Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2016/00247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Ж.Байгалмаа, И.Амартөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ш.А- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г- -д холбогдох

Гэм хорын хохиролд 7,051,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А-, хариуцагч Б.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, гэрч Б.Ц, Э.Э, Ч.Жамьяндорж, Б.О, иргэдийн төлөөлөгч З.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Ш.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ; 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд “Хюьнда соната 3” маркийн ** улсын дугаартай суудлын автомашинаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Салхитын Зам дээр 2-р эгнээд зүүн гар тийш эргэх дохио өгөн зогсож байгаад Приус маркийн ** дугаартай суудлын автомашины жолооч Б.Г- согтуугаар машин жолоодон урд машинаа гүйцэхээр урсгал сөрөн орж, миний эзэмшлийн авто машинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Миний зүүн нүдний ухархайны яс 3.3 см хугарч 0.8 мм цөмөрсөн, баруун нүдний ухархайны яс 1.4 см хугарч 0.4 мм цөмөрсөн гэмтэл авсан. Б.Г-ын буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийгдсэн актаар тогтоогдож байгаа ба 2.34 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Прокурорын мэдэгдэл ирсэн. “Ашид билгүүн” ХХК-иас автомашинд учирсан хохирлыг 782.000 төгрөгөөр, машины зах зээлийн үнийг 3.500.000 төгрөг гэж тодорхойлсон. Иймд хариуцагч Б.Г-оос машины үнэ 3.500.000 төгрөг, нүдэнд хагалгаа хийсний төлбөр 870.000 төгрөг, эмчилгээнд зөөсөн унааны хөлс, эмийн үнэ 185.000 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, олох ёстой байсан орлогоо 100 хоногт өдрийн 25.000 төгрөгөөр тооцож 2.500.000 төгрөг, нийт 7.051.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 
           Хариуцагч Б.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Би согтуугаар зам тээврийн осол гаргасандаа уучлалт хүсч байна. Хохирогч Ш.А-г 2016 оны 01  сарын 08-ны орой осол гарснаас хойш эмнэлэгээр авч явж Клиникийн 1-р эмнэлэг дээр нүдний эмчид, мэдрэлийн эмчид үзүүлэхэд  зөөлөн эдийн гэмтэл гарсан гэсэн. Энэ төрлийн гэмтэл нь хүнд байвал хагалгаанд ордог. Энэ хөнгөн тул хагалгаанд орох шаардлагагүй, гэхдээ 14 хоногийн дараа дахиж үзүүлээрэй гэсэн. Эдгээр нь 1-р эмнэлэг дээр цаг авсан цахим бүртгэлд байгаа. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр  хөнгөн гэмтэл гэсэн боловч “Болор мэлмий” хувийн эмнэлэгт 65.000 төгрөгийн төлбөрийг нь төлж шинжилгээ хийлгэсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Тархи мэдрэлийн тасагт хэвтүүлж ор хоногийн мөнгө 46.883 төгрөгийг төлж эмчлүүлсэн. Машины тухайд ачиж, буулгах төлбөр, 14 хоногийн журмын хашааны мөнгийг төлөөд Үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд 23.000 төгрөг, эхлээд 450.000 төгрөгөөр машины үнэлгээг 782.000 төгрөгөөр тогтоосон. 1999 оны Соната 3 машин аваад 17, 18 жил болж байгаа  машины кузов засварт өгч засуулахад 750.000 төгрөг болсон. Тэгээд машин нь асахгүй байсан тул дахин агрегат засварт өгсөн бөгөөд энэ нь 250.000 төгрөгөөр засаад хүлээгэж өгөх гэтэл авахгүй машины үнэ 3.500.000 төгрөг нэхэж байгааг өгөх боломжгүй. Шүүхийн шинжилгээгээр хөнгөн зэргийн гэмтэл гарсан байхад 870.000 төгрөгийг өгөх үндэслэл байхгүй. Харин эмийн үнэ, такси хөлсөлж эмнэлэг ирэх, орох зардал, нотриатын зардалд нийт 189.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв. 
Гэрч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Утсаар ярихад ерөөсөө утсаа авахгүй холбоо барих боломжгүй байсан. Эхнэртэй нь утсаар ярихад бид  салсан гэж хэлсэн. Миний нөхөр Амгалан 2-3 дэлгүүрт бараа зөөдөг байсан. Одоо бол дандаа хадам талын хүмүүсээр бараагаа зөөлгөж байна. Түрээсийн дэлгүүр ажиллуулж байгаа гэхдээ Татварын албанд татвар төлж байгаагүй гэв. 

Гэрч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний нөхөр Гэрэлт-Од нь Амгаланг тэр даруйд нь эмнэлэгт үзүүлсэн. Зөөлөн эдийн гэмтэлтэй байсан учраас хагалгаа хийлгэх шаардлагагүй гэж хэлсэн. Бид эргэж тойрч эм тарианы мөнгө бусад зардлыг төлж байсан гэв.

Гэрч Ч.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид машиныг засаж янзлаад 4 сард авчирч өгсөн. Шилийг солиод ир гэхээр сольж өгөхөд машинаа авахгүй мөнгө авна гээд буцаасан гэв. 

Гэрч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 4 сард машиныг авчирч өгөхөд Амгалангийн аав нь машиныг авахгүй, та нар машины хамаг эд зүйлийг тоносон байна гэж хэл амаар доромжилсон. Машиныг хоёр удаа өгөх гэж очсон. Өнөөдрийн байдлаар машин асаж байгаа гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан  бичгийн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад 
ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
 
Нэхэмжлэгч Ш.А- хариуцагч Б.Г-од холбогдуулан зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учруулсан хохиролд 3.500.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.047.500 төгрөг, олох байсан орлого 2.500.000 төгрөг, нотриатын зардалд 4.000 төгрөг нийт 7.051.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хариуцагч Б.Г- нэхэмжлэлийн шаардлагаас эмийн үнэ, такси хөлсөлж эмнэлэгт ирэх, орох зардал, нотриатын зардалд нийт 189.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, машины гэмтлийг засварласан. Мөн 870.000 төгрөгийг хагалгаа хийлгэх шаардлагагүй,  хөнгөн зэргийн гэмтэл байсан тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.  

Хариуцагч Б.Г- 2016 оны 01 сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхитын замд Тоёото приус маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэснийг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа мөн дүрмийн 8.4-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ш.А-гийн жолоодож явсан Хюьнда соната-3 маркийн ** улсын дугаартай автомашиныг мөргөж, тээврийн хэрэгсэлд 782.000 төгрөгийн хохирол, жолооч Ш.А-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, “Ашид билгүүн” ХХК-ийн “Үнэлгээний тайлан”, Шүүх эмнэлгийн шинжээчийн 1125 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн Прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 272 дугаартай прокурорын тогтоол”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах шаардах эрхтэй байна.

Зам тээврийн осол гарсны дараа Ш.А-гийн Хюьнда  соната-3 маркийн ** улсын дугаартай автомашиныг  “Ашид билгүүн” ХХК-иар 2016 оны 01 сарын 11-ний  өдөр үнэлүүлж, уг үнэлгээгээр машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 782.000 төгрөгөөр тогтоож, үнэлгээг талууд зөвшөөрч гомдол гаргаагүй байна.
 
Нэхэмжлэгч Ш.А- “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайланд “Хюьнда соната-3 маркийн автомашины зах зээлийн үнэ 3.500.000 төгрөг” гэх мэдээллийг үндэслэн машины үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 
 
 Хариуцагч Б.Г- автомашиныг засах сэлбэг хэрэгсэл худалдан авсан, засварын ажлын хөлс төлсөн /хх-ийн 78 талд/ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, өөрийн автомашинаа засварласан баримтаа /хх-ийн 78 талд/ ирүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадахгүй байх тул Хюьнда Соната-3 маркийн автомашины техникийн эвдрэл, хохиролд 782.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй.                                                                                                                                                                                                                                                                                              

Эмчилгээний зардлын тухайд:
Хариуцагч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна. 
Ш.А-гийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын  хугарал, баруун зовхинд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдож, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1125 дугаартай акт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Ш.А- Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2016 оны 03 сарын 02-ны өдөр хэвтэн мэс засал хийлгэсэн болох нь Өвчний түүх, Мэс заслын тэмдэглэл, Эмнэлгээс гарах үеийн эпикриз /хх-ийн 53-63 талд/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул эмчилгээний төлбөрт төлсөн 870.000 төгрөгийг /хх-ийн 28 талд/ хариуцагчаас гаргуулах үндэстэй.
 
Бусад зардлын тухайд:

Нэхэмжлэгч Ш.А- дэлгүүрт бараа тээвэрлэж олох байсан орлогоо 100 хоногт өдрийн 25.000 төгрөгөөр тооцож 2.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч бараа тээвэрлэж орлого олдог байсан баримтаа ирүүлээгүй нь нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
Харин хариуцагч Б.Г- нэхэмжлэлийн шаардлагаас эмийн үнэ, такси хөлсөлж эмнэлэгт ирэх, орох зардалд 185.000 төгрөг, нотриатын зардал 4.000 төгрөг нийт 189.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:

         1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Г-оос 1.841.000 /нэг сая найман зуун дөчин нэгэн мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.210.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.    

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамж 44.406 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.А-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ

               ШҮҮГЧИД                                         Ж.БАЙГАЛМАА 

                                                                        И.АМАРТӨГС