Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг 1-58 тоотод оршин суух Эрдэнэчимэгийн Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 6.900.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Оюунгэрэл нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.Оюунгэрэл миний бие 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн орох шийдвэр гарсан. Ажилд эгүүлэн аваад маргааш нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн юм. Ингээд захиргааны хэргийн шүүхэд хандахад 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн оруулах шийдвэр гарсан. Би 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цалингүй хохирч байгаа тул арван нэгэн сарын цалин буюу нийт 6.900.000 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Оюунгэрэл  нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн орох шийдвэр гарч, ажилд нь эгүүлэн аваад маргааш нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Ингээд захиргааны хэргийн шүүхэд хандахад 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн оруулах шийдвэр гарсан. Э.Оюунгэрэл 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цалингүй хохирч байгаа тул арван нэгэн сарын цалин буюу нийт 6.900.000 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Э.Оюунгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.Оюунгэрэл нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 6.900.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Э.Оюунгэрэл нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Б/71 тоот захирамжаар ажлаас халагдаж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.Оюунгэрэлийг аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай...” гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2016/0263 дугаар магадлалаар “...Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.Оюунгэрэлийг аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж тус тус шийдвэрлэсэн байна.

 Иймд нэхэмжлэгч Э.Оюунгэрэл нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй байна.

Ийнхүү ажилд эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий боловч түүнийг Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгчийн ажилд томилоогүй буюу ажилгүй байсаар байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  тайлбараар тогтоогдож байгаа ба хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь түүний эрх зөрчигдсөн хэвээр байгаа байдал тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс 14 хоногийн дотор ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгч Ч.Эрдэнэбулган нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, хариуцагч Говь-Алтай аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баасандаш нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгч Ч.Эрдэнэбулганд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг 99007770 дугаарын утсаар мэдэгдэхэд “За ойлголоо, би Улаанбаатар хотод байна” гэсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Хариуцагч Говь-Алтай аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баасандашид шүүх хуралдааны тов мэдэгдэх гэсэн боловч ажлын хаягаар шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтан Н.Одончимэг нь А.Баасандаш нь амралтаа авсан шүүх хуралдааны товыг хүлээн авахгүй гэсэн байна. Гэрийн хаягаар хүргүүлэхэд гэр нь цоожтой, 99489969 дугаарын утас нь холбогдохгүй шүүх хуралдааны товыг мэдэгдэх боломжгүй байсан тул Говь-Алтай аймгийн Засаг даргад шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай албан бичиг, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хүргүүлж, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж ирүүлэхийг мэдэгдсэн боловч мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Говь-Алтай аймгийн засаг дарга, Нийтийн номын санд холбогдуулан гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа засаг даргаас биш нийтийн номын сангаас гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөх, багасгах эрх олгогдсон байх тул шүүх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан байна.

Иймд хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 6.900.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Э.Оюунгэрэлийн 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу ажилласан байсан хугацааны цалин 6.900.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 125.350 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин 6.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэсүд Эрдэнэчимэгийн Оюунгэрэл /РД:ДЛ86082208/-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Э.Оюунгэрэлийн 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд даалгасугай.

3. Нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу ажилласан байсан хугацааны цалин 6.900.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 125.350 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН