Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 1019

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Т-т холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Т.Т Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт ......... дүүргийн ......... дугаар хороо, ........... дүгээр гудамж, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:.............).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнө ...........дүүргийн ......... дүгээр хороо, ... байрны автомашины зогсоол дээр .......... хүзүүн тус газар шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                  

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Г.Х-ийн хэрэг бүртгэлтэнд 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний 23 цагийн үед ....... дүүргийн ....... дүгээр хороонд нийтийн байранд гэртээ эхнэр Ө.., 3 настай хүү А нарын хамт байсан. Гэртээ 2,5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг ганцаараа уугаад АТМ-ээс мөнгө авах гээд гэрээс гараад дэлгүүрээс 0,33 литрийн хэмжээтэй архи аваад гудамжинд ганцаараа уусан. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан болохоор тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд би Гэмтлийн эмнэлэгт хүзүүндээ боолттой цус гарсан байдалтай сэрсэн. Цагдаа нар ирсэн байсан. Миний хүзүү зүсэгдэж гаднаа 5 оёдол тавьсан. Дотор талдаа хэдэн оёдол тавьсныг би мэдэхгүй байна. Одоо миний биеийн байдал сайжирч байна. Миний биед учирсан гэмтлийг хэн учруулсныг би мэдэхгүй. Сүүлд ээж Мөнхцэцэгээс сонсоход Т гэдэг залуу учруулсан гэж байсан. Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байхгүй. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг [1],

 

2. Гэрч Х.Ө-н хэрэг бүртгэлтэнд 2018 оны 10 дугаар сарын 29-нд өгсөн:

“...Би ..............дүүргийн ............... дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд нөхөр Х, хүү А нарын хамт амьдардаг. 2018 оны 10 дугаар сарын 14-ний 18 цагийн үед нөхөр 2,5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг уугаад орой 22 цагийн үед дэлгүүр орж пиво аваад ирье гээд гараад ирээгүй. Шөнө 04 цагийн үед хүзүү нь цус болчихсон марлаар боосон орж ирсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад хүнд хоолойгоо зүсүүлчихлээ, ...нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн гэж хэлсэн. Тэгээд унтах гэхэд хүзүүнээс нь цус гараад байхаар нь ээж рүү залгаж хэлээд цагдаа дуудсан. Одоо Хаш-Эрдэнийн хүзүүний гадна 5 оёдол тавиулаад өчигдөр оёдлоо авахуулсан. ....” гэх мэдүүлэг [2],

3. Гэрч О.Ч-ын хэрэг бүртгэлтэнд 2018 оны 11 дүгээр сарын 06-нд өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ........... дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт .................. чиглэлд дэслэгч Г.А-ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 04 цагийн үед ....................дүүргийн ............. дүгээр хороо, ......... байрны урд согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага шалгахад 30  орчим настай эрэгтэй, согтуу хүн газар сууж байсан. 20 орчим настай залуу эрүүл хажууд нь түшээд байж байсан. 20 орчим настай залуугаас юу хийж байгаа талаар асуухад миний таньдаг ах байгаа юм, гэрт нь хүргээд өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь очоод сууж байсан залууг босгох гэтэл хүзүүнээс нь цус гараад байсан. Тэгээд хажууд нь зогсож байсан залуугийн биед үзлэг хийхэд архины шилний цустай хагархай шил байсан. 20 орчим настай залуугийн биед байсан эд зүйлийг гаргаж хүзүүнээс нь цус гарч байсан залууг түргэн тусламж дуудан өгч явуулсан. 20 орчим настай Т гэх залууг ......... дүүргийн цагдаагийн ......... дүгээр хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн. Т гэх залуугийн халааснаас цустай архины шил гарч ирэхэд юм ярихгүй байсан. Т архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Т-ийн биед гэмтэл учраагүй байсан. Тухайн үед Т болон хүзүүнээс нь цус гарсан залуу нар байсан. Дуудлага өгсөн гэх ил зогсоолын манаач гарч ирээд согтуу хүн хэвтээд байхаар нь би дуудлага өгсөн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [3]

 

4. Гэрч М.Б-н хэрэг бүртгэлтэнд 2018 оны 11 дүгээр сарын 07-нд өгсөн:

“...би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ....... дүүргийн .......... дүгээр хороо, .......... байрны урд ил машины зогсоолд манаачаар ажиллаж байхад шөнө 03 цагийн үед машины зогсоолын хашааны ард талд ТҮЦ-ны хажууд замын боржуур дээр согтуу хүн хэвтэж байсан. Би тэр хүнийг унтаж байгаад явах байх гэж бодоод байж байтал муухай дуугараад орилоод байсан. Би булангийн машиныг харахдаа хальт хараад бөөлжсөндөө хахаж байгаа юм биш биз гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн.  Би манаачийн байрны хаалгаар гарч ирээд юу болсон талаар асуухад цагдаа энэ хүний хажууд хүн байсан уу гэж асуусан. Тухайн үед би машинаа шалгаад явж байхад хажууд нь хүн байгаагүй. Манаачийн байранд байж байхад шөнө цагдаа залгаад зодоон болсон уу гэж асуусан. Тухайн үед ямар нэгэн зодоон, маргаан, хүмүүсийн дуу гараагүй болохоор тийм зүйл болоогүй гэж хэлсэн. Би тэр хүнийг ойртож хараагүй. Бөөлжсөндөө хахаад байгаа юм шиг дуугараад байхаар нь цагдаа дуудсан. Тэр залуу их хэмжээний согтолттой босож чадахгүй байсан. ...” гэх мэдүүлэг [4],

 

5.Гэрч Ж.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 20-нд өгсөн:

“...Миний хүү Т.Т нь өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, муу зуршил байхгүй. Т.Т нь оюутан бөгөөд би хүүгийнхээ хичээлийг завсардуулахгүйгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлтэй байна. Хүүгийнхээ буруу зүйл хийснийг мэдэж байгаа. Аав, ээжийн хараа хяналт муу байснаас ийм зүйл боллоо, маш их харамсаж байна ...” гэх мэдүүлэг [5] ,

 

6.Гэрч Ч.Т-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сард өгсөн:

“...Хүү Т.Т нь гадуур гарч буруу хүүхдүүдтэй нийлдэггүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг. Эцэг, эхийн хараа хяналт муу байснаас ийм зүйл боллоо...”  гэх мэдүүлэг [6],

 

7. Шүүгдэгч Т.Т-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 07-нд яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ................дүүргийн .......... дугаар хороо, ............ дүгээр гудамжны ............. тоот гэрээсээ өглөө 09 цагийн үед гарсан. Шөнө аав согтуу агсам тавиад амраахгүй байсан. Би ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж байж байгаад орой 21 цагийн үед ..................... дүүргийн “........... “хотхоноос З руу гэртээ харих гээд юм бодоод алхаж байгаад ............... дүүргийн ........... дүгээр хороолол дунд явж байгаад хүн дээрэлхэж магадгүй гэж бодоод байран дундаас архины шил хагалаад шилний хагархайг халаасандаа хийгээд явсан. Тэгээд ..............дүүрэг .......... дүгээр хороолол орчим ......... дугаар байрны урд сандал дээр суусан. Тэгтэл сандлын хажууд нэг согтуу хүн хэвтэж байсан. Би тэр ахаас тамхи асуух гээд хажууд нь очоод түүний биеийг хөдөлгөөд сэрээхэд тэр согтуу ах намайг “муу хулгайч минь” гээд куртикнээс зуураад тавихгүй байсан. Би айгаад халаасанд байсан архины шилний хагархайг гаргаж ирээд гарыг нь тавиулах гэж байгаад хүзүүг нь зүсчихсэн. Бид хоёрыг барьцалдаад байж байхад цагдаа нар ирсэн. Би нөгөө ахаас цус гарсныг хараад айгаад шилний хагархайг халаасандаа хийчихсэн юм. Цагдаа ирээд юу болсон талаар асуугаад миний халаасанд байсан архины шилний хагархайг гаргаж ирээд тэр согтуу ахыг түргэн тусламж дуудаж өгч явуулаад намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Ийм л зүйл болсон. Би сүүлд нь надтай тааралдсан согтуу ахыг Х гэдгийг мэдсэн. Х тухайн үед миний куртикнээс зуураад тавихгүй болохоор нь түүний гарыг тавиулах гээд халаасандаа байсан архины шилний хагархайгаар хүзүүг нь нэг удаа зүсчихсэн юм. Намайг тэр ах цохиж зодсон зүйл байхгүй. Х-н хүзүүнд учирсан зүсэгдсэн шархыг би халаасанд байсан архины шилний хагархайгаар зүсэж учруулсан. Бусад хүзүү, цээжний цус хуралт, дух, эрүүнд зулгаралт гэмтлийг хэн учруулсныг би мэдэхгүй. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг [7],

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12429 тоот:

“...Хэсэг газрын үзлэг: Духны баруун хэсэгт 3х1,4 см, эрүүний баруун хэсэгт 1.4х0.3 см, 4х3 см талбайд 0.8х0.2 см-аас 0.2х0.1 см хүртэл хэмжээтэй олон тооны зулгаралттай. Хүзүүний баруун доод хэсэгт зах ирмэг тэгш бус 5 ширхэг оёдол бүхий шархтай, шархны эргэн тойрон хавдсан. Хүзүүний шархны орчим болон хүзүүнээс доош цээжний урд дээд хэсэгт ойролцоогоор 8.6х5 см талбайд хөх ногоон өнгийн цус хуралттай.

Цэргийн төв эмнэлгийн 14183 тоот өвчний түүхээс “...2018 оны 10 дугаар сарын 14-ний 13 цаг 25 минутад түүх нээсэн, хэвтэх үеийн зовиур хүзүүний шархаар шүлс залгихад хөндүүрлэж өвдөнө, хүзүүгээр хөшинө... өвчний түүх 2018 оны 10 дугаар сарын 13-нд 03.00 цагийн үед 21 дүгээр хороололд бусдад хутгалуулсан. ГССҮТ-д очиж үзүүлж оёдол тавиулсан. ... Үзлэгт:... Хэсэг газрын үзлэг: Хүзүүний доод хэсэгт ойролцоогоор 5-6 см орчим зүсэгдсэн шархтай... гэжээ.

Дүгнэлт:

1.Г.Х-ийн биед хүзүүнд шарх, хүзүү, цээжинд цус хуралт, дух, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Б.Ганзориг/...” гэсэн дүгнэлт [8],

 

9. Гэрч Г.Энхбаатарын хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 05-нд өгсөн:

“...шинжээч Б.Ганзориг нь ээлжийн амралтаа авсан. Би хариуцсан шинжээч байга юм. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12429 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хүзүүнд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.Хийн хүзүүнд шарх гэмтэл нь нэг удаагийн ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хаш-Эрдэний  хүзүү, цээжинд цус хуралт, дух, эрүүнд зулгаралт гэмтлүүд нь унахад үүсэх боломжтой ...” гэх мэдүүлэг [9],

 

10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 969 дугаартай дүгнэлт:

“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: энэ сарын дундуур ...21-р хорооллын тэнд замын баруун талын автобусны урдхан талд согтуу хүнтэй тааралдсан. Тэр хүн газар зүүн талаараа урагшаа харсан байдалтай хэвтэж байсан. Тэр хүнээс тамхи асуух гэж очсон. Тамхи асуухад тэр хүн хулгайч гээд байсан. Надаас зуураад байсан, тэгэхээр нь би надад байсан архины шилний хагархайгаар баруун гараараа хатгах шиг болсон. Тэгээд миний гар руу халуу оргиод цус болсон. Тэр шилийг явж байх замдаа хүн айлгах зорилгоор авсан. ...” гэнэ.

...Шинжлүүлэгч 20 орчим насны өөрт арчаатай цэвэр хувцасласан, эрэгтэй, өөрийн амьдралын түүх болон хэргийн талаар дэс дараалалтай дэлгэрэнгүй ярина. Өмнө нь сэтгэцийн эмчид үзүүлж зөвлөгөө авч байсан зүйлгүй.

Дүгнэлт:

1. Т.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Т нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт бичиг үгүй байна.

2. Т.Т-ийн удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх бичиг баримт үгүй байна.

3. Т.Т нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Т.Т нь хэрэг үйлдэх үедээ болон хэрэг үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодож чадаж байсан байна.

5. Т.Тийн өөрт аюултай болон орчиндоо аюултай эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй.

6. Т.Т нь уг гэмт хэргийг сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан үед үйлдсэн гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Т.Т-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /шинжээч О.Баатаржав, Э.Амгалан, Б.Энх-Ундрах/ ...” гэсэн дүгнэлт [10],

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11377 дугаартай дүгнэлтэд :

“...Үзлэг: Шинжилгээнд объектыг хуванцар саванд хийж ирүүлсэн байв. ....... дүүргийн ........... дүгээр хороо, ............. байр Х хоолой зүсэгдсэн 2018 оны 10 дугаар сарын 14-нд архины шил гэсэн бичигтэй хуванцар савтай архины шилний хагархай хүзүү хүрэн өнгийн толботой байв.

Шинжилгээ: Цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж дүгнэлт өгөх үндэслэл болов.

Цусны бүлгийн харьяаллыг Ляттесын аргаар шинжлэхэд архины шилний хагархай дээрх цус нь A, В улаан бөөмтэй наалдац өгсөн тул АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов.

ДҮГНЭЛТ:

1. Шинжилгээнд ирүүлсэн ............. дүүргийн ........... дүгээр хороо, ........... байр Х хоолой зүсэгдсэн 2018 оны 10 дугаар сарын 14-нд архины шил гэсэн бичигтэй хуванцар савтай архины шилний хагархай хүзүүн дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. /шинжээч Ц.Бямбадорж/...” гэсэн дүгнэлт [11],

 

12. ................. дүүргийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай цус мэт зүйлээр бохирлогдсон архины шилний хүзүү хэсэг 1 ширхэгийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол [12], яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх архины шилний хагархайг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол [13],

 

13. Хохирогч Г.Х-эд хохирлын төлбөр хүлээн өгсөн, хүлээн авсан тухай баримт, тэмдэглэл [14],

 

14. Шүүгдэгч Т.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [15], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [16], оршин суугаа хаягийн тодорхойлолт [17], Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Т.Т нь тус сургуулийн бизнес удирдлагын 1 дүгээр ангид суралцдаг” тухай тодорхойлолт [18], Т.Т-ийн Голомт банкинд эзэмшдэг дансны хуулга [19], Т.Т-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [20],

 

15.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хохирогч Г.Х-э, шүүгдэгч Т.Т нарын хүсэлт [21], Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 232 дугаар тогтоол, яллагдагчид эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулсан тухай баримт [22] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Т.Т нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 232 дугаар тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Т.Т-ийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Тт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнө гэр рүүгээ харих замдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8а байрны автомашины зогсоол дээр газар согтуу хэвтэж байсан иргэн Г.Х-ээс тамхи асуухад “хохирогч нь хулгайч байна” гэж орилж хувцаснаас нь зуурч тавихгүй байсныг болиулах зорилгоор архины шилний хагархайгаар иргэн Г.Хийн хүзүүн тус газар шилээр зүсэж эрүүл мэндэд нь хүзүүнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

-хохирогч Г.Х-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 14-ний 23 цагийн үед гэртээ 2,5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг ганцаараа уусан. АТМ-ээс мөнгө авах гээд гэрээс гараад дэлгүүрээс 0,33 литрийн хэмжээтэй архи аваад гудамжинд ганцаараа уусан. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан.  ...нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт хүзүүндээ боолттой цус гарсан байдалтай сэрсэн. Миний хүзүү зүсэгдэж гаднаа 5 оёдол тавьсан. ...Сүүлд ээж Мөнхцэцэгээс сонсоход Т гэдэг залуу учруулсан гэж байсан...” гэх мэдүүлэг [23],

- гэрч О.Ч-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ........... дүүргийн ............ дүгээр хорооны нутаг дэвсгэрт ............... чиглэлд ...хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 04 цагийн үед ................... дүүргийн ............. дүгээр хороо, .......... байрны урд согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага шалгахад 30  орчим настай эрэгтэй, согтуу хүн газар сууж байсан. 20 орчим настай залуу эрүүл хажууд нь түшээд байж байсан. 20 орчим настай залуугаас юу хийж байгаа талаар асуухад миний таньдаг ах байгаа юм, гэрт нь хүргээд өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь очоод сууж байсан залууг босгох гэтэл хүзүүнээс нь цус гараад байсан. Хажууд нь зогсож байсан залуугийн биед үзлэг хийхэд архины шилний цустай хагархай шил байсан. 20 орчим настай залуугийн биед байсан эд зүйлийг гаргаж, хүзүүнээс нь цус гарч байсан залууг түргэн дуудан өгч явуулсан. ...” гэх мэдүүлэг [24],

- Т.Т-ийн хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...гэрээсээ өглөө 09 цагийн үед гарсан. Шөнө аав согтуу агсам тавиад амраахгүй байсан. Би ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж байж байгаад орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн “......... “хотхоноос Зүүн салаа руу гэртээ харих гээд юм бодоод алхаж байгаад .......... дүүргийн  .... дүгээр хороолол дунд явж байгаад хүн дээрэлхэж магадгүй гэж бодоод байран дундаас архины шил хагалаад шилний хагархайг халаасандаа хийгээд явсан. Тэгээд ........... дүүрэг ......... дүгээр хороолол орчим .......... дугаар байрны урд сандал дээр суусан. Тэгтэл сандлын хажууд нэг согтуу хүн хэвтэж байсан. Би тэр ахаас тамхи асуух гээд хажууд нь очоод түүний биеийг хөдөлгөөд сэрээхэд тэр согтуу ах намайг “муу хулгайч минь” гээд куртикнээс зуураад тавихгүй байсан. Би айгаад халаасанд байсан архины шилний хагархайг гаргаж ирээд гарыг нь тавиулах гэж байгаад хүзүүг нь зүсчихсэн. ...Би нөгөө ахаас цус гарсныг хараад айгаад шилний хагархайг халаасандаа хийчихсэн юм. Цагдаа ирээд юу болсон талаар асуугаад миний халаасанд байсан архины шилний хагархайг гаргаж ирээд тэр согтуу ахыг түргэн тусламж дуудаж өгч явуулаад намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. ....Х-н хүзүүнд учирсан зүсэгдсэн шархыг би халаасанд байсан архины шилний хагархайгаар зүсэж учруулсан....” гэх мэдүүлэг [25],

- “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12429 тоот дүгнэлт” [26],

-гэрч Г.Энхбаатарын /шинжээч эмч/ хэрэг бүртгэлтэд өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12429 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хүзүүнд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх мэдүүлэг [27],  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан архины шилний хагархайг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, гэмт хэргийг сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан үед үйлдсэн гэх шинж тэмдэг үгүй. Хэрэг үйлдэх үедээ болон хэрэг үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодож чадаж байсан байна гэсэн үндэслэлээр түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, эрх зүйн бүрэн чадамжтай болох талаар  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 969 тоот шинжээчийн дүгнэлт баримтаар нотлогджээ. [28]

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Т.Т-ийн эцэг согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас Т.Т нь гэрээсээ гарч явсан байх ба 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнө гэртээ харих замдаа архины шилний хагархай хэсгийг хэрэглэх зорилгоор халаасандаа хийж, улмаар хохирогч зүй бус үйлдэл гаргаагүй байхад түүний хүзүүг зүсэж, шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас бие авч явах чадваргүй болсон байсан байдал, мөн шүүгдэгч Т.Т-ийн зан төлөв, хүмүүжил, нийгэмд биеэ авч зөв авч яваагүй зэргээс гэмт хэрэг гарсан байна.

 Шүүгдэгч Т.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Хийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч Г.Х-эд хохирлын төлбөрт 1.830.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч Т.Т [29], хохирогч Г.Х-э нарын гаргасан хүсэлт [30] зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Тийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь Т.Тт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг Т.Т-т танилцуулахад,   зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах, мөн шүүгдэгчийн цалин хөлс, орлогыг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Т нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Т нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Т.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг байдал, хөрөнгө, орлого зэргийг харгалзан торгох  ялыг  5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Т.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин Т болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд хугацаа тоолох журмын талаар заасан ба уг зүйлийн 6 дахь хэсэгт “Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.” гэж заасан.

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 72 цагийн дотор хянан шийдвэрлэхээр хуульчилсан ба, шүүгдэгч Т.Т-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан, хугацааны төгсгөл нь ажлын бус өдөр дуусч байх тул сүүлийн өдрийг хуульд зааснаар дараагийн ажлын өдрөөс эхлэн тооцож, хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Хэд төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн архины шилний хагархайг тогтоол хүчин Т болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол Т.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал..

[2] Хавтаст хэргийн 10 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.

 

[6] Хавтаст хэргийн 55 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 43 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 42, 44 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 26 -27 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 138-139 дүгээр тал.

[29] Хавтаст хэргийн 62 дугаар тал.

[30] хавтаст хэргийн 61 дүгээр тал.