Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1299

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03363 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19 995 000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад эд хөрөнгөөс хангуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХХ” ХЗХ-ны гишүүн ХХХнь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ХХХХХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХ-р хороолол, ХХ-р байрны ХХ тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалан сарын 4 хувийн хүүтэй, 360 хоногийн хугацаатай, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлээ төлж барагдуулахаар тохиролцож, 21 тоот барьцааны болон зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөг зээлсэн. Зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээл, хүүгээ төлөхгүй гэрээний хугацаа 331 хоног хэтрүүлсэн. Үндсэн зээл 30 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг төлж, 15 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа.

2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дуустал 918 хоногт 28 940 000 төгрөгийн хүү төлөхөөс 24 817 000 төгрөгийн хүү төлснийг хасаад, үлдэгдэл 4 123 000 төгрөгийн хүүгээ төлөөгүй. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй гэрээний хугацаа хэтрүүлсэн 47 хоног, 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зээлээ төлөөгүй. Гэрээний хугацаа хэтрүүлсэн 331 хоногийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү нийт 378 хоногийн хүү 1 700 000 төгрөг төлөхөөс 828 000 төгрөгийг төлөөд үлдэх 872 000 төгрөгийг төлөөгүй юм.

Иймд гишүүн ХХХ-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг, үндсэн хүү 4 123 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 872 000 төгрөг, бүгд 19 995 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Уг шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг албадан гүйцэтгүүлэх, хүрэлцэхгүй тохиолдолд бусад эд хөрөнгөөс хангуулж, тэмдэгтийн хураамжид төлсөн 257 925 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би тус хоршооноос 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай 30 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Миний бие үндсэн зээлээс 15 000 000 төгрөгийг эргүүлэн төлж, зээлийн хүүгээ хугацаандаа сар бүр төлж байсан. Уг нь зээлийг хамтран зээлдэгч,  бэр ХХХХХХХөөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан авсан боловч санхүүгийн хүндрэлд орж, зээлээ хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

“ХХХХ” ХЗХ-оос зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2 сар хэтрүүлэхэд манай гэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явж байна хэмээн 3 залууг дагуулан ирж, байрыг  хураана, битүүмжилнэ гэх зэргээр айлган сүрдүүлсэн. Үүний улмаас талийгаач нөхрийн сахарын өвчин сэдэрч, бие нь муудсан тул тус ХЗХ-ны үйл ажиллагаанд маш их гомдолтой. Энэхүү хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан бэр ХХХХХХХСанхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаснаар тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн. Төрийн нэр барьсан тус ХЗХ-ны үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байсан эсэхийг тогтоолгох хүсэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ...

2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “ХХХХ” ХЗХ-д гаргасан өргөдлийн 1.6-д хэдэн хүнд итгэмжлэх зөвшөөрөлтэй гэх хэсэгт ХХХХХХХгэж хуурамчаар бичсэн. Зээлийг өөр этгээд захиран зарцуулсан нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчаар хэнийг татах эсэх нь эрхийн асуудал ч ашиг сонирхолыг нь зөрчсөн этгээдийг хариуцагчаар татах ёстой. Гэтэл хариуцагч ХХХ-т үүрэг үүсч, хариуцагч болох эсэх нь тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлдийн 63.1.3-т зааснаар хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн нийт шаардлагын үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагадаа хураамж төлөөгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХ-ээс 19 995 000 төгрөгийг гаргуулж “ХХХХ” ХЗХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ-ээс 257 925 төгрөгийг гаргуулан “ХХХХ” ХЗХ-д олгох,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХнь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг ХХХХ-д даалгах, хүрэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад нэр хөрөнгөөс хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Шүүхийн шийдвэрт гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасныг  үндэслэн “ХХХХ” ХЗХ, ХХХнарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.5, 3.6-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар тусгасан нь Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлд нийцсэн гэж ... үзжээ.

Хэргийн баримтаар 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ХХХнь 3 000 000 төгрөгийг гарын үсэг зурж, бэлнээр хүлээн авсан. “ХХХХ” ХЗХ болон ХХХнарын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол...”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу 30 000 000 төгрөгийг гарын үсэг зурж, бэлнээр хүлээн авснаар зээлийг гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Гэвч гэрээний талууд мөнгийг шилжүүлэн өгч, авалцахдаа зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар бичгээр харилцан тохиролцоогүй, энэ талаар хавтаст хэрэгт баримт байхгүй. ХХХнь тус ХЗХ-ны өмнө зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй. Гэтэл шүүх “ХХХХ” ХЗХ болон ХХХ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.5, 3.6-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар тусгасан нь Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн ба нэхэмжлэгчийг шаардах эрхтэй, ХХХ-ээс 19 995 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн хууль бус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус ХЗХ-ны ХХХтай 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №21 тоот зээлийн гэрээ байгуулсан нь хариуцагчид хамааралгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

ХХХнь тус ХЗХ-оос 30 000 000 төгрөгийг хариу төлбөргүй, 1 жилийн хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргээ биелүүлж мөнгийг бага багаар төлж байсан. Ийнхүү хариуцагч 15 316 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх үедээ буюу зээлийн гэрээний хугацаа дуусахад 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 180 хоногийн хугацаатайгаар, хариу төлбөргүй байхаар харилцан тохиролцож дахин зээлийн гэрээг сунгасан. Тус ХЗХ нь ХХХ-ээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхгүй.

Хариуцагч нь 2013 оны 8 дугаар сарын 15-аас 2015 оны 7 дугаар сарын 31 хүртэл хугацаанд нийт 40 650 000 төгрөг төлсөн тул ХХХ-ээс мөнгө шаардах эрхгүй, харин ХХХилүү төлсөн 10 650 000 төгрөгөө гаргуулж авахаар шаардах эрхтэй. Иймд хариуцагч зээлийн үүргээ бүрэн биелүүлсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХЗХ нь хариуцагч ХХХ-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 995 000 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, уг хөрөнгөөс үүргийг гүйцэтгэж хүрэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад эд хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй гэх үндэслэл заан маргажээ.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХЗХ нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад заагдсан хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй, хариуцагч ХХХнь тус хоршоонд 2012 онд гишүүнээр элссэн талаарх баримтууд хэрэгт авагдсан байна.

/хх-ийн 12-17 дугаар тал/

 

2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 21 дугаартай зээлийн гэрээ болон 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 40 тоот нэмэлт гэрээгээр хариуцагч ХХХнь нэхэмжлэгч “ХХХХ” ХЗХ-оос 30 000 000 төгрөгийг, 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд, сарын 4 хувийн хүү төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, уг зээлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, мөнгийг бэлнээр хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.

/хх-ийн 4-10 дугаар тал/

 

Шүүх талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заалтыг баримталсныг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хариуцагч ХХХ-ийн хувьд гэрээний дагуу авсан зээлээ, хүүгийн хамт  буцаан төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй учраас нэхэмжлэгч түүнээс үндсэн төлбөрийн үүргийг нэмэгдүүлсэн хүүгийн хамт гүйцэтгэхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тооцоолол нь төлөх хугацаа өнгөрсөн үүрэг буюу зээлийн өрийг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн зорилгод нийцсэн эсэх, хариуцагч тал гэрээний дагуу нийт 40 650 000 төгрөг төлсөн гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй зэргийг анхаарч, тооцооллыг нягтлан шалгах шаардлагатай байжээ.

 

Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөл зохих хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нь гэрээний үндсэн үүрэг зөрчсөнтэй холбоотой үүсч буй хариуцлага байхаас гадна Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заагдсан “үндсэн үүрэг”-т хамаарахгүй юм.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хугацаа нь болсон өрийг, мөн зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй үүргийг тэргүүн ээлжинд төлөх, төлүүлэх журамтай тул хугацаа хэтэрснээс хойш төлөгдсөн төлбөрийг эхлээд үндсэн үүрэгт тооцох учиртай.

 

Үндсэн зээл нь хугацаа болсон үүрэгт хамаарахаас гадна уг үүргээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцдог тул илүү хүнд нөхцөлтэй үүрэгт хамаарна.

 

Дээрх хуулиар зохицуулсан үүрэг гүйцэтгэх дараалал ёсоор тооцвол, зээлийн төлбөр төлөх эцсийн хугацаа буюу 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хариуцагч ХХХ-ээс төлсөн 5 удаагийн төлөлтийг нэхэмжлэгч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь хуулийн дээрх заалттай зөрчилдөж байна. Тухайлбал, “ХХ” ХЗХ-ны эдийн засагч ХХХХХ-ийн гаргасан тооцооны баримт болон орлогын мэдүүлэгт үндэслэн төлбөр төлсөн байдлыг нарийвчлан үзвэл 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1 055 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 910 000 төгрөгийг хариуцагч тус тус төлсөн байна.

 

Дээрх төлбөрийг үүрэг гүйцэтгэх дараалал ёсоор үндсэн зээлээс хасч тооцож, үлдэгдэл тус бүрд хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон бодох ёстой. Энэ аргачлалаар тооцоолвол үндсэн зээлийн үлдэгдэл 11 641 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний болон зээлийн хугацаанд байх хүүгийн үлдэгдэл 3 086 916 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 617 381 төгрөг, бүгд 15 345 297 төгрөгийг хариуцагч ХХХтөлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 649 703 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

Түүнчлэн шийдвэрийн 2 дахь заалтаас улсын тэмдэгтийн хураамжийн талаарх заалтыг тусгаарлан, хэмжээг хариуцагчийн төлөх төлбөрт тооцож төлүүлэх, хэргийн оролцогч бус этгээдэд үүрэг гүйцэтгүүлэхээр даалгасан 3 дахь заалтын холбогдох хэсгийг хасч, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцааны бус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд бүгд 15 345 297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХ” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 649 703 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХнь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл зээлийн барьцаа хөрөнгө болох ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ-р хороолол ХХ-р байрны ХХ тоот 3 өрөө бүхий Эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцааны бус эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ-ээс улсын тэмдэгтийн хураамжид 89 345 төгрөгийг гаргуулж “ХХХХ” ХЗХ-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХХын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА