Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/0004

 


 “Шунхлай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 502 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 491 дүгээр магадлалтай, “Шунхлай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Шунхлай” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газраас "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварыг салбарын онцлог харгалзан тогтоох тухай” 134 дүгээр тогтоол баталж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайдын 211 тоот тушаалаар баталсан "Импортын автобензин, дизелийн түлшний онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг хураан авч төсөвт төлөх журам-ыг мөн батлан мөрдсөн. Засгийн газрын тогтоол 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар тогтоолыг гарах хүртэл хугацаанд, энэхүү 236 дугаар тогтоол нь 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор хүчингүй болох хүртэл тус тус үйлчилсэн. Монгол Улсын  Засгийн  газрын  134 дүгээр тогтоол,  Сангийн  сайдын 211  дүгээр тушаалын зорилго, агуулга дараах байна. Үүнд:

134 дүгээр тогтоолын 1-д "ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай";

211 дүгээр тушаалын 2 дугаар зүйлийн 2.1-д "Газрын тос, газрын тосон бүтээгдэхүүн импортлож буй хуулийн этгээд импортпож буй автобензин, дизель түлшийг Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор болон бусад зорилгоор импортлож буй автобензин, дизелийн түлш гэж тус тусад нь гаалийн байгууллагад мэдүүлэх мэдүүлнэ”;

211 дүгээр тушаалийн 2 дугаар зүйлийн 2.2-т “автобензин, дизелийн түлш импортлогч этгээд нь автобензин, дизелийн түлшний борлуулалт, хувиарилалтын мэдээг татварын байгууллагад ирүүлнэ”;

211 дүгээр тушаалын 2 дугаар зүйлийн 2.1-д “Газрын тос, газрын тосон бүтээгдэхүүн импортлож буй хуулийн импортлож буй автобензин, дизель түлшийг Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор болон бусад зорилгоор импортлож буй автобензин, дизелийн түлш гэж тус тусад нь гаалийн байгууллагад мэдүүлэх бөгөөд Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд худалдан нийлүүлэх гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г хавсаргасан байна ”; 

Энэхүү тогтоол, журмыг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын дэд дарга 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 03/4463 "Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” чиглэлийг нийт гаалийн газар, хорооны дарга нарт хүргүүлсний 3-т "Сангийн сайдын 2012 оны 211 дүгээр тушаалаар батлагдсан Импортын автобензин, дизелийн түлшний онцгой, гааль, Нэмэгдсэн өртгийн албан татварыг хураан авах, төсөвт төлөх журмыг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөж ажиллах чиглэлийн 1-д автобензин, дизелийн түлш импортлогчид нь барааг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ үйл ажиллагааны ашиглалтын зорилгоо мэдүүлэх бөгөөд гаалийн байгууллага нь автобензин, дизелийн түлш импортлогч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд худалдан ниилүүлэх гэрээ /цаашид Гэрээ гэх/ үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ. Гэрээг гаалийн бүрдүүлэлтийн  бичиг баримтад хавсаргасан байна”  гэсэн нь тогтоол, журмын агуулга түүнийг хэрэглэх, хэрэгжүүлэхдээ баримтлах Гаалийн байгууллагын зорилтыг тодорхойлж байна.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газраас "Шунхлай" ХХК-нд ирүүлсэн 2013оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/23 дугаартай албан тоотод: "Ийнхүү гаалийн бүрдүүлэлтийн горимын 415, 416, 488, 489 кодыг сонгож мэдүүлэх тохиолдолд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон авто бензин, дизелийн түлш импортлогч аж ахуй нэгж байгууллагуудын хооронд байгуулсан Худалдан нийлүүлэх, худалдан авах гэрээ мөн танай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувийг гаалийн мэдүүлгийн дагалдах бичиг баримтад заавал хавсаргасан байхыг анхаарна уу гэсэн нь ч мөн үүний нотолгоо болно.

Тодруулбал, Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын журмууд нь шатахуун импортлогч нь өөрөө уул уурхайн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжид гэрээ байгуулан шууд худалддаг байх ба эдгээр гэрээгээ гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад хавсаргасан байна, гаалийн байгууллага зөвхөн ийм импортлогчоос татвар хураахаар байжээ.

Гэтэл "Шунхлай" ХХК нь импортлосон шатахуунаа зөвхөн "Шунхлай трейдинг" ХХК, "Шунхлай говь" ХХК, "Шунхлай петролиум" ХХК-нд худалддаг. Энэ 3 компани нь  Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй юм. Засгийн газрын тогтоол гарсны дараа биднийг шатахуун импортлох үед Гаалийн байгууллагаас “Импортлох шатахууныг хэрэглэх уул уурхайн лицензтэй компанитай байгуулсан гэрээг олж хавсаргах ёстой” гэсэн шаардлага тавьсны дагуу өөрийн худалдан авагчдад албан тоот хүргүүлж гэрээний хуулбарыг авч хавсарган мэдүүлэх болсон юм.

Гаалийн байгууллага манай компанийн сонгосон буруу горимыг залруулахын оронд цааш үргэлжлүүлэн гаалийн болон бусад татварыг хураан авсаар байсан нь тэд шатахуун импортлох мэдүүлэгч анхнаасаа татвартай горимыг сонговол түүнийг нь хэвээр үргэлжлүүлэх чиглэл баримталж ажилласныг харуулж байгаа бөгөөд үүний нотлогоо нь "Шунхлай" ХХК шатахуун импортлохоор мэдүүлэхдээ өөрөөсөө огт өөр компаниудын хооронд байгуулсан гэрээг хавсаргаж татвартай горимыг сонгосон байхад Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Дорноговь аймаг дахь Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газар, Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар, Дорнод аймаг дахь Гаалийн газруудын байцаагч нарын хэн нь ч "шалгаагүй, анзаараагүй явдал" юм.

Үнэхээр хуульд заасанчлан гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгох эрхтэй боловч тэрхүү мэдүүлэг нь хууль тогтоомжид нийцэж, Монгол Улсын хилээр орж ирэх баримт бичгийн болоод эрх зүйн шаардлагыг хангаж буй эсэхийг төрийг төлөөлж гаалийн байгууллага гүйцэтгэх хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд хууль, зааврын дагуу хянаж шалган улсьн хилээр нэвтрүүлэх эцсийн зөвшөөрлийг олгодог.

Гаалийн байгууллага, байцаагч нь Гаалийн тухай хуульд заасан эдгээр үүргээ зохих ёсоор бүрэн хэрэгжүүлээгүй түүнчлэн Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтуудаар гаалийн хууль тогтоомжид багтаж байгаа Сангийн сайдын 2012 оны 211 тоот тушаалаар баталсан журмыг буруу хэрэглэж манай компаниар доор дурдсан хэмжээний татваруудыг илүү төлүүлж хохироосон. Гаалийн албан татвар 423.062.685.82 төгрөг, Онцгой албан татвар 1.684.546.252.07 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар 210.760.893.79 төгрөг, нийт 2.318.369.831.68  төгрөг болно. Иймд 64 мэдүүлгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134 тоот “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварыг салбарын онцлог харгалзан тогтоох тухай" тогтоолын 1 дүгээр зүйлд: “Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай” гээд хилийн аль боомтоор нэвтэрч байгаагаас хамааруулан 1 тонн тутамд 109.000-130.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар,  тус тогтоолын 2 дугаар зүйлд, “Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан зорилгоор импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг "3" хувиар тогтоосугай” гэж тус тус заажээ.

Харин тогтоолын 3 дугаар зүйлд, “Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаас бусад зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай” гээд хилийн аль боомтоор нэвтэрч байгаагаас үл хамааруулан 1 тонн тутамд 00,0 төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар, 5 дугаар зүйлд “Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаас бусад зорилгоор импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг "0" хувиар тогтоосугай” гэж тус тус заажээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан “Шунхлай” ХХК нь дээр дурдсан 64 гаалийн мэдүүлгээр гаалийн  хилээр  нэвтрүүлсэн  автобензин,  дизелийн  түлшийг Ашигт  малтмалын  тухай хуульд заасан хайгуулын  болон  ашиглалтын  тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  үйл ажиллагаанд  ашиглах зорилгоор нэвтрүүлээгүй,  өөр бусад дотоод худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад худалдан борлуулсан нь:

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газраас Гаалийн ерөнхий газарт ирүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6/5760, 6/5761, 6/5762 дугаар бүхий “Шунхлай трейдинг” ХХК, “Шунхлай говь” ХХК, “Шунхлай петролиум” ХХК-иуд нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Кадастрын мэдээллийн санд тус компаниудын нэр дээр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй байна гэдгийг гэрчилсэн 3 албан тоот, мөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архиваас ирүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2016832, 2016833, 2016834 дугаартай “Шунхлай трейдинг” ХХК, “Шунхлай” говь ХХК, “Шунхлай петролиум” ХХК-иудын улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанд тус аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэлд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа бүртгэлгүй байгааг гэрчилсэн 3 албан тоот, мөн тус компанийн дотоодын худалдааны гэрээ, бусад баримтаар нотлогдож байх тул Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарыл 23-ны өдрийн 134 тоот "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварыг салбарын онцлог харгалзан тогтоох тухай" тогтоолын 3 дугаар зүйл, 5 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлд дурдсан 64 гаалийн мэдүүлгийг залруулан, хүчингүй болгож өөрчлөх үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  42  дугаар  зүйлд  зааснаар нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг үүгээр уламжилж байна.” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан ““Шунхлай” ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 64 мэдүүлгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 491 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолоор, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч нь өөрийн импортлох шатахууныг Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид шууд худалдах бол 415 дугаар горимоор гаальд мэдүүлж онцгой албан татвар төлөхөөр тогтоосон юм. Бодит байдал дээр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч "Шунхлай" ХХК нь өөрийн импортолсон шатахууныг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй "Шупхлай трепдинг" ХХК, "Шупхлай петролиум" ХХК, "Шунхлай говь" ХХК-иудад гэрээний үндсэн дээр худалдсан байхад гаалийн байгууллага үүнийг үл харгалзан ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанид худалдсантай адилтган онцгой татвар ногдуулж төлүүлсэн нь буруу болжээ хэмээн нэхэмжлэгч тал маргаж байгаа юм. Нэхэмжлэлийн   шаардлагыг   хариуцагчид   гардуулсны   дараагаар   Гаалийн Ерөнхий газраас 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 01/3018 дугаартай хариу хүргүүлэх албан бичигт хэргийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байтал түүнийг хууль зөрчсөн хэмээн батлалгүй шүүх хуралдааныг явуулсан юм. Харин нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргах үед, Гаалийн ерөнхий газрын дарга солигдож Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2012 оны 211 дүгээр тушаалаар баталсан "Импортын автобензин дизелийн түлшний онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг хураан авах төсөвт төлөх журам"-ыг хэрэгжүүлж тухайн үед ажиллаж байсан О.Ганбат эргэж томилогдсон бөгөөд тэрээр өөрийн тухайн үед (2012 онд) гаргаж байсан алдаагаа хаацайлах үүднээс өмнөх дарга Б.Цэнгэлийн үед хийсэн шалгалтын дүнг үгүйсгэж шүүхийн шийдвэрийг дэмжсэн тайлбарыг давж заалдах шүүхэд хүргүүлсэн. ... Анхан шатны шүүх хуульд зааснаар "Шунхлай" ХХК нь автобензин, дизелийн түлш импортлогч онцгой албан татвар төлөгч мөн бөгөөд барааг 415 дугаар горимоор мэдүүлсэн л бол хэнд борлуулсан нь чухал бус татвар төлөх үүрэгтэй гэж үзжээ. Уул уурхайн компаниуд татваргүй шатахуунаар үйл ажиллагаа явуулж, экспортын хөнгөлөлт эдэлж байна гэсэн шалтгаанаар Улсын Их хурлаас 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Гаалийн тариф, гаалийн татварын хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т "Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг хураан авч төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэсэн нэмэлтийг оруулсан. Хуульд ийнхүү заасны дагуу Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр тушаалаар "Импортын автобензин, дизелийн түлшний онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг хураан авах, төсөвт төлөх журам"-ыг батлан гаргасан.  Үүний дагуу Гаалийн ерөнхий газрын дарга 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/22 дүгээр тушаалаараа "ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортлож буй шатахуун "-ыг 415 дугаар горимоор  мэдүүлэхээр тогтоосон.  Дээрх, гаалийн хууль тогтоомжид зааснаар автобензин, дизелийн түлш  импортлогчоос бараа худалдан авч буй худалдан авагчид ямар онцлог шаардлага тавигдсан ба шатахуун импортлогч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид шатахуунаа шууд худалдаалсан нөхцөлд л энэ журам хэрэгжиж татвар төлүүлэхээр байна. Шүүх, гаалийн байгууллагын тайлбарт ч үүнийг баталгаажуулж дүгнэсэн байдаг. Гаалийн байгууллага импортлогч компанийн бурдүүлж буй баримт бичиг, мэдүүлэг нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэй байсан ба энэ талаар 211 дүгээр тушаалын хавсралтын 4.3-т "Татварын ерөнхий газраас баталгаажуулж хүргүүлсэн баримт бичгийг Гаалийн еренхий газар энэхүү журмын 2.1-т заасан гаалийн мэдүүлэг, бусад баримт бичигтэй тулган татвар төлөлтөнд хяналт тавина", Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны 116 дугаартай тогтоолд: ".  .  . гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалаар Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгийн маягтыг батлахдаа баримт бичгийн доод хэсэг /С, Д Е, Р, С/-т Гаалийн шалгалт, Гүний гаалийн тэмдэг, тодотгох тоо хэмжээ, тэмдэглэгээ, хилийн гааль гэх мэт хүснэгтүүд байхаар, мөн тушаалаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг нөхөн бичих заавар, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах зааварт хүснэгтүүдийг гаалийн улсын байцаагч мэдүүлэгчийн гаргасан мэдээллийг шалгасны үндсэн дээр нөхөхөөр заажээ. . . . Мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн дагуу гаалийн байгууллага улсын байцаагч шалгаж тэмдэглэгээ хийж, гаалийн хилээр нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэж гарын үсэг зурж, тамга, тэмдэг дардаг байх тул захиргааны акт гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл мэдүүлгийг гаалийн байгууллага эцсийн байдлаар шалгаж, зөвшөөрөл олгох ёстой болохыг баталгаажуулсан. Гэвч гаалийн байгууллага ч, шүүх ч "Шунхлай" ХХК болон нэр бүхий гурван компанийн үйл ажиллагааны чиглэл, үүсэн байгуулагдсан огноо, санхүү, татварын тайлан, хуулийн этгээдийн бүртгэл зэрэг иргэний эрх зүй, компанийн эрх зүйн бие даасан байдлыг үл харгалзан "Шунхлай нэртэй бүхэн Шунхлай" гэсэн байр сууринаас хэрэг маргааныг шийдвэрлэсэн. "Шунхлай" ХХК зөвхөн импортлож нөгөө гурван компанид гэрээний үндсэн дээр худалдсан энэ харилцаа нь Засгийн газрын 134 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хамаарах, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл огт биш юм. Шунхлай компани 1997 онд байгуулагдаж зөвхөн импортын үйл ажиллагаа явуулж ирсэн бол түүнээс шатахуун худалдаж авдаг бусад гурван компани нь 2011 оны 08 дугаар сард нэгэн зэрэг байгуулагдсан, газрын тосны бүтээгдэхүүний импорт огт хийдэггүй, харин дотоод худалдаагаар дагнаж ажилладаг бөгөөд одоо ч энэ бүтэц нь хэвээр байгаа. Импортлогч "Шунхлай" ХХК нь нөгөө гурван компаниар дамжуулж эцсийн хэрэглэгчид бүтээгдэхүүнээ худалдаж байгаа бус харин "Шунхлай трейдинг" ХХК, "Шунхлай петролиум" ХХК "Шунхлай говь " ХХК-иудад л худалдсан, энэ нь ч татварт тайлагнаснаас нь харагддаг. Энэ дөрвөн компани нь хараат болон охин компанийн харилцаа огт байхгүй зэрэгцээ нэгнээсээ хараат бус компаниуд юм. "Шунхлай" ХХК нь үүсэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл хугацаанд холбогдсх бүх татвараа цаг тухайд нь төлж улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг, шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгарч байсан төдийгүй 134 дүгээр тогтоолын хүрээнд ч 415, 416 дугаар горимд ногдох татвараа бүрэн төлсөн. Сангийн сайдын 211 дүгээр тушаалын хавсралт 4 дүгээр зүйлийн 4.4-т "татварын дутуу төлөлтийг нөхөн төлүүлэх, илүү төлөлтийг суутгах, буцаан олгох асуудлыг Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэд аж ахуй нэгж өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор илүү төлсөн байж болох татварын асуудлыг хөндөж нэхэмжлэл гаргах эрхтэй билээ. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс Засгийн газрын 134 дүгээр тогтоолын нэг дэх хэсгийн "Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортлосон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай" гэснийг илүү анхаарч эцсийн дүндээ уул уурхайн компаниуд л шатахууныг хэрэглэсэн... гэж тайлбарласан. Гэтэл эсрэгээрээ, Сангийн сайдын 211 дүгээр тушаалын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1-д "газрын тос, газрын тосон бүтээгдэхүүн импортлож буй хуулийн этгээд  импортлож буй автобензин, дизель түлшийг Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор болон бусад зорилгоор импортлож буй автобензин, дизелийн түлш гэж тус тусад нь гаалийн байгууллагад мэдүүлэх бөгөөд Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд худалдан нийлүүлэх гэрээ /цаашид "Гэрээ" гэх/-г хавсаргасан байна" гэжээ. Сангийн сайдын 211 дүгээр тушаалаар баталсан журмын үндэслэлийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 36.3-т шууд заасан болохыг өмнө дурдсан билээ. Үүгээрээ 211 дүгээр тогтоолоор баталсан журам бол Гаалийн хууль тогтоомж юм. Энэ журам эрх зүйн үйлчлэлийн хүчин чадлаараа Засгийн газрын тогтоолоос дээгүүр юм. Гэтэл шүүх зөвхөн хувь хэмжээ тогтоох агуулга бүхий Засгийн газрын бүрхэг, тодорхойгүй, утга агуулгаа бүрэн илэрхийлж чадахгүй тогтоолыг баримталж харин баримтлах ёстой, гаалийн процессын харилцааг илүү нарийвчилж зохицуулсан үүгээрээ тухайн харилцаанд, эрх зүйн хүчин чадлаар илүү 211 дүгээр тушаалаар баталсан журмыг баримтлаагүй нь буруу юм. ...Засгийн газрын 134 дүгээр тогтоол нь тодорхой бус, эргэлзээтэй, харин түүнийг илүү нарийвчлан зохицуулсан Гаалийн тариф, гаалийн татварын хууль, түүний дагуу татвар хураалтын харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Сангийн сайдын тушаал гарсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүйгээр төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг зөв хэмээн үзсэн нь хууль бус байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу "...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" байх тул анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 502 дугаартай шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 491 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

 “Шунхлай” ХХК-аас Захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан “Гаалийн байгууллага Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр тушаалыг буруу тайлбарлан хэрэгжүүлж, хууль зүйн үндэслэлгүйгээр татвар хураасан хэмээн гаалийн хилээр автобензин, дизелийн түлш нэвтрүүлсэн 64 гаалийн мэдүүлгийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.9, 87.1-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Шунхлай” ХХК нь 2012-2013 оны хооронд гаалийн хилээр автобензин, дизелийн түлш нэвтрүүлэхдээ 415 дугаар горимоор буюу Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор мэдүүлж, “Шунхлай говь” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Шунхлай петролиум” ХХК-уудын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компаниудад автобензин, дизелийн түлш худалдах, худалдан авах гэрээг хавсаргажээ. 

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “гаалийн нутаг дэвсгэрт оруулах ... бараанд гаалийн болон бусад татвар ногдуулна”, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “автобензин, дизелийн түлшинд онцгой албан татвар ногдуулна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “энэ хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч гаалийн хилээр нэвтрүүлж буй автобензин, дизелийн түлшинд гааль, онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу  шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг”; 3.1.8-д “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг” гэж тус тус заасан бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч буюу мэдүүлэгч бүрдүүлэлтийн горимоо өөрөө сонгож, гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд шаардагдах мэдээллийг тусгаж Гаалийн байгууллагад гаргасан “мэдүүлэг”-ийг түүний шаардснаар шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2, 70 дугаар зүйлийн 70.2.3-д зааснаар маргаан бүхий мэдүүлгүүдийг илт хууль бус болохыг тогтоох эрх зүйн үндэслэлгүй юм.

Учир нь “Шунхлай” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гаалийн хилээр нэвтрүүлсэн автобинзен, дизелийн түлшийг зөвхөн ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэггүй “Шунхлай говь” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Шунхлай петролиум” ХХК-уудад худалдаж, уг компаниуд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд цааш худалдан борлуулсан, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу импортлож буй автобензин, дизелийн түлшийг гаалийн байгууллагад 415 горимоор мэдүүлэх ёсгүй байсан” гэж тодорхойлон маргаж байхад шүүх нэхэмжлэгчийн алдаатай үйлдлийг хариуцагчид хамааруулж илт хүчин төгөлдөр бусад тооцох хуулийн үндэслэлгүй байна.

Харин Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7–д автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтоохоор заажээ. Хуулийн дээрх заалтыг үндэслэн тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Сангийн сайдын 2012 оны 211 сайдын тушаалаар батлагдсан “Импортын автобензин, дизелийн түлшний онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг хураан авч төсөвт төлөх журам”-аар “...мэдүүлгийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд Гаалийн тухай хуулийн дагуу бүрдүүлэлтийн дараах шалгалт явуулж хяналт тавих” эрх хариуцагч байгууллагад олгогдсон, хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардсан илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох 64 гаалийн мэдүүлгийг залруулах боломжтойг илэрхийлсэн зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагаас өөр эрх зүйн харилцаа бөгөөд хариуцагчид хууль болон журмаар олгогдсон уг эрхээ хэрэгжүүлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 502 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 491 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН