Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0272

 

 

 

 

“М м” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М м” ХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг дарга, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр:

1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 21 дүгээр зүйлийн 21.5, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.2, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.5, 37 дугаар зүйлийн 37.1, 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “М м” ХК-ийн Булган аймгийн Засаг дарга, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Булган аймгийн Засаг дарга, “К” ХХК хооронд байгуулсан “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулган, сургуулийн цогцолбор болгон өргөтгөх ажил гүйцэтгэх” гэрээг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах, “М м” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмж, Булган аймгийн Засаг даргад хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Булган аймгийн Засаг даргад тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “М м” ХК-ийн гаргасан Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “...Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасны дагуу тендерийн бичиг баримтын ТШӨХ-д 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг 2.1.1* болгон өөрчилж...” гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх өөрчлөлт нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасантай нийцэхгүй байгаа талаар маргасан боловч энэхүү маргасан үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл энэхүү захиргааны хэргийн гол маргаантай байгаа асуудал нь 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг 2.1.1* болгон өөрчилсөн, энэ шаардлагыг хангах эсэх дээр талууд маргадаг боловч энэ талаар үндэслэлтэй бүрэн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/4565 дугаар албан бичгээс үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь “...үе шатны ажлын хуваарь шаардлагад нийцээгүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн тухай туршлагын мэдээллийг ирүүлэхдээ ...ашиглагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй, ерөнхий инженер нь үндсэн ажилтан гэж нотлогдохгүй...” гэж үндэслэлүүдийг дурдсан байхад энэхүү амжилтгүй болсон шалтгаануудтай холбоотой бус тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг оруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасантай нийцэхгүй байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс энэхүү өөрчлөлт орсон тендерийн бичиг баримттай холбогдуулан холбогдох төрийн байгууллагад гомдол гаргаагүй боловч хууль зөрчсөн гэж үзэж байгаа захиргааны актын үндэслэл болж буй асуудалд шүүх дүгнэлт хийх шаардлагатай зэрэгцээ нэхэмжлэгч компанийн хувьд тендерийн баримт бичигт ийнхүү өөрчлөлт орсон талаар мэдээгүй, мэдэгдээгүй, түүнчлэн энэхүү тендертэй ижил шаардлага тавигдсан бусад тендерт 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэйгөөр оролцож, шаардлагыг нь хангаж, мөн Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан дүйцүүлэн тооцох аргачлалаар шаардлагыг хангана гэж үзсэн тул гомдол гаргаагүй нөхцөл байдал байгаа болно.

Мөн тендерийн төсөвт ороогүй ажлыг сүүлд нь нэмэлт гэрээ байгуулж, төсвийг нь нэмэлтээр улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах замаар шийдвэрлэж хийлгэхээр төлөвлөж байсантайгаа холбоотойгоор 2.1.1* заалтыг оруулсан, түүнчлэн сургуулийн барилгын норм ба дүрэм болон бусад ямар ч хуулиар сургуулийн барилга барихад интерьерийн ажил шаардлагатай талаар заагаагүй байхад тендерийн баримт бичиг боловсруулах аргачлал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, энэхүү өөрчлөлтийг оруулжээ.

Түүнчлэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тендер шалгаруулалтаар тендерийн үнэлгээний хорооны зүгээс нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн талаар шаардлагыг хангаж байгаа гэж үзсэн хэрнээ 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийхдээ 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр татгалзаж, мөн бусад төрлийн тусгай зөвшөөрлүүдийг өөр тусгай зөвшөөрлүүдтэй дүйцэж байна гэж дүгнэж байсан, мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Барилгын тухай хуульд байхгүй тусгай зөвшөөрлийг шаардсан зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс хуулийн этгээдүүдэд тэр дундаа тендерт оролцож байгаа компаниудад тэгш бус хандаж, Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хуульд заасан төрийн албаны үндсэн зарчмыг хангаагүй, зөрчиж байгаа талаар маргасанд огт дүгнэлт хийсэнгүй. Тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах эрхийг хуулиар тендерийн үнэлгээний хороонд олгосон хэдий ч хамгийн гол нь 2.1.1* тусгай зөвшөөрөл нь 2.1.1 тусгай зөвшөөрлийнхөө дагалдах заалт буюу 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөл нь 2.1.1 тусгай, зөвшөөрөлдөө багтаж явдаг, шинээр баригдаж байгаа ямар ч барилга 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөл шаардлагагүй, энэ тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх гадна тохижилтгүй барилга гэж байдаггүй болохыг харгалзан үзэх шаардлагатай байсныг анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар 2.1.1 болон 2.1.1* тусгай зөвшөөрлүүдийг БА-8.1 тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлэн тооцохоор баталснаас үзэхэд БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавигдсан тендерт дээрх тусгай зөвшөөрлүүдийн аль нь ч байсан оролцох боломжтой, дээрх тусгай зөвшөөрөлтэй компаниуд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусах хүртэл энэ хэвээрээ дүйцүүлэн тооцоод ажилла, харин хугацаа нь дуусмагц БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрөл авна гэсэн агуулгатай аргачлал болохыг ялгаж салгаж дүгнээгүй байна.

Эдгээрээс үзэхэд тендерийн үнэлгээний хороо хууль зөрчиж, 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг тендерийн баримт бичигт оруулсан байхын зэрэгцээ нэхэмжлэгч компанийн хувьд тендерийн баримт бичигт тавигдсан бүх шаардлагыг тэр тусмаа 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөлтэй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

2. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн тус компанид хүргүүлсэн Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй буюу захиргааны акт биш гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайд:

Дээрх нэхэмжлэгчийн нэг дэх шаардлагын үндэслэлд дурдсан үндэслэлээр хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан бөгөөд уг мэдэгдлийг аймгийн Засаг даргаас бус тендерийн үнэлгээний хорооноос хүргүүлэхээр хуульчилсны зэрэгцээ энэхүү албан бичиг нь дээрх хууль бус тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу түүнийг биелүүлж гарсан, хэрэгжүүлж байгаа хэлбэр учраас тодорхой үр дагаврыг бий болгосон, гадагш чиглэсэн, нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан шинжтэй байгаагийн зэрэгцээ уг мэдэгдлийг хүлээн авснаар түүнийг зөрчиж шалгараагүй компани захиалагчтай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байгаагаараа захирамжилсан шинжийг агуулна гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тиймээс энэхүү захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан тул хүчингүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой.

2018 оны 09 дүгээр сарын 21-ний тендер шалгаруулалтыг хууль зөрчин явуулж, энэ талаар гаргасан гомдол, нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад энэхүү хууль бус шийдвэрээ үндэслэн дахин тендер шалгаруулалтыг зарлаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байхын зэрэгцээ мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйлийн 21.4-д тус тус заасныг зөрчсөн, мөн өмнөх тендерээс хууль бусаар татгалзсан гэж үзэж байгаа тул шинээр тендер шалгаруулалтыг зарлах хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн энэхүү сонгон шалгаруулалтыг дахин зарласан шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг бий болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан хэлбэрээр гаргасан мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг бүрэн агуулсан захиргааны акт мөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Хэдийгээр хариуцагч тендерийн үнэлгээний хорооны зүгээс мэдээллийн чанартай зарлал байдлаар сайтад байршуулсан гэх боловч уг зарласан шийдвэртээ заасан шаардлагыг дөнгөж хангаж байгаа компанитай гэрээ байгуулсан байгаа нь уг тайлбар нь үндэслэлгүй, худлаа болох нь харагдаж байна.

3. Уг тендерийн шаардлагад бүрэн нийцсэн “М м” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлэхийг тендерийн үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Булган аймгийн Засаг даргад тус тус даалгуулах шаардлагын тухайд:

Энэхүү шаардлага нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан дээрх 2 шаардлагатай салшгүй холбоотой бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/5842 тоот албан бичигт дурдсанаар уг тендерт 3 компани оролцсоноос “И а” ХХК нь “...үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь төсөв болон үнийн саналаас зөрүүтэй”, “Ж о” ХХК нь “Дархан-Уул аймгийн Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг тендерт санал болгосон машин техник, тоног төхөөрөмж, ажиллах хүч нь энэхүү тендертэй давхацсанаас гэрээг хэрэгжүүлэх чадавхын шаардлага хангахгүй” гэж үзсэн зэргээс хархад тендерт оролцогчдоос шаардлага хангаж байгаа “М м” ХК-ийг тендерт шалгаруулан, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, улмаар захиалагчийн зүгээс гэрээ байгуулан ажиллах бүрэн боломжтой юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “М м” ХК-ийн хувьд дээрх үндэслэлүүдээр тендерийн баримт бичигт тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа нь тогтоогдсоноор хариуцагч тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр бүх тендерээс татгалзсан нь хууль бус, дахин зарласан шийдвэр болон шууд гэрээ байгуулах зөвлөмж, байгуулсан гэрээ нь бүгд хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан тул хууль бус болох нь тогтоогдсоноор тухайн өдрийн хууль бус шийдвэрийг шүүхийн зүгээс залруулан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч Булган аймгийн Засаг дарга болон “К” ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээг илт хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Шүүхээс нэхэмжлэгч “М м” ХК-ийн захирал Ж.Ж-ыг тендерийн баримт бичигт заагдсан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй гэж үндэслэлтэй шийдвэрлэсэн. Гэвч түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол дээрх гэрээний улмаас хэрхэн зөрчигдөж байгааг тодорхойгүй байхад гэрээг илт хууль бус гэж үзсэн нь ойлгомжгүй болсон. Түүнчлэн тухайн зөрчигдсөн гэх эрх нь хэрхэн эргэж сэргээгдэх нь тодорхойгүй бөгөөд аймгийн Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цахимаар зарласан урилгад нэхэмжлэгч оролцоогүй, тухайн боломж нь нээлттэй байхад ямар нэгэн баримтыг хүргүүлээгүй байхад захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендерийн ердийн журмаар явуулах болон онцгой журмаар явуулах тусдаа зохицуулалтуудыг зааж өгсөн бөгөөд тэдгээрт тавигдах шаардлага ч тус бүртээ өөр байхад анхан шатны шүүхээс “шууд гэрээ байгуулах” журмаар явагдсан ажиллагааг ердийн журмаар явуулж байгаа тендертэй адилтган үзэж, тавигдах шаардлагын зохицуулалтыг бидэнд хамааруулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, хуульд шууд гэрээ байгуулах тохиолдолд өмнө нь амжилтгүй явагдсан тендерийн шаардлагыг харгалзахаар заагаагүй байна. Гэтэл шүүх ердийн журмаар явагдах тендерийн шаардлагыг манай компанид хэрэглэж, улмаар тэдгээр шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэжээ. Мөн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт шууд гэрээ байгуулахаар материал өгөөгүй “М м” ХК болон “К” ХХК-ийг харьцуулж, улмаар түүнд үндэслэн дүгнэлт хийсэн нь буруу болсон. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан этгээдтэй гэрээ байгуулах”-аар заасан бөгөөд манай компанийн хувьд эдгээр шаардлагыг бүрэн хангасан байсан болно.

Эдгээрээс гадна, тендер түүнтэй холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулсан байхад Захиргааны ерөнхий хуулийг баримтлан хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Одоогоор Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн цогцолборын барилгын ажил 70 гаруй хувьтай явагдаж байгааг мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М м” ХК нь “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, “М м” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргад хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Засаг даргад тус тус даалгах, сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах, гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймгийн Засаг дарга, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргажээ.

Булган аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/211 дүгээр захирамжаар тус аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсны дагуу Тендерийн үнэлгээний хороо мөн оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тендер сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан байна.

Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “Ж о” ХХК-ийг сонгон шалгаруулсан ч тендерт оролцсон “И а” ХХК-иас гомдол гаргасны дагуу Сангийн яам хянаад 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/4565 дугаар албан бичгээр “...шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзаж, уг тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах нь зүйтэй...” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Харин Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлах, тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд “шинээр баригдах сургуулийн зарим анги, танхим, урлаг, соёлын заал, физик, химийн танхим гэх мэтийг интерьерийн шийдэлтэй тохижуулах шаардлагатай” гэж үзэн ТШӨХ-д /2.1.1/ гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг /2.1.1*/ болгон өөрчилжээ.

Улмаар Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар тендерийн ажил гүйцэтгэгчээр “Ж о” ХХК-ийг дахин сонгон шалгаруулсан боловч ч нэхэмжлэгч “М м” ХК болон “И а” ХХК нараас гомдол гаргаж, Сангийн яамны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 6-1/5842 дугаар албан бичгээр “...тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх” тухай хариуг хүргүүлсэн байна.

Ингэснээр дахин үнэлгээ хийхээр Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж шууд гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлснээр Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаар албан бичгээр “захиалагч бүх тендерээс татгалзсан” тухай мэдэгдлийг нэхэмжлэгч “М м” ХК-д хаяглан хүргүүлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 30 дугаар зүйлийн 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзахаар заасан байна.

Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4.(в)-д ажлыг гүйцэтгэхэд барилгын хөгжлийн төвийн /2.1.1*, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4/ тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М м” ХК-ийн БУ11-527/17 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд /2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.3.2/-д заасан ажил, үйлчилгээг эрхлэх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, “М м” ХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4.(в)-д /2.1.1*/ заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж зааснаар Тендерийн үнэлгээний хорооноос тендерийн баримт бичигт /2.1.1/ гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг /2.1.1*/ гэж өөрчлөлт оруулахад тухайн үед гомдол гаргаагүй атлаа одоо шүүхэд уг асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч “М м” ХК-ийн “...гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх “...Булган аймгийн Засаг дарга, “К” ХХК-тай байгуулсан захиргааны гэрээг илт хууль бус болохыг шүүхээс тогтоосон тул илт хууль бус захиргааны гэрээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй...” гэж дүгнэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Булган аймгийн Засаг дарга, “К” ХХК хооронд байгуулсан “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулган, сургуулийн цогцолбор болгон өргөтгөх ажил гүйцэтгэх” гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дурдаж түүндээ үнэлэлт, дүгнэлт өгсөн нь уг хуулийн заалттай нийцэхгүй байна.

Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн урилгыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдээлэлжээ.

Уг тендер сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд “К” ХХК оролцож улмаар захиалагч Булган аймгийн Засаг дарга болон “К” ХХК нар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөх ажил гүйцэтгэх” 117/2018 дугаар гэрээг байгуулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах”, 30.1-д “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасан байна.

Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дахин болсон ч уг тендер сонгон шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж шууд гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Улмаар захиалагч Булган аймгийн Засаг дарга нь бүх тендерээс татгалзсан талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлсэн байдаг.

Тодруулбал, өмнө нь Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бүх тендерээс захиалагч татгалзсан байх бөгөөд сүүлд 2018 оны 10 дугаар сарын 01-ний зарлагдсан тендер сонгон шалгаруулалт нь шууд гэрээ байгуулах журмаар явагдаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д зааснаар гуравдагч этгээд “К” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөх ажил гүйцэтгэх” 117/2018 дугаар гэрээг байгуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм.

Харин энэ талаар гаргасан гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М м” ХК-ийн “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, “М м” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргад хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Засаг даргад тус тус даалгах, сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах, гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3, 4 дэх заалтын дугаарыг “2, 3” гэж дугаарлан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд “К” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР