Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1016

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт  Мягмарын Өт холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт М.Ө нь Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ....... аймгийн ....... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” ХХК-нд барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............. дүүргийн ............... дүгээр хороо, ................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:......................./.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч М.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой ............... дүүргийн ................ дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ................. тоот болон .................... тоотод хашааны үүдэнд “цагдаа дуудлаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Чг гараараа хацар хэсэгт нь 2 удаа цохиж, хөлөөрөө цээж хэсэгт нь 1 удаа өшиглөж, хүзүүг нь цамцны захаар боох зэргээр  зодож эрүүл мэндэд нь хүзүүний зулгаралт, зүүн хацар, цээж, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч М.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ алгадсан,  миний буруу. Тухайн өдөр намайг аавынхаа гэр рүү явлаа гэхэд эхнэр явуулахгүй гэснээс болж бид  маргалдсан. Тэгээд эхнэрийнхээ баруун хацарт хоёр удаа алгадсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0436 21262 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ц.Чгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

“...Би нөхөр болох Өтай 2006 онд танилцаад тухайн жилдээ хамтран амьдарч эхэлж, 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө босоод Ө намайг хүмүүстэй хардаад бид хоорондоо хальт маргалдсан. Би маргалдаж байгаад ажилдаа гараад явсан. Харин Ө гэртээ үлдсэн. Тэгээд орой нь 22 цаг гэж ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 16-69а тоот гэртээ ирэхэд манай 3 хүүхэд, нөхөр Ө нар байсан. Тухайн үед Ө нь архи уучихсан согтуу сууж байсан. Намайг “хаагуур явж байгаад ийм орой ирж байгаа юм бэ” гэхээр нь “би ажлаа тараад ирлээ” гэтэл над руу уурлаад хардаад байсан. Тэгээд бид хоорондоо маргалдаад би шууд гэрээс гарч яваад цагдаа дуудчихаад буцаад ороод ирэхэд Ө гэрээс гараад зугтаасан. Тэгж байтал цагдаа нар ирчихээд Өыг байхгүй болохоор цагдаа нар ойр хавиар хайгаад үзье хэрэв буцаад ирвэл дуудаарай гэж хэлчихээд явсан. Гэхдээ тухайн үед цохиж зодоогүй байсан. Тэгээд Ө удалгүй буцаж  ирээд “чи цагдаа дуудлаа” гээд надтай бас дахиад маргалдаж, миний хацар руу 2 удаа алгадахаар нь би гэрээсээ гараад гүйсэн. Тэгээд манай хажуу талын хашаа болох Өын эгч Өрнөхбилэгийн хашаа руу орох гэтэл Ө хойноос гарч ирж намайг Өрнөхбилэгийн хашааны үүдэнд гудамжинд барьж аваад хоолойг гараараа боогоод газар татаж унагаагаад цээж хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тухайн үед манай охин Ижил-Эрдэнэ нь гэрээс гарч яваад Өын эгч нь болох Өрнөхбилэгийг дуудахад нөхрийн хамт гарч ирээд Өыг надаас салгаад бид хамтдаа гэрт нь орсон. Би шууд цагдаа дуудаад Өыг цагдаа нар ирээд авч явсан...” гэх мэдүүлэг [1],

 

2.Гэрч М.Өрнөхбилэгийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 16-70 тоотод нөхөр Цогтбаатарын хамт амьдардаг. Манай хажуу хашаанд буюу Зээлийн 16-69а тоотод манай дүү Ө нь эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой гэртээ нөхөр хүүхдийнхээ хамтаар байж байтал 21 цаг өнгөрч байсан байх, орой манай дүү Өын охин Ижил-Эрдэнэ манай гэрт орж ирээд аав, ээж хоёр хоорондоо маргалдаад байна гэхээр нь би гэрээс гартал манай хашааны үүдэнд манай дүү Ө нь эхнэр Чтэй барилцчихсан зогсож байхаар нь салгасан. Чг аваад гэртээ ортол Ө бас хойноос орж ирсэн.  Удалгүй цагдаа нар Өыг авч явсан.

Ө нь 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт Мягмарын 3 дахь хүүхэд болж төрсөн, дээрээ 1 ах, 1 эгчтэй, доороо 2 дүүтэй юм. Ө нь Баянхонгор аймагт 10 жилийн сургуульд сурч төгссөн. Сургуулиа төгсөөд хувиараа барилгын ажил эрхэлж явдаг байсан. 2007 онд Чтэй хамтран амьдарч гэр бүл болж, дундаасаа 3 хүүхэдтэй, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 16-69а тоотод оршин сууж байгаа юм. Ө нь гадуур тэнээд архи дарс уугаад байдаггүй, хүний үгэнд сайн ордог, төлөв томоотой зантай, хүнд их тусархуу хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг, огцом ууртай хүн байдаг юм...” гэх мэдүүлэг [2]

 

3.Гэрч Э.Лхагвадоржийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

“...Би 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 20 цагаас хэлтэс дээр цагдаа жолооч ахлагч Т.Б-ы хамтаар 51-59 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 12 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ............ дүүргийн ............ дүгээр хороо ............. тоот хаяганд 22 цагийн орчим “нөхөр агсам тавиад байна” гэх дуудлага ирж,  тухайн дуудлаганд явж очиход Ч гэх эмэгтэй дуудлага өгсөн байсан бөгөөд юу болсон талаар асуухад “нөхөр Ө гэгч нь ажлаа тараад гэртээ ирэхэд нь согтуу байж байсан. Тэгээд агсам тавиад байхаар нь би дуудлага өгсөн, цагдаа дуудтал гараад явчихлаа” гэж хэлсэн. Гэхдээ тухайн үед эхнэрээ зодсон асуудал гаргаагүй байсан. Тэгээд бид нар гарч явахдаа ороод ирвэл “миний утас руу залгаарай” гэж хэлээд утасныхаа дугаарыг үлдээгээд гарч явсан. Ойр орчмоор гудамжаар Ө гэгчийн содон шинж тэмдгээр эрэн сурвалжилж ажиллахад байгаагүй. Тэгээд дараагийнхаа дуудлаганд явсан. Удалгүй 20-30 минутын дараа тухайн дуудлага өгсөн Ч гэгч нь залгаад “Ө-ыг ороод ирчихсэн, зодчихлоо” гэж хэлэхээр нь маш хурдан хугацаанд явж очтол гэрт нь хүнгүй байсан. Тэр хүүхний утас руу нь залгатал хөрш айлындаа орсон байсан. Тэр айлын хашаа руу нь явж ороход Ө гэгч нь бид нарыг харчихаад зугтаасан бөгөөд хойноос нь хөөж гүйцэж барьж аваад машиндаа суулгаад дуудлага өгсөн Ч-тэй уулзаж өргөдлөө цагдаагийн хэлтэст очиж өгөөрэй гэж хэлэхэд надад хандаж “Ө цамцнаас татаж цамц урсан” гэж харуулж байсан. Тэгээд бас зодсон гэж хэлж байсан бөгөөд шууд Ө-ыг бид нар авч явж Сэлбэ-120-д эрүүлжүүлсэн юм...” гэх мэдүүлэг [3],

 

4.М.Ө-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би эхнэр болох Чтэй 2003 оноос хойш амьдарч, 2007 онд гэрлэлтээ батлуулсан, одоо дундаасаа 3 хүүхэдтэй юм. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө босоод эхнэр болох Чтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаад Ч-г уурлаад орилоод байхаар нь уурандаа алгадтал Ч гэрээс гараад явсан. Харин би гэртээ 3 хүүхдийнхээ хамт үлдээд хэсэг хэвтэж байгаад босоод галаа түлээд 3 хүүхдээ цайлчихаад хичээл сургуульд нь хүргэж өгчихөөд буцаад гэр лүүгээ явж байтал зүс таних нэрийг нь мэдэхгүй залуу гар өргөхөөр нь би зогсоод хаа хүрэх гэж байгаа юм гэтэл хэдэн мод баруун салаа руу аваачаад өгөөч мөнгийг нь өгнө гэхээр нь би зөвшөөрөөд хүргэж өгсөн. Тэгээд тэр залуу надад 10.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлчихье гэхээр нь би дансгүй болохоор эхнэр болох Чгийн дансыг өгсөн. Тэгээд би дэлгүүр орж боов, боорцог, тамхи авчихаад эхнэр лүү залгаад дэлгүүрийн хүний данс руу саяны чиний дансанд орсон мөнгийг шилжүүлчих гэтэл эхнэр үгүй гээд уурлаад байхаар нь би дэлгүүрээс авсан эд зүйлээ дэлгүүрт нь үлдээчихээд буцаад гэрлүүгээ явж байтал Хүрэлбаатар гэх зүс таних дээд талын айлын залуутай тааралдаад бид 2 нэг шил 0.5 литрийн архи хувааж уучихаад би гэртээ ороод унтсан юм. Гэрт ороод хэсэг унтаж байгаад орой 16 цаг өнгөрч байхад босож 1 дүгээр ангийн хүүхэд болох Н-г хичээлээс нь очиж авчихаад гэртээ харьсан юм. Тэгээд бас манай 2 охин өөрсдөө хичээлээ тараад гэртээ ирсэн. Орой нь намайг гэртээ 3 хүүхдийнхээ хамт байж байхад эхнэр болох Ч нь 21 цаг өнгөрч байхад ирээд “намайг архи уучихсан байна” гээд уурлаад загнаж зандраад байхаар нь би аавынхруу явлаа гээд гараад явсан. Гэрээс гараад явж байгаад халаасандаа түлхүүрээ үзтэл миний халаасанд машины түлхүүр явж байхаар нь би буцаагаад аваачиж өгөх гээд гэр рүү алхтал гэрийн үүдэнд цагдаагийн алаг тэрэг ирчихсэн байсан. Тэгэхээр нь би гэрт оролгүй нуугдаж байгаад цагдаагийн машин явсны дараа гэр рүүгээ орсон юм. Тэгээд би гэрт ороод “чи яасан гэж цагдаа дуудаж байгаа юм бэ” гээд дахиад бид хоёр хоорондоо маргалдаад Чгийн нүүрлүү нь алгадаж ор руу түлхэж унагаачихаад явах гэтэл намайг явуулахгүй зууралдаж байгаад Ч өөрөө гэрээс гүйгээд гараад явчихсан юм. Тэгэхээр нь би хойноос нь гүйж гараад “хөөе чи яагаад байгаа юм бэ” гээд хөрш айлын эгч болох Өрнөхбилэгийн хашааны үүдэнд Чг барьж аваад таттал газар уначихаар нь би бос гээд татаад, тэгээд цамцыг нь урчихсан. Тэгээд Чг газраас босгож байтал эгч Өрнөхбилэг нь гэрээсээ гарч ирээд “юу болоод байгаа юм бэ, юундаа хоорондоо маргалдаад орилж чарлаад байгаа юм бэ” гээд эгчийн гэрт орсон юм. Тэгээд Ч дахиад цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ороод ирсэн юм.  Би Чг өглөө босоод хоорондоо маргалдаад алгадсан, бас орой нь гэрт байхад алгадсан. Тэгээд эгч Ө-н гэрийн гадаа цамцнаас татаж зулгаагаад газар унагаасан юм...” гэх мэдүүлэг [4],

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг  хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10965 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний баруун дээд хэсэгт 0.5х3 см хүрэн улаан өнгийн гурван ширхэг зулгаралттай, хүзүүний ар дээд хэсэгт 0.5х3 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, зүүн хацрын төвгөрт 3х5 см хөх өнгийн цус хуралттай, баруун бугалганы гадна дээд хэсэгт 3х6 см, цээжний баруун дээд хэсэгт 4х5 см хөх ягаан өнгийн цус хуралттай.

ДҮГНЭЛТ:

1.Ц.Ч-гийн биед хүзүүний зулгаралт, зүүн хацар, цээж, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /шинжээч Ц.Оюун-Эрдэнэ/...” гэсэн дүгнэлт [5],

 

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [6], ......... дүүргийн ..... дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл [7], Аюулын зэргийн үнэлгээ [8],

7. Шүүгдэгч М.Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [9], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [10], Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн талаарх лавлагаа [11], Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [12], эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар [13], ........ дүүргийн ........ дүгээр хорооны тодорхойлолт [14], гэрлэлтийн гэрчилгээний хуулбар [15], М.Ө-ын “Хаан" банкинд эзэмшдэг дансны хуулга [16], хувийн байдалтай холбоотой баримтууд [17] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Өт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.Ө, хохирогч Ц.Ч нар нь 2006 оноос хамтран амьдарч, 2007 онд гэрлэлтээ батлуулсан байх ба тэдний дундаас 3 хүүхэд төрж, хүүхдүүдийн хамт ....... дүүргийн ........ дүгээр хорооны нутаг дэвсгэр, ......... тоотод амьдардаг байна.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Дээрх хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд буюу эхнэр нөхөр болох  шүүгдэгч М.Ө, хохирогч Ц.Ч нар нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө эр эмийн хардалтын улмаас хоорондоо маргалдаж, тэдний хооронд таарамжгүй харилцаа үүссэн байна. Түүнчлэн шүүгдэгч М.Ө нь оройн 21 цагийн орчим хохирогч Ц.Ч-г ажлаасаа орой ирлээ гэх шалтгаанаар, хохирогч Ц.Ч нь “М.Өыг архи уулаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан нь үргэлжилж, үүний улмаас хохирогч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх бөгөөд шүүгдэгч М.Ө нь “цагдаад дуудлаа” гэх шалтгаанаар өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 16-69а тоот хашааны болон хөрш 16-70 тоотод хашааны үүдэнд хохирогч Ц.Ч-г гараараа хацар хэсэгт нь 2 удаа цохиж, хөлөөрөө цээж хэсэгт нь 1 удаа өшиглөж, хүзүүг нь цамцны  захаар нь боох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Чг зодож эрүүл мэндэд нь хүзүүний зулгаралт, зүүн хацар, цээж, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Хохирогч Ц.Ч-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...2018 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө Ө намайг хүмүүстэй хардаад бид маргалдаж, би ажилдаа гараад явсан. ...орой нь 22 цагт ажлаа тараад ...гэртээ ирэхэд Ө архи уусан согтуу байсан, намайг “хаагуур явж байгаад орой ирж байгаа юм бэ” гээд ...уурлаад хардаад, бид хоёр хоорондоо маргалдаад би гэрээс гарч яваад цагдаа дуудчихаад буцаад ороод ирэхэд Ө гэрээс гараад зугтаасан. ...цагдаа нар ойр хавиар хайгаад үзье хэрэв буцаад ирвэл дуудаарай гэж хэлчихээд явсан. ...Ө удалгүй буцаад  ирээд “чи цагдаа дуудлаа” гээд надтай дахиад маргалдаж ...миний хацар руу 2 удаа алгадахаар нь би гэрээсээ гараад гүйсэн. ...хажуу талын хашаа болох Өын эгч Өрнөхбилэгийн хашаа руу орох гэтэл Ө хойноос ирж намайг Өрнөхбилэгийн хашааны үүдэнд гудамжинд барьж аваад хоолойг гараараа боогоод, газар татаж унагаагаад цээж хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг [18],

-гэрч М.Өрнөхбилэгийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...Би .............дүүргийн ............... дүгээр хороо, ............... тоотод, ............. тоотод манай дүү Ө нь эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. ... 2018 оны 9 дүгээр сарын 06-ны  орой ...21 цаг өнгөрч байсан байх, орой манай дүү Ө-ын охин И манай гэрт орж ирээд аав, ээж хоёр хоорондоо маргалдаад байна гэхээр нь би гэрээс гартал манай хашааны үүдэнд манай дүү Ө нь эхнэр Ч-тэй барилцчихсан зогсож байхаар нь салгасан. ...” гэх мэдүүлэг [19]

-гэрч Э.Л-н хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 20 цагаас ...үүрэг гүйцэтгэх хугацаанд .............. Дүүргийн ............ дүгээр хороо ............. тоот хаяганд 22 цагийн орчим “нөхөр агсам тавиад байна” гэх дуудлага ирж, явж очиход ...“нөхөр Ө гэгч нь ажлаа тараад гэртээ ирэхэд нь согтуу байж байсан, агсам тавиад байхаар нь би дуудлага өгсөн, цагдаа дуудтал гараад явчихлаа” гэж хэлсэн. ...Тэгээд дараагийнхаа дуудлаганд явсан. ...20-30 минутын дараа тухайн дуудлага өгсөн Ч гэгч нь залгаад “Өыг ороод ирчихсэн, зодчихлоо” гэж хэлэхээр нь явж очтол ...хөрш айлындаа орсон байсан.... Ч.тэй уулзаж өргөдлөө цагдаагийн хэлтэст очиж өгөөрэй гэж хэлэхэд надад хандаж Ө цамцнаас татаж цамц урсан гэж харуулж байсан. Тэгээд бас зодсон гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг [20],

-М.Өын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 9 дүгээр сарын 06-нд өглөө Чтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаад, Ч-г уурлаад орилоод байхаар нь алгадтал гэрээс гараад явсан. ... 21 цаг өнгөрч байхад Ч ирээд “намайг архи уусан байна” гээд уурлаад зандраад байхаар нь би аавынхруу явлаа гээд гараад явсан. ... гэрийн үүдэнд цагдаагийн алаг тэрэг ирсэн байсан. ...цагдаагийн машин явсны дараа гэрлүүгээ явж ороод “чи яасан гэж цагдаа дуудаж байгаа юм бэ” гээд дахиад бид  маргалдаад, Ч-гийн нүүрлүү нь алгадаж, ор руу түлхэж унагаачихаад явах гэтэл намайг явуулахгүй зууралдаж байгаад Ч өөрөө гэрээс гүйгээд гараад явсан юм. ...би хойноос нь гүйж гараад “хөөе чи яагаад байгаа юм бэ” гээд хөрш айлын эгч болох Ө-н хашааны үүдэнд Ч-г барьж аваад таттал газар уначихаар нь би бос гээд татаад, тэгээд цамцыг нь урсан. ...Би Ч-г өглөө босоод хоорондоо маргалдаад алгадсан, бас орой нь гэрт байхад алгадсан. Тэгээд эгч Ө-н гэрийн гадаа цамцнаас татаж зулгаагаад газар унагаасан юм...” гэх мэдүүлэг [21],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10965 тоот дүгнэлт [22], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [23], ............... дүүргийн ............ дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл [24], Аюулын зэргийн үнэлгээ [25], гэрлэлтийн гэрчилгээний хуулбар [26]  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Харин хэрэгт насанд хүрээгүй Ө.И-с 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан байх боловч тус ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр хохирогч Ц.Ч-г оролцуулсан нь хууль зөрчсөн ажиллагаа болжээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;” хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно,

-2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно.” гэж хуульчилсан байна.

Тус хэргийн оролцогч нарын хувьд онцлог буюу хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр нөхөр байх бөгөөд тус хэрэгт  шүүгдэгч, хохирогч гэсэн субъектээр оролцож буй ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд байхад   төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагааг хийгээгүй, тэдний дундаас төрсөн насанд хүрээгүй хүүхэд Ө.И-с гэрчээр мэдүүлэг авахдаа хохирогчоор тогтоогдсон субъектыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож гэрчийн мэдүүлэг авахад оролцуулсан нь дээр дурдсан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймээс насанд хүрээгүй гэрч Ө.И-н мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь нөхцөл эр эмийн хардалт, мөн шүүгдэгч  М.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харилцаа, хэрүүл маргаан үүсч, шүүгдэгч М.Ө нь хохирогч Ц.Ч-гийн бие махбодид халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Ө-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ч-гийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг нь тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч М.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй байдал,  тодорхой эрхэлсэн ажилтай зэргийг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ял оногдуулах, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн  дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Ө нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ө нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч Ц.Ч хохирлын төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан шүүгдэгч М.Ө-т 650 нэгжээр буюу 650.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь М.Ө нь торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

3.Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-т торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Ч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч М.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 15-16  дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

2 Хавтаст хэргийн 29-30 дугаар тал.

3 Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 77-78 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 34-38 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 44-46 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 65 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 52 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 55 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 63 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 71 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 58-69 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 77-78 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 34-38 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 44-46 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.