийлгүй мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал гаргаж, прокурорт шилжүүлсэн.

Хэрэгт хийгдвэл зохих зайлшгүй шаардлагатай талийгаачийн биед учирсан болон үхэлд хүргэсэн гэмтлийг хэзээ, хаана, хэн учруулсан, талийгаачийг нас барах үедээ биед нь ямар эд зүйл байсан, түүнийг эрэн сурвалжлах, нас барахын өмнө явсан зам маршрут, уулзсан хүмүүсийг тогтоогоогүй, эрэн сурвалжлах хойшлуулшгүй ажиллагааг огт явуулаагүй байна. Н.Г хүний амь насыг хохироосон онц хүнд гэмт хэргийг шалгахдаа “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ, хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтаар талийгаач гаднын нөлөөгүй нас барсан болох нь тогтоогдож байна” гэсэн бодит байдалд нийцэхгүй үндэслэл гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.11-д заасан мөрдөн байцаагч нь “энэ хуулийн заалтыг ягштал баримтлан яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээ авах” 28.2.12-д “прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын бүх асуудлыг бие даан шийдвэрлэж, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох эцсийн хариуцлага хүлээх, Цагдаагийн албаны тухай хуулийн 9.2-т “Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд доор дурдсан эрх хэмжээг хэрэгжүүлнэ”, 9.2.2-т “гэмт хэрэг, зөрчил гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах” гэсэн заалтын тус тус ноцтой зөрчсөн байна.

Үүнээс гадна 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оролцож, урьдчилсан байдлаар тогтоогдсон талийгаачийн үхлийн шалтгааныг удирдах алба хаагчдад “гаднын нөлөөгүй нас барсан байна” гэж танилцуулсан, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, дээрх дүгнэлтэд талийгаачийг боолтын улмаас нас барсан дух, 2 өвдөг, хүзүүний зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон зэргээр талийгаач гадны нөлөөтэй нас барсан талаар дурдсан байхад тасгийн дарга, хэлтсийн удирдлага, холбогдох газарт мэдэгдэлгүй дарагдуулсан нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 1300 дугаартай дүгнэлт, албаны шалгалтын хүрээнд шинжээч эмч болон Н.Г, С.Б нараас авсан тайлбар, цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ зэргээр тогтоогдсон байна.

            Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 13.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.11 “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.2-т “Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Г нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тул Цагдаагийн ерөнхий газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар сахилгын шийтгэн ногдуулсан.

Нэхэмжлэгч талаас Н.Г ын үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзсэн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь хүндэдсэн гэж байна. Прокурорын байгууллага гэмт хэрэг биш гэж үзсэнээс биш ажлын хариуцлага алдаагүй, төрийн албаны тухай хуульд заасан хууль тогтоомж зөрчөөгүй гэж дүгнээгүй. Эрүүгийн хэрэг үүсгэх мөрдөн байцаагчийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон гол шалтгаан нь ноцтой хор уршиг учраагүй гэж дүгнэсэн байдаг. Цаазаар авах ялаар шийтгүүлж болзошгүй ийм онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байхад энэ асуудлыг шалгаж тогтоолгүйгээр, үндэслэлгүйгээр тогтоол үйлдэж, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай хэргийг прокурорт шилжүүлнэ гэдэг нь цагдаагийн албан хаагч, мөрдөн байцаагч хүнд байж боломгүй маш том ноцтой асуудал. Тиймээс Н.Г ын зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан.

Цагдаагийн байгууллага нь өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага. Гэтэл Цагдаагийн байгууллагын ахлах мөрдөн байцаагч гэх хүн хүний нас барсан хэргийг яагаад ингэж дарваа. 7 дугаар сарын 15-ны өдрийн задлан шинжилгээнд ороод гаднын нөлөөгүй гэж ойлгосон байж болно. Гэтэл 8 дугаар сарын 27-ны өдөр шүүх эмнэлгийн дүгнэлтийг бичгээр авсан ба дүгнэлтэд боолтын улмаас нас барсан гэдгийг тодорхой бичээд өгсөн байна. Гэтэл энэ дүгнэлтийг аваад 9 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр прокурорт шилжүүлж байгаа нь өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Төрийн албаны тухай хууль зэргийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. 20 жил ажиллаад ажлаас халагдсан гэж яриад байна. Хэнд ч ийм зүйл тохиолдвол хэцүү гэдгийг ойлгож байна. Гэхдээ бүх насаар нь төрийн албанд, цагдаагийн байгууллагад орох эрхгүйгээр халсан зүйл биш шалгалт өгөөд буцаад ажиллах бүрэн боломжтой. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № Б/657 дугаар тушаал -аар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Г ыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.11-д заасныг зөрчсөн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн хошууч цолыг хураажээ.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гарсан эрүүгийн 201625012573 дугаартай хэргийн газрын үзлэгт очиж ажилласан, мөн өдөр задлан шинжилгээнд оролцсон байх бөгөөд уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг биечлэн гүйцэтгэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох1 саналыг прокурорт хүргүүлжээ.

Уг саналд шинжээч эмчийн 1300 дугаар дүгнэлт -ийг дурьдсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дүгнэлтийг гардан авчээ .

Шинжээч эмчийн дүгнэлтэд: “талийгаачийг хурц амьсгал бүтэлтийн улмаас үүссэн хурц амьсгалын дутагдалд орж нас барсан” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хийхдээ хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын зөвлөлийн хуралдаан -аар, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаан -аар тус тус хэлэлцэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны/ 9 дүгээр зүйлд цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг, эрх хэмжээг зааж өгсөн ба тус хуулийн 9.2.2-т “гэмт хэрэг, зөрчил гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “ гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд,,,,,,,,,,,, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй”, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны № 598 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4.3-д “мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэж гүйцэтгэлийн үр дүнг хариуцах” гэж тус тус заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасан онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах хэргийг гүйцэт шалган тогтоолгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн нь нэхэмжлэгчийг дээрх хууль, дүрэмд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “сахилгын зөрчил гаргасан гэдэгтэй маргахгүй, гагцхүү сахилгын шийтгэл хүндэдсэн” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэжээ.

Тус шүүх нь нэхэмжлэгчийг зөрчил гаргасан эсэх, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэх, маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх, уг акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох боломжтой юм.

Харин сахилгын зөрчил гаргасан албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлүүдээс сонгон хэрэглэх эрх нь захиргааны байгууллага, албан тушаалтны бүрэн эрхэд хамаарахаар байна.

Мөн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 83/4593 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № 5/6727 тоот албан бичиг зэргээс дүгнэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл ч тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 13.1, 13.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн/ 41 дүгээр зүйлийн 41.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г*******ын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № Б/657 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилсан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ