Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 101/2016/5070/И |
Дугаар | 182/ШШ2016/00248 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2016/00248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О ХХК-д холбогдох
Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө 1.046.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5 сарын 21-ний өдрөөс 2016 оны 3 сарын 16-ны өдөр халагдах хүртлээ О ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Төслийн менежерээр ажиллаж байсан. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал С.Мойлтмаа 2015 оны 3 сарын 16-ны өдөр сануулах сахилгын шийтгэлтэй хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргийг гүйцэтгэхдээ мэдлэг ур чадвараа дайчлан ажиллаагүй гэсэн үндэслэлээр тушаал гаргаж тухайн өдөр ажлаас халсан. О ХХК-ийн төслийн менежер Ганцолмонтой хамт харилцагч Эсто ХХК-д дотоод аудит хийж, албан үүргээ гүйцэтгэж буй тухайгаа 24 цагийн өмнө и-мэйлээр мэдэгдээгүй гэсэн шалтгаанаар сануулга авч байсан. Энэ албан ажлыг гүйцэтгэх захирал болон бусад компанийн ажилчид бүгд мэдэж байсан ба бид менежерүүдийн хурлын үеэр уг ажлын талаар ярилцсан хурлын тэмдэглэл байдаг. Амаар болон албан захидлаар уг ажлыг урьдчилан төлөвлөж, зохих хүмүүст нь мэдэгдсэн. Мөн давхар үндсэн ажилдаа анхаарал хандуулснаас үүдэн и-мэйлээр гадуур ажилтай тухайгаа 24 цагийн өмнө явуулахаа мартаж тухайн өдрөө 15 цагт Эсто компанийн Асем төсөл дээр ажиллаж байх үедээ и-мэйлээр мэдээлсэн. Ажил олгогч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.8.1-д сануулах шийтгэлийг ногдуулахдаа албан ёсоор и-мэйлээр сануулж байгаа гэдгээ мэдэгдэж ногдуулах тухай заасан ба мөн гэрээний 8.8-д зөвхөн Ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулна гэж маш ерөнхий заасан бөгөөд энэ үндэслэлийнхээ хүрээнд дээрх шалтгаангаар сануулга и-мэйлээр явуулсан. И-мэйлээр сануулж байгаатай маргалдах боломжгүй, хэвлэсэн и-мэйлээс өөр баримтгүй байсан. Ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж, элдэв зөрчил дутагдал гаргалгүй, өөрийн мэдлэг, туршлага, харилцаа холбоогоо ашиглан үнэнчээр ажиллаж байсан. Энэхүү зүтгэлийг минь үнэлэн 2015 оны шилдэг ажилтнаар шалгаруулан өргөмжлөл гардуулж байсан. Халагдах тушаал авсны дараагаар яагаад ийм шийдвэр гаргасан тухай лавлан асуухад С.Мойлтмаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн хариулт өгч IOSH-ийн төслийг АШУҮИС-д алдлаа гэсэн тайлбар өгсөн. Намайг халах болсон өөр нэг шалтгаан нь цөөн өдөр хагас, бүтэн сайнд ар гэрийн шалтгааны улмаас ажиллаж чадахгүй болохоо илэрхийлсэн, миний 3 настай охин хатгалгаа тусч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед асрах чөлөө хүссэнтэй холбоотой гэж ойлгож байна. Учир нь ажлаас халагдах өмнөх долоо хоногт хагас, бүтэн сайнд ажилласан мөн томилолтоор Эрдэнэт хотод ажилласан тул амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ байх шаардлагатай байсан тул хагас сайн өдөр ажиллах боломжгүйгээ мэдэгдсэнд дургүй нь хүрсэн. Ингэж үзэх болсон шалтгаан нь шинээр авсан GIP компанийн зөвлөх үйлчилгээний төслийн менежерээр намайг ажиллуулах шийдвэр гаргасан тухайгаа ажлаас халахаас цөөн хоногийн өмнө и-мэйлээр болон Эрдэнэт хотод ажиллаж байх хугацаанд утсаар надад мэдэгдэж байсан. Гагцхүү ажлын ачаалал их байх үед чөлөө хүссэнд дургүйцэл нь хүрсэн нь тодорхой. Үнэндээ өнөөдөр захирлаас зэмлэсэн цахим шуудан аваад маргааш нь 1 минут ажлаас хоцроход сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл бүрдэнэ. Компани ийм байдлаар ажилтанаа халдаг учир Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргах гэдэг үндэслэлийг ашиглаагүй, үүнийг нотлох, хөдөлмөрийн гэрээнд тусгах шаардлага байхгүй байгаа юм. Мөн агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гэдэгт ямар хэр хэмжээтэй зүйлийг ойлгох вэ гэдгийг тодорхойлсон зарчим, шүүхийн практик байдаг гэж бодож байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт сахилгын зөрчил давтан гаргах, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргах, гэдгийг нэг заалтад бичсэн нь эдгээр ойлголт үр дагавар, агуулгын хувьд харьцуулагдахуйц, дөхүү хэр хэмжээтэй байх ёстой гэсэн агуулгатай, тушаал энэ хэр хэмжээнд нийцээгүй гэж бодож байна. Хөдөлмөрийн гэрээний 8.8.4 сахилгын шийтгэлийн дээд хэлбэр буюу халах сахилгын шийтгэлийн тухай ишилсэн боловч агуулга хэсэгтээ сахилгын шийтгэл давтан гаргасан гэх үндэслэлийг дурдсан байна. Энэ шинжээрээ намайг сахилгын шийтгэл давтан гаргасан гэх үндэслэлээр бус сахилгын халах шийтгэл ногдуулж халсан бололтой. Хэрэв тийм бол уг сахилгын халах шийтгэл нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчлийн шинжийг агуулсан байх ёстой болохыг хуулийн холбогдох заалтыг тайлбарласан тайлбарт дурдсан байсан. Энэ байгууллагад ажилласан 11 сарын хугацаанд долоо хоногт 50, 60 цаг ажилласан тохиолдол маш их байгаа ба энэ хугацаанд амралтаа нөхөн авах, илүү цагийн мөнгө тооцуулж байгаагүй. 2016 оны 3 сарын 16-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин 6.838.400 төгрөг, 2015 оны 5 сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд эдлээгүй ээлжийн амралтын мөнгө 1.046.000 төгрөгийг О ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч Г.Цацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А нь ажлаас халсан тушаалын үндэслэлийг зөвшөөрсөн атлаа ажилгүй байсан хугацааны цалин 6.838.400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Харин ээлжийн амралтын олговорт 1.046.000 төгрөг гаргуулах шаардлагаас ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэл хасч үлдэх 854.778 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч О ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мойлтмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Н.А нь манай компанид 2015 оны 5 сарын 21-ээс Хөдөлмөрийн гэрээний дагуу Төслийн менежерээр ажиллаж байсан. Манай компани жил бүр бүх ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулдаг. Н.Атэй хөдөлмөрийн гэрээг 2016 оны 1 сарын 02-ны өдөр шинэчлэн байгуулсан. Ажил олгогчийн зүгээс ажилтны ур чадвар мэдлэгийг дээшлүүлэх үүднээс 600.000 төгрөгийн үнэтэй олон улсын эрхтэй сургалтад хамруулж дэмжиж ирсэн. Гэвч ажилтан нь ажил олгогчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй удаа дараа зөрчил гаргаж байсан. 2016 оны 2 сарын 25-нд О ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.5-д Ажилтан нь ажлын цагаар хариуцсан ажлын шаардлагаар хагас өдрөөс дээш хугацаагаар оффисоос гадуур ажилтай бол 24 цагийн өмнө эсвэл яаралтай хойшлуулшгүй ажил гарсан тохиолдолд тухай бүрт нь гүйцэтгэх захиралд бичгээр /имэйлээр/ хэрэв боломжгүй бол оффис менежерт мэдэгдэнэ. Хэрэв ингэж мэдэгдээгүй тохиолдолд тухайн ажилтанг ажил тасалсанд тооцно. 8.1.6-д Ажилтан хувийн болон ажлын шалтгаанаар 1-ээс дээш өдрийн чөлөө авах тохиолдолд гүйцэтгэх захиралд гурваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, баталгаажуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Иймд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажил олгогчийн санаачилгаар Н.А-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний шаардлага нь тодорхой бус үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 5 сараас 2016 оны 3 дугаар сар хүртлэх хугацааны эдлээгүй ээлжийн амралтын мөнгийг гаргаж өгөхөд татгалзахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.А хариуцагч О ХХК-нд холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ээлжийн амралтын мөнгө 1.046.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.838.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Хариуцагч О ХХК нь ажилтан Н.А-ийн ээлжийн амралтын олговорыг төлөхийг зөвшөөрч, сахилгын зөрчил дахин гаргаж ажлаас чөлөөлсөн тул ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч О ХХК-ийн төслийн менежерээр 2015 оны 5 сарын 21-ний өдөр томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж /хх-ийн 25 талд/ байжээ.
О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 сарын 16-ны өдрийн 02/09 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2 дэх заалтыг баримтлан 2016 оны 3 сарын 16-ны өдрөөс эхлэн төслийн менежер Н.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байна.
Ажил олгогч ажлаас халсан тушаалыг Н.Ад 2016 оны 3 сарын 19-ний өдөр гардуулан өгсөн байх ба нэхэмжлэгч дээрх тушаалын үндэслэлийн талаар маргахгүй байна.
Ажил олгогч О ХХК-ийн Н.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр цуцалж ажлаас чөлөөлсөн 2016 оны 3 сарын 16-ны өдрийн 02/09 дугаартай тушаал үндэслэлтэй байх тул урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.838.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговорт 1.046.000 төгрөг нэхэмжилснээс ХХОАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийг хасч олговол зохих 854.778 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг баримтлан О ХХК-иас 854.778 /найман зуун тавин дөрвөн мянга долоон зуун далан найм/ төгрөгийг гаргуулж Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.029.622 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хариуцагч О ХХК-иас 25,065 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ