Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 37

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Анхбаяр,

Хохирогч Б.М-,  

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2724) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1111111111111 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.Э-, Монгол Улсын иргэн, ...........төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..............

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч М.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед Нийслэлийн ....... дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр, Монос эмийн сангийн уулзварын замд “Honda Civiс” загварын  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: б/шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Э.Ч-ийн жолоодож явсан “Тоуота Crown” загварын  улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.М-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч М.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Б.М- мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны орой 11 цаг 30 минутын үед Моносын хойд талын уулзвар дээр Чинзоригийн автомашинтай явж байхдаа замын осолд орсон. Тухайн үед ослын улмаас миний биед хүндэвтэр зэргийн хохирол учирч уруулын гадна дотно талд оёдол тавиулсан. Шүд хөдөлсөн, өвдөгний зөөлөн эд гэмтсэн. Шүүгдэгч М.Э-аас нийт 4.400.000 төгрөгийн төлсөн...цаашид гарах гэм хорын зардлаа нээлттэй үлдээх саналтай байна. Өөр надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны орой 23 цаг өнгөрч байхад...ажил руугаа...ажлынхаа жолооч Э.Ч-, Х.О- нартай хамт явсан. Э.Ч- машин жолоодоод би жолоочийн хажуу талд, Олзвой арын суудал дээр суугаад Сонгинохайрхан дүүргийн нутаг Моносын уулзвар дээр ...ертөнцийн зүгээр зүүнээс баруун гар тийш нэвтрэхээр гэрэл дохио дээр ирсэн. Гэтэл улаан гэрэл асахаар нь хэсэг зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь жолооч машинаа хөдөлгөөд уулзвар нэвтрээд ойролцоогоор 10-аад метр явж байтал машины баруун гар талаас нэг машин орж ирээд мөргөөд би тэр эрчинд нь урагшаа хүчтэй мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

2. Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би ажлынхаа хүмүүстэй хамт Чинзоригийн машины хойд талд суугаад явж байсан. Тэгээд Моносын...гэрлэн дохиотой уулзвар дээр гэрэл асахыг хүлээж байгаад хөдлөөд хэсэг явтал хажуу талаас тас хийгээд явчихсан. Тэгээд буугаад хартал хот руу орж ирж байсан нэг машин хажуу талаас мөргөсөн. Би осол хэрэг гарахыг бол хараагүй, гэрэл дохион дээр гэрэл хүлээгээд байж байснаа сайн мэдэж байна...ногоон өнгийн гэрлээр орсон...миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52)

3. Э.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

- Гэрчээр өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны орой...ажлынхаа хоёр хүнтэй 21 дүгээр хороолол орчихоод...23 цаг өнгөрч байхад ...Нүхтэд байдаг барилга дээрээ очиж хонохоор Моносын уулзвар дээр “Toyota Crown” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ирэхэд улаан өнгийн гэрэл ассан. Тэгэхээр нь би ногоон өнгийн гэрэл хүлээгээд зогсож байгаад гэрлэн дохионы зүүн гар тийш эргэх нэмэлт гэрэл асахаар нь уулзвар ортол Дархан талаас буюу 22-ын товчоо талаас цагаан өнгийн машин хүчтэй орж ирээд миний...машины баруун урд хэсэг рүү мөргөсөн. ...Би гэрлэн дохио дээр зогсож байхдаа замынхаа хамгийн зүүн талын эгнээнд байраа эзэлсэн байсан. Миний хажууд мөн саарал өнгийн жижиг тэрэг зогсож байсан. ...Би зүүн гар тийшээ эргэх гэж байхад...22-ын товчоо талаас ирж байсан машинууд чигээрээ явж байсан ба шар өнгийн гэрэл асаад машинууд зогсоод манай эгнээ зүүн гар тийш эргэсэн. Тэр үед миний хажууд зогсож байсан машин хамт дагаад эргэж байсан ба цагаан өнгийн машиныг хараад зогссон байх. Яг тэр үед баруунаас явсан нөгөө машин ирж манай машиныг мөргөсөн. ...Би бол яалт ч үгүй ногоон гэрлээр орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41),

- Иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Би осол гарахаас өмнө буюу 7 дугаар сард уг авто машиныг авсан. Одоо нэрээ шилжүүлэхэд бэлэн болсон. Гэрээ хийсэн байгаа ...үнэлгээгээр 2.100.000 төгрөг гараад байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),

3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ худалдагч, худалдан авагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 39), Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний хуулбар (хавтаст хэргийн 40)

4. “Арвижих-Эстимейт" ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн авто машин техникийн үнэлгээний 11447616 дугаар тайланд “...Toyota Crown” 5385 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...шууд зардал 1.800.000 төгрөг, шууд бус зардал 300.000 төгрөг...үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.100.000 төгрөг гэх баримт (хавтаст хэргийн 59-60),

5. Гэрч Т.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би нөхөр дүү нарын хамт 17 цаг өнгөрч байхад Дарханаас Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу орж ирээд Монос эмийн сангийн уулзварт нэг машинтай мөргөлдсөн. Би осол хэрэг гарах үед жолоочийн хажуу талд буюу нөхрийнхөө хажуу талд суугаад явж байсан...Замын голд явж байхад хажуугаас машин гарч ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10121 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт:  Дээд уруулын дотор гол хэсгээр хөх ягаан өнгийн цус хуралттай, доод уруулын зүүн хэсэгт хөндлөн байрлалтай 2.5 см орчим урт шархтай, оёдол тавьсан, зүүн доод 1,2 баруун доод 1-р шүдний хазах гадаргуун паалан эмтэрсэн, зүүн өвдгөөр хавдсан, 8х5 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2018.08.17-ны ГССҮТ-ийн эмчийн үзлэгт онош: Доод уруулын язарсан шарх, тархи доргилт гэжээ.

2018.08.17-ны “Меd Trauma”-н Толгойн компьютер томографийн шинжилгээ: “...Зүүн дээд үүдэн шүдний түүшин дайрсан хугаралтай бөгөөд шүдний ёзоор урагш хагас мултарсан...Хамрын таславч баруун тийш мурийлттай. Уруул орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...гэжээ...ДҮГНЭЛТ:

1. Б.М-ы биед дээд эрүүний зүүн дээд үүдэн шүдний түүшин сэртэнгийн хугарал, шүдний ёзоорын хагас мултрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд шарх, зүүн доод 1,2, баруун доод 1-р шүдний паалангийн эмтрэл, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55),

 

7. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 646 дугаар дүгнэлт

“...1 “Honda Civic” маркийн  дугаартай автомашины жолооч Мөнхөөгийн Энхбаатар нь МУ-ын ЗХД-ийн 5.6 дахь заалт “ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаар бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

8. “Toyota Crown” маркийн  дугаартай Энхбатын Чинзориг МУ-ын ЗХД-ийн ямар нэг...заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62),

9. Шүүгдэгч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би 17 цаг өнгөрч байхад Дархан Уул аймгаас гараад Улаанбаатар хот руу 23 цаг өнгөрч байхад орж ирж байгаад Монос эмийн сангийн уулзварт нэг машинтай мөргөлдсөн. Тэгээд нөгөө машинд байсан нэг хүн гэмтсэн...би ногоон өнгийн гэрлээр орсон ба уулзвар руу ороход гэрэл солигдоод би баруун гар талынхаа хөдөлгөөнийг хараад урагшаа хартал гэнэт нэг саарал өнгийн машин харагдсан. Тэгээд би тэр машинаас зайлаад гарлаа гэж бодсон чинь тас хийгээд явчихсан. Би нөгөө саарал өнгийн машинтай мөргөлдчихлөө гэж бодсон чинь араас нь гарч ирсэн машинтай мөргөлдсөн байсан. Би машиндаа 5 хүнтэй явсан ба гэмтсэн хүн байхгүй...би эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг гаргаж өгөөд байгаа...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 72-73),

10. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-16), жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 17, 18), бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 18),

- Хохирогч Б.М-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 29-30) хохирол, хор уршгийн баримт (хавтаст хэргийн 31, 33-34, 56),

- Иргэний нэхэмжлэгч Э.Ч-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 39), тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах  гэрээ (хавтаст хэргийн 40)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэх хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 74, 75), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 76), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 77), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 78), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

  1.  Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч М.Э- нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн .....дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим, Дарханаас Улаанбаатар хот руу орох чиглэл буюу 22-ын товчооны замд “Honda Civiс” маркийн  улсын дугаартай өөрийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гэрэл дохиогоор амжиж нэвтэрнэ гэсэн сэдэлтээр,  болгоомжгүйгээр Моносын уулзварын гэрлэн дохионы заалтыг зөрчин шар гэрлээр нэвтрэн орж Моносын уулзвар дээр зогсон зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор нэвтэрсэн “Toyota Crown” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.Ч-ийн тээврийн хэрэгсэлд  мөргөгдсөн байна. Улмаар  “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан хохирогч Б.М-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь;

- Э.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны орой...ажлынхаа хоёр хүнтэй 21 дүгээр хороолол орчихоод...23 цаг өнгөрч байхад ...Нүхтэд байдаг барилга дээрээ очиж хонохоор Моносын уулзвар дээр “Toyota Crown” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ирэхэд улаан өнгийн гэрэл ассан. Тэгэхээр нь би ногоон өнгийн гэрэл хүлээгээд зогсож байгаад гэрлэн дохионы зүүн гар тийш эргэх нэмэлт гэрэл асахаар нь уулзвар руу ортол Дархан талаас буюу 22-ын товчоо талаас цагаан өнгийн машин хүчтэй орж ирээд миний...машины баруун урд хэсэг рүү мөргөсөн. ...Би гэрлэн дохио дээр зогсож байхдаа замынхаа хамгийн зүүн талын эгнээнд байраа эзэлсэн байсан. Миний хажууд мөн саарал өнгийн жижиг тэрэг зогсож байсан. ...шар өнгийн гэрэл асаад машинууд зогсоод...ногоон гэрлээр орсон манай эгнээ зүүн гар тийш эргэсэн. Тэр үед миний хажууд зогсож байсан машин хамт дагаад эргэж байсан ба цагаан өнгийн машиныг хараад зогссон байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41),

- Шүүгдэгч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би ногоон өнгийн гэрлээр орсон ба уулзвар руу ороход гэрэл солигдоод би баруун гар талынхаа хөдөлгөөнийг хараад урагшаа хартал гэнэт нэг саарал өнгийн машин харагдсан. Тэгээд би тэр машинаас зайлаад гарлаа гэж бодсон чинь тас хийгээд явчихсан. Би нөгөө саарал өнгийн машинтай мөргөлдчихлөө гэж бодсон чинь араас нь гарч ирсэн машинтай мөргөлдсөн байсан....” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 72-73),

- Гэрч Т.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би осол хэрэг гарах үед жолоочийн хажуу талд буюу нөхрийнхөө хажуу талд суугаад явж байсан...Замын голд явж байхад хажуугаас машин гарч ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48),

- Хохирогч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны орой 23 цаг өнгөрч байхад...жолооч Э.Ч-, Х.О- нартай хамт явсан. Э.Ч- машин жолоодоод би жолоочийн хажуу талд, Олзвой арын суудал дээр суугаад Сонгинохайрхан дүүргийн нутаг Моносын уулзвар дээр ...ертөнцийн зүгээр зүүнээс баруун гар тийш нэвтрэхээр гэрэл дохио дээр ирсэн. Гэтэл улаан гэрэл асахаар нь хэсэг зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь жолооч машинаа хөдөлгөөд уулзвар руу нэвтрээд ойролцоогоор 10-аад метр явж байтал машины баруун гар талаас нэг машин орж ирээд мөргөөд би тэр эрчинд нь урагшаа хүчтэй мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10121 дугаар дүгнэлт “...1. Б.М-ы биед дээд эрүүний зүүн дээд үүдэн шүдний түүшин сэртэнгийн хугарал, шүдний ёзоорын хагас мултрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд шарх, зүүн доод 1,2, баруун доод 1-р шүдний паалангийн эмтрэл, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55),

- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 646 дугаар дүгнэлт “...1 “Honda Civic” маркийн  дугаартай автомашины жолооч Мөнхөөгийн Энхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалт “ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаар бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62) зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Э- нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн б-д заасан “шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно;” гэснийг зөрчсөнийг Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн дээрх дүрмийг зөрчсөний улмаас “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгсэлд мөргөгдөж тухайн мөргөсөн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-д 339.200 төгрөгийн шууд хохирол (хавтаст хэргийн 33, 34, 56), 3.670.000 төгрөгийн хор уршиг (хавтаст хэргийн 31) буюу нийт 4.009.200 төгрөгний, иргэний нэхэмжлэгч Э.Ч-т 2.100.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Э-ын жолоодон явсан тээврийн хэрэгслийг “ зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах” зорилгоор даатгасан “Миг даатгал” ХХК-аас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 5.000.000 төгрөгний хохирлыг барагдуулсан (хавтаст хэргийн миг 121, дансны хуулга 122),

Мөн шүүгдэгч нь хохирогчид 730.000 төгрөг (хавтаст хэргийн 122), иргэний нэхэмжлэгчид 270.000, 500.000 төгрөг (хавтаст хэргийн 123, 124) төлсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулжээ. Тиймээс шүүгдэгч М.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Харин хохирогч Б.М- нь шүүгдэгчээс эмнэлэгт хэвтсэн үеийн ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах талаар нэхэмжлэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч М.Э-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй ба хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Э- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа...учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг шүүх хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн 1111111111111  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгч М.Э-ын В ангиллын 718141 дугаартай жолоочийн үнэмлэх хэрэгт хураагдаж ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Э-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 718141 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ