Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00083

 

 

 

 

 

 

     2024          01             05                                        210/МА2024/00083                

 

 

 

Ж.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/03061 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 23,383,721 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 

1.1. Миний бие 1996 оноос “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр ажлаас халагдсан.

1.2. Энэ асуудлаар шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн хүчин төгөдлөр шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулсан боловч биелэгдэхгүй өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд ямар ч орлогогүй олон жил болж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлж чадаагүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, тус компанид 40 орчим жил ажилласан хугацаа тасалдаж, тэтгэвэр тэтгэмж тогтоолгож болохгүйд хүрч байна.

1.3. Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш 12 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01304 дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 1 сард 300,000 төгрөгөөр тооцож байсан.

Гэвч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2019 онд 320,000 төгрөг, 2020 онд 420,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550,000 төгрөг болж тус тус өөрчлөгдсөн байна.

1.4. Иймд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 218 хоногийн дундаж цалин хөлсийг 1 сард 300,000 төгрөгөөр тооцож /300,000:21.5/x218 хоног =3,041,860.47 төгрөг,

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 251 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр тооцож /320,000:21.5/х744 хоног =3,735,813.95 төгрөг,

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 744 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцож /420,000:21.5/х744 хоног =14,533,953.50 төгрөг,

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 81 хоногийг 550,000 төгрөгөөр тооцож /550,000:21.5/х81= 2,072,093.02 төгрөг нийт 1294 хоногийн цалин, хөлстэй тэнцэх олговорт 23,383,720.90 төгрөгийг хариуцагч “*******” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 

2.1. Нэхэмжлэгч Ж.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2 дахь хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн тул маргааныг шийдвэрлэх боломжгүй. Дээрх журмыг хэрэгжүүлсний дараа шүүхэд хандах эрхтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилтны нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 300,000 төгрөгөөр тогтоосон, дахин нотлох шаардлагагүй үйл баримт. Нэхэмжлэгч нь тухайн хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

2.3. Ж.*******г ажилд нь эгүүлэн томилох үүрэг нь “*******” ХК биш, “*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах асуудал бөгөөд тэрээр 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш тасралтгүй “*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр одоо хүртэл ажиллаж байна.

2.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэх захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай ямар нэгэн санал, хүсэлт, мэдэгдэл ирүүлж байгаагүй.

2.5. Ж.******* нь 1958 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн 65 настай бөгөөд 2018 оноос хойш 5 жилийн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шүүхэд хандаж байгаагүй бөгөөд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “*******” ХК-аас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,383,720,90 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,869 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/03061 дугаар шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Миний бие “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2010 онд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 дугаар шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн  шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсаар байгаа боловч биелэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.Дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдийг биелүүлэхийг удаа дараа шаардсан ч биелүүлээгүй.

4.2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсийг олгох үндэслэлтэй гэсэн атлаа 60 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Ажил олгогч нь хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, намайг ажилд эгүүлэн томилж, цаашид ажиллуулах эсэхээ шийдвэрлэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиодолд заавал хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой гэсэн заалт биш гэж үзэж байна.

4.3.Улсын дээд шүүхийн тогтоолоор тухайн үеийн ажилгүй байсан хугацааны олговрыг 300,000 төгрөгөөр тогтоосон байхад он, оныхоор тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу гэж үзнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөж 2019 оноос хойш өөрчлөгдсөн.

Иймд 2018 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл  нийт 1294 хоногийн цалин хөлс болох 23,383,720.90 төгрөгийг хариуцагч “*******” ХК-аас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

Ж.******* 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл “*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Энэ хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин авч байсан тул ажилгүй байсан хугацааны цалин, хөлс нэхэмжлэх үндэслэлгүй.

Ж.******* төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд санал оруулах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд буцаан томилогдох санал гаргаж байгаагүй.

5.2.Ж.******* нь “*******” ХК-д ажиллах хугацаандаа компанид их хэмжээний хохирол учруулж байсан болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хаасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ж.*******гээс төлбөр гаргуулан “*******” ХК-д олгуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа нь “*******” ХК-аас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар Ж.******* нэхэмжилсэн.

5.3. Түүнчлэн шүүх Ж.******* өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 23,383,721 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1144 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаартай тогтоолоор Ж.*******г урьд эрхэлж байсан “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 1,333,333 төгрөгийг “*******” ХК-аас гаргуулж шийдвэрлэсэн.

3.1. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйтэй холбогдуулан Ж.******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1304 дугаартай тогтоолоор хариуцагч “*******” ХК-аас 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 28,575,744 төгрөг гаргуулж, Ж.*******д олгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг “*******” ХК биелүүлээгүйтэй холбогдон албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа зэрэг үйл баримтуудыг хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4-650 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас” зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүх зөв тогтоосон.

 

4. Харин хариуцагч “*******” ХК-аас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг   шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.1. “*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай Ажилд эргүүлэн авах тухай мэдэгдэл, мөн өдрийн 09 дугаартай “Ажил хүлээлцэх комисс томилох тухай” тогтоол, мөн өдрийн 06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоол, 02 дугаартай хурлын тэмдэглэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай  тэмдэглэл, 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн “Гэрээг дуусгавар болгож бүрэн эрхийг зогсоох тухай” тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд нь хариуцагч “*******” ХК дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэх байдлыг  эргэлзээгүй нотлохгүй байна.

4.2. Мөн нэхэмжлэгч Ж.******* нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр ажиллаж байгаа болох нь “*******” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоныг баталж, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоол, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх 71/ Гэхдээ энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх шалтгаан нөхцөл болохгүй тул “нэхэмжлэгч удирдах зөвлөлийн гишүүнээр одоо хүртэл ажиллаж байгаа, гүйцэтгэх захирлын ажилдаа эргүүлэн тогтоолгох санал, хүсэлт гаргаагүй” гэх хариуцагч талын татгалзал, гомдол үндэслэлгүй.  

4.3. Хариуцагч “*******” ХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил арилаагүй гэж үзнэ. Иймээс 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт энэ маргаанд хамаарахгүй.

 

5. Хариуцагч “*******” ХК нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч Ж.******* шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн.

5.1. Харин тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.3-т заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь дээрх хуулийн зохицуулалт нь ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэх нь ажил олгогчид олгосон эрх юм. Энэ тохиолдолд  ажил олгогчоос тушаал гаргаж шийдвэрлэсэн байхыг шаардана.

5.2. Хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Ж.*******г ажилд нь эгүүлэн авсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр зэрэг баримт авагдаагүй байна. Иймээс Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж буй нэхэмжлэгчийн эрхийг тэтгэвэр тогтоолгох үндэслэл болсон 60 нас хүрсэн гэж тооцож хязгаарлах хуулийн үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч Ж.******* нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор шинэчлэн тогтоосон улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилснийг буруутгах боломжгүй.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02 дугаар сарын 02-ны өдрийн 1304 дугаартай  тогтоолоор нэхэмжлэгч Ж.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “*******” ХК-аас гаргуулж шийдвэрлэхдээ урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээ болох 300,000 төгрөгөөр тооцсон байна.

6.1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320,000 төгрөг, 2020 оноос 2022 оныг дуустал 420,000 төгрөг, 2023 онд 550,000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх учиртай.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/03061 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,383,721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул төлсөн 274,869 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “*******” ХК-аас 274,869 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                       

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

   ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

    Ч.ЦЭНД